Жаал Шандын сумангийн дарга Гамбагарав юмсанЯруу найрагч Ц.Хулан нэгэнтээ “Хилийн цэрэгт алба хааж байгаа эрчүүд толгодын дундах хэдхэн заставтаа нэг насаа өнгөрүүлдэг. Хэдий өөр мэргэжил сонгож болох байсан ч энэ хувь заяаг сонгосон хилчид хүний хамаг сайн сайхныг шингээсэн хүмүүс. Б.Доржпаламын Жаалшандын заставын Гамбагаравын тухай сайхан шүлэг бий. Аагим халуунд тэмээний хоёр бөхөн дундаас ёсолж л байдаг. Улсууд бүгдээрээ наадам үзэх гээд явчихсан байхад үүргээ биелүүлж явдаг нэг хүний дүрээр олон хилчний дүрийг Б.Доржпалам ах гаргаж ирсэн” хэмээн ярьсан байдаг. Үнэхээр цэрэгт татагдсан эр хүн бүр дархан хил дээрээ алба хаахсан гэж хүсдэг.
Хил хамгаалах байгууллага үүсч байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээнд хилийн цэргийнхэн маань багагүй ажил хийж байна. Наад зах нь орой бүр Монголын үндэсний телевизээр гарч байгаа “Босго тотго” киног үзэж байна. Хэдийгээр киног шүүмжлэх хүн олон ч хилчний амьдралд саатсаар, татагдсаар, үзсээр л.
Өчигдөрхөн хилийн тухай, хилчний тухай материал сөхөж суугаад Хил хамгаалах байгууллагын олон нийттэй харилцах албаны дарга хурандаа А.Баасанжаргал ахын “Өмнөөс өрнийн зүг 2000 бээр” нийтлэлийг уншлаа. “Алдарт Жаалшандын застав. Гамбагарав хэмээх цуутай хошуучаар овоглож, өөрийнхөө төр түмэн олноосоо өгсөн Жаалшанд гэх нэрийг мартах шахсан энэ заставт нэрт яруу найрагч Барнангийн Доржпалам нэгэн цагт улс төрийн орлогч гэсэн алба хашиж явсан түүхтэй. Мөн 80-аад оны эхээр энд алба хааж асан надад түүний шорвогдуухан ус, бүгчим битүү агаар, анир чимээгүй орчин асар танил байв. Ам бургасны яст мэлхий мэт тоноглосон харуулын байр, Мухар хулсан дахь бяцхан худаг яг хэвээрээ. Харин энэ хоёр амны өргөн их сайрыг битүү тоорой бүрхжээ. Гайхалтай юм. 30 жилийн дотор хэдэн өнчин хайлааснаас өөр ногоон өнгөтэй ургамал зундаа харагддаггүй байсан газар балар ногоон шугуй болон хувирсанд нүдээрээ үзээгүй бол итгэхийн арга алга” гэсэн мөрүүдээр нийтлэл эхэлжээ.
Жаалшандын застав. Ж.Гамбагарав, Барнангийн Доржпалам. Аль аль нь мартагдах шахсан энэ л оноосон нэрийг эргэн санахын учир надад бол бий тул цаас дэлгэн суулаа.
Тэртээ 2001 онд “Соёмбо” сонинд бэлтгэл хошууч, сэтгүүлч Б.Галмандах агсан энэ гурвын тухай бичиж байсан юм. Би гэдэг хүний хувьд аль алиных нь талаар мэдэх зүйл хомс тул өнөөдрийг хүртэл бичихээс зүрхшээсээр өдийг хүрсэн. Одоо ч бичихэд хэцүү л түүх.
Барнангийн Доржпалам
Нараа дагасан сүргийн бэлчээрт
Намайгаа гээд давхиад ирэхэд чинь
Налаад суудаг толин чулуунд чинь
Найз минь чи харагдаад байдаг юм.
Цохилох халуун зүрхэнд гийсэн
Цолмон хар нүдэнд чинь би хайртай
Шингэхэн дуутай хүүхэд зангаараа
Шинэхэн цэрэг чамдаа би хайртай” гэдэг дуу өнөөдөр та бидний чихэнд сонсогдсоор амнаас ам дамжин дуулагдсаар байдаг билээ. Тэр л дууны шүлгийн эзэн бол Барнангийн Доржпалам гэх зохиолчдын хэлдгээр халгиж цалгисан их авьяасын эзэн. 1995 оны “Болор цом”-ын эзэн энэ найрагч нэгэн цагт хил манаж явсан цэрэг. 2000 оны эхээр нийслэлийн төв хэвлэл “Улаанбаатар таймс” сонинд би ажилд орж байлаа. Энэ сонины редакцид олон сайхан найрагч ах нар шүлэг найргаа уншиж, зохиол бүтээлээ туурвисан байдаг юм. Тэдний энэ халуун яриан дунд Барнангийн Доржпалам гэж хүний тухай дурсамж сөхөгдөж, түүний бичсэн “Шандын сумангийн дарга” шүлгийн тухай, шүлгийн эзэн Гамбагарав гэж хүний тухай яригдахад л хил дээр 40 жил гандсан өвгөн буурал аавын минь тухай ийм шүлэг байдгийг анх мэдсэн. Аав, авга ах хоёр маань олон жил ааваасаа хөндий өссөн болохоор тэр бүр дурсамж сөхөөд байдаггүй. Гэхдээ эмээгийн бор авдранд нандигнан хадгалдаг байсан цэргийн уртаас урт бүс, ногоон малгай, мөрдөсийг хүүхэд байхдаа л харсан ч өнөөдөр сэтгэлд тодхон. Өвөө ямар хүн байсан гэлээ хэмээн асуух бүрт аав цэргийн хүн гэхээс өөр зүйл -тэр бүр хэлдэггүй байсан учраас хил манаж байсан Гамбагарав гэдэг хүн буурал аав гэдгээс өөр зүйл бараг мэдэхгүй. Азаар найрагч ах нарын ярианд өвөөгийн тухай маш тод гарч, 40 жил цэргийн албанд зүтгэхдээ 20 жилийг нь дархан хилийнхээ торгон зурваст өнгөрүүлсэн буурал хошуучийн тухай тов тодорхой өгүүлэхэд л энэ шүлгээ надад бүтнээр бичиж өгөөч хэмээн зориглон ярианд нь оролцсон билээ.

Жадамбын Гамбагарав гэх буурал аав маань 1926 онд Хөвсгөл аймгийн Бүрэн суманд төрсөн. 1945 онд Офицерын сургуульд элсэн хилчний амьдралд хөл тавьсаар 40 намрыг үджээ. Байлдагчаас эхэлсэн цэргийн албаа бага дарга, салаан дарга сумангийн дарга гээд дамжих ёстой шат бүрээр нь гишгэж өгссөөр хошууч цолтойгоор заставтаа өтөлсөн билээ.
Буурал аавын талаар би байтугай аав маань ч сайн мэдэхгүй. Аавын ижий их л бие муутай нэгэн байсан учраас нөхрөө дагаж хил манаж чадаагүй гэдэг юм. Хоёр хүүтэйгээ хотод амьдарч хаяахан барааг нь харсаар энэ л насыг барсан гэдэг. Монгол Хятадын харилцаа хэцүүхэн байсан тэр цагт эхнэрээ дагаж хотод ирж чадаагүй үлдсэн буурал аавын хатуухан, шулуухан үг нь мөрдөсдөө таван хошуу нэмэх боломж олгохгүй байсаар хошууч цолтойгоор цэргээс халагдсан тухай авга ах нэгэнтээ дурссан юм.
1985 онд 59 насандаа тэтгэвэртээ сууж, гэртээ ирэхэд хоёр хүү нь аав болчихсон угтсан билээ. Хүүхэд насны бүүр түүрхэн зурганд өвөө маань их л том гэдэстэй, сахалтай дүрээр үлджээ. Зөөлөн дулаахан тийм л өвөөг заримдаа дурсдаг. Ингээд цэргийн яруу найрагч “Болор цом”-ын эзэн Барнангийн Доржпалам агсны “Шандын сумангийн дарга” шүлгийг хил хамгаалах байгууллага үүсч хөгжсөний 80 жилийн ойд зориулан уншигч танаа хүргэе. Зөвхөн буурал аавын минь амьдрал төдийгүй зуу зуун хилийн цэргийн албан хаагчийн амьдрал энэ шүлэгт багтсан билээ.
Шандын сумангийн дарга
Ёгт үлгэр шиг
Ёж үгтэй буурал
Ёх гэлгүй дөчин жил хил манасан
Ёс төртэй дайчин
Жаварт ажраагүй Алтайн
Цамбагарав юмсан
Жаал Шандын сумангийн дарга
Гамбагарав юмсан
Улсын наадам бүхнээр манаатай
Учир битүү харийн оронд манантай
Монгол Улсын дархан хилийг
Хүчлэн хамгаалсугай гэж тушаачихаад
Бүгдээрээ наадамдаж суугаа дарга нартаа
Тэнгэр хуурайших халуунд
Сүүдэр олдохгүй говиосоо
Тэмээний хоёр бөхөн дундаас
Ёслож явдагсан хөөрхий
Шандын худгийн усыг рашаан гэж
Хүйтнээр залгилна
Шар цэцэгтэй бутны мөчрийг эм гэж
Хуурайгаар нь зажилна
Үлэг гүрвэлийн нуруун дээр
Говь минь тогтдог юм гэж ярина
Үгүй, тийм гэж хоёрхон үгнээс өөр
Үг мэдэхгүй цэрэг байдаг юм гэж хэтрүүлнэ
Хэтрүүлэгч юмуу тохируулагч юмуу
Хэн эс мэдэж
Хэлсэн үг бүхэн нь учиртай байсныг
Бид сайн мэднээ
Дархан аваргууд Хөвсгөлөөс төрдөг юм гэж
Аймгаа магтана
Дамдин аваргыг тонгорч явлаа гэж
Дажгүй ярина
Гавьяат жүжигчин тэр
Надад залуудаа дурлаад
Гамбаа хүү харин тоогоогүй юм даа гэж
Улс инээлгэнэ
Хэний хүү ямар явсныг
Хэн эс мэдэж
Хээрийн хувцастайгаа гандаж явсныг нь
Бид сайн мэднээ
Агаар таарахгүй зовоож
Авгайгаа хот руу буцахад нэг уйлсан юм гэнэ лээ
Араас нь очъё гэж өргөдөл өгөхөд
Авч үзээгүй юм гэдэг
Орос хэлний шалгалтанд
Онц муу авч одонгоо хасуулаад
Моншнууд өөрсдийнхөө гадарладаг юмаар
Надаас шалгалт авлаа
Морь тэмээгээр хил яаж манах тухай ч юмуу
Мохошгүй их цасан шуурганы тухай
Гучин гурван говийн минь тухай
Надаас асуусан болоосой
Монгол хятадын хил дээр
Орос хэл юу ч билээ гэж бухимдсан гэдэг
Дөрвөн таван хошуугаа бөөгнүүлэх гэхэд
Дөчин еснийх нь жил орчихоод
Нэг ухарсан
Дөтөд очоогүй нутагтаа амарч явсан хойгуур нь
Цэрэг чөлөөгүй явчихаад
Хоёр ухарсан
Галтай ноцолдож хээрийн түймэрт
Хонгодуулж нэг үзсэн
Гаднаа ирсэн генералыг угтаж аваагүй
Донгодуулж нэг үзсэн
Ганц нэгхэн ирдэг шуудангаа
Цэрэгтэйгээ жагсаж тоссон
Гантай зуны халуун наранд
Цагаан болсон ногоон цамцтай Гамбагарав юмсан
Шуурганд уруудсан мянга мянган мал хөөцөлдөж
Хил дээр хоносон шөнө олон ч
Шургаж үхэтлээ хийх миний ажил гэж ойлгосон
Хотоос ирсэн шалгалтынхан зааж зааж явахдаа
Хонины мах хямдхан өгчих гэхэд
Аль тарганаас нь бариад өгчих өө
Зажилж суухдаа эд нар
Заставын бор цэргүүдийг минь
Бодож сууг гэдэгсэн
Юм үнэнээрээ байдагсан бол
Заставтаа хурандаа
Юу хийснийг минь тооцож үзвэл
Хугацаагүй зогсдог цагийн манаа гэж
Өөрийн үүргээ тодотгоно
Баахан олон хурандаанууд
Бичиг цаастай зууралдсан харандаанууд гэж шоолно
Улсынхаа хэргийг урдаа барьж
Хувийнхаа хэргийг хойш тавьсныг нь
Урагшаа харж дөчин жил зогссоных
Үнэнийг хэлээд буруудсан ч яадаг юм
Үхсэн хойноо нэр минь цэвэр гэдэгсэн
Шандын суман сайдын шалгалтанд
Онц гарсан гэж сайшаагдсан хуудастай
Сахилгын дүрэм зөрчиж сахал тавьсан гэж
Донгодуулсан цаастай
Хувийнхаа хэргийг хаалгаж
Тэтгэвэрт суусан тэр буурал
Хугацаагүй цэргийн албанаасаа гэргүй
халагдсан гэдэг
Жаварт ажраагүй Алтайн
Цамбагарав юмсан
Жаал шандын сумангийн дарга
Гамбагарав юмсан