Эх орны минь үнэ цэнэ ширхэг чулуунаас эхэлнэ. Гэтэл тэр ширхэг чулууг ердөө л нэг чулуу төдийхнөөр сэтгэж, өөрсдийгөө бид худалдсаар. Хамгийн эмгэнэлтэй нь, худалдсанаасаа хэд дахин өндөр үнээр эргүүлэн авах...
Хилийн тагнуулын албаныхан анх удаа нээлттэй байлаа
Хил хамгаалах ерөнхий газраас зохион байгуулсан өдөрлөгөөр анх удаа Хилийн тагнуулын алба үйл ажиллагаагаа танилцуулан нэг жилийн хугацаанд илрүүлсэн хэрэг зөрчлөө хэвлэлийнхэнд тайлагналаа. Сүүлийн жилүүдэд монголчууд үнэт чулууг байгалийн хэлбэрээр нь түүж, их хэмжээгээр хил давуулахыг завддаг болж.
Улсын хилээр үнэт чулуу гаргаж, оруулахад татвар авдаг ч байгалийн хэлбэрээрээ байгаагаас нь татвар авдаггүй аж. Мөн Гаалийн тухай хуульд үнэт чулууг байгалийн хэлбэрээр нь хил давуулахыг хориглох заалт байсаар атал энэ явдлыг хилчдээс өөр холбогдох албаныхан тооно гэж үгүй.
Тиймээс хилчид үүргийнхээ дагуу үнэт чулуунуудыг хилээр гаргах үйлдлийг таслан зогсоосоор одоо тэдний хураасан чулуу бараг Зайсан толгойн чинээ болсон гэнэ. Хилийн боомт болон боомт бус газраар гардаг хэрэг зөрчил, түүний илрүүлэлтийн талаар Хил хамгаалах ерөнхий газрын хурандаа Д.Адъяа танилцуулсан юм.
Хилийг хамгаалах олон арга байдгийн нэг нь тагнуулын арга гэнэ. 2013 оны зургадугаар сараас эхлэн нэг жилийн хугацаанд хил дээр 65 хэрэг зөрчил гарчээ. Эдгээр зөрчлөөс үнэт чулууг байгалийн хэлбэрээр нь хил давуулах гэсэн хэрэг хамгийн олон гарчээ. Өмнөх жилүүдэд алтыг урд хилээр давуулах явдал их байлаа. Тодруулбал, хувиараа аль олборлогчид алтаа Монгол банкинд тушаахаар татвар өндөр байсантай холбоотой аж.
Харин энэ хэрэг зөрчлийг бууруулахаар алтны татварын хэмжээг бууруулсан учраас алт хилээр нууж гаргах иргэдийн тоо харьцангуй цөөрсөн ч, оронд нь үнэт чулуу гаргагчид олширчээ. Суурин газруудад БНХАУ руу чулуу гаргадаг бүлэглэл хүртэл бий болсон нь энэ бизнес хэр их ашигтайг харуулна. Гэхдээ Хилийн тагнуулын алба зарим бүлэглэлийг илрүүлснээр урьдаас мэдээлэл авч хэрэг зөрчил илрүүлэх нь нэмэгджээ.
Монголоос гарсан чулуу Хятадад өндөр үнэ хүрдэг
Говийн аймгуудад байгалийн үнэт чулууны тогтоц олон бий. Эртнээс өдийг хүртэл хөндөөгүй ирсэн нутгийнхаа эрдэнэс рүү өнөө үед нутгийн иргэд нь өөрсдөө гар дүрж, дамлан худалдах явдал газар авчээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард л гэхэд 220 кг оюу чулуу гаргахыг завдсан иргэнийг хилчид саатуулсан байна. Хагас үнэт гэж үздэг оюу чулуу нэг км нь Монголд кг-ыг нь 45-85 мянган төгрөг ийн үнэлгээтэй байдаг бол урд хөршид 120-540 мянган төгрөг хүрдэг ажээ. Харин хаш чулуу кг нь 4-6 мянган ам.доллар болдог гэнэ. Барилгын материал хийхэд хамгийн тохиромжтой хаш чулуу нь Хөвсгөл аймагт олдоц ихтэй. Мөн ОХУ-аас орж ирээд Монголоор дамжуулдаг урд хилээр давах тохиолдол цөөнгүй гардаг аж.
Хилчдийн илрүүлсэн чулуунуудаас хамгийн содон нь солирын чулуу. Энэ чулуу БНСУ-д кг нь нэг сая ам.доллар хүрдэг байна. Манай оронд алмазын дараа ордог хатуу чулуу ч бий. Энэ мэтчилэн эх орныхоо үнэт чулууг өвс шиг түүж хил давуулан худалдаалах хүйтэн сэтгэлтнүүд байсаар байгаа нь харамсалтай.
Хилээр нуугдаж гарахад 3-5 мянган юань
Хил зөрчигчид одоо ч байсаар. Боомт болон боомт бус газраар улсын хил зөрчин, нуугдаж гарагсдын тоо сүүлийн жилүүдэд буурсан ч гэлээ. Хилийн тагнуулын албаныхан нэг жилийн дотор найман удаа хилээр хүн нууж гаргасан бүлэглэл илрүүлжээ. Замын-Үүд Эрээний боомтоор УАЗ-469 маркийн машины тээшинд цаасан хайрцагт хүн нууж гаргахдаа тус бүлэглэлийнхэн нэг хүнээс 3-5 мянган юань авч байжээ. Мөн сүүлийн үед БНХАУ-аас “Улс төрийн хэргээр хавчин гадуурхагдсан Өвөрмонгол” гэсэн хуурамч бичигтэй иргэд хил зөрчин хууль бусаар орж ирэх болсон гэнэ.
Хил зөрчигчид өмнө нь зөвхөн БНХАУ-ын талын хилээр дамжин орж ирдэг байсан бол одоо ОХУ-аар дамжих тохиодол гардаг болж. Өнгөрсөн жил Увс аймгийн хилээр орж ирсэн Хойд Солонгосын иргэдийг илрүүлэн саатуулж, Өмнөд Солонгос руу буцаасан байна.
Увс, Дорнод, Сүхбаатарын чиглэлээр мал их хэмжээгээр гаргадаг
Монголд 160 мянган төгрөгөөр худалддаг хонь хил гараад 230-500 мянган төгрөгийн үнэ хүрдэг байна. Унах ашгийг нь олзуурхсан Увс, Дорнод, Сүхбаатар аймгийн иргэд хил зөрчин худалдаа хийдэг. Зарсан малын ашгаараа хурдан удмын морь оруулж ирж, мөн л худалдаж ашиг олдог явдал цэцэглэжээ.
Хилийн шалган нэвтрүүлэх боомтоор чонын арьс, зээр, бугын эвэр, үнэг, хярсны арьс нууж хаан гаргаж байгаад саатуулагдсан хүн олон. Тэр нь мэдээж мөнгөний төлөө, шунахайн сэтгэл агуулсан хүмүүсийн хийсэн хэрэг. Сүүлийн жилүүдэд тэдний арга бүр ч нарийссан гэдгийг Хилийн тагнуулын албаныхан хэлж байлаа.
Энэ оны эхээр 40 тоннын чингэлэгт давхар хана хийж, ан амьтны гаралтай хилээр давуулахыг хуулиар хориглосон зүйлс гаргах гэж байгаад саатуулагджээ.
Саяхан алга болоод олдсон долоон бурхан юу ч биш
Энэ сард Өвөрхангай аймгийн Эрдэнэ зуугийн музейгээс долоон бурхан алдагдсан ч азаар олдсон. 20 гаруй жилийн тэртээ нийгэм солигдох үед л хааяа нэг сонсогддог байсан ийм төрлийн хэрэг өнөө ч гарсаар байгааг хилчид хэлж байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хилээр бурхан гаргах гэсэн тохиолдол нэг биш удаа гарчээ. Энэ оны хоёрдугаар сарын 23-ны өдөр бурхан шашны 200 гаруй эдлэл, хэрэглэл гаргах гэж байсан хятад, монгол иргэдийг Хилийн тагнуулын албаныхан илрүүлсэн байна.
Хар тамхи хилээр оруулж ирэх нь нэмэгджээ
Энэ сарын 4-5-нд шилжих шөнө Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх боомтоор 68 грамм мөс, 11 грамм кашиш төрлийн мансууруулах бодис оруулах гэж байсан иргэдийг хилчид саатуулжээ. Сүүлийн жилүүдэд иргэд мансууруулах бодис өөрсдөө хэрэглэх бус зарж борлуулах зорилгоор оруулж ирэх нь нэмэгдсэн гэнэ. Дээрх хоёр төрлийн бодис зөвхөн 0.98 грамм нь л гурван сая төгрөг хүрдэг байна. Энэ төрлийн худалдаа ашиг их олдог учраас хилийн зөрчилд хамгийн ихээр бүртгэгдэх болж. Нэг жилийн хугацаанд л гэхэд 82 төрлийн мансууруулах бодис хилээр оруулах гэсэн 300 гаруй удаагийн үйлдлийг хилчид илрүүлжээ.
Ардын уламжлалт эмнэлгүүдийн хэрэглэдэг зарим тан бэлдмэлийг манай улсаас ОХУ-руу их хэмжээгээр гаргадаг. Хилийн тагнуулын алба тэдгээр эмээс дээж авч шинжлүүлэхэд их хэмжээний мансууруулах бодис илэрчээ. Монгол Улс уламжлалт эмнэлэгт хэрэглэдэг эм, тангийн ихэнхийг урд хөршөөсөө оруулж ирдэг. Тэгвэл мансууруулах бодисын хил дамнасан худалдаа манай нутгаар дайран өнгөрдөг болсны жишээ үүгээр батлагдаж буй юм.
Мөн энэ онд хилчдийн илрүүлсэн бас нэг сонирхолтой хэрэг бол Эрээнцав Соловьёскийгийн боомтоор монгол иргэн 2000 ширхэг тарваган шийр гаргах гэдэг байсныг саатуулжээ. Тус эмийн найрлагад зээргэнэ гэж мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх төрлийн ургамал ордог учраас гадаадад гаргаж зарахад үнэ хүрдэг байна. Зээргэнийг тусгай бэлдмэлүүдтэй хольж “матар” хочтой хар тамхи гарган авдаг аж. Тус мансууруулах бодисыг хэрэглэсний дараа хүний бие ногоорч эхэлдэг учраас ингэж нэрлэдэг болсон гэнэ. Нэг ёсондоо монголчууд хар тамхины бэлдмэлийн ханган нийлүүлэгч болж байгаа юм.
Бага нэгжийн мөнгөн тэмдэгт Хятад руу ихээр гаргаж байна
Монголчууд бага нэгжийн буюу нэгт, тавт, аравт, хорьт, тавьт зэрэг мөнгөн дэвсгэрт их хэмжээгээр хил давуулан гаргадаг. Үүнийг хил, гаалийн шалгагчид анзаарсан ч төдий л ач холбогдол өгдөггүй аж. Саяхан л гэхэд интернэт худалдаанд Монголын бага нэгжийн мөнгөн дэвсгэрт их хэмжээгээр зарна гэсэн зар гарсан байсан. Тэгвэл урд хөршийн иргэд талийгаачдынхаа шарил дээр мөнгөн дэвсгэрт шатаадаг ёстой учраас монголын бага нэгжийн мөнгөн дэвсгэртийг их хэмжээгээр худалдан авдаг гэнэ. Тэд өөрсдийн мөнгөн тэмдэгтийг шатаавал хуулиар хариуцлага хүлээдэг учраас монголчуудтай тохиролцох энэ төрлийн худалдаа нэмэгджээ.
Мөн хилээр нэвтрэх дардас хуурамчаар хийх, гадаадаас хулгайлж олсон, бичиг баримтгүй бараа материалаа хил давуулах, сум, галт хэрэгсэл оруулах зэрэг хэрэг зөрчлүүдийг Хилийн тагнуулын албаныхан илрүүлж, холбогдох газруудад хүлээлгэн өгөөд, хэргийг шалгуулж байгаа аж.