Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Томуугийн тархалт АНХААРУУЛАХ түвшинд хүрлээ

Томуугийн дэгдэлт эрчимжиж эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж, нэмэлтээр ор дэлгэж байна. Гэсэн хэдий ч орны хүрэлцээ манай улсад тун тааруу тул зарим өвчтөнүүд өрхийн эмчийн хяналт нь дор гэрээр эмчлүүлж байгаа юм. Тухайлбал, Монгол Улсын хэмжээнд томуу томуу төст өвчний тархалт идэвхжилийн буюу шар түвшинд шилжээд байна. Вирус судлалын тандалтаар амьсгалын замын синтициальвирус, аденовирус, метапневмовирус хамгийн түгээмэл буюу өндөр хувийн тархалттай байгаа аж. Мөн томуугийн А хүрээний H3N2 вирусийн тархалтууд хүн амын дунд өвчлөл үүсгээд байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлээд буй.

Томуугийн тархалт улбар шар түвшинд шилжив

Томуу, томуу төст өвчний тархалт улсын хэмжээнд  үндсэн таван түвшнээс хоёр дахь буюу шар түвшинд байна. Харин Булган, Дархан-Уул, Сүхбаатар, Хэнтий аймгуудад дараагийн буюу гурав дахь шат болох улбар шар түвшинд шилжээд байгаа юм.  Нийслэлд өдөрт амбулаториор үйлчлүүлэгчдийн тоо ихсэж эмнэлгийн орны ачаалал тодорхой хэмжээнд нэмэгдэж буй.

Мэргэжилтнүүдийн хэлж  байгаагаар удахгүй нийслэлийн хэмжээнд дараагийн түвшинд шилжих, ачааллаа дийлэхгүй нөхцөл байдалд хүрэх эрсдэлтэй байгааг анхааруулаад байгаа юм. Гэсэн хэдий ч өвчлөлийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэж, хүүхдүүдийн дунд томуугийн тархалт их байна.

Тандалтын нөхцөл байдлын судалгаагаар өнөөдрийн байдлаар 2 345 хүүхэд томуу, томуу төст өвчний шалтгаанаар хэвтэн эмчлүүлж байна. Харин эрчимт эмчилгээний тасагт 70 хүүхэд эмчлүүлж байгаа аж. Улмаар эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт үзүүлэхээр ирсэн хүүхдүүдийн 20-40 хувь нь хэвтэн эмчлүүлж байгаа юм. Түүнчлэн, эмнэлэгт хэвтэж байгаа 8 610 үйлчлүүлэгчдийн 22 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай хэвтэн эмчлүүлж байгаа юм.

 Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган

Томуугийн тархалт АНХААРУУЛАХ түвшинд хүрлээНийслэлийн хэмжээнд  1255 ортойгоор хүүхдэд томуу томуу төст өвчний тусламж үйлчилгээг үзүүлж байна. Томуугийн тархалтын нөхцөл байдлыг үндэслэн Эрүүл мэндийн яамнаас хүүхдийн хэвтүүлэн эмчлэх орны хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч, нийслэлийн хэмжээнд дүүргүүдийн нэгдсэн эмнэлэгт 615 ор нэмж дэлгэсэн. Түүнчлэн Эрүүл мэндийн яамны харьяа ЭХЭМҮТ, ЭНЭҮТ-2, ХӨСҮТ-д нийт 530 орыг нэмж дэлгэсэн байгаа. Мөн БХЯ, ХЗДХЯ-ны харьяа Цэргийн төв эмнэлэг, Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгтэй зөвшилцөн нийт 120 оронд томуугийн хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг үзүүлэхээр болсон. Ийнхүү нийслэлийн хэмжээнд нийт 1255 ор дэлгээд байна. Орны дүүргэлт 95 хувьтай байгаа.

"Явдаг хатгаа"-гаар хүүхдүүд хүндрэх эрсдэл өндөр

Хятадын хойд хэсэгт уушгины хатгалгаа болон амьсгалын замын өвчин дэгдээд байгаа билээ. Энэхүү уушгины хатгаагаар хүүхдүүд илүү их өвчилж хүндэрч буй. ДЭМБ-ийн өгсөн мэдээллээр "БНХАУ-д микоплазмын шалтгаантай хатгалгаа хүүхдүүдийн дунд нэмэгдсэн. Мөн түүнчлэн улирлын чанартай үүсдэг бусад амьсгалын замын халдварууд зэрэгцэн нэмэгдэж байна. Тус улсад тархаж буй кластер хэлбэртэй амьсгалын замын халдварт өвчин нь ямар нэг шинэ нянгаар үүсгэгдээгүй" гэсэн мэдээллийг өгсөн юм.

Микоплазмын шалтгаантай хатгааны хувьд амьсгалын замын шинж тэмдгүүд илэрдэг, харьцангуй хатгаа болж өвддөг. Насанд хүрэгчдэд хөнгөн хэлбэрээр явагддаг хэдий ч тав хүртэлх насны хүүхдүүд хүндрэх эрсдэлтэй өвчлөл аж. Иймд дэлхийн улс орнууд бага насны хүүхдүүдийн дунд өвчлөл нэмэгдэж байгаа эсэхийг хянаж, судалж байгаа аж. Үүнтэй холбоотойгоор манай улс ХӨСҮТ-д хоёр удаагийн эрсдэлийн үнэлгээ хийгээд буй. Тус үнэлгээгээр "дунд" эрсдэлтэй гэх дүгнэлт гарсан.  Иймд БНХАУ-д зорчиж ирсэн иргэд 7-28 хоногийн хугацаанд өөртөө амьсгалын дээд зам, уушгины хатгааны шинж тэмдэг илэрч байгаа эсэхэд хяналт тавих шаардлагатай талаар ХӨСҮТ-өөс мэдээлээд байгаа юм.

Томуугийн тархалт АНХААРУУЛАХ түвшинд хүрлээХӨСҮТ-ийн ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Байгалмаа

БНХАУ-ын бага насны хүүхдүүдийн дунд уушгины хатгааны өвчлөл нэмэгдээд байна. Энэхүү уушгины хатгаа нь нянгаар үүсгэгддэг бөгөөд 0-5 насны хүүхдүүд халдвар авбал хүндэрч, эмнэлэгт хэвтэх эрсдэлтэй. Тэр утгаараа дэлхийн улс орнууд бага насны хүүхдүүдийн дунд өвчлөл нэмэгдэж байгаа эсэхийг хянаж, судалж байна.

Нярай хүүхдүүд уушгины хатгалгаагаар хүндрэх эрсдэл ажиглагдаж байна. Мөн суурь, хавсарсан эмгэгтэй буюу тархины саажилт, зүрхний гажиг, цус багадалттай бага насны хүүхдүүд хүндрэх эрсдэл өндөр байгаа аж. Мөн яаралтай тусламжийн тасгийн ачаалал 20 орчим хувиар нэмэгджээ

Томуугийн улирал арванхоёрдугаар сарын сүүл, нэгдүгээр сарын дунд орчим хүртэл нэлээд өндөр хувьтай үргэлжлэх аж. Иймд нярай хүүхэд, ахмад настай хүмүүс болон гэр бүлийн гишүүддээ томуугийн халдвар тараахгүй байх нь чухал гэдгийг ХӨСҮТ-өөс зөвлөж буй.

Коронавирусын халдвар хүн амын дунд өвчлөл үүсгээд байна

Томуугийн өвчлөлтэй зэрэгцэн коронавируст халдвар хүн амын дунд өвчлөл үүсгэсэн хэвээр байгаа аж. Тухайлбал Хятад болон Солонгос улсад томуу, явдаг хатгаа, коронавируст халдвар өргөн тархалттай байна. Харин манай улсад ХӨСҮТ-ийн Тандалтын албаны мэдээллээр гадаад орчилд томуугийн А хүрээний вирус (H3N2), SARS-CoV-2 вирус зэрэг олон төрлийн вирус идэвхтэй байгаа аж.

Халдвар авсан хүүхдүүдэд эмнэл зүйн шинж тэмдэг харилцан адилгүй илэрч байгаа тул эмчийн зөвлөгөөг заавал авах хэрэгтэйг анхааруулаад буй. Зарим хүүхдэд ханиад томуугийн шинжээр илэрч байхад зарим нь бөөлжиж, суулгаж, толгой нь өвдөх эмнэлзүйн шинж тэмдгүүд илэрч байгаа аж. Иймд олон нийтийн газраар явахдаа амны хаалт зүүж хүн хоорондын зайг баримтлан гараа угаахыг эмч нар зөвлөж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан