Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛЧУУДЫН ХУВЬ ЗАЯА АМЬ ДҮЙСЭН ӨДРҮҮД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА, ЭХ ОРОН МААНЬ ЭЗДЭЭСЭЭ АВРАЛ ЭРЖ БАЙНА

Монголын Ардчилсан Холбооны II Их хурлын илтгэл /бүрэн эхээрээ/

Зорилго нэгт эрхэм нөхөд өө! МоАХ-ны Анхдугаар Их хурал коммунист дэглэмийн амь дүйсэн өдрүүдэд болж байсан бол энэ ээлжит Их хурал нь Монгол түмэн коммунист дэглэмийн аймшигт ялзралтай нүүр тулж Монголчуудын хувь тавилан амь дүйсэн өдрүүдэд эхэлж байна. Монголын ард түмний зуун зууныг өртөөлсөн адармаат түүхийн тухай ил тодын эргэх хуудсанд ургальч үзэл уралдуулан бичиж буй тул давхардуулан нурших нь илүүц биз ээ. Харин МоАХ-ны үүссэн түүхэн нөхцөл үйл ажиллагааных нь тухай цөөн үг хэлье. Монгол орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө тэмцэлд боссон Бодоо, Данзан, Сүхбаатар тэргүүтэй зоригт эрсийн ариун үйл хэрэг түүхийн цаг бусын гольдролд хэрхэн хүч түрэгдэн орсныг та бид мэдэх билээ. Тэр цагаас эхлэн бурангуй ёсыг эсэргүүцсэн, улс үндэстнийхээ хувь тавиланг хэрсүү Монгол ухаанаар дэнслэх гэсэн бүгдийг хэлмэгдлийн хар сүүдэр бүрхэж амь амьдралаар нь хохироодог болсон. Ингэж зөвхөн бялдуучид, ая засагчид, хуарангийн харалган гүйцэтгэгчид л тайван амьдрах боломжтой бурангуй тогтолцоо 70 дахь жилийн өндөрлөг рүүгээ он тоолон урагшилж байв. Социалист бүтээн байгуулалтын давуу талыг сурталдсаар ертөнцийн муу муухай бүхнийг капитализм, империализм, дайны аюул гурав руу түлхэж ялзрал, завхрал, аймшиг, гамшгийнх нь тухай шуугисаар арав арван жилийг өнгөрөөв. Социализмын хуаранд нэлэнхүйд халдварласан энэ их солиорлыг магадлах боломж наяад оны дундуур бий болж бодит үр дүн гарч эхэлсэн.
Бүх гай зовлон гаднаас л ирнэ гэж айдаг хуарангийн хүмүүс дотоод амьдрал руугаа анхаарах болж өдрөөс өдөр өнгөрөх тутам бодит байдлаа үнэн дүр төрхөөр нь мэдэрч эхэлсэн юм. Коммунист дэглэмийг засварлах гэсэн “Өөрчлөн байгуулалт” хэмээх алхам дэлхийн бодлогод эргэлтийн шинжтэй нөлөө үзүүлж эх нутагтаа өнгө засал төдий байлаа. Энэ өнгө заслыг “Яарвал даарна” гэсэн том бамбайн дор Монголын удирдагчид “хэрэгжүүлж”коммунист дэглэмийн он удаан жилийн ялзралыг илбэдэн далдалж байлаа. Гэвч Европ тивийн дорнод хэсгийг бүрхсэн ардчилсан хувьсгалын галд коммунизмын хоосон мөрөөдөл замхарч байгааг Монгол түмний нүднээс нууж чадаагүй. Халуунаараа үлдсэн үе үеийн тэмцэгчдийн мөр тодорч, тэмцлийн уламжлалт үйлс сэргэж ил далд дугуйлан, бүлгэм байгуулагдан, шүүмжлэлийн шинжтэй өгүүлэл сонин хэвлэлд үзэгдэх болж, хурал сонсголд хүртэл хурц өнгө аяс илэрч байв. Монголын нийгэм улс төрийн байдал бүхэлдээ дуншиж эхэлсэн тэр үед 1989 оны сүүлээр Залуу уран бүтээлчдийн зөвөлгөөн болсон нь Монголынхоо төлөө шаналсан залуус хүсэл зоригоо нэгтгэн тэмцэх эхний алхам болов. Эх орноо гэсэн хүмүүсийн эрэл сурлын үзүүр нийлж тодорхой зохион байгуулалтад орж улмаар 1989 оны 12 дугаар сарын 10-нд МоАХ байгуулагдсаныг албан ёсоор зарласан.
Олон жилийн хур туршлагадаа эрдэж, ард түмнээ басамжлах, залуу үеэ үл тоомсорлох хуучдаа автсан нам, засгийн удирдагчдад тухайн үйл явдалд ач холбогдол өгөх сөхөө байгаагүй юм. Хэвлэл мэдээллийн байгууллага ч хүний эрхийн өдрийг хэдэн залуус цуглаж, тэмдэглэв гэсэн өнгө аястайгаар мэдээлж байлаа. Харин гадаадын мэдээллийн агентлагууд энэ тухай мэдээг дэлхий нийтийн сонорт халуунаар нь хүргэсэн юм. Орон нутагт тухайлбал Ховд, Эрдэнэт хотуудад мөн сарын эхээр болсон цуглааны тухай албан ёсоор нэг ч үг сонсогдоогүй. Хоёр дахь цуглаанаасаа МоАХ-ныхон хаалттай сэдвүүдийг эрээ цээргүй хөндөж, коммунист үзлийн зуйварган зарц нарын нэрийг гудамж талбайгаар ил тод зарлах болсноор хүнд сурталт дарангуйллын систем тэр аяараа цочирдож билээ. Цуглаанаас цуглаанд Ардчилсан холбооныхон атгасан гар шиг улам нягтарч тусгай хангамжийн тухай шүүмжлэлээс лавширч монгол түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын хувь заяа, эдийн засгийн гүн хямралын тухай ярианаас улс төрийн хувьсгалт шинэчлэл хүртэл сэдэв агуулга нь өргөжиж тэмцлийн зорилго нь бүхэлдээ коммунист дэглэмийн эсрэг чиглэсэн нь тодорхой болж байв. Ингэж хуарангийн социализмын цуст шүтээнд удаа дараа зориглон халдсан нь ёстой л дайран дээр нь атга атгаар “давс хийнэ” гэгч болж билээ. Ардчилсан холбооныхныг багалзуурдахын тулд юуны өмнө сурсан зангаараа “хэт даврагчид”, “нам төрийн эсрэг босогчид”, “хуулийн хатуу чанга цээрлэл хүлээлгэх ялт этгээдүүд” гэх мэтийн нэр зүүж Монгол даяар үзэл суртлын завсарлагагүй боловсруулалт хийх хэрэгтэй байлаа. Үүнийг ёстой л чадахаасаа чадахгүйгээ хүртэл мэдэхээсээ аваад мэдэхгүйгээ хүртэл хийхээрээ нэг болсон.
Харин муу хэлж, гүтгэж гүжирдэх тусам, коммунист үзэл суртлын машин өдөр шөнөгүй уухилан зүтгэх тусам хүмүүс МоАХ-г нягт хүрээлж, дэмжигчид, гишүүдийнх нь тоо өсч байсны учрыг хувьсгалт намын хашир дайчид хүртэл олж чадахгүй балмагдаж байв. Түүгээр ч үл барам Монголд өрнөж буй ардчилсан хувьсгалын тухай яриа дэлхий нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн гол сэдвүүдийн нэг болж олон хэлийн хүн ардын анхаарлын төвд оршиж байлаа. Ардчиллын төлөө тэмцэл зөвхөн улсын нийслэлд биш хот суурин, сум, сангийн аж ахуй бүрт өрнөж байсан. Тэмцэл хурцдах тусам ардчиллын эсрэг дайралт ширүүсч “нууц захидал” явуулах, ажил төрлөөс нь халах, айлгах, сүрдүүлэх, заналхийлэх, ятгах ... зэрэг олон янзын башир арга хэрэглэж МАХН-ын цэрэгжсэн бүтэц хөл дээрээ босоо байсан боловч зорьсондоо хүрч чадаагүй юм. Дал шахам жилийн турш бүрэлдэж боловсронгуй болж бэхжсэн дарангуйллын нүсэр машин Ардчилсан холбооныхныг өлгий дотор нь нухсаар байгаад мэндэлснээс нь хойш нэг л мэдэхэд далан хоног алдсан байна. Байгуулагдаж олон нийтэд зарласныхаа дал дахь хоног дээр МоАХ Анхдугаар Их хурлаа хийж Монгол даяар үйл ажлаа тайлагнаж цаашдын зорилтоо тунхагласан юм. МоАХ-ны Анхдугаар Их хурал олон арван жилийн айдсын хөшгийг ярж Ардчилсан хувьсгалд итгэх олон түмний итгэлийг бататгаж Ардчиллын төлөө тэмцлийг ил нухчин дарах эрх баригчдын санаархал хожидсоны тод илэрхийлэл болсон юм. Тус Их хурал ардчиллын төлөө тэмцэгчдийн их баяр тэдний өргөн чуулга уулзалт болсон боловч Их хурлын баримт бичигт эргэлзээтэй бүр бодит амьдралаар хуудуутай нь батлагдсан ойлголт, үг өгүүлбэр цөөнгүй туссаныг хэлэхгүй өнгөрч яахан болох билээ.

-Коммунист дэглэмийн шинж чанарыг “Дарга ямбатны анги, хөдөлмөрийн анги” нэрээр хоёр хувааж тодорхойлсон нь комммунист дэглэмийг коммунизмын тухай онолоор нь шүүмжилсэн хэрэг байлаа.
-Эдийн засгийн гүн хямралыг гажлын хэлбэрээр тайлбарласан боловч түүнээс гарах замыг эдийн засгийн тухайн тогтоцд нь шинэчлэл хийснээр нээгдэнэ гэж үзсэн нь Ардчилсан хувьсгалын мөн чанартай нийцэхгүй байна.
Коммунист дэглэмийн хамгийн аймшигт үр дагаврын нэг хүн ардын бэлэнчлэх сэтгэлгээг хэт хөөрөгдсөн тэтгэн тэжээгч жинхэнэ анги болох мэтээр өнгөрөгч жилүүдэд улиг болтол давтагдсан, монголчууд гашуун үр дагаврыг нь эдлэхээрээ нэг болсон үг өгүүлбэрүүд орсон юм. Гэвч дээрх илтгэл, мөрийн хөтөлбөргүйгээр тухайн үед МоАХ-ны Их Хурал, Их Хурал болж чадахгүй байсан шиг дээрх өгүүлбэр ойлголтуудыг хэн нэг нь түрүүлж дэмжихгүйгээр Монголд ардчилал, олон ургалч үзэл, төрт ёс тогтоох асуудал нь нэн эргэлзээтэй болох байсан бизээ. Ер нь коммунизмын балчиг намгаас цэвэр ололт амжилт, сэтгэхүйн үтэр түргэн ариусал хүлээнэ гэдэг гэнэн хэрэг. МоАХ-ны илтгэл, мөрийн хөтөлбөрт туссан санаанууд бүхэлдээ тухайн үеийн сэтгэл зүйд жин бангийн хувьд тохирч түүхэн үүрэг гүйцэтгэснийг үгүйсгэж боломгүй. Харин коммунист дэглэмийн ялзралын зүй тогтлыг ойлгосон зарим сэхээтэн, мэргэдийг МоАХ-ноос зай барихад хүргэж олон нийтийн санаа бодол ч багагүй төөрөлдсөнийг өнөөдрийн өндөрлөгөөс хэлж болох юм.
МоАХ-ны Их хурлын эерэг, дайчин нөлөө ардчиллын шуурга улам хүчтэй дэгдэн босоход том түлхэц болсон юм. Үүний нэг тод илрэл нь 1990 оны 3 дугаар сарын 4-нд эдүгээгийн “Эрх чөлөөний талбай”-д болсон дөрвөн хүчний цуглаан, жагсаалын далайц, хамтарсан мэдэгдлийн утга агуулгад оршиж байлаа. Ардчилсан дөрвөн хүчний анхны уулзалтын үр дүн болсон дээрх баримт бичиг нь коммунист дэглэмийг хамтарч нураах түүхэн өргөдөл байсан. Харин тэмцлийн гол хэлбэр нь л цуглаанаас жагсаал болж өргөжсөн юм.
Ер бусын хүчирхийлэл, шударга бус үйлдлийн хүчинд орших байсан дэглэмийн  эсрэг тэмцсэн Монголчуудын тэмцлийн урьд урьдын  хувьсгалаас ялгарах гол шинж нь тайван, цусгүй байсанд оршино. Ингэж бүхэл бүтэн системийн эсрэг тэмцэл хүний эрхийн хэм хэмжээний хүрээнд явагдаж, амжилтанд хүрч байсан нь социализмыг хамгаалагчдад хүчирхийлэл үйлдэх шалтаг олгоогүй юм. Энэ нь Монголд гарсан ардчилсан хувьсгалын бас нэг онцлог байв. Хуучин шинийн хоорондох тэмцлийн хэлбэр өөрчлөгдөж байсан ч хүмүүнлэг агуулга нь шийдвэрлэх мөчид ч алдаагүй юм. 1990 оны 3 дугаар сарын 7-ны 14:00 цагт Сүхбаатарын талбайд МоАХ-ны 10 гишүүн тайван тэмцлийн эцсийн шатыг сонгож улс төрийн өлсгөлөн зарласан. Ардчиллын төлөө тэмцлийн хамгийн хурц хэлбэр нь амь насаараа дэнчин тавьсан улс төрийн өлсгөлөн байснаас үзэхэд хувьсгал хэмээх цуст ойлголтод ч үнэхээр чанарын өөрчлөлт орсныг гэрчилнэ. Аз жаргалант амьдралыг цусан дээр хүчирхийллийн аргаар цогцлоож болдоггүйг өнөөгийн соёл иргэншлийн түвшин ч харууллаа. Өлсгөлөнгийн тухай мэдээг монголчууд голдуу хяруу унагаж цочирдон хүлээж авсан боловч ариун зорилтыг нь халуунаар дэмжиж байсан юм. Сүхбаатарын талбай урьд хожид байгаагүйгээр их үйл хэргийн голомт болж хүн ардын итгэл түгшүүрийн харц бэрх байсан ч Монголчууд хэлэлцээрийн ширээний ард асуудлыг шийдэхийг эрмэлзэх болсон ч бодлогогүй алхам хийвэл Монгол түмний хувь заяа аюулд учрах түүхэн хариуцлагатай мөч тулсныг аль аль талдаа ойлгосных байлаа. Ажилчид ажлаа, оюутнууд хичээлээ хаях мэдэгдэл хийж, зарим газар ч үйлдлүүдийг дэнсэлж, нэгдэх байдлыг машид эрхэмлэдгийн үүднээс МоАХ-МоАН сонгуульд оролцох түүхэн шийдвэр гаргасан.
Эрхэм нөхөд өө!
Бүх нийтийн сонгууль явуулах тухай асуудал МоАХ-ны улс төрийн шаардлагад байсныг та бүхэн сайн мэдэх билээ. “Өргөн барих бичиг”-нэртэй МоАХ-ны анхны мөрийн хөтөлбөрийн хувь заяа ч сонгуулийн асуудалтай холбоотой байсан. Ингээд МоАХ-ны анхны цуглаанаас гарсан энэ түүхэн баримт бичгийн биелэлтийн тухай товч яръя.
Намаас төр, Засгийн газрын үйл ажиллагааг шууд удирдан чиглүүлэх замаар нөлөө үзүүлэх явцыг зогсоох гэсэн шаардлага Улсын Их Хурлын 4 дэх удаагийн сонгуулийн анхдугаар чуулганаар 1960 оны 7 дугаар сарын 6-ны өдөр баталсан БНМАУ-ын Үндсэн хуулийн оршлын найм дахь хэсэгт “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төр нийгмийг удирдан чиглүүлэгч хүч бол бүхнийг ялагч марксист-ленинист онолыг үйл ажиллагаандаа удирдлага болгодог Монгол Ардын Хувьсгалт Нам мөн” гэж заасныг 1990 оны 3 дугаар сарын 23-ны өдөр баталсан БНМАУ-ын хуулиар хассанаар биелсэн. Энэ мэтчилэн сонгуулийн системийг шинэчлэх, бүх нийтийн сонгуулийг хугацаанаас нь өмнө 1990 оны эхний хагас жилд багтаан явуулах олон намын системтэй, намын тухай хуультай, байнгын ажиллагаатай парламенттай болох, зах зээлийн концепц боловсруулах, банкийг Засгийн газрын мэдлээс гаргаж төрийн дээд байгууллагад үйл ажиллагаагаа тайлагнадаг болох... гэсэн тулгуур шаардлагууд өнөөдөр тайлбарлалтгүйгээр амьдралд биеллээ олж, нийгмийн жирийн үзэгдэл болж хувирчээ. Харин зарим нэг шаардлагыг тодруулах хэрэгтэй байна. Тухайлбал “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ыг хатуу мөрдөх,  хүний эрхийг хамгаалах зөвлөл байгуулах, тусгай хангамжийг устгах, хэвлэлийн эрх чөлөөг баталгаажууулах, Цэдэнбалыг тойрон хүрээлэгчидтэй хариуцлага тооцох, хэлмэгдэгсдийн дурсгалыг мөнхжүүлэх, тэдний өмнө МАХН алдаагаа хүлээх, ар гэрт нь зохих хохирлыг нөхөн олгох, түүхийг үнэн бодитойгоор бичих, нэгдэлжих хөдөлгөөнийг дээрээс албадан тулгасан, олон зуун сүм хийд, түүх соёлын дурсгалыг устгасан, Унгар, Чехословакийн дотоод хэрэгт Варшавын гэрээний орнуудын зэвсэгт хүчин хөндлөнгөөс оролцсон явдлыг сайшаан дэмжсэн үйл ажиллагаандаа МАХН-аас улс төрийн зохих дүгнэлт хийхийг шаардсан юм. Өнөөдөр хүний эрхийг дээдлэн хүндэтгэх тухай заалт төр засаг, улс төрийн бүх намуудын албан ёсны баримт бичигт тусгалаа олжээ. БНМАУ-ын Ардын Их Хурлын дэргэд “Хүний эрх, үндэсний асуудлын байнгын комисс” ажиллаж байна Мөн хүний эрхийн олон улсын байгууллагыг төлөөлсөн байгууллага Монголд ажиллаж,  сонин ч гаргадаг боллоо. Тусгай хангамжийн хүрээ улам хумигдаж байна. Тухайлбал саяхан төр засгийн удирдах хүмүүсийн орон сууц, гэрэл, түлш, усны үнэ хөлсөнд зарцуулж байсан мөнгөн хангамжийг /хуучин ханшаар 400 төгрөг/ 1991 оны 5 дугаар сарын 1-нээс, төрийн төв, орон нутгийн нутгийн байгууллагуудын зарим удирдах албан тушаалтанд олгодог мөнгөн хангамж, хөнгөлөлттэй холбоотой нэмэгдлийг 6 дугаар сарын 1-ний дотор зогсоохыг Улсын Бага Хурлаас Засгийн газарт даалгаж бүрэн шийдвэрлэсэн. Хүмүүс хэвлэн нийтлэх, үг хэлэх эрх чөлөөтэй болж, шинээр олон арван сонин сэтгүүлүүд гарлаа. Цэдэнбалын тойрон хүрээлэгчдийг Улсын прокурор шалгаж, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс ажиллаж, Улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо байгуулагдаж, хэлмэгдэгсдийн хөшөө дурсгалын төсөл батлагдаж, тэднийг мөнхжүүлэх цагаан ном бичих ажил эхэлж... гээд тоочоод байвал та бүхэн “Зогсооч хуучин  намын илтгэлийг санагдуулчихлаа” гэж хэлэх байх. Харин энэ бүхэн МоАХ-ны анхны мөрийн хөтөлбөртэй холбоотойгоор нийгмийн өнгөн дээр гарч ирж, бодит ажил хэрэг болон хэрэгжиж эхэлснийг үгүйсгэхгүй бизээ! Гэвч бид өнөөдөр ямар нэг амжилтын тухай, түүний бүрэн батлагааны тухай ярина гэдэг бол улс төрийн хариуцлагагүй, харалган алхам хийнэ гэсэн үг. 
Ер нь улс орны өнөөгийн байдал түүний шалтгааныг зарим талаар дүгнэх, шүүмжлэлтэй хандахын өмнө “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэдэг Монголчуудын мэргэн үгний дагуу МоАХ-ны үйл ажиллагаанд зонхилж байсан, одоо байгаа дутагдал доголдлын талаар хэдэн үг хэлье!    
 МоАХ байгуулагдсан өдрөөсөө зохион байгуулалт, сахилга дэг журмын тухай дотроо ярьсан боловч харамсалтай нь үйл ажиллагаанд нь бараг хэрэгжээгүй юм. Ардчилсан хувьсгалд нэмэр хандиваа өргөх хүсэлтэй бүгдийг нэгтгэх хамтран ажиллах гэж эрмэлзсэнээс хэн нь замын хань юм, хэн нь жинхэнэ тэмцэгч юм гэдгийг ялгах ч, таних ч боломжгүй байв. Тэгэх ч цаг байгаагүй. Шаардлага ч байгаагүй. Улс төрийн амьдрал цэвэр ариун байдаггүйн адил ардчилал хэзээ ч хольцгүй байгаагүй. Үүн лугаа Ардчилсан холбооныхон тэмцэж алдаж, тэмцлийн явцад туршлагажиж, унаж босож байлаа. Коммунист дэглэм даанч олон ужиг хуучтай байсан учир түүний үр дагавар өсөлтийн өвчин хэлбэрээр илэрч үйл ажиллагаанд тун их бэрхшээл учруулж байсан. Мөн энэ дэглэмийн үед шударга, үнэн үг хэлдэг, өөрийн бодолтой хүн цаг үргэлж адлагдаж, хамгийн муу нэр авч, элдэв хоч зүүж явсныг дурсах нь зүйтэй. Тэр л хүмүүс шударга үйлсийн төлөө ардчилсан хувьсгалын галыг атгалцаж явсан. Мөн тэмцлийн явцыг саатуулах, санаатайгаар хагалан бутаргах, тагнан турших үйл ажиллагааг хуучин НАХЯ идэвхтэй явуулж байсан тухай өнгөрөгч Ардын Их Хурлын чуулган дээр удирдлага нь хүлээж байсныг сануулахад ч бас илүүдэхгүй. Харин бие биенээ үндэслэлгүй хардах сэрдэх “До-яам”-ны сэтгэлгээнээс болж өөрсдийгөө багагүй зовоосноо ч хэлэх хэрэгтэй. Мөн МоАХ-ны гишүүдийг хотонд орсон чоно мэт үзэн үйл ажиллагаанд нь зүсэн бүрийн саад тавьдаг байлаа. Биднийг зөвхөн муу хэлэх гутаахын тулд үгэн сумаар зүрх рүү нь шүршдэг байсан болохоос биш  бидний алдаа оноог нөхөрсгөөр хэлж тусалдаг байгууллага, хүн даанч ховор байсан. Гэвч энэ бүгдэд нялзах боломжгүй олон дутагдлаас МоАХ тойрч гараагүй.
-МоАХ-ны Их Хурлаар батлагдсан мөрийн хөтөлбөр, дүрмийн заалтууд эрчимтэй өөрчлөлтийн явцад ач холбогдлоо алдаж, МоАХ бүхэлдээ нэгдсэн бодлого, зохион байгуулалтын нарийн бүтэцгүй болсон. 
МоАХ-ны удирдах дээд байгууллага болох Ерөнхий зохицуулах зөвлөлийн гишүүдийн тоо хэт олон, үйл ажиллагааных нь хэм хэмжээг тодорхойлсон дүрэм, хариуцлага тооцох механизм байгаагүй тул хэвийн ажиллах боломж нь хязгаарлагдахад хүрсэн.
Цаг хормоор өөрчлөгдөж байсан улс төрийн байдлыг үнэлэх, урьтаж үйл ажиллагаа явуулах олон талт ажилд хэт автаж, дотоод ардчиллын хэм хэмжээг орхигдуулсан .
Бүх шатны ардын хурлын сонгуулиас хойш улс төрийн гол шаардлагууд биелэж, мухардмал байдал үүсч бас ололт амжилтдаа тайвширч улс төрийн хүчний хувьд санаачилгаа алдаж, улс төрийн мэдрэмжээ сулруулах хандлагад орсон.
Төрт ёс тогтоох улс төрийн тэмцэл парламентын хэлбэрт шилжсэн учир тэмцлийн талбарт орон зай гарч Ерөнхий зохицуулах зөвлөлийн гишүүд бие биенийхээ улыг шагаах, аар саар зүйлээр хөөцөлдөх. ихэрхүү, бие тоосон байдалд автсан нь Ардчилсан холбооны үйл ажиллагаанд нөлөөлөхүйц зөрчил болж өссөн. Эдгээр нь МоАХ-ны удирдлагын санаачилгагүй, идэвхгүй, ямар ч зохион байгуулалтгүй, бүхнийг зөнд нь хаясан хэт хайнга хандлагаас эхтэй, бас дээрх дутагдлуудаас хамааралтай гэдгийг хэлэх хэрэгтэй. Удирдах хүн удирдахгүй байх шиг, удирдах байгууллага удирдах чадвараа алдчих шиг арчаагүй байдал, аймшигтай хүндрэл улс төрийн хүчний хувьд байдаггүй ажээ. Ийм байдал бүхэл бүтэн улс төрийн хүчний хувь заяанд нөлөөлөөд эогсохгүй ардчилсан хувьсгалын ололт амжилтыг хөсөрдүүлэх аюултай. Улс төрийн хүчний амьдрах чадвар суларч дотроо зохиомол хямрал зөрчилд автаж, үйл ажиллагаа нь царцанги байдалд орохоор зөвхөн нэр зүүсэн хоосон бөмбөлөг мэт болдог ажээ. Олон түмний итгэлийг алдах, дэмжиж түшсэн халуун сэтгэлийг нь өрөмтүүлэхээс илүү хохирол улс төрийн хүчинд байдаггүй.
Ер нь зохион байгуулалтгүй, дур дураараа авирлах хандлага зөвхөн МоАХ-ны Ерөнхий зохицуулах зөвлөлийн хүрээний асуудал биш болжээ. Орон нутгийн болон нэгдсэн салбар зөвлөлүүдийн зарим удирдах нөхөд ч, МоАХ-ны цөөнгүй гишүүд ч Монгол орны хувь заяаг шийдэх том өргөдөлд өөрөө гарын үсгээ зурснаа огоорч зөвхөн батлах хадгалагчид болж хувирсан бололтой. Энэ өргөдлийн бүрэн хариу гарахад нэг насны тэмцэл, зүтгэл ч багадаж магадгүй. Бид бусадтай адил хувиа борлуулаад, амиа аргалаад явж болох ч бидний эхэлж үүрсэн ачааг хэн ч зам зуур хөнгөлөхгүй.     
МоАХ-ны цөөнгүй салбар зөвлөл нэг хүнд сурталтанг нөгөөгөөр солих улс төрийн хожоо хайгчдын суудал ахих хэрэгсэл болж хувирсан. Тулган шаарддаг, суулт зарладаг, өлсгөлөн болгож даамжруулдаг, тэгээд л нэг дарга нөгөөгөөр солигддог. Ардчилалд ч, хөдөлмөрчдийн эрх ашигт ч хожил гарах, онох нь тун ховор. Намуудын нэрсийн жагсаалтаар явуулсан сонгуулийн дүнг анхан шатны хурлуудыг байгуулахад харгалзаагүйн гай бас ингэж илэрч байна. Ер нь Ардчилсан хүчний төлөөлөгчдийг гал унтраагч болговол болгоно, эс болговол нүд үзүүрлэнэ. Коммунистуудын битүү засаглалын үед үүнээс илүүг хүлээх хэрэггүй нь мэдээж. Төрийн бодлого орон нутагт муу биелдэг, хүчтэй гар үгүйлэгддэг, ард түмэн бухимддаг, Ардчилсан холбооныхон огцруулдаг болсны нэг шалтаг бол дээрх жишээ яах аргагүй мөн. МоАХ-ныхныг өнөөдөр ч зарим газар нүдэнд орсон шороо шиг л үзэж байна. Амьдралын ямар ч баталгаагүй хүмүүс пүүс, хоршоолол бараадаж. худалдаа наймаа хөөцөлдөхөөс өөр аргагүй болж байна. Энд ч МоАХ-ны үйл ажиллагаа зогсонги байдалд ордог, олон түмэнд үгүйлэгддэгийн нэг нууц бий. Бидний дутагдал доголдол бүхнийг хоногоо хүлээж буй ялзарсан дэглэм, шархадсан баавгай шиг болсон хуучныг санагалзагчид андахгүй ашиглаж байна. Ашиглаж чадахгүй ч тэдэнд л бэлэн өөш болж байна.
Дээрх байдлыг энэ оны 4 дүгээр сард хуралдсан МоАХ-ны бага хурлаар туйлын шүүмжлэлтэй авч хэлэлцсэн нь МоАХ-ны үйл ажиллагаанд тодорхой нөлөө үзүүлсэн юм. Харин бид урьд нь ч сөрөг хүчин байсан, одоо ч сөрөг хүчин хэвээр байна гэдгээ олонд сонсогдохоор хэлэх цаг ирлээ. МоАХ-ны үйл ажиллагаа МоАН-ынхаас ялгагдахгүй байдалд хүрч засаглал хуваалцсан намуудтай цуг байдлыг ажиглаж. хэзээ ч засаглалд сөрөг хүчин байдаг ард түмний дуу хоолой болсон түүхэн үүргээ умартаж бүтэн гурван зуун хоногийг зөнд нь шахам орхисны хариуцлагыг та биднээс өөр хэн ч хүлээхгүй. Энэ өнгөрсөн гурван зуу орчим хоног агууламж, ач холбогдлоороо хэдэн арван жилийн хэрчимтэй тэнцэх байсныг түүх хэлэх...
Харин энэ хугацаанд бэртэгчдийн үймэрсэн сэтгэл засарч, зарим нь албан тушаалаа алдсан ч хамгийн үр ашигтай салбаруудыг хувь эзэгнэж, хөдөлмөрчин түмнийг ажлын уранхай хувцастай нь зүтгүүлсээр байна. Нөгөө хувьчлалд багтах даржин хөрөнгөөс хүний хэрэгцээ хангаж чадах 3 тэрбум гаруй төгрөгийн эд зүйлсийг хуучцуул хууль гараагүй байхад өмчилсөн тухай тооцоо гарч байна. Өмч эзэнгүй байсан бол эзэн нь өмчгүй хоцорч магадгүй болох нь. Өмчийн төлөө тэмцэл-амьдралын төлөө тэмцэл, улс орны хувь заяаны төлөө тэмцэл, эрх ашгийн төлөө тэмцэл болж эргээд улс төрийн бодлогыг тодорхойлоход хүрч байгаагаараа ингэж хуучныг санагалзагчдын анхаарлыг ихэд татах боллоо. Учир нь тэд өмчтэй болсон ардчилал, зах зээлийн шударга өрсөлдөөний үед бусдын зовлонгоор жаргал хийж бие амар амьдарч чадахгүйд хүрэх юм. Жирийн ажилчин, жирийн малчин ташуур дуугарсан ч цочрохгүй хажууд нь зэрэгцэж хувь заяаныхаа эзэн болчихсон явахад хуучин нь үгүйлэгдэж  нүд нь хорссоор л байх болно. Коммунист дэглэмийн үед нийгмийн өмч гээд дээр нь туйлж байсан бол одоо хувь хувьдаа том зүсэм тастаж авчихаад далан жилийн солиорлоо дахиад л үргэлжлүүлэх гэж галаар тоглохоор, цаана нь улс орны хувь заяагаар тоглохоор тэд өндийж байна. Ер нь ардчилал ч бас ид шидтэй эдийн нэг аж. Коммунист хүн хувийн өмчтөн болно гэдэг туулайд эвэр ургаснаас ялгаа юун. Эвэртэй туулай лав туулай биш болох байх. Харин коммунистууд яадаг юм бол.... Олон түмэн МоАХ ажиллахгүй байна гэж хэлээд байгаа ч “ажиллах ёстой” гэж дотроо итгэлийн очоо хадгалж яваа шүү. Коммунист дэглэмийн дарлал дор тарчлахаараа нэг болчихоод бөөрөөрөө хэвтчихсэн хивж байхад аманд нь дахиж орохыг хэн ч өнөөдөр хүсэхгүй. Хэрэв ийм байдалд МоАХ-ны урагшгүй үйл ажиллагаанаас болж хүрвэл та биднийг ард түмэн ч өршөөхгүй, түүх ч өршөөхгүй. Коммунизмын торхыг түрүүлж хөндсөн юм бол эвдэрсэн хойно нь чоно ч байдаг, баавгай ч байдаг, анчин ч байдаг ой руу МоАХ бас л түрүүлж орох ёстой. Эндээс “МоАХ түүхэн үүргээ биелүүлсэн” гэж ярьдаг хүмүүс сүрхий андуурсан болох нь харагдах байх. Олон түмэнд аль намын гишүүн байгаа нь онц шаардлагагүй байдаг шиг МоАХ-ны хувьд ард түмний эрх ашгийн төлөө зоригтой шийдвэр гаргаж алдахаас айхгүй ажиллаж чаддаг, чадвартай, Монголоо гэсэн сэтгэлтэй, өөрөө юм хийж байгаа, өөрийн толгойтой хүн бүрийг ямар нэг ялгаваргүйгээр дэмжих нь өнөөдрийн зорилт болж байна. Чадваргүй, юу ч хийхгүй атлаа ард түмний нэр бичсэн бүрээсээр сандлаа бүрсэн амиа хоохойлогчид, арчаагүй бэртэгчдийг ёстой л хотонд орсон чоно адил үзэх нь шударга ёсонд нийцнэ. Тэд ч Ардчилсан холбооныхныг чоно гэж үздэг. Харин хоёулаа жинхэнэ чоно байсан уу? үгүй юу? гэдгийг үйл хэрэг, цаг хугацаа харуулж олон түмэн шүүнэ. Бидний ярих ажил багадаагүй боловч хийсэн зүйлийг их гэж хэлэхгүй байна. Санаачлагагүй, ажилгүй, дотоод зохион байгуулалтгүйгээсээ болж ийм их үйлсийг эзэнгүйдүүлэх эрх бидэнд алга. Түргэн амжилтад хүрч болдог боловч түүнийг бататгах, хадгалах гэдэг бүр хэцүү байдаг ажээ. Бэрхшээл хэдий байлаа ч давж чадвал цаг зуурынх болж хувирдаг. Бидэнд тавьсан зорилго, хийх ажил их байна. Түүнийгээ л сайн хийе.

Эрхэм нөхөд өө!

Ноднин гурван сард нурсан коммунист дэглэмийн их задрал бүтэн жил шахам үргэлжилж 70 жилийн ялзралтай нь, түүний гамшигт үр дагавартай нь хүмүүс улаан нүүрээрээ тулах боллоо. Монголчууд коммунист дэглэмээс нийгмийн өмч нэрээр Монгол орны бүх хөрөнгө чинээгээр эдийн засгийн бааз сууриа хийсэн асар үрэлгэн, нүсэр том дарангуйллын тогтолцоог хүлээж авсан. 1988 онд л гэхэд Монгол улс яам, тусгай газар, олон нийтийн төв байгууллага, улсын хорооныхоо тоогоор 1 тэрбум 300 сая хүн амтай Хятад улсаас давж байсан. Энэ зүйрлэлд МАХН-ын бүх шатны олон зуун аппарат ороогүй нь мэдээж. Гэвч бүхний дээр сууж амин чухал шийдвэр гаргаж байсан тухайн үеийн Төв Хорооны гишүүдийн 24.6 хувь нь 60-аас дээш насны хөгшчүүл, 14 хувь нь тэтгэвэрт гарсан өвгөчүүл байсныг үзэхэд дарангуйллын тогтолцооны мөн чанар төсөөлөгдөх биз ээ.  Нэг хүнд ногдох дарга, депутатын тоогоор Монголын өмнө одоо ч гишгэх орон дэлхийд алга. Нэг хүнд ногдох алагдсан хэлмэгдсэн хүнийхээ тоогоор, цөлмөгдсөн байгалийнхаа баялгийн хэмжээгээр Монгол орон урьд нь хуарангийн ахан дүүсээ манлайлж ирсэн. Монголд зөвхөн хөнгөн тэрэг л гэхэд 11 мянга гаруй байна. Дээрх жишээг дурдсаны учир асар их баялагтай, ажилч хичээнгүй ард түмний хөрөнгийг булааж хэний ч биш болгочихоод гар хоосон хүмүүсийг дуулгавартай боолчлохын тулд хөрөнгөн дээр нь асар том дарангуйллын аппарат бий болгодгийг хэлэх гэсэн юм. Хоосон хүн юм хийдэггүй, өмчгүй хүний тархи зовдоггүй. Зөвхөн өгснийг л авч ёстой л даллавал ил гарч, далайвал далд орж явдаг. Энд Георгий Плехановын энэ зууны эхээр бичсэн “Оросын ажилчдын ойрын зорилт” өгүүллээс иш татахгүй өнгөрч боломгүй санагдана. Тэр өгүүлэлдээ “Таны материаллаг хэрэгцээг бүрэн хангаж, хүссэн бүхнийг тань өгдөг тийм засаглал гарч ирлээ ч та улс төрийн эрхгүй бол зөвхөн цатгалан боол, сайн бордогдсон ажлын малаас давуутай байж чадахгүй” гэж бичсэн байдаг. Хүний мөн чанарыг далдуур бүрэлгэж, зөвхөн бэлэн юм шаарддаг, зөвхөн хэрэглэх, идэхийг л нэхдэг сэтгэлгээн дээр тоггдог учир коммунист дэглэмийн сүйрэл нь хүртэл хүн төрөлхтний мэдэх ямар ч дэглэмээс илүү зуунги, илүү хөнөөлтэй байдаг ажээ. Иймээс мөр нь улаан, амьдрах чадвар нь удаан, мөхлийнхөө өмнө эргэж босох магадлал нь өндөр байх юм. Үнэхээр улс үндэстний бахархал болсон сайхан хүмүүсийг толгой дараалан нухсан коммунизмын улаан тээрмийн салхи, муйхар зуйварган хоёр нүүртнүүдийн амьдрах орчин болдог аж. Тэд нэг тэмдгийн төлөө, нэг цадаад авахын төлөө, нэг шавар байшингийн төлөө улс орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөө, ариун нандин бүгдийг худалдаж чаддаг. Бид өнөөдөр бүх бэрхшээл зовлонгоо харь гүрнээс хараат байснаар, байгаагаар тайлбарлаж нааш харсан бүгдээс гуйлга гуйж ертөнцөөр нэг булайгаа чирч байна. Үнэнийг үнэнээр нь хэлэх ёстой ч өөрийгөө бас шударгаар шүүх хэрэгтэй. Бид эхлээд бүх бурууг өөрөөсөө эрж энэ аймшигт сүйрлийн өмнө, энэ гамшигт байдлын өмнө өөрсдөө буруутай гэдгийг ойлгох хэрэгтэй. Ард түмнээ худалдсан, эх орноо худалдсан арчаагүй бялдуучдын цээжинд батлах нь зүүлттэй явсан удирдан жолоодож байсан намаас Монголчууд өнөөдөр энэ бүхний тухай асуух эрхтэй. Өнөөдөр Монгол орны үндсэн хөрөнгө гадаадын сонины нэг мөрөнд багтсан өрийн данстай нь тэнцэж байна. Монголчууд ЗХУ-ын зээлээр хөрөнгө оруулалтаа 70 хувь, гадаад худалдааны тэнцлийн алдагдлаа 100 хувь нөхдөг байсан. 
Зөвхөн Зөвлөлтөөс 150 мянган нэр төрлийн өргөн хэрэглээний бараа авдаг байв. Олон арван жил бидний хөхсөн энэ том угжны сүү урьд жил үе үе тасалдаж байсан бол энэ жил бүр шавхагдсан бололтой. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, согтууруулах ундааны үйлдвэрлэл хоёроос орлогын бараг өөр үүсвэргүй, өртгөө дарж чаддаггүй, хуучин техникийн агуулах болсон хэдэн том ноёлогч үйлдвэртэй, нэг орноос бүрэн хараат, угжны ужиг хуучтай, уусан “сүү”-нийхээ үнийг төлөх ёстой, нөхөн үйлдвэрлэлийн чадваргүй мордохын хазгай гэгч болсон эдийн засгийн ийм байдлыг бүхэлд нь томъёолох ойлголт орчин үеийн шинжлэх ухаанд ч олдоогүй байгаа бололтой. Бидэнд ийм л “гайхамшигтай” тогтолцоог коммунист дэглэм өвлүүлж дээ. Бид ч ийм өв хүлээж авангуут л сэргэн мандах тухай ярьж эхэлсэн нь санаа сайхных юм даа.
Төр засгийн шинэ удирдлага улс орны тухайн үеийн байдлыг үнэлж ямар өв хүлээж авч байгаагаа өргөн өнцгөөр харж, учир шалтгаан, үр дагаврыг нь нарийн тунгааж маш тов тодорхой хөтөлбөр боловсруулж үнэнийг хэлж, ард түмнийхээ хүчинд тулгуурлан ажиллах ёстой байлаа. Гэтэл “биеэ даацгаа”, “өөрсдөө шийдэцгээ” гэж ардын төрийн жинхэнэ хал, халамж хоёр, засаглалын гүйцэтгэл, захиргаа хоёр үгүйлэгдэж байхад сүйрлийг, хямралыг харсан ч хараагүй юм шиг харин бэлэнчлэх сэтгэлгээн дээр нь тоглож элдэв амлалт, явуургүй тайлбараар суудлаа засч цаг хожих аргаар ажлын өдрөө эхэлсэн нь тун тоогүй. Олон арван жилийн түүхтэй дарангуйллын задрал өвсний түймэр шиг тархаж, ялзрал нь газар бүр ил гарч, эрх чөлөөний хийрхэл хүмүүсийн зүрхийг хатгаж, шинэ хуучин ялгаагүй ардчиллаар гул барьж жолоо цулбуургүй мэт туйлж, нүгэлт дэглэмийн дайрлага буцахдаа хүн зоны сэтгэлийг дахин сэвтээж, айл гэр, албан байгууллага, үйлдвэр хоршоо бүхнийг хамарч байна. Үүнийг ажил ажил явахгүй амьдрал, амьдрал өөдлөхгүй харин дордож байна гэж хүмүүс бухимдахдаа ойлгох боллоо. 
Ямар хугацаанд энэ сүйрлийн байдал үргэлжлэх юм, юуг, хэзээ, яаж хийгээд, хэдийд амьдрал хэвийн болох юм бүү мэд! Бүгд харанхуй ойд төөрсөн юм шиг тодорхойгүй байгаад л зохиомол бухимдал үүсч байна. Үүнийг хэлдэг ч, хийдэг ч эрх бүхий байгууллага нь өнөөдөр Засгийн газар. Гэвч байдал ямар байгааг товч илтгэе.
-Монгол орныг мал авч яваа гэж ам уралдуулан ярьдаг боловч малыг малчин маллаж байгаа гэдгийг мартаж боломгүй. Ингээд хөдөө аж ахуйгаас эхэлье. Энэ оны 6 дугаар сарын 1-ний байдлаар оны эхний эх малын 73.6 хувь буюу 8 сая 863 мянган нь төллөж, 8 сая 879,5 мянган төл гарсны 96,5 хувь буюу 8 сая 567,2 мянга нь бойжиж байна. Харин төлийн хорогдол ноднингийн мөн үеийнхээс 7 аймагт 1,2-4,1 дахин нэмэгджээ. Том малын хорогдол ч 1,8 дахин өсчээ. Тариалалтын хувьд улсын хэмжээгээр 649,6 мян.га талбайд тариалсан нь ноднингийн мөн үеийнхээс тариалсан үр тарианы талбай 38,7 мян. га, хүнсний ногооных 0.7-2,1 мян. га. тэжээлийн ургамлынх 26,7 мян. га-гаар бага байна.
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрийн 54,3 хувь буюу 151 нь энэ оны эхний 5 сарын байдлаар 891,1 сая төгрөгөөр бүтээгдэхүүн борлуулах зорилтоо таслав. Энэ он гарсаар 105 удаа 36,7 сая квт цагийн цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийгдсэнээр зөвхөн аж үйлдвэрийн салбарт 150 гаруй сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж алджээ. Барилгын гүйцэтгэгч 118 байгууллага ноднингийн мөн үеийнхээс 361,4 сая төгрөгийн ажил дутуу гүйцэтгэв. Мөн жижиглэн худалдаалах бараа гүйлгээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 285,2 сая төгрөгөөр буюу 7.5 хувиар буурав. Хөдөөгийн хүн амд худалдсан бараа гүйлгээ 173.8 сая буюу 15,5 хувиар буурчээ. НААҮ-ний орлого ноднингийн мөн үеийнхээс 8,9 хувь буюу 19,6 сая төгрөгөөр, ахуй үйлчилгээнийх 44 хувь буюу 113,5 сая төгрөгөөр буурав.
Гадаад худалдааны нийт эргэлт өмнөх хоёр жилийн мөн үеийнхээс 54,4-58,6 хувиар, үүний дотор экспорт 51.1-52.1.импорт 56,1-62,1 хувиар буурсан байна. Эхний 5 сард импортоор авсан үйлдвэрлэл техникийн зориулалттай бараа 1989-1990 оны мөн үед авсан дээрх барааны 34,6-41,3 хувь, хөдөлмөрчдийн өргөн хэрэгцээний барааных 55,2-55,4 хувьтай тэнцэж байна. Манай орны импортын бүтцийн 40 хувийг шатахуун, 30 хувийг сэлбэг материал, 30 хувийг өргөн хэрэглээний бараа эзэлдэг байсан. Одоо зөвхөн шатахуунд импортын 80 гаруй хувийг зарцуулахад хүрээд байна. Улсын нэгдсэн төсвийн орлого 1 тэрбум 683,5 сая төгрөг болж, ноднингийн мөн үеийнхээс 34,6 хувь буюу 890,9 сая төгрөгөөр бага байна. 1991 оны санхүүгийн жилд төсвийн алдагдал 1 тэрбум 430 сая төгрөгт хүрэх тооцоог Засгийн газар саяхан хийсэн нь Улсын Бага Хурлын 2 дугаар чуулганаар баталсан 1991    оны улсын төсвийн тухай хуулийн тооцоонд зааснаас 1 тэрбум гаруй төгрөгөөр буюу 4,3 дахин нэмэгдэхээр болжээ. Гэтэл улсын төсвийн орлогоос давсан зардал энэ оны 4 дүгээр сарын 10-ны байдлаар 840 сая гаруй төгрөгт хүрч байсныг өнөөдрөөр барагцаалбал 1 тэрбум хол давсан биз. Үүнээс улсын төсвийн алдагдал жилийн эцсээр Засгийн газрын тооцооноос 2 дахин давах хандлагатай байна. ЗХУ-ын зээлээр төсвийнхөө 30 гаруй хувийг нөхдөг байсан донорын систем тасарсан учир 1990 оны 1 дүгээр сарын 1-нд байсан манай улсын валютын нөөц 1991 оны 4 дүгээр сарын 1 гэхэд бараг 4 дахин багасчээ. Үүний тал хувь нь 1991 оны эхний 4 сард ногдож байна. Валютын нөөцөөр нь тухайн орны төлбөрийн чадвар, бэл бэнчинг хэмждэгийг та бүхэн андахгүй биз ээ.
Манай орны валютын төлбөрийн даалгавар хэд байгааг Ерөнхий сайдаас өөр мэдэх хүн ховорхон бололтой. Харин олон орон манайхаас валютын төлбөр нэхэж байгааг цөөнгүй хүн мэднэ. Манай орны экспорт импортыг голлож барьдаг зургаан байгууллагын нэг “Монголимпекс” нэгдэл 1990 онд 69,7 сая ам.долларын экспорт хийхээс 20 саяыг хийж 41,6 сая ам. долларын импорт авахаас 48,3 саяыг авч 56 сая орчим ам. долларын алдагдалтай ажиллажээ. Энэ бол өмнөх оноос авсан ганцхан жишээ. Одоо ямар байгааг бурхан л мэдэх байх. Дээр дурдсан тоон үзүүлэлтийг голдуу ноднингийн мөн үеийнхтэй харьцуулсныг Та бүхэн анзаарсан биз.Ноднингийн мөн үед Монгол орны эдийн засаг гүнзгий хямралд орсныг бараг бүгд хүлээн зөвшөөрч түүний түрүү оны мөн үетэй харьцуулж тооцоо хийхэд эдийн засгийн бүх үзүүлэлтүүд олон дахин, олон хувиар буурсан байсан. Тэгвэл өнөөдрийн эдийн засгийн байдалд ямар нэр өгөх вэ? Дэлхийн нэрт эдийн засагч Жефри Загс “туйлын бэрх” гэж томъёолж Өрнөдөд болсон нефтийн  хямралтай Монголын эдийн засгийн уналт дүйж очно гэж ярьж байсан. Ноднин эдийн засгийн хямралыг ардчилалтай холбож тайлбарлаж байсан бол энэ жил эдийн засгийн хуучны механизм үхширтэл ялзарчээ гэдгийг бараг бүх хүн ойлгож зах зээлийн тогтолцоо руу яаралтай шилжих хэрэгтэй гэдгийг хожуу ч хүлээн зөвшөөрөх болов. Харин бид одоо нэг өдөр ч болов алдвал гол төлөв импортын бараагаар тэжээлээ хийдэг манай ихэнх үйлдвэрүүд зогсож, түлш, эрчим хүч, нийгэм хангамж, тээвэр үйлчилгээний салбар ажиллах ямар ч боломжгүй болж Монгол орны нийгэм эдийн засгийн байдал царцаж, хүмүүсийн битүү бухимдал дэлбэрч магадгүй. Мөхөж буй тогтолцоо бүхэлдээ хүний эсрэг байсан нь хүнлэг бус, хууль зөрчсөн үйлдлүүд өнөөдөр улам ихэсч байгаагаар илрэх боллоо. Нийгмийн эмх замбараагүй байдал, гэмт хэргийн зохиомол өсөлт, хавтгай хөлчүүрэл нь бурангуй дэглэм тогтохын, цус асгарлын, олныг хамарсан хэлмэгдлийн угтал болж байсныг сануулахад илүүдэхгүй. Энэ оны эхний 5 сард улсын хэмжээнд 4229 гэмт хэрэг гарсан нь ноднингийн мөн үеийнхээс 731 хэргээр буюу 20,9 хувиар өссөний дотор Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймагт 40 хувиас 2 дахин нэмэгдсэн байна. Танхайн хэрэг 6,6 хувь, хүчингийн хэрэг 7,6 хувь, иргэдийн өмч булаалт 34,7 хувь, хулгай 26,9 хувь, дээрэм 60,3 хувь, улс хоршооллын өмчийн хулгай 2 дахин, хүн амины хэрэг 2 дахин нэмэгдсэн байна. Эхний 5 сард ууж согтуурсан 9586 хүнийг эрүүлжүүлсэн нь ноднингийн мөн үеийнхээс 20,3 хувиар өсчээ. Хүний амьдрах орчинг хүчирхийллээр сольж, хүний хүн ёсны зүй тогтолт /сэтгэдэг, хөдөлмөрлөдөг, өмчөө хамгаалдаг.../ амьдралыг нь хиймэл загварт оруулж арван жил ташуурдсаны гай ингэж л гарч байна. Эгэл хүнийг адгуусны хувь төөргөөр амьдруулах гэсэн зорилгоо биелүүлэх гэж олон жил талхисан. Энэ байдлаас бид тун шаналгаат, тун урт замыг туулж, тун их хөдөлмөрлөж. өөрөө өөртэйгээ хүртэл тэмцэж байж хүн ёсны хэвийн амьдралтай залгана. Эрдэнэт хүний амь, хувь заяа ишигний ч үнэгүй байсан ийм нийгмийг хэчнээн ч тордоод нэмэргүй. Энэ оны эхний 5 сард 29,8 мян. эх төрж, 29,5 мян. хүүхэд мэнд өсч байна. Төрөхийн улмаас 36 эх, нэг хүртэл насандаа 2117 хүүхэд эндсэн байна. 1980-1990 онд нийт нас барагсдын 30 гаруй хувийг 1 хүртэл насны хүүхдийн эндэгдэл эзэлж байлаа. Эмнэлгийн байнгын хяналтад Монголын нийт хүн амын бараг хоёр хүний нэг нь хамрагдаж, амьсгалын замын өвчнөөр бараг 40-өөд хувь нь өвчлөж, мэдрэлийн хомсдолтой 40 мянга орчим хүн Монгол газар шороон дээр амьдарч байна. Энэ жил ноднин мөн үеийнхээс /5 дугаар сар/ тэмбүү хүйтэн, хамуу, улаан бурхнаар өвчлөгчдийн тоо 68-288 хүнээр нэмэгджээ. Ер нь ийм байдлаар дахиад жаахан удсан бол улс үндэстэн мөхлийн ангал руу унах байжээ. Хүний мөхлийн өмнө өөрийгөө аврах байгалиас заяасан увдис нь зөнч Монголчуудыг ардчилсан хувьсгалд босгожээ. Өнгөрсөн нийгэм рүү эргэж буцах, түүнийг санагалзах ч хэрэг алга.
Ийм хүнд үед ард түмнийхээ хувь заяаг үүрсэн Засгийн газар чухам ямар байдалтай байна даа. Дээр хэлээд байгаа нийгэм эдийн засгийн олон тоон үзүүлэлт Засгийн газарт шууд хамааралтай баймаар юм. Засгийн газар шүүмжлэлийн гадна тун удаан байлаа. Шүүмжлэлд ч бас их эмзэглэдэг болчихож. Уг нь их зүйл амласан юмсан. Эхлээд хийх ёстой юмаа өөрөөсөө нэлээд түлхлээ. Аж ахуйн аар саар ажилд цаг ч их алдлаа. Энэ оны эхний 5 сарын байдлаар Засгийн газраас 159 тогтоол гаргажээ. Түүний 93 нь дүрэм, журам, заавар орон тоо, цалингийн фонд батлах, пүүс хоршоолол байгуулах, тогтоол хүчингүй болгох, хүн шагнах зэрэгт зориулагджээ. Зөвхөн 63 тогтоол нь улс орны амьдрал, нийгэм,. эдийн засгийн асуудалд чиглэжээ. Тодорхой хугацаатай, биелэх боломжтой чанарын өөрчлөлтөд хүргэх алс хэтийн бодлого тун үгүйлэгдэж байна. 100 хоног бэлдэж батлуулсан мөрийн хөтөлбөр нь цагийн аяс даахгүй цаасан дээр л хоцорч магадгүй боллоо. Наад зах нь санхүүгийн бодлого нь ч, төсөв бүрдэлт нь ч хуучнаараа л байна. Захиргааны муйхар аргаар шинэ нөхцөлд асуудлыг хуучин тогоон дотор нь шийдэх гэж зүтгэсээр л байгуулагдсанаасаа хойш байгалийн 4 дэх улиралтай золголоо.
Өөрсдөө хийх үүрэгтэй, эрхтэй атлаа үүнийг ингэж хийх ёстой, ийм юм хиймээр байна гэж яриад байгаа нь бүр ч ойлгогдохгүй байна. Танхимын зарчмаар түрээ барьж асуудлыг эзэнгүйдүүлдэг мөртлөө шинэ намуудыг төлөөлсөн Шадар сайдууд маань хуучин Сайд нарын Зөвлөлийн орлогчид шиг л хүнд цэгүүдэд очиж нүүр тахалдаг, гал унтраадаг болжээ. Энэ байдалд шүүмжлэлтэй хандаж МоАХ-ны парламентын бүлгээс төлөөлж тавьсан тодорхой санал өдий болтол хэрэгжсэнгүй. Ер нь хүнд ачаа үүрэлцэх гэж Засгийн газарт бид ороод коммунистуудын засаглалыг улам саармагжуулав бололтой. Засгийн газар нэр хүндээ бодсон, улс төрийн ашиг хонжоо харсан чиглэлтэй шийдвэр гаргаж бухимдсан олонд тал засах хандлага ч ажиглагдаж байна. Цагаан сард зориулж нэлээд валют зарж нар хамба, нанжин чавга, шар, цагаан будаа авч ирсэн боловч аманд ч үгүй, хамарт ч үгүй гэгчээр юм боллоо. Тэр мөнгөөр ёстой л хурганы “ногоон” арьс шиг ховордсон хэдэн сайн боловсон хүчин бэлдээд, хэдэн жижиг үйлдвэр бариад авсан бол алсдаа ашгаа мөн ч олон нугалах байсан даа. Дор хаяад эм тариагаар бүрэн сууж байгаа олон зуун эмнэлэг, сувиллын газрыг харж үзсэн бол өвдөж зовсон хүмүүс зовлонгоосоо ангижирч бүхэлдээ өвчилсөн нийгэм арай дээрдэх ч байсан болов уу? Жижиг үйлдвэр хөгжүүлэхэд зориулж Улсын Бага Хурлаас төсөвт 100 сая төгрөг баталж өгсөн. Одоо сураг ч алга. Хүн ардын оюун санаа, үзэл бодлын тэжээл-сонин хэвлэл цаасгүй гээд гарахаа байлаа. Сард 1 удаа, 2 долоо хоногт 1 удаа гардаг сониныг “сонин” гэж нэрлэхэд хэцүү. Мэдээллийн ач холбогдол цаг хормоор хэмжигдэж, үнэ цэнэ нь асар их өсч байна. 70 жил боогдсон, 70 жил хордсон оюун санаа, олон ургальч үзэл дахиад л хаалтанд орлоо. Өглөө иддэг зүсэм талхаа хэмнээд ч болов өдрийн сониноо уншиж байх юмсан. Хүний бие махбодь өмссөн дээлнээсээ хальдаггүй ч хүний оюун санаа, сэтгэн бодох чадвар орчлонтой эн тэнцэх хязгааргүй аугаа их гэдэг. Сүрэл, хаягдал ашиглаж сонины цаас хийх авсаархан жижиг үйлдвэрийн төсөл барьчихсан хүмүүс бүтэн жил орчим гүйж байгаа сурагтай. Мөнгийг зарж болдог юм бол яагаад энд зарж болдоггүй юм бэ? Толгойгоо залгичихсан юм шиг хүмүүсийн идэх бэлэнчлэх сэтгэлгээг дэвэргэх болохоор мөнгө хайрлахгүй юм. Улсын Бага Хурал ч алдагдалтай баталсан төсвийнхөө хойноос хүмүүсийн тэжээлгэх тэтгүүлэх сэтгэлгээнд түрэгдэж олон сая төгрөг уяж өглөө. Бас л хаяагаа дулаалсан хэрэг. Монголд зөвхөн хуульчлагдсан тэтгэмжийн төрлөөс гадна зарлиг, тогтоол дагасан 40 гаруй төрлийн тэтгэмж байсан. Засгийн газрын амлалт голдуу хөтөлбөрийн алинаас нь эхэлж биелэлтийг нь асуух, алдагдах нь өдрөөс өдөрт өсч байгаа төсвийн зарцуулалтад хэрхэн хяналт тавих учраа төрийн дээд байгууллага одоо болтол олоогүй л байна. Тэтгэвэр тэтгэмжийн мөнгөний данс улайж Засгийн газар улсын төсвөөс нөхөж байна. Энэ нь хойд хормойгоо авч урьд хормойгоо нөхөхтэй адил амь аргацаасан алхам юм. Одоо бас 70  жилээр л нэг баярлуулах сураг дуулдаад байна.
Гурван хоног цадаад цаашаа яах юм билээ дээ. Мөхөж буй коммунист дэглэмийн нөр их будаалгаас хүн бүрт хувь хүртэх байлаа ч далан жил цөлмөсөн нь даанч их юм даа. 170 мянган ширхэг 70 жилийн ойн медаль тарж байгаа сурагтай. 4 сая орчим төгрөгний өртөгтэй энэ медалийн тоо Монголын бүх малчдын тооноос 50 мянгаар илүү юм. Удаан бүрэлдсэн, удаан тогтсон систем мөн ч удаан мөхдөг ажээ. 7-8 дугаар сарууд баяр тэмдэглэсээр байтал намрын гурван сар найрлаж хуралдсаар байтал идэр есийн хүйтэн нэг л мэдэхэд чөмөг таших байх. Энэ оны эхний хоёр улирлыг үндсэнд нь тавьж туулаа.
Хаврын өдрүүд жилээ тэжээдэг гэсэн үгээр бол 1991 оныг бүхэлд нь алдлаа гэсэн үг. Дараа жил-мичин жил. Гэвч алдаагаа ухаараад зөв алхам хийвэл хугацаа хождоггүй. Одоогоос 2 сар гаруйн өмнө явуулсан социологийн судалгаагаар ихэнх яамд “муу” дүнтэй гарсан. Хэцүү үед хүнд ачаа үүрсэн гэдгээр гул барьж хийх ёстой зүйлээ хийхгүй бол өнөөдөр хэн хийх юм бэ?
Шинэ намууд алдвал сонгуулийн үед хүмүүсийн санал л алдана. Харин засаглалын бүх төвшинд үнэмлэхүй олонхийн суудалтай нам алдвал Монгол орон аюулд учирна. Шүүмжлэхийн тулд шүүмжилж байгаа юм биш ээ. Шүүмжлэл өөрөө хариуцлага болж хувирдаг тийм цаг иржээ. Монгол орны хувь заяа амь дүйж буй энэ нөхцөлд Засгийн газар нэрээ хамгаалж, зоригтой алхам хийхгүй бас амь дүйх үед шилжжээ гэж хэлэх гэсэн юм.
Монголын амьдрах чадвар муудаж байна гэж Ерөнхий сайд илтгэл тавьсан. Энэ бол амь тавих гэж байна гэснээс ялгаагүй. Яаж Монгол орноо аврах вэ? Өнөөдөр үзэл суртлын, шинэ хуучны ялгаа утгаа алдаж байна. Учир нь бүгдээрээ эх орноо аврахын төлөө тэмцэх хэрэгтэй болжээ. Хэвлий дотор нь бид бүгд унасан, “Эх орон-Ээж маань “авраач” гэж өршөөл гуйж байна. Нэгийг үзэн ядах, нөгөөг энэрэн өмөөрөх үзэл аливаа тэмцлийг хурцалдаг. Эх Монгол орныг минь мөхлийн ирмэгт аваачсан, хуучин, шинэ гэж ялгалгүй сүйрэл рүү чирсэн коммунист дэглэмииг үзэн ядаж, Монгол орноо энэрэн өмөөрөх үзлээр, аль нэг нам, эвсэл, холбооны гишүүн гэдгээ урьтал болгох биш Монгол хүн гэдэг нэрээ  дээдлэн Монголоо өөд нь татахын тулд зүтгэх цаг иржээ. Хүнд байдал удаан хэр үргэлжлэх бол, Монгол орон хэзээ хөл дээрээ зогсох вэ? гэж хүмүүс их асуудаг. Бид тэжээлгэх, тэтгүүлэх, бэлэнчлэх сэтгэлгээнээсээ бүрэн салж, хүний гар харалгүй өөрсдийнхөө төлөө зүтгэж, хувь заяаныхаа эзэн болсон цагт дээрх асуулт бүрэн хариулагдана. Комммунист дэглэм бүрэлдэхээсээ эхлээд өөрийгөө эсрэг босогчдыг, эргэн санагалзагчдыг бэлддэг. Бэлэнчлэх сэтгэлгээтэй хүн бүр энэ дансанд бүртгэлтэй гэсэн үг. Хүнийг хувь заяаных нь эзэн биш, сэтгэлгээнийх нь боол болгодог хуучин дансыг устгаж чадвал Монгол түмэн сэргэн мандана.  Ардчилал ялбал газар зүйн байршлын хүчин зүйлийнхээ тусаар дэлхийн соёл иргэншилд ч дэвшилт нөлөө үзүүлэх болно.
Эрхэм нөхөд өө!
МоАХ-ны үйл ажиллагаанд ч чанарын өөрчлөлт хийх шаардлагатай байна. Засаг захиргааны нэгж байгуулах бүрт цэцэрлэгийн хүүхдээс авахуулаад тэтгэврийн хөгшдийг хүртэл хамарсан, халзан хүний зураг зааж “их багш” гэж сургахаас эхлээд намын батлахаа өгч оронд нь толгойг нь авсан юм шиг хүмүүстэй харьцдаг, тэд толгойгоо тавьж, улаан батлахыг нь сольж авсан юм шиг “энхрий хайрт”-ынхаа үйл хэргийн төлөө амь тавин зүтгэдэг, “нам засгийн буян” гэж шинэ цагийн маанийн гурван үгийг үргэлж шившдэг цэрэгжсэн бүтэцтэй, хуарангийн тогтолцоотой Та бид эх орноо өмөөрч тооцоо бодож байгаа гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Хэрвээ мартвал коммунист огт байгаагүй юм шиг эргээд л бид байгуулалцана. Иймээс МоАХ-ны зохион байгуулалт нь чанд, зорилго, үйл ажиллагаа нь тодорхой байх ёстой. МоАХ бол бие даасан улс төрийн хүчин гэдгийг хүн бүхэн ойлгож байгаа. Цаашдаа ч энэ шинж чанараа хадгалах болно. Төрт ёс, ардчилал, өмчийн олон хэлбэр болон бусад ололтуудаа МоАХ хамгаалж, эдийн засгийн тэмцлийг хүчтэй явуулах хэрэгтэй байна. МоАХ-ны зарим салбар зөвлөл мэргэжлийн чиглэлээр байгуулагдаж, хөдөлмөрчдийн хөдөлмөрлөх эрх ашгийг хамгаалахад үйл ажиллагаагаа чиглүүлж идэвхтэй ажиллаж байна. Мөн үйлдвэр, албан газар ажилладаг анхан шатны байгууллагуудын хүрээнд ч энэ ажил эхэлжээ. Нэг үгээр хэлбэл ийм санаачилга хөдөлмөрчин хүнээс, гишүүдээс, салбар зөвлөлөөс гарч тодорхой зохион байгуулалт шаардах боллоо. Иймээс ямар нэг хязгаарлалтгүй хөдөлмөрлөх эрх ашгаа тууштай хамгаалах, гүйцэтгэн захирамжлах байгууллагад тэнцвэр барих, улс орныхоо хөгжлийн зүй тогтлыг хангахын үүднээс эвлэлдэн нэгдэх эрх чөлөөгөө хэрэгжүүлэх МоАХ-ны анхан шатны салбар зөвлөлүүд чөлөөт үйлдвэрчний чиглэлээр ажиллах шаардлагатай боллоо.  Энэ нь  МоАХ-оос бие даасан чөлөөт үйлдвэрчин төрнө гэсэн үг. Дээрх асуудлыг нухацтай хэлэлцэж шийдвэрлэнэ гэдэгт найдаж байна.
Монгол орныг сүйрлийн байдлаас аврах боломж Монголчуудын гарт байна. Юуны өмнө өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, үүссэн шалтгааныг зөв тодорхойлж, зах зээлд шилжихтэй холбогдсон багц шинэ хуулиудыг цаг алдалгүй амьдралд хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Монголчуудын амьдрах хөгжих чадварын үндсийн үндэс болсон хөдөө аж ахуйн салбарт онцгой анхаарал тавьж, мичин жилийг угтсан тодорхой хөтөлбөрийг төр, засаг, улс төр олон нийтийн байгууллагууд боловсруулж мөрдөх шаардлагатай байна. Мал төллөж дууссаны дараагаар энэ зун Монгол нутагт 35 сая орчим мал бэлчээрлэх болно. Одооноос бид хуулийн дагуу төр засгийн байгууллагын хатуу хяналтын дор малыг эзэнд нь өгөх хэрэгтэй. Энд улс төрийн хүчин, олон нийтийн байгууллагууд анхаарах нь мэдээж. Амины малын ашиг ногдолтой холбогдсон бүх зарлиг, тогтоолыг хүчингүй болгож хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийг зөвхөн зах зээлийн мэдэлд өгөх хэрэгтэй байна. Хадлан тэжээл бэлтгэх ажилд маш хариуцлагатай хандаж малын төлөө, Монголын төлөө сэтгэлтэй бүгдийг оролцуулах нь чухал. Малаа мэддэг эзэн хүмүүс ч хэний ч шахалтгүйгээр мичин жилд чадлаараа зүтгэх нь магад. Хаврын хахир цаг 3-5 сарын үед 18 саяас дээш төл арчилж тордоход бэлчээрийн даац хүндэрч хүчин мөхөсддөгийг харгалзаж, малыг урьдын сорчлох аргаар биш онд орохгүйг нь ширвэж нядлах ажлыг зохион байгуулах нь зүгээр цасан дор булсанаас хавьгүй үр ашигтай болно. Энэ мэт болон бусад нарийн ширийн асуудлуудыг тодруулж, тодорхой үйл ажиллагаа явуулахын тулд энэ сарын сүүлчээр МоАХ-ны гишүүн малчдын зөвлөгөөн хийх, малчдын нэгдсэн салбар зөвлөл байгуулах шаардлагатай байна.
Үндэснийхээ төхнологиос илүү хоцрогдсон, үрэлгэн зардал техник технологиор эсгий хийдгээ болихоос эхлээд малын арьс шир, сүү цагаан идээг хаягдалгүй боловсруулдаг Монгол уламжлалаа сэргээх хэрэгтэй байна. Энэ байтугай дэлхийд өнөөдөр ч гайхагдах сайн чанарын ган гаргаж авдаг байсан түүхээ хүртэл сэргээж, харь орны түүхийн эдийн бааз болсон газар нутгийнхаа баялагт өөрсдөө эзэн болж хүний хоолыг бэлддэг хямд ажиллах хүчин байсан арчаагүй байдлаасаа ангижрах цаг ирлээ. Байгаа, олсон бүхнийг сороод явчихдаг бензин шатахууны эрс хүндрэлээс гарахын тулд орон нутагт үйлдвэрлэлийн дэд бүтцийг хөгжүүлэхэд анхаарч үндэснийхээ тээврийн хэрэгслийг өргөн ашиглая. Өрхийн тэргүүн бүр, гэрийн эзэгтэй бүр зөвхөн өөрийн боломжоо ашиглаж ам бүлээ монгол аргаар тэжээж хувцаслаж, хоёр идэлгүй, хоосон хонолгүй амьдрахын төлөө арга ухаан сүвэгчилье. Газраа ашиглаж ногоо тарья, малаа шүтэж ашиг шимийг нь бүрэн хүртье, өөрийгөө дайчилж юмхнаар юм хийе. Хүн ардынхаа соёл уламжлал, оюуны чадавхийг хүндэтгэе. Хамгийн сайн хийж чаддаг зүйлээ хийе. Хүнээс гуйж хэрэгцээгээ хангах биш, өөрийн олон зуун жил хийж чаддаг байсан зүйлээ хийж дэлхийн зах зээл дээр наймаа хаялцъя. Монголчууд монгол гэртэйгээ, монгол айл хотондоо малтайгаа, монгол газар шороогоо унаган төрхөөр нь л байлгахад олон хэлийн хүмүүс Монголыг зөвхөн нүдээр үзэх гэж тэмүүлж, халаасандаа байгаагаа өөрийн эрхгүй гаргах болно. Ердөөсөө монгол гэж ийм орон, ийм өвөрмөц  соёл иргэшил байгаад, түүнтэй нэг дэлхий дээр оршдогтоо хүн төрөлхтөн баярлах, бахархах цаг ирнэ. Аргагүй шүү дээ. Говь нутагт эрдэний  чулуугаар боргосон нохой чулууддаг. Алтайн ууланд өвс түүж идээд эдгэдэг. Хангайд суусан газраа царцдаг эх оронтой ард түмэн чинь ингэж эх орноороо гайхуулахгүй яах юм бэ?
Бие биенээ шударга шүүмжилдэг, бас хайрладаг байх нь бидний сэргэн дэвжихийн эхлэл. Монголчууд оройтож доройтож, харийн одоо нэр ч үгүй тэр гүрэнд хүч автаж дагаар орсон он цагаас хойш 300 жил өнгөрчээ. Энэ хооронд гурван хатуу гараар нухлуулж, 1911-1915 оны хооронд 4-хөн жил эрх чөлөө, тусгаар тогтнол, эрхт төрийнхөө ивээлийг хүртэж цаг тооллын хоёр мянганы эцсийн 10 дахь жилтэй ийм л янзтай золголоо. Гурван зуун жилд 2-дох удаагаа олдож байгаа энэ боломж түрүүчийнх шигээ үүлэн чөлөөний нар мэт үзэгдээд өнгөрөх эсэхийг нь шийдэх эрхийг буурал түүх маань өнөөдрийн тусгаар нэртэй үлдсэн 2 сая Монголчууд бидэнд даалгажээ. Ноогдсон, ноогдсон ачаагаа үүрч цаг бусын бэрхшээлийг сөрж зүтгэцгээе.Хүнд байдалд хөтлөгдөлгүй, бухимдлыг дагаж бухимдалгүй, аливаа асуудалд ажил хэрэгч хандаж биелэх боломжтой, тодорхой шийдвэр гаргахын төлөө Их хурлынхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг Та бүхнээс уриалж байна.
Баярлалаа.
 

 

1 Сэтгэгдэл
Бүгдээрээ энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулж байна уу, бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломж танд байна. Фортис эмнэлэг нь бөөрний ноцтой донороос 760,000 доллараар бөөр худалдаж авч байгаа бөгөөд тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ олж авах, ядуурлаас ангижрах боломжтой, хэрвээ та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсч байвал fortis hospital -тай холбоо бариарай Тэд танд хагалгаанд орохын тулд визээ боловсруулж, эмчилгээний дараа шууд өгөх мөнгийг танд төлдөг Мэс засал хийвэл танд үлдэгдэл мөнгийг өгнө сонирхож байгаа бол эмнэлгээр дамжуулан холбоо барьж болно fortis.hospital.in@gmail.com
Хамгийн их уншсан