Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Малчдын 1.2 их наядын төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулна

Улсын Онцгой Комисс өнөөдөр Монголбанк болон арилжааны банкуудын төлөөлөлтэй малчдын зээлийн асуудлаар хуралдлаа. Үүгээр нийт 140,000 гаруй малчны 1.2 их наяд төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг зургаадугаар сар хүртэл хойшлуулахаар зөвшилцөлд хүрчээ. 

Мөн үеэр Шадар сайд С.Амарсайхан: Өвөлжилтийн нөхцөл байдал нийт нутгаар амаргүй байна. 260 орчим сум төмөр, цасан зудтай байна. Цас зуданд гэр орон нь дарагдчихсан байдалтай байна. Дулаан байлгах гээд таван ханатай гэртээ таван хошуу малаа оруулчихсан байна. Ийм хүнд нөхцөл байдал дунд байгаа малчид банкны зээлийн төлөлтийг хойшлуулах арга хэмжээ авч, боломжтой бол зээлийн хүү дээр дэмжлэг, туслалцаа үзүүлэх боломж байна уу гэсэн санал тавьж байна. Энэ асуудал дээр  Монголбанк болон арилжааны банкуудын төлөөлөлтэй хамтарч ярилцаад, санал солилцох гэж байна. Таван хошуу малынхаа хувь заяатай холбоотой асуудал дээр боломж, боломжоороо хүч, нөөцөө дайчилж ард нь гарах хэрэгтэй байна.

Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: 2023 оны байдлаар банкны системээс олгосон зээл 27.1 ихнаяд төгрөг. Тэрний малчдын авсан зээл нь 1.2 их наяд төгрөг байна. Нийт 12 банк үйл ажиллагаа явуулдгаас тав нь л малчдад зээл олгож байна. Тэрний 618 тэрбум төгрөг нь Төрийн банк, 585 тэрбум буюу нийт зээлийн 48 хувь Хаан банкнаас гарсан байна. Капитрон, Голомт, Чингис хаан гэх гурван банкнаас нэг хувь нь зээл авсан байна. Зээлийн жигнэсэн дундаж хүү нь 20 хувьтай, авсан хугацааны дундаж нь 17 хувьтай байна. Хөвсгөл, Архангай, Төв аймагт илүү өндөр байна. Мал аж, ахуйн салбар ХАА-н салбараа тодорхойлдог. 2023 онд энэ салбар уналттай гарсан. 2024 онд малын зүй бус хорогдол гарахаар салбарын хувьд төвөгтэй асуудал үүснэ. Тиймээс төв банкны хувьд бодлогын дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаа. 

Хаан банкны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа: Нийт 81 мянга 164 малчин өрхийн зээл манай дээр байгаа. Өнгөрсөн оноос эхлээд өвөлжилт хүндэрсэн. Тиймээс нэгдүгээр сараас эхлээд малчидтайгаа хамтарч ажилласан. Өвөлжилт нь хүндэрсэн бүс нутгийн малчдын зээлийн хугацааг сунгаад явж байгаа. Тэгэхээр малчдын хүсэлт биелэгдэж байна. Зарим тохиолдолд хүүг нь хойшлуулаад явж байгаа. Эдгээр малчид даатгалтай байгаа. Нийт 159.4 тэрбум төгрөгийн малчны зээл даатгагдсан байгаа. Малчны зээл 12, 24 сарын хугацаатай хоёр төрлийн зээл байгаа. Энэ хугацаанд малчны зээлийг зогсоогоогүй байгаа. Зээлийн дээд хэмжээ нь 30 сая төгрөг байгаа. 

Төрийн банкны гүйцэтгэх захирлаар Ө.Гантөр: Төрийн банкны хувьд нийт зээлийн 25-30 хувийг малчны зээлийн багцын эзэлж байгаа. 60 мянган иргэнд 680 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Хүүний хувьд, 21.8-24 хувь. Ихдээ 50 сая төгрөгийн зээлийн 30 хүртэлх сарын хугацаатай олгож байна. Оны өмнөөс цаг агаарын нөхцөл байдлын мэдээллийг сумдуудаас аваад, зээлийн хугацааг сунгах ажлыг хэрэгжүүлж байна. 

Малчид харьяа орон нутгийнхаа Хаан банк болон Төрийн банкны салбарт хүсэлтээ цахимаар гаргаж, шийдүүлэх боломжтой юм. Мөн энэ үеэр “Үндэсний давхар даатгал” ХК-ийн зүгээс “Энэ оны 9-10 дугаар сарын хооронд малчдын даатгуулсан малын индексжүүлсэн даатгалын нөхөн төлбөрийг олгоно. Энэ оны гуравдугаар улирал хүртэл малчдын зээл төлөлт хойшлогдвол тэр үеэр бид даатгалын нөхөн төлбөр олгож таарах учраас эргээд малчид банкны зээл төлөлтөө хийхээр илүү дөхөм болно” гэлээ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан