Шүүхийн ерөнхий зөвлөл байгуулагдаад жил хүрээгүй байгаа ч чамгүй амжилттай, урагштай яваагаа дуулгаж, ажлын тайлангаа танилцуулав. Өнгөрсөн оны сүүлийн хагаст юу хийж, хэрэгжүүлснээ дүгнэн ярилцаад, шинэ оны их ажлын гарааг эхлүүлсэн гэлээ. 2014 онд тус зөвлөл олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагатай нягт уялдаатай ажиллахыг чухалчилжээ. Ингэхдээ сар бүр шүүхийн ертөнцөд болсон үйл явдал, онцлох мэдээлэл хийгээд сэдэвчилсэн яриа хийж байхаар болж. Анхных нь өчигдөр тохиосон бөгөөд гол агуулга нь өмнөх оны тайлан, тойм байлаа.
Шүүхийн багц хууль ба шинэчлэл
ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндоржийн хэлснээр манай улсад сүүлийн 23 жил тохиогоогүй томоохон хуулийн сурталчилгааг өнгөрсөн онд хийжээ. Энэ нь шүүхийн багц хуулийн сурталчилгаа бөгөөд бүх аймаг, сумын засаг захиргааны нэгжтэй хамтарч бүхий л бололцоогоор мэдээлэл түгээсэн аж. Мөн давж заалдах шатны дагнасан шүүхийг 10 газарт байгуулав. Тухайлбал, Өмнөговь, Говь-Алтай, Орхон, Дархан-Уул гэхчлэн бүсчлэлийг харгалзан жигд түгээжээ.
Шинэчлэлийн хүрээнд хэрэгжүүлсэн нэг ажил нь хуучин шүүгч нарыг дахин томилсон явдал. Нийт 409 шүүгчийг чөлөөлөөд 397 шүүгч томилсон байна. Үүний 100 орчим шүүгчийг сэлгэж чадсан нь том амжилт гэнэ. Урьд нь, шүүгчийг сэлгэх тухай зөвхөн санал асуудаг байсан бол энэ удаагийн шинэчлэлээр томилох боломж бүрдсэн аж.
Ийнхүү шүүгчдийг сэлгэж, өөрчилснөөр улсын хэмжээнд ганцхан ерөнхий шүүгч үлдсэн нь Дээд шүүхэд ажиллаж байгаа. Бусад шүүхийн үйл ажиллагаа алдагдлаа, хөл толгойгүй болсон гэхчлэн шүүмжлэлийг Н.Лүндэндорж дарга үгүйсгэлээ. Учир нь, бүх асуудалд ордог байсан ерөнхий шүүгчийн эрх үүрэг хязгаарлагдаж, дийлэнх ажлыг Тамгын газар нь уламжлан авчээ. Ингэснээр бүхий л үйл ажиллагаа ерөнхий шүүгчийн удирдлага, үзэмжээр явагддаг байсан нь өөрчлөгдөж, шүүх процесс харьцангуй чөлөөтэй явагдах бололцоо бүрджээ.
Өндөр цалин-өндөр хариуцлага
Шүүгч нарын цалинг өнгөрсөн онд нэмэгдүүлж, дунджаар гурван сая төгрөгт хүргэсэн билээ. Гэвч өнөөдрийг хүртэл энэ асуудал эцэслэгдээгүй маргааны түвшинд яригдсаар буй. Хуулийг чандлан баримтлах, бусдад эрхзүйн тэгш байдал бий болгох, шударга ёс дэлгэрүүлэх үүрэгтэй шүүгчийн цалинг нэмэх нь ажлаа сайн хийх баталгаа болж чаддаг эсэхэд олон хүн эргэлздэг. Үүнийг ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж дараахь байдлаар тайлбарласан юм.
“Монголчуудын зан ч юм уу ийм яриаг УИХ-ын танхимд ч сонсдог, эрдэм шинжилгээний бага хурлаас ч дуулсан, иргэд олон нийт, хэвлэл мэдээллээс ч харсан, сонссон. Шүүгчийн цалинг нэмсэнээр хараат бус байдал хангагдах юм уу, шүүхээс гарах шийдвэрийн чанар сайжрах юм уу гэж асуухдаа үнэхээр шударга сайхан хүн бол цалингүй байсан ч сайн ажиллаж дөнгөнө гэж ойлгодог. Энгийнээр бодоод үзвэл хүн яах гэж энэ хорвоод ирээд, амьдарч, ажилладаг вэ. Шинжлэх ухааны шинэ нээлт хийхийн төлөө юу, Монгол Улсыг хөгжүүлэхийн төлөө юу. Үгүй шүү дээ, ердөө л 60-70 наслахдаа сайхан амьдрахын төлөө ажилладаг. Тэгэхээр шүүгчийн гэлтгүй аливаа ажил эрхэлж буй хүний хамгийн гол асуудал бол цалин. Үүгээр л ажлаа хэмжиж явдаг. Тэр хүнийг байгууллага нь өндрөөр үнэлдэг бол сайн урамшуулж, маруухан бол цалин бага байх нь зүй. Түүнээс биш муу цалинтай ч сайн ажиллах ёстой гэдэг чинь социалист лоозонгоос өөр юу ч биш.
Дэлхий нийтийн жишгийг харахад шүүгчийн дундаж цалин 20 мянган ам.доллар хүрчихжээ. Гэтэл манай улсад дөнгөж 2.5 мянган ам.доллар болгоё гэхэд л бөөн асуудал дэгдээж буйг шүүмжлэв. Нөгөөтэйгүүр зөвхөн цалингаар хараат бус байдал бий болгоно гэж ойлгох хэцүү. Гэвч шүүгчийн цалинг нэмэхээр төдий хэмжээний хариуцлага надад ирлээ, би илүү сайн ажиллах хэрэгтэй юм байна гэж шүүгч өөрөө идэвхждэг гэнэ. Өөр олон аргачлалаар хариуцлага, хараат бус байдал бүрдүүлэх боломжтойг сануулсан юм.
Шүүн таслах ажиллагаа
Өнгөрсөн жилийн хугацаанд улсын хэмжээгээр эрүүгийн 6169, захиргааны 1106 хэрэг, иргэний 35314 хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцжээ. Харин эдгээр ангиллаар давж заалдах шатанд эрүүгийн 1960, захиргааны 660, иргэний 1837 хэрэг хэлэлцсэн байна. Эрүүгийн хэргийн шүүн таслах ажиллагааны хувьд хяналтын шатны журмаар 691 хэрэг хүлээн авснаас 535-ыг хурлаар оруулж шийдвэрлэв. Нийт хянан шийдвэрлэсэн хэргийн 392 нь гомдлоор, 44 нь прокурорын эсэргүүцлээр, 99 нь прокурорын дүгнэлтээр шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах тухай хүсэлтэд үндэслэсэн аж. Харин иргэний хэргийн шүүн таслах ажиллагааны тухайд хяналтын шатлалд 1013 хэрэг хүлээн авснаас 759-ийг хэлэлцэж, 139-ийг нь бичгээр хариулж, 42 хэрэгт шинээр үүссэн нөхцөл байдлын улмаас хэлэлцсэн гэнэ. Хяналтын шатанд иргэний хэрэг хэлэлцэх тоо өмнөх оноос зургаагаар буюу 0.7 хувиар нэмэгджээ. Захиргааны хэргийн шүүн таслах ажиллагааны хяналтын шатанд 329 хэрэг хүлээн авч 268-ыг шийдвэрлээд, 44 хэрэгт хариу өгөөд, 17 хэрэг үлдээд буй гэнэ.
Шүүхийн үйл ажиллагааны анхан шатанд эрүүгийн хэргийн шийдвэрлэлт 0.1 хувиар өссөн байхад захиргааны хэрэг 15 хувиар нэмэгджээ. Харин иргэний хэрэг шийдвэрлэсэн хурал хамгийн өндөр үзүүлэлттэй буюу 25 хувиар өсчээ.