Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Лалын улс” эртний түүхийн дурсгалуудыг устгаж байна


Алан хядагч “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийнхэн Иракын Мосул хотын дэргэдэх эртний “Бурхны хаалга” дурсгалыг цэргийн техник ашиглан нурааж байна гэж нүдээр үзсэн хүмүүсийн ярьсныг The Independent мэдээллээ. Энэ хаалга нь тухайн цагтаа дэлхийн хамгийн том хот байсан эртний ассирийн Ниневии хотын туурьт байдаг юм байна.
 
“Лалын улс” зэвсэгт бүлэглэлийн алан хядагчид  эртний түүх, соёлын гайхамшигт дурсгалуудад дайсагнаж, нураан сүйтгэж байгаа нь ганц энэ биш. Үүний өмнө тэд Ирак дахь эртний Хатра хотын балгасыг 2015 оны гуравдугаар сард бас нураан сүйтгэсэн юм. “Лалын улс” бүлэглэлийнхэн Хатра хотыг бульдозероор түрж газартай тэгшилж байна” гэж Курдистаны Ардчилсан намын төлөөлөгч Саид Мумузини мэдэгдээд зэвсэгт дайчид энд хадгалагдаж байсан ассирийн хааны үеийн алт мөнгөн зоосуудыг хулгайлан авч байна гэсэн байна.

Хатра хотыг манай эриний өмнөх III-II зууны үед Селевкидын эзэнт гүрэн байгуулсан гэдэг. Манай эриний I-II зууны үест энэ хот шашин мөргөл, худалдааны асар том төв болж байсан гэнэ.

Хатра хотыг сүйтгэсний маргааш нь буюу 2015 оны гуравдугаар сарын 8-нд Иракын умард нутгийн Хорсабад хотоос холгүй орших Дур-Шаррукин / Саргоны хэрэм / балгасыг мөн л дэлбэлж зарим хэсгийг нь нураасан байна. Энэ бол Саргон II –ын засаглалын үед эртний Ассирийн нийслэл болж байсан хотын үлдэгдэл, үнэт өв байлаа.

Энэчлэн “Лалын улс” бүлэглэлийнхэн өөрийн хяналтад авсан газар нутагтаа байгаа хүн төрөлхтний бүтээсэн эртний соёл түүхийн дурсгалуудыг төлөвлөгөөтэйгөөр хайр найргүй сүйтгэн устгаж байна.

Ингээд ч зогсохгүй үүнийгээ дүрс бичлэгт буулган интернетээр тарааж байгаа юм. Мосул хотын музейн исламын соёлын дурсгалт зүйл, хөшөөг нурааж байгаагаа бичиж интернэтээр түгээсэн нь соёлт хүн төрөлхтний дургуйцлийг төрүүллээ.
Тэд эртний түүхийн дурсгал хөшөө, баримлыг цэргийн техник, алх, лантуу ашиглан сүйтгэж байна.

Мосул хотын орчимд 8000 жилийн өмнөөс хүн суурьшиж, 2700 жилийн өмнө энэ хотыг байгуулж. Мосул хот нь Тигр мөрний эрэг дээр эртний ассирийн улсын нийслэл Ниневии хотын эсрэг талд байдаг байжээ.

Мосул хотын орчимд олон жилийн турш археологийн судалгаа хийж хэдэн мянган жилийн түүхтэй үнэт зүйлс олдворыг хотын музейд тавьж байсан юм.
Энд Хүн нүүртэй далавчтай бухны Шеду баримал байсныг мөн л зэвсэгт дайчид лантуугаар цохин устгасан байна.  Эрдэмтэд энэ бурхны баримлыг хосгүй үнэт бүтээл гэж үнэлж байжээ.  

Ном, гар бичмэлүүд шатаж байна

Зэвсэгт дайчид 2014 оны сүүлчээр  Мосул хотыг эзэлснийхээ дараа ёстой нүдэндээ харагдсан дурсгал бүрийг устгаж эхэлсэн. Тус хотод очсон эхний сардаа л III зууны үеийн сүмийг шатааж, дундад зууны Жиржис гэгээний сүмийг дэлбэлсэн юм.

Тэгээд хэдхэн хоногийн дараа 2015 оны эхээр Мосулын номын санг дэлбэлж Иракын соёлын өв болсон хуучны 10000 орчим ховор номыг Аллахын таалалд нийцэхгүй  хэмээн хашаанд нь гарган шатаасан. Зөвхөн ном ч гэлтгүй номын санд хадгалагдаж байсан хуучны одон орны дуран, элсэн цаг гээд үнэт зүйлсүүд балмад этгээдүүдийн түүдэгт шатаж үгүй болсон юм.

Гэхдээ үнэт ном, эд зүйлийг бүрэн шатаагаагүй, заримыг нь үнэт зүйлс цуглуулагчдад худалдахаар зэвсэгт дайчид авч үлдсэн гэж зарим хэвлэлд бичиж байгаа. “Лалын улс” бүлэглэлийнхний эзэлсэн газар нутагт байсан музейнүүдээс хулгайлсан, археологийн зарим олдвор хар зах дээр ил гарч байгаа тухай мэдээлэл ч гарч байна.

Дэлхийн өв дурсгалыг газартай тэгшиллээ

“Лалын улс” зэвсэгт бүлэглэлийнхэн Ирак дахь эртний ассирийн Нимруд хотын балгасыг мөн л 2015 оны гуравдугаар сард бульдозероор түрэн газартай тэгшилжээ.
Албаны хүмүүс, археологчид энэ явдлыг “Иракын соёлын өвд халдаж байгаа аймшигт энэ халдлага манай түүхийг арчиж үгүй болгож байна” гэж дүгнэж байна.

Зэвсэгт дайчид энэ балмад үйлдлээ үдийн мөргөлийн дараа эхэлж хүнд техник, бульдозер ашиглаж ердөө долоо хоногийн дотор газартай тэгшлээд үүнийгээ ид бах болгон дүрс бичлэгт бууулган интернетээр тараажээ.  
Нимруд хотыг манай эриний өмнөх 13 дугаар зуунд Тигр мөрний хөвөөнд, Мосул хотоос 30 км зайд босгосон нь ассирийн үеийн “сувд”  хэмээн нэрийдэж, Ирактаа хоёрт ордог том хот болон цэцэглэж байжээ. Ийм ч учраас энэ хотыг ЮНЕСКО-гийн бүх дэлхийн өвд бүртгэсэн байдаг.
Нэрт түүхч, доктор Гилани ВВС-д өгсөн ярилцлагадаа “Нимруд бол түүхийн асар их ач хоблогдолтой объект. Алан хядагчид яагаад ингэж сүйтгэж байгааг ер ойлгохгүй юм. Тэд бидний өнгөрсөн үеийн түүхийг арчиж үгүй хийж байна. Ёстой юу хэлэхэв дээ” гэжээ.

Яагаад тэд эртний соёл түүхийн энэ гайхамшигт дурсгалуудад ингэж хайр найргүй хатуу ширүүн хандаж сүйтгэж байна вэ гэдэг талаар олон таамаг байна.

Нэгдүгээрт:
Лалын хэт даврагч үзэл. Түүхийн дурсгалыг сүйтгэж байгаа дүрс бичлэг дээр нэгэн зэвсэгт дайчин “Ингэхийг гэгээнтэн тушаасан. Надад тушаасан болохоор би үүнийг хийж байна” хэмээн хашгирч байна. Үнэхээр ямар ч боловсролгүй, алж хядахаас өөрийг мэдэхгүй мунхаг хүмүүс олон байгааг үгүйсгэхгүй. Тэдэнд гэгээнтэн зарлигдсан гээд хэлчихэд л гүйцээ, баяр хөөртэйгөөр сүйтгэнэ.

Хоёрдугаарт:
Ашиг. Зэвсэгт дайчид, ялангуяа удирдагчид нь түүх соёлын үэнт зүйлсийг Европ, АНУ руу гарган хар зах дээр худалдаж байж болох юм. Зарим эх сурвалж “Лалын улс” бүлэглэлийн санхүүгийн гол эх үүсвэр нь газрын тос бол хоёр дахь эх үүсвэр нь эртний ховор олдвор, үнэт зүйлсийн наймаа  байхыг үгүйсгэхгүй гэж бичиж байна.

Гуравдугаарт: Ердөө л пиар, сурталчилгаа. Хэрэв үнэт зүйлсийг худалдаж болохгүй, зөөж тээвэрлэж чадахгүй л бол устгахаас яахав. Хавцал дахь том баримал, сүм, хотын балгас зэргийг бол устгаж, үүнийгээ дүрс бичлэгт буулган барууныханд үзүүлж, өөрсдийнхөө “баатарлаг”-ийг харуулж байгаа нь тэр.

“Талибан”-ы замаар

Хүн төрөлхтний бүтээсэн түүх, соёлын үнэт зүйлст хайр найргүй хандаж устгаж байгаа нь ганц “лалын улс” зэвсэгт бүлэглэл биш. 2001 онд “Талибан” хөдөлгөөнийхөн Афганистаны ихэнх нутгийг хянаж байхдаа мөн л түүх соёлын дурсгалуудыг сүйтгэж байсан. Тэд Бамиан мужид байдаг хадан хавцал дахь Будда бурхны асар том баримлыг дэлбэлж байсан юм. III-Y  зуунд босгосон гэдэг энэ гайхамшигт баримлыг ЮНЕСКО-гийн бүх дэлхийн өвд бүртгэн авсан байдаг.

0 Сэтгэгдэл
ОЮУНЫ ХООСРОЛ ,МЭДЛЭГ БОЛОВСРОЛ БАЙХГҮЙ ХҮМҮҮС ИЙМ Л БОЛНО . ЙИМ Л БАЙНА.
Хамгийн их уншсан