Монголын кино урлаг хэдэн жилийн өмнөөс эрчимтэй хөгжиж буй. Үндэсний баяр наадмаар нөгөө л “Мандухай сэцэн хатан”, “Тунгалаг тамир”, “Зэрэг нэмэхийн өмнө” гээд хэдэн киногоо суваг болгоноор эргүүлж үздэг цаг нэгэнт ард хоцорсон гэхэд хилсдэхгүй. Гэхдээ хуучны кинонуудаа муучилж байгаа юм биш шүү. Дээрх кинонууд жинхэнэ монгол үнэртэй бүтээл гэдэгтэй маргах хүн үгүй. Шинэ кинонууд ар араасаа эрчимтэй мэндэлж буй болохоор нөгөө л үг бүрийг нь цээжилчихсэн кинонуудаа давтаж үзэхээ больсон гэдгийг илэрхийлэх гэсэн хэрэг. Шинэ кино төрөн гарахын хэрээр үзэгчдийн дунд хүлээлт үүсдэг болоод нэлээд удаж байна. Борооны дараахь мөөг шиг ээлж дараалан нээлтээ хийж буй кинонуудаас үзэгчдийн сэтгэлд үлдсэн нэг нь байхад кино театрт мөнгөө төлж орж үзсэндээ харамсмаар кино ч бас байдаг. Үүнтэй зэрэгцээд “Олон чанаргүй кино хийж байхаар нэгдээд цөөн чанартай уран бүтээл хиймээр юм” гэсэн шүүмжлэл гардаг ч болсон, болоогүй гэх тодотголтой кино үйлдвэрлэгдсээр л.
“Мандухай сэцэн хатан”-тай зэрэгцэх кино
Сүүлийн үед Америк, Солонгосын кино зохиолыг дуурайж хийсэн уран бүтээл их гарч байна гэсэн шүүмжлэлийг намжааж, түүхэн сэдэвтэй кино мэр сэр хийгдсэн. Эдгээрээс хамгийн отгон нь “Ану хатан” юм. Өнгөрсөн жилээс хойш л сураг нь сонсогдсон “Ану хатан” түүхэн киноны уран бүтээлчид саяхан павлионы зураг авалтаа дуусгаад Өвөрхангай аймгийн Элсэн тасархайд натурт гарчээ. Зургаа авч дуусгахад ердөө сарын ажил үлдээд буй талаар уран бүтээлчид нь дуулгаж байна билээ.
Энэхүү кинонд үе үеийн мундагчуул ажиллаж, байгаагаараа онцлогтой. Кино бүтээгчдээс тухайн киноны чанар хамаардаг гэдэг. Түүхэн уран сайхны кино гэсэн төрлөөр хийж байгаа энэхүү киноны найруулагчаар үзэгчдийн хэзээний танил жүжигчин, найруулагч Т.Алтантуяа ажиллаж буй. “Халуун чинжүү” хошин нэвтрүүлгээр үзэгчдийн танил болж, цөөнгүй кинонд тоглосон авьяаслаг жүжигчин тэрээр “Үтрээний хүүрнэл”, “Цэнхэр ороолт” зэрэг өвөрмөц сэдвийг хөндсөн жүжгийг найруулсан туршлагатай. Харин түүхэн уран сайхны киноны найруулагчаар ажиллаж буй нь түүний хувьд нэлээд зориг шаардсан алхам байж таарна. Дайн тулаантай, түүхэн уран сайхны кино бүтээсэн эмэгтэй найруулагч Монголд бүү хэл дэлхийд цөөн. Кино хийхэд оймс гутлаас авахуулаад ор дэрийг нь зурдаг хүн бол зураач. Тэр дундаа түүхэн киноны зураач гэдэг хэр баргийн хүний хийгээд байх ажил биш. “Ану хатан” киноны зураачаар “Мандухай сэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор”, “Аравт”, “Үхэж үл болно-Чингис хаан” гээд түүхэн кино болгон дээр ажилласан Ж.Цог ажиллаж байна. Харин зураглаачаар нь гадаадад боловсроод ирсэн мэргэжлийн зураач Д.Ангараг ажиллаж буй юм. Ямартай ч энэхүү киноны маань зураг авалт ирэх сард дуусч, үзэгчдэд хүрэхэд нэг алхмаар урагшилжээ.
Олон ангитууд ч гэсэн ар араасаа зуузай холбосоор
Телевизийн суваг болгоноор Солонгосын сериал гарч байсан цаг бас л саяхан. Харин одоо шөнө гарч буй Монголын олон ангит киноныхоо цагийг зөрүүлж үзэх гэж бөөн юм болдог болж. Энэ олон ангитын араас отгон дүү нь төрөхөөр дуншсаар. Соёлын тэргүүний ажилтан бүжигчин, жүжигчин О.Ган-Очир томоохон шоу тоглолтын найруулга, бүжиг дэглэлтийг хариуцан ажилладаг нэгэн. Түүний энэ удаагийн ажил нь цоо шинэ олон ангит инээдмийн кино аж. Киноныхоо зохиолыг тэрээр өөрөө бичиж, найруулж буй бөгөөд 200 ангитай байх юм билээ. Одоогийн байдлаар 25 анги нь бэлэн болсон байна. Харин ямар санаатай, ямар нэртэй, хэзээ үзэгчдийн хүртээл болох мэдээлэл одоогоор тодорхойгүй нууц хэвээр байгаа юм.
“Инээвэл залуужина” гэдэг ч үг бий. Бас...
“Хошин урлагийн үзэгчдийн танхим дүүргээд эхэлбэл нийгэм нь доройтож байгаагийн шинж” гэсэн үг бий. Нийгмийн уур бухимдлаас түр ч гэсэн хол байх гэж хошин урлагийнхныг зорьдог гэсэн үг л дээ. Монголд бүтээж буй кинонууд урлаг талаасаа бус хэрэглээ, бизнес талын бүтээл төрөн гарах боллоо гэх мэргэжилтэн сүүлийн үед олон болж. “Хошин урлагийн, инээдмийн киноны үзэгчдийн суудал, дуурь, балетын үзэгчдийн суудал хоёрын аль нь олон үзэгчтэй вэ” гэж захын хүнээс асуувал намайг “тэнэг” гэж хараах байх. Бүр “Ойлгомжтой зүйл асуулаа” гээд шоолох байлгүй. Тийм ч учраас сүүлийн үед инээдмийн уран сайхны гэх тодотголтой кино олон хийх болж. “Хоёр хоёрын тав”, “Үлгэрийн хайр” гээд инээдмийн кино хийж туршлага хуримтлуулсан “Шинэ үе” продакшныхан дахин нэг инээдмийн кино хийхээр зураг авалтад гарчээ. Энэ зун зургаа авч дуусгаад намар нээлтээ хийхээр төлөвлөсөн киноных нь нэр нь одоогоор тодорхойгүй байна.
Наадмын дараа кинонд явцгаана
Нээлтээ хийгээд удаагүй байгаа “Жексон амьд” нэртэй киноны найруулагч С.Баттулгаас бүтээгдэж буй кинонуудын сонин хачнаас сонирхвол “Шинээр нээгдсэн “City” студийнхэн кинонд явсан байгаа. C1-ийн Анхаа бас шинэ киноныхоо зурганд гарсан. Наамдын дараагаас л энд тэнд натурт гарцгаах юм гэсэн” гэлээ. С1-ийн Анхаагийн “Франц үнсэлт”, “Луйврын хот” киног нь үзэгчид мэднэ. Тэрээр сүүлийн уран бүтээл болох “Франц үнсэлт” киногоо өлгийдөн аваад “Анхны бүтээл “Луйврын хот” арай ч шүүрхий байсан юм байна. Одоо бол гүйцэт болсон уран бүтээл хүргэж байна” хэмээж байсан нь саяхан. Кинонуудыг нь үзсэн үзэгчид ч түүний хэлсэн нь “үнэн” байж гэцгээж байв. Харин хийгдэх кино нь түлэнхий байх вий дээ.