Монголын залуучуудын холбооноос санаачлан өрнүүлж буй “Паркаа аваръя” хөдөлгөөний хүрээнд өчигдөр Төрийн ордны “Иргэний танхим”-д нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр Хүүхэд залуучуудын соёл амралтын хүрээлэнгийн орчим газар эзэмшдэг “Сөүл” “Бодь”, “Мон-Уран”, “MCS” компанийн төлөөлөгчид, НИТХ-ын дарга Д.Баттулга нар оролцсон юм.
Энд цугларагсад хүүхэд залуучуудын амарч тухлах паркийн өнөөгийн байдал, маргаантай байгаа газрын талаар харилцан мэдээлэл хийж ярилцсан юм. Монголын залуучуудын холбоо “Паркаа аваръя” хөдөлгөөн өрнүүлж эхэлмэгцээ Хүүхэд залуучуудын соёл амралтын хүрээлэнгийн газраас авсан гэж нэр холбогдсон нэр бүхий компаниудад бичиг илгээж хэзээ, ямар, хэнээс авсан зөвшөөрлөөр тухайн газрыг эзэмшиж буйг тодруулах гэсэн боловч аль нь ч хариу өгөөгүй байна. Мөн Залуучуудын холбооноос “МаК” компанийг хүүхдийн соёл амралтын хүрээлэнд газар эзэмшдэг хэмээх мэдээллийн дагуу албан бичиг явуулахад “Ямар ч газар эзэмшдэггүй “ гэсэн бичиг ирүүлжээ. Тус хэлэлцүүлгийн үеэр Монголын залуучуудын холбооныхон ирсэн зочид төлөөлөгчдөөс, ялангуяа тэр орчимд газар эзэмшдэг аж ахуйн нэгжийн төлөөлөл, удирдлагуудаас “Хүүхэд залуучуудад зориулсан талбайг хэн, хэзээ, яагаад, бизнесийн байгууллагад өгөв?, Газар эзэмших гэрээнд хүүхэд залуусын өмнө хүлээх үүрэг тусгасан уу?, Хүүхдийн паркаас газар эзэмшигч та хүүхдэд зориулсан талбайд бизнес эрхэлж байгаадаа ичдэг үү? Энэ паркад тоглож үзсэн сайхан дурсамж танд байдаг уу? Та өнөөгийн паркийн газрын бодит байдалд сэтгэл хангалуун байдаг юм шиг байна, тийм үү?, Та паркийн ирээдүйг цаашид хэрхэн төсөөлж байна?, Энгийн айлын хүүхэд паркт тоглож чаддаг уу?, Та газраа чөлөөлж өгч чадах уу? зэрэг хэд хэдэн асуултад хариулт авсан юм.
Энэ ярилцлагад “Мон-Уран” компанийн захирал, УИХ-ын гишүүн оролцож дээрх асуудлуудтай холбоотой сэдвээр хариулт өгсөн нь олны анхаарлыг хамгийн ихээр татсан юм.
-Та хүүхэдтэй юу?
-Тийм ээ. Би гурван хүүтэй.
-Тэгвэл та хүүхдийн паркад багтаж ядан тоглож байгаа хүүхдүүдийг хараад өрөвддөггүй юм уу. Газраа чөлөөлж чадах уу?
-Би чөлөөлж өгч чадна. Гэхдээ хуулийн хүрээнд. Үүнд, үүсэх асуудал байхгүй. Надад хэцүү биш. Хамгийн гол нь, “Голомт”-ийн н.Баясгалан энэ асуудалд нэгдэж тухайн эзэмшиж буй газраа ч гэсэн чөлөөлж өгөх хэрэгтэй байх .
-Та хэдэн га газар эзэмшдэг юм бэ?
-Нэг га.
-Ашиглаад хэдэн жил болж байна. Ямар зориулалтаар ашигладаг вэ?
-Манай компанийн албан байр байдаг.
-Та нарыг оффисын чиглэлээр барьсан барилгаа орхиод нүүсэн гэсэн яриа байдаг?
-Андуурч байна. Манай оффис одоо хүртэл тэнд байгаа.
-Та газраа хуулийн дагуу чөлөөлж өгөхөд бэлэн гэлээ. Паркийн ирээдүйг хэрхэн төсөөлж байна?
-Хүүхдийн паркаар ороод явж байхад тоглоомон дээр суугаад тоглох мөнгөгүй, мөхөөлдөс идээд сууж байгаа олон хүүхэд байдаг. Тэднийг үнэгүй тоглуулах боломж бидэнд бий. “Мон-Уран” компани газрыг нь авчихаад юу ч хийхгүй байна хэмээн шүүмжилж, бизнесийнхэн хэмээн муу муухай хүмүүс мэтээр ярих юм. Паркийг дэлхийн хэмжээнд тоног төхөөрөмжөөр хангаж, ойрын 10 жилдээ хүүхэд багачуудаа үнэгүй тоглуулах боломж бидэнд бий. Тиймээс зөвхөн манай компани бус газар эзэмшиж байгаа компаниуд ч нийлээд бүтээн байгуулж болно шүү дээ. Ингэвэл л чухал байх. Энэ талаар бодоогүй биш бодож л явдаг. Манай цалингийн доод хэмжээ хэд билээ. Авсан цалингаараа ганцхан өдөр хүүхдүүдээ хагас дутуу тоглуулж буй эцэг эх олон байна.
-Та арваад жилийн өмнө хүүхдийн паркийн газрыг авч байхдаа одоогийнх шиг хүүхдүүдэд зориулсан бүтээн байгуулалт хийх юмсан гэж бодож байв уу?
-Уучлаарай. Тухайн үед тийм бодол байсангүй. Алдаа гаргадаггүй хүн гэж байдаггүй шүү дээ. Тиймээс одоо бусад эзэмшигч компаниуд нэгдээд “Паркаа аврах” хөдөлгөөн өрнүүлбэл би 100 хувь дэмжинэ. Гэхдээ бүх зүйл хуулийн хүрээнд байх ёстой хэмээн хэлсэн юм.
Ийнхүү түүнийг ярьсны дараагаар УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Ганбат “Монголын залуучуудын холбооноос хэрэгжүүлж байгаа ажлыг хувь хүнийхээ хувьд дэмжиж байна.
Манай Б.Наранхүү хүүхдүүдийнхээ ирээдүйг харсан сайхан зүйл бодож, төсөөлж явдагт нь баярлалаа. Хүүхдийн соёл амралтын хүрээлэнд газар эзэмшдэг компаниуд ч гэсэн Монголын ирээдүй болсон хүүхдүүдийнхээ төлөө нэгдэнэ гэдэгт итгэж байна” гэв. Ямартай ч, нэг га газрыг нь эзэмшиж буй “Мон –Уран” компани хуулийн хүрээнд бусад компаниудтайгаа нэгдэж, газраа чөлөөлж өгөх юм байна гэлээ.