Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Гяндан”-д биш гэрт хорих арга эрэлхийллээ


Гэм буруутайг шүүх эцэслэн тогтооно. Гэхдээ үүнээс урьтаж, сэжигтний эрх чөлөөг хязгаарлах буюу цагдан хорих ажиллагааг явуулж болох үндэслэл нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд (ЭБШХ 68 зүйл 68.1-д “Эрүүгийн хуульд заасан хүнд, онц хүнд хэргийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, түүнчлэн удаа дараа ял шийтгэгдэж байсан этгээд, онц аюултай гэмт хэрэгтэн дахин гэмт хэрэгт сэрдэгдсэн бол түүнийг хэрэг бүртгэлд, мөрдөн байцаалт, шүүхээс оргон зайлах, хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулах, гэмт хэрэг дахин үйлдэхээс сэрэмжлэх зорилгоор цагдан хорьж болно”)  тусгагдсан.  Энэ нь аль ч улсад хэрэгждэг процесс хэдий ч субьектэд өөрийн гэсэн эрх нь үлдсэн байдаг. Өөрөөр хэлбэл, сэжигтэн, яллагдагч зэрэг этгээд байтугай ял сонссон хэрэгтэнд хүртэл заяагдмал эрх, түүнийг нь хамгаалах хууль, дүрэм үйлчилдэг. Харин манай улсын хувьд жил ирэх тусам хэрэг мөрдөлтийн ажиллагааны үеэр сэжигтэнг цагдан хорьсон гэх тоо баримтыг харвал буурсан үзүүлэлт байгаа ч цагдан хорихын эсрэг талд урган гардаг хүний эрхийн сэдэв хурцаар тавигдах боллоо.

Жишээлбэл, хамгийн сүүлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдан, хэрэгт сэжиглэгдэж байсан этгээд нас барсан нь хүний эрхийг бүдүүлгээр зөрчсөн, амьд явах эрхийг нь шийдвэр гүйцэтгэх газар болон бусад холбогдох байгууллагууд хангаж чадаагүйн илэрхийлэл болсон билээ. Энэ нь эрх чөлөөгөө хасуулсан этгээд өөрийнх нь эрхийг хангах, амьдрах орчин, оршин тогтнох нөхцөлөөр хангуулах асуудлаар түүнийг хамгаалах эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас бүрэн хамааралд байсантай холбоотойгоор урган гарсан хүний эрхийн асуудал юм. Түүнээс гадна хоригдож байгаа этгээдийн эрхийн зарим хязгаарлалт нь түүний хувь заяанд нөлөөлдөг гэх судалгааны баталгаа болсон юм.    
     
Харин эдгээр болон бусад шалтгааны улмаас “Цагдан хорих арга хэмжээ ба хүний эрх” сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Шүү­хийн судалгаа мэдээлэл, сур­галтын хүрээлэнгээс зо­хион байгууллаа. Шүүгч, цагдаа, прокурорын байгуул­лагуудын төлөөлөл болон өмгөөлөгчдийг оролцуулсан энэ удаагийн хэлэлцүүлэг өргөн хүрээг хамарч чадсан ч төдийлөн үр дүн гарсангүй. Тэд цагдан хорионы өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж цаашид ямар нэг арга хэмжээ авах хэрэгтэй гэдэгт санал нийлж цугласан ч талууд өөр, өөрийн байр суурийг хамгаалсан учраас дахин цуглах, зөвлөмжийг боловсронгуй болгох эцэслээгүй шийдвэрт хүрсэн. Гэхдээ төлөөлөгчид уг хэлэлцүүлгээс гарах 11 заалт бүхий зөвлөмжийг талаар ярилцан хэд, хэдэн заалтыг нь хасах, нэмэх хэрэгтэй гэдэгт санал нэгдэж байлаа.
 
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг шинэчлэх үү

Цагдан хорих арга хэмжээ хүний эрхийг зөрчих хамгийн том асуудал хэвээр байгаа гэдгийг Хуульзүйн яамны Эрхзүйн шинэчлэлийн бодлогын газрын мэргэжилтэн Г.Оюунболд  хэлж байна. Тэрбээр “Хүний халдашгүй эрхийг бодитойгоор хамгаалдаг улс орнуудад сэжигтэнг баривчилж, цагдан хорихдоо иргэнд тодорхой эрхийг нь мэдэгдэж, өмгөөлөгчид нь урьдчилан хэлсний дагуу цагдан хорьдог. Мөн өөрийг нь  ямар  асуудлаар хорьж байгааг хэлж тодорхой үндэслэлийн дагуу цагдан хорьдог жишиг олон улсад мөрдөгддөг. Гэвч бодит  байдал дээр хуульд заагаагүй үндэслэлээр хүнийг цагдан хорих, хуульд заасан эрхүүдийг нь тайлбарлаж өгөхгүйгээр, хүндэвтэр хэргүүдэд удаан хугацаагаар цагдан хорьж, мөрдөн байцаалтын тодорхой арга болгож хэрэглэж ирсэн зүй бус хандлага хэвээр байна. Тухайлбал, хүнээр  өөрөөр хэргийг нь нотлуулдаг, эсвэл  цагдан хорьсон хугацаандаа  албадан мэдүүлэг өгөхийг шахах гэх мэт эрүү шүүлтийн тодорхой хэлбэр  XXI зуун гарчихаад байхад Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд одоог хүртэл амь бөхтэй оршсоор байгааг сүүлийн үеийн хэдэн жишээ та бүхэнд харуулж байна. Ийм учраас хууль зүйн байгууллагын шинэчлэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг шинэчлэх цаг нь болсон гэж үзэж байгаа” хэмээн үргэлжлүүлэн ярьсан юм. Тэгэхээр бид цаашдаа сэжигтэнг баривчлах, цагдан хорих гэхээс илүүтэй сэжигтэнг гэрийн хорионд байлгах, хохирогчтой уулза­хыг хязгаарлах, орчин үеийн технологи ашиглаж тусгаарласан бүсээс гарч байгаа эсэхийг хянах зэргээр цагдан хорихоос өөр боломж илэрхийлэх хэрэгтэй аж. Харин дээрхийг зөрчсөн тохиолдолд дараагийн шатанд цагдан хорионы хэлбэрт шилжих хэрэгтэй гэсэн чиглэлийг Хуульзүйн яамны зүгээс ярьж байна. Түүнчлэн хууль сахиулах байгууллага сэжигтнээр “оролдолгүйгээр” хэргийг нь илрүүлж, шүүхийн өмнө аваачиж чаддаг ур чадвар, арга барилтайгаар ажиллах ёстой гэсэн үзэл хандлага дээр өнөөгийн Эрүүгийн байцаан шийтгэх  ажиллагааны шинэчлэлийг хийж байгаа гэдгээ хэлэв.

Оролцогчдын гаргасан зөвлөмж

“Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаан дахь цагдан хорих арга хэмжээ ба хүний эрх, тулгамдсан асуудлууд” сэдэвт хэлэл­цүүлгээс гаргасан зөвлөмж

1.Шүүх эрх мэдлийн байгууллага, түүний ажилтан нь Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд цагдан хорих арга хэмжээг хэрэглэхдээ хүний эрх, хууль ёсыг дээдлэх, эрх зүйн үндэслэл, журмыг заавал баримтлах, хараат бус байх, мэргэжлийн ёс зүйг чанд сахих.

2.Шүүх ЦХТХ-г хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэгт хэрэглэхгүй байх, энэ арга хэмжээг авах, сунгах хүсэлтийг шийдвэрлэхдээ шүүгч прокурор, өмгөөлөгчийн тайлбар, хүсэлтийг сонсох, мэтгэлцэх нөхцөлөөр хангах, холбогдох нотлох баримтыг шинжлэн судлах, хууль ёсны нотлох баримтын хүрээнд хуульд заасан үндэслэлээр шийдвэр гаргах зэрэг эрх зүйн зайлшгүй ажиллагааг явуулж хэвших.

3.Өмгөөлөгч үйлч­лүүлэг­чийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахын тулд хуулийн дагуу мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх, зохих цаг хугацаанд хүсэлт, гомдол, тайлбар, нотлох баримт гаргах, шүүхийн ажиллагаанд биечлэн оролцох.

4.Гэм буруу нь шүүхээр нотлогдоогүй тохиолдолд аливаа этгээд, тэр дундаа сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн үйлдэл, гэм буруугийн талаар олон нийтэд мэдээлэх, хэвлэлийн бага хурал хийх нь Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрхийг зөрчих, шүүхэд хөндлөнгөөс нөлөөлөх үр дагавартай учраас ийм үйлдэл хийхгүй байх.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон хууль сахиулах үйл ажиллагааны хуулийн төслүүдэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээнээс өмнө авч болох арга хэмжээний төрөл хэлбэрийг олшруулах, журам заавраар зохицуулж байгаа үйл ажиллагааг хуульчилж, due process-ийг зарчмыг тусгах.

6.    Цагдан хоригдогс­дыг эрүүдэн шүүх, зүй бусаар харьцах явдлаас хамгаалахын тулд олон улсын жишгийн дагуу гомдол гаргах, шийдвэрлэх бодитой хамгаалалтыг процессын эрх зүйн баталгаагаар хангаж мөрдүүлэх зэрэг болно гэсэн зүйл утга бүхий зөвлөмж гаргалаа. Хэлэлцүүлгийн эцсийн шийдвэрийг энэ сарын 23-ны өдөр олон нийтэд танилцуулна.

0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан