“Бид олуулаа болсон. Бидэнтэй хамт эвлэлдэн нэгдсэн МСДН, АСХ, ШДХ, МҮДН, МОХ зэрэг нам холбоодоос бүрдсэн “Ардчилсан хүчний эвсэл Эрх чөлөө, ардчиллын төлөө тэмцэлд зогсч байна. Ардчилсан хүчний эвсэл бол одоо хууль ёсны бөгөөд хүн амын тодорхой хэсгийн дэмжлэгийг хүлээсэн улс төрийн хүчин.”
*1990 оны хоёрдугаар сарын 24. МУИС-ийн математикийн тэнхим байрладаг хичээлийн гуравдугаар байранд 14 цагт МоАХ-ны Ерөнхий зохицуулах зөвлөлийн гишүүд Монголын Оюутны холбоо, Ардчилсан социалист хөдөлгөөн, Шинэ дэвшилт холбооны удирдлагатай уулзалт хийв. Ардчилсан социалист хөдөлгөөнийг төлөөлж МУИС-ийн багш Р.Гончигдорж, П.Улаанхүү, Б.Ламжав нар болон нэгэн судалгааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Батбаяр нар, Монголын Оюутны холбооны Ерөнхийлөгч Лу.Болд /МҮЭ-ийн төв зөвлөлд хамт ажиллаж байсан болохоор түүнийг таних юм/, Шинэ дэвшилт холбоог төлөөлж Д.Батсүх удирдлагын бусад гишүүдтэйгээ иржээ.
* Ийнхүү Ардчилсан дөрвөн хүчний төлөөлөгчид уулзаж гуравдугаар сарын 4-нд хийх хамтарсан цуглаан, жагсаал дээр БНМАУ-ын Ардын Их Хурал болон МАХН-ын Онц их хурлыг ирэх гуравдугаар сард багтаан хуралдуулж, намын үйл ажиллагааг төрөөс тусгаарлах, мөн сард багтаан улс төрийн бүх хүчнийг тэгш эрхтэйгээр оролцуулсан Ардын түр хурал байгуулж, сонгуулийн хууль хэлэлцүүлэн батлуулах зэрэг хоёр үндсэн шуурдлага тавьж хариуг 7-ны дотор авна гэж шийдлээ.
* МУИС-ийн хоёрдугаар байрны 283 тоот өрөөнд МоАХ-ны ЕЗЗ, Улаанбаатар хотын салбар зөвлөлийн хамтарсан гуравдугаар чуулган дээр Ц.Элбэгдорж “Үндсэн хуулийн болон сонгуулийн тухай хуулийг одоогийн АИХ-ын чуулганаар батлуулахгүй байхыг ШДХ шаардана, цуглааныг Сүхбаатарын талбайд хийхийг хориглосон журмыг МОХ эсэргүүцнэ,Мардайн Ураны асуудлыг АСХ гаргаж тавина, Зөвлөлтийг цэрэг гаргах, НАХЯ-ыг татан буулгах шаардлагыг МоАХ тавина. Хоёр мэдэгдэл гаргана. Нэг нь МАХН-ыг төрөөс тусгаарлаж, нөгөө нь Ардын түр хурал байгуулах тухай. Цуглааны дараа Сүхбаатарын талбай руу жагсаалаар явж мэдэгдлээ гардуулна” хэмээн танилцуулав.
Засгийн газрын ордон руу шаардах бичиг гардуулахаар Ц.Энхтүвшин МоАХ, С.Баясгалан МОХ, Д.Батсүх ШДХ, А.Хатанбаатар АСХ нар орох гэсэн боловч оруулсангүй.
БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгч гишүүн Б.Лувсанцэрэн /МҮЭ-ийн Төв Зөвлөлийн дарга/ гарч ирж дөрвөн хүчний төлөөлөгчид шаардлагаа түүнд гардуулж өгөв.
* 1990 оны дөрөвдүгээр сарын 15-нд МоАХ, МоАН, АСХ, МСДН, ШДХ, МҮДН хамтран “Ардчилсан хүчний эвсэл байгуулах гэрээ”-нд гарын үсэг зурав.
МоАХ-ны анхны ЕЗЗ-ийн 15 гишүүний нэг, Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Сүхбаатарын Амарсанаа “Ардчилсан хувьсгалын тэргүүн эгнээнд” номоос...
1984 онд Германд суралцаж байсан Дарь.Сүхбаатар Монгол оюутны эвлэлийн үүрийн дарга гэсэн хариуцлагыг үүрнэ. Хурал цуглаан дээр хатуухан шулуухан үг хааяа хааяахан хэлчихнэ. Гэтэл Монгол Улсын байгуулж байгаа коммунизмыг муулсан хэргээр сургуулиасаа хөөгдөв. Хаанаас ямар нь тэгж матаас хийснийг таах аргагүй. Ингээд Монголдоо ирж, намын төв хорооны заасан газарт гурван жил ажиллахаар болов. Аав нь ч итгэл алдаж хөөгдөж ирсэн гээд түүнийг халгаасангүй. Барилгад засварчин, Хөтөлийн үйлдвэрт засварчин хийж явсаар сая нэг Улаанбаатарт амьдрах эрхтэй болов. Бүтэн гурван жилийн турш тэрээр Намын төв хороонд гэж хаяглан захиа бичээд байж. Ингээд алдарт Ламжав гуайн гарын үсгээр цагаадаж, сургуульд орох эрхтэй боллоо.
1988 онд Багшийн дээд сургуульд элсч, “Цагийн толь” гэх жижигхэн сонин хийх санаа төрөв.
Энэ үед С.Амарсанаа, А.Баясгалан, С.Цогтсайхан, Э.Бат-Үүл, Д.Амарбаяр нарын таван залуу Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 40 жилийн ойг тэмдэглээгүй өнгөрөөснийг, өөрчлөн байгуулалт удаан байна гэх зэргээр нийгмээ шүүмжлэн ярилцаж байв. Зогсонги байдалд орчихсон өөрчлөн байгуулалтыг хурдасгах алхмыг МАХН-ын V бүгд хурлаар хийнэ гэж итгэж байсан ч “..социалист аж төрөх ёсонд огт үл нийцэх үзэл санааны суурь хөрсийг бий болгож байгаа бүхэнтэй бид хайр найргүй тэмцэх хэрэгтэй” гэж Бүгд хурлын илтгэлд тодоор тэмдэглэсэн тэр өдрөөс залуус ухуулах хуудас нааж, улс төрийн шаардлагуудаа тавих тухай ярилцаж, наах газраа ч хувааж авчээ. 1989 оны нэгдүгээр сарын 2-3 шилжих шөнө хотын гудамжаар “Залуучуудын сонорт” гэсэн гарчигтай “Шинэ үе” автортой улс төрийн шаардлага тавьсан ухуулах хуудас дүүрэн болов. НҮБ-ын Ерөнхий Ассамблейгээс 1948 оны 12 дугаар сарын 10-нд баталж гаргасан “Хүний эрхийн бүх нийтийн тунхаглал”-ыг ард олонд таниулан сурталчилж, амьдралд хэрэгжүүлэхийг залуус хүссэн байлаа. Залуус нэгдүгээр сарын сүүлээр ээлж дараатайгаар НАХЯ дээр дуудагдсан байдаг.
1989 оны есдүгээр сард “Хонхны дуу” хэнээс ч айлгүй цуурайтаж, радиогоор нэвтэрч “Шинэ үе”-ийнхэн дахин цуглахтайгаа болов.
1989 оны арваннэгдүгээр сарын 24-нд “Шинэ үе”-ийн залуус Дарь.Сүхбаатар тэргүүтэй нам засгийг зоригтой шүүмжилж байгаа залуустай уулзаж, Залуучуудын Соёлын төвд болох залуу уран бүтээлчдийн хоёрдугаар зөвлөлгөөн дээр Дэвшилт залуучуудын Холбоо нэртэй залуучуудын улс төр, олон нийтийн байгууллага байгуулснаа зарлахаар тогтож, зарлах хүнээр “Улаан-Од”-ын Ц.Элбэгдоржийг томилов.
“Залуучуудын соёлын төв дүүрэн 630 хүн маань ялаа ч нисэх дуулдах мэт чимээгүй сонсч байгаад нижигнэтэл алга ташсан” хэмээн Дарь.Сүхбаатар энэ тухай дурссан байдаг.
1989 оны арванхоёрдугаар сарын 5-нд Дарь.Сүхбаатар, С.Амарсанаа, Ц.Элбэгдорж нар Л.Нямсүрэнтэй ярилцаж, 7-нд залуучуудын холбооныхноо цуглуулахаар тохирсноор МоАХ-г байгуулах анхны хурал хийсэн тухай С.Амарсанаа тэмдэглэн бичжээ. 12 дугаар сарын 10-ны Хүний эрхийн өдрөөр анхны цуглаанаа хийнэ, тэр үед тавих шаардлагуудынхаа талаар тохиролцож ярилцлаа. Хоёрхон өдрийн дотор маш хурдан зохион байгуулалтад орж, өргөх бичгээ нарийн чанд бэлтгэсэн байдаг. Арванхоёрдугаар сарын 10-ны анхны цуглаан “10.00 цаг боллоо. Ц.Элбэгдорж цуглааныг нээж, Монголын Ардчилсан холбоо байгуулагдсаныг мэдэгдлээ. Дараа нь би улс төрийн 13 шаардлага бүхий өргөх бичгээ уншиж, МоАХ эдгээр улс төрийн шаардлагаараа Монгол оронд ардчилсан хувьсгал эхлүүлж байгааг тунхаглан зарлав. Бид олон улсын хүний эрхийн өдөр ийнхүү өөрийн гэсэн үзэл бодолтой байж түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрхээ амьдралдаа анх удаагаа эдлэв” хэмээн С.Амарсанаа тэмдэглэжээ.
1990 оны хоёрдугаар сарын 18-ны МоАХ-ны анхдугаар хурал дээр Ардчилсан холбоо үндэсний хэмжээний улс төр олон нийтийн бодит хүчин гэдгээ баталгаажуулж, Монголын Ардчилсан нам байгуулагдсаныг зарлалаа.
МоАН-ын даргаар Э.Бат-Үүлийг сонгож, анхны хурлаа дөрөвдүгээр сарын 8-9-нд хийв. Их хурлаараа “МоАН-ын үзэл баримтлалын гол санаа нь хүний эрхийг дээдлэн үзэхэд оршино. Чөлөөтэй сэтгэж, чөлөөтэй аж төрөх хүслэн хүн бүхэнд заяасан байдаг бөгөөд гагцхүү цөөнх нь олонхио дагасан олонхи нь цөөнхөө хүндэтгэсэн ардчилсан нийгэмд л үг хүслэн биелдэг” гэж үзэл баримтлалаа томъёолсон байна.
1990 оны дөрөвдүгээр сарын 15-нд МоАХ, МоАН, АСХ, МСДН, ШДХ, МҮДН хамтран “Ардчилсан хүчний эвсэл байгуулах гэрээ”-нд гарын үсэг зурав.