“Монголд үйлдвэрлэв” гэх шошгыг бид хэдэн жил мөрөөдөж байгаа билээ. Мэдээж энэ шошгын нааж байгаа бүтээгдэхүүн нь монгол хүний ур ухаан шингэсэн, хүч хөдөлмөрөөр бүтэж, олон хүний амьдралын эх үүсвэр гол хөдөлгөгч хүч байх ёстой. Монголд үйлдвэрлэв гэхээр л юун түрүүнд ноолуур хүн бүрт буудаг байсан цаг нэгэнт өнгөрч. Өнөөдөр Цагаан сараар хүн бүр “Монголд үйлдвэрлэв” шошготой бүтээгдэхүүнээр ах дүү амраг садангийнхаа гарыг цайлгах талаар бодох болж. Тэгэхээр бид үйлдвэрлэж байна гэж бахархаж болох. “Мишээл экспо” төвийн 1000 ам.метр талбайг “Монголд үйлдвэрлэв” шошготой бүтээгдэхүүн эзэлжээ. Зөвхөн энд гэлтгүй Дүнжингарав худалдааны төвийн 1500 ам.метр талбайд дүүрэн. Үзэсгэлэн худалдаанд 500 орчим аж ахуйн нэгж оролцож байгаа хэмээн салбарын яамнаас мэдээлэв. Өнгөрсөн жил зохион байгуулсан үзэсгэлэн худалдаанаас үйлдвэрлэгчид маань дөрвөн тэрбум орчим төгрөгийн борлуулалт хийсэн тооцоо бий.
Өнгөрсөн 2013 оныг үйлдвэрлэгчид маань төр засгаас бодитойгоор дэмжлэг үзүүлсэн жил байлаа гэж дүгнэж байв. Зөвхөн ҮХААЯ төдийгүй Улаанбаатар хотын зүгээс ч нийслэлийнхээ бичил бизнес хөгжүүлэх, иргэдийнхээ амьжиргаанд дэм болох үүднээс 15 тэрбум төгрөгийн дэмжлэг энэ жил үзүүлнэ хэмээн амлаж байсан. Үзэсгэлэнг нээж, ҮХАА-н дэд сайд Б.Цогтгэрэл, Нийслэлийн Засаг даргын орлогч Бат-Эрдэнэ нарын албаны хүмүүс тууз хайчлав. Үндэсний болон урлагийн хувцас, гутал үйлдвэрлэл жижиг дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж худалдаа, арьс ширний худалдаа, оёдол гутлын сургалт үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Ээтэн” ХХК өөрийн бүтээлийн дээжээс үзэгчдэд хүргэв.
Тус үйлдвэр нь Завханы 1000 морин хуурчийн хувцас, Морин хуурын чуулга, Цэргийн дуу бүжгийн чуулгын хувцсыг урласан юм. Мөн Нарны домог бүжгэн жүжгийн хувцас хэрэглэлийг урлаж, үзэгчдийнхээ мэлмийд өргөн барьжээ. Хөнгөн хүнсний үйлдвэрийнхээ бүтээгдэхүүнийг хэрэглэгчид нэгэнт мэддэг болсон нь үзэсгэлэнгийн үеэр харагдаж байлаа.
Б.Цогтгэрэл: Хүн бүр Монголынхоо бүтээгдэхүүнийг өмсч заншъя
ҮХАА-н дэд сайд Б.Цогтгэрэлтэй үзэсгэлэнгийн үеэр уулзлаа.
-Энэхүү арга хэмжээнээс ямар үр дүн гараасай гэж хүсдэг вэ?
-Энэ бол найм дахь жилдээ болж байгаа арга хэмжээ. Үндэсний үйлдвэрлэгчдийн маань борлуулалтын хэмжээ, дүн жилээс жилд маш их нэмэгдэж байгаа. Оролцогчдын тоо ч өсч байна. Цагаан сарыг угтан үндэсний үйлдвэрлэгчдээ нэг дор цуглуулан хэрэглэгчдэдээ бараа бүтээгдхүүнийг нь 10-20 хувийн хөнгөлөлттэй үнээр хүргэж байгаагийн гол ач холбогдол нь үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих. Монгол Улсын Ерөнхийлөгч төсвийн худалдан авалтыг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчдээсээ хийж байх санаачлага гаргасан. Монгол Улсын Шинэчлэлийн Засгийн газраас энэ жил үйлдвэржилтийг дэмжих Үйлдвэржилтийн шинэ эрин хөдөлгөөний хүрээнд “дотооддоо бүтээцгээе, Монголдоо бүтээцгээе” хөдөлгөөн өрнүүлж байна.
-Үйлдвэрлэгчдийг дэмжих хамгийн бодитой зүйл бол худалдан авалт хийх л гэж ойлгодог. Та энэ талаар ямар бодолтой байна?
-Үйлдвэрлэгчдийн хүсээд байгаа санхүүгийн эх үүсвэр дундаас хамгийн бодитой хамгийн зөв дэмжлэг бол хүүгүй зээл. Хэрвээ хүн бүр, байгууллага бүр дотоодынхоо үйлдвэрийн бүтээгдэхүүнийг хэрэглэж, монголдоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр өөрийгөө гоёод заншвал эдийн засгаа 20-30 хувиар тэлэх боломжтой. Үндэсний үйлдвэрлэгчдэд банкны зээлээс хэрэглэгчдийн худалдан авалт гэдэг хамгийн чухал санхүүгийн эх үүсвэр.
Тэгэхээр Монгол бэлэг хөдөлгөөн өрнүүлж Цагаан сарын хүндэтгэлээ монгол хүний сэтгэл, ур ухааныг шингээсэн монгол үйлдвэрийнхээ бүтээгдэхүүнийг бие биедээ өгч илэрхийлээд заншчихвал дотоодын үйлдвэрлэлээ дэмжсэн хамгийн чухал алхам болно. Мэдээллийн энэ өндөр хөгжсөн орчинд залуучууд маань бие биедээ үүнийг уриалаач ээ. Хүн бүр Монголынхоо бүтээгдэхүүнийг өмсөөд заншъя.
-Тэгвэл та жишээ нь Монголд үйлдвэрлэсэн ямар бүтээгдэхүүнийг хэрэглэдэг вэ?
-Би Үйлдвэр хариуцсан дэд сайдын хувьд өөрөөсөө эхэлье гэж боддог. Энэ бол “Титэм” компанийн оёсон костьюм. Ямар ч гадаадын бүтээгдэхүүнээс дутахгүй. Ялгаагүй гадаадын захиалгын бүтээгдэхүүн хийдэг компани. Зангиа маань ч дотоодынх. Цамц “Өүлэн инж” гэдэг Сонгинохайрхан дүүрэгт байдаг компанийн бүтээгдэхүүн.Тэлээ бас Монголынх. Гутал маань “Best Shoes” компанийнх. Оймс бол “Янмал” эсвэл “Тод оймс”-ынх.
-Монгол бэлэг гэхээр жаахан өрөөсгөл байна л даа. Хүнсний хувьд болох байх. Харин хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүний хувьд “Монголд үйлдвэрлэв” маань дундаж орлоготой хэрэглэгчид арай л өндөр үнэтэй тусаад байдаг?
-Жишээ нь, 12 мянган төгрөгийн хос шаахай байна. “Мон Ланс”-ийн энэ бүтээгдэхүүн бол дэлхий даяар түгсэн шаахай. Гадаадад бол 40 ам. доллараар борлуулагддаг. Ямарваа нэг барааг өөрийн гэсэн онцлогтой, чанартай л хийх ёстой. Мөн эсгий, ноолууран бүтээгдэхүүн хямд байгаа. Цагаан сард зориулаад үйлдвэрлэгчид маань бүтээгдэхүүнээ 10-20 хувийн хөнгөлөлттэй зарж байна. Ер нь, Монголын түүхий эдээр хийсэн бүтээгдэхүүн дэлхий даяар брэнд болох чадвартай. Хамгийн гол нь эдийн засгийн эргэлтэд оруулах.
Р.Энхболд: Төр засгийн зүгээс маш бодитой, ахиц гарсан дэмжлэг үзүүлж эхэлсэнҮйлдвэрлэгчдээ төлөөлүүлэн Ноосон эдлэл үйлдвэрлэгчдийн холбооны гишүүн “Монгол нэхмэл” компанийн захирал Р.Энхболдтой уулзсан юм.
Ноосон эдлэл үйлдвэрлэгчдийн холбоо нь 300 гаруй гишүүн байгууллага, 2000 гаруй итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй. “Эрдэнэт хивс”, “Нэхээсгүй эдлэл”, “Улаанбаатар хивс”, “Монгол нэхмэл”, “Монгол ноос” зэрэг тэргүүлэх үйлдвэр болон бусад жижиг сүлжмэлийн үйлдвэр энэ холбоонд харьяалагдан ажилладаг.
-Үйлдвэрлэгчдэд төр засгийн зүгээс үзүүлж байгаа дэмжлэг та бүхэнд хэр бодитой тусч байна вэ?
-Манай холбоо 2010 оноос үйл ажиллагаа явуулж Монголын хонины ноосыг 100 хувь боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн хийхээр төлөвлөөд амжилттай ажиллаж байна. Үндэсний үйлдвэрлэгчдэдээ түүхий эдээ өгсөн малчдад ноосны урамшуулал болгон 2000 төгрөг олгож байгаа нь манай холбооны гишүүдэд хамгийн их дэмжлэг болсон. Өнөөдрийг хүртэл монгол хонины ноосоороо 100 хувь үндэсний үйлдвэрүүдээ хангаж байна.
Ингэснээр төрөл бүрийн хивс, ноосон болоод эсгий бүтээгдэхүүн хийж байна. Төр засгийн бодлого бидний хүсч хүлээж байгаа тэр чиглэл рүү явж, өнгөрсөн жилээс маш бодитой ахицууд гарч эхэлсэн. Өмнө нь зөндөө ярьдаг байсан ч тодорхой үр дүн харагддаггүй байлаа.
-Танай үйлдвэрийн хувьд Монголын ууган үйлдвэрийн нэг байх аа?
-Манай “Монгол нэхмэл” үйлдвэр 1943 онд байгуулагдсан Монголын анхны ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгч. Тэр утгаараа бид хонины ноос, сарлагийн хөөвөр, тэмээний ноосоор төрөл бүрийн нэхмэл сүлжмэл бүтээгдэхүүн даавуу, драпнууд хийгээд хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээг хангаж буй. “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэнгээс манайх Гранпри болон тэргүүн дээд шагнал авч байлаа.
-Хонины ноосон бүтээгдэхүүн ноолууран бүтээгдэхүүнийг бодвол дундаж хэрэглэгчийн төвшинд дөхөж очмоор санагдсан?
-Ноолуурыг бодвол гурав дахин хямд. Дундаж хэрэглэгчийн төвшинд яг тохирч байгаа. Хэрэглээний хувьд жаахан ширүүн болохоос дулаан, эдэлгээ, агаар солилцооны хувьд адилхан. Жишээ нь, нэхмэл ороолт 19900 төгрөгөөс 15000 төгрөг байгаа бол сүлжмэл нь 10 мянган төгрөг орчим байна. “Би Монгол” цамц маань нэлээн эрэлттэй бүтээгдэхүүн болсон. Монгол сарлагийн хөөврөөр хийсэн даавуугаараа дээл хийсэн. Мөн хонины ноосон даавуугаараа ч хийж, хэрэглэгчдэдээ хүргэж байна. Борлуулалтын хувьд тун дажгүй байгаа.
-Одоогоор экспортын талаар яригдаж байгаа зүйл бий юу?
-Экспортын хувьд Орос болон европын зах зээлд гаргаад эхэлчихсэн.Ялангуяа сарлагийн хөөвөр бол маш эрэлт хэрэгцээтэй бараа. Жил ирэх тусам хэрэглэгчийн тоо нэмэгдэж байна. Сарлаг нь түвд болон Монголд л их тоогоор байдаг өвөрмөц амьтан. Тэгэхээр манайх л үйлдвэрлэлийн хэмжээнд бүтээгдэхүүн хийх боломжтой. Шинж чанарын хувьд ноолуураас давах хэмжээнд гэж үзэж байна. Дулаан, хадгалалт, бөөсрөхгүй байх гээд давуу талтай.
-Загвар, технологийн хувьд хэр ахиц гарч байна?
-Технологи загварын хувьд мэдээж хэн уран сэтгэмж хийж, дэлхийн загварын ертөнцтэй хөл нийлүүлж чадна тэр л хожно. Манай компанийн хувьд сарлагийн хөөврөн бүтээгдэхүүний загварт Катя Золтой хамтран ажиллаж, Нью-Йоркийн “Мерседес бенц” загварын шоунд бэлтгэж байна. Нэлээд нааштай үр дүн хүлээж байгаа. Сарлагийн хөөврөөр хийсэн бүтээгдэхүүнээ дэлхийд танилцуулна.
-Саяхан Ерөнхий сайд Чингис бондоос үлдсэн хөрөнгийг үйлдвэрлэгчдэд зориулахаа амласан.Та бүхэн төслөө өгч амжсан уу?
-Эхний удаадаа эргэлтийн хөрөнгийн зээл тусламж авсан. Бидний хувьд дараагийн хөрөнгө оруулалтаа технологи, техниктээ хийхээр төслүүдээ бэлтгээд танилцуулсан. Зарим нь түрүүчээсээ төслөө хэрэгжүүлэхээр санхүүжилтээ авсан. Жишээ нь, Монгол ноосон даавуу үйлдвэрлэх. Жилдээ гурван сая метр ноосон даавуу үйлдвэрлэнэ. Одоохондоо Чингис бондын 0,8 хувийн зээлийг л хөөцөлдөж байгаа. Хугацаатай, тодорхой төслүүдэд зориулагдана гэсэн учраас бага зэрэг хүндрэлтэй л байна. Гэхдээ явцын дунд төр засагтайгаа хүү, хугацаагаа тохирчихвол болох байх. Сүүлийн үед Ерөнхийлөгч маань нэлээн хэдэн хуулийг санаачлан төслөө шинээр өргөн барилаа. Тэрний нэг нь үйлдвэржилтийг дэмжих тухай хууль гэсэн байгаа. Тэр хуулийн төсөл дээр бидний хүсээд байгаа зүйлийг тусгаад ажлын хэсэг байгуулаад ажиллаж байгаад талархаж байна. Бидний саналыг маш сайн хүлээж авч байгаа. УИХ-ын гишүүд маань үүнийг маш сайн ойлгож дэмжээсэй. Эхний хуулиудыг унагасан шигээ байдал бүү үзүүлээсэй.