Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан болж байна.

Тус хуралдааныг Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Н.Учрал удирдан явууллаа.

Монгол Улсад хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хамгааллын асуудал хурц байна.  

Төрөлт буурч, эх хүүхдийн эндэгдэл өссөн, цахим дарамт, хүчирхийлэл, зам тээврийн ослоор хүүхэд хохирох тохиолдол нэмэгдэж буйг Ерөнхий сайд анхааруулав.

Хүүхдэд ээлтэй орчин, хөгжлийн орон зай дутмаг байгааг онцолж, Улаанбаатар хотод “Хүүхдийн ордон-2” байгуулахаа зарлалаа. Сүхбаатарын талбайн баруун тал, Улаанбаатар хотын захиргааны байрыг “Хүүхэд хөгжлийн ордон” болгож, “Хүүхдийн төлөө” сангийн долоон тэрбум төгрөгөөр засварлана.

Монголын “Хүүхдийн ордон-2”-ын өдөр тутмын үйл ажиллагааг Монголын Хүүхдийн ордны захиргаа хариуцна. Энэхүү ордонд шинжлэх ухаан, гадаад хэл, урлаг, соёл, технологи, инновацын  бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, мэдлэг, чадварт суралцаж, дэлхийн Монгол хүнийг бэлтгэх орон зайг нээнэ.

Ерөнхий сайд хүүхдийн төлөө зөвхөн “За” гэж хэлэх бус бодит ажил хийх шаардлагатайг онцолж, хүүхдүүдээ хүчирхийлэл, боловсролын ялгаа, цахим дарамтаас чөлөөлөхийг уриаллаа. 

Үндэсний компаниуд, баялаг бүтээгчдээ нийгмийн хариуцлагынхаа дагуу сайн үйлс өрнүүлж, ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ОРДОНД сургалтын өрөө танхим тохижуулж, өөрсдийн нэрэмжит болгож, хүүхдийн сурах орчныг бүрдүүлэхэд оролцохыг Ерөнхий сайд урилаа. 

Зуны цагт сургууль, төрийн байгууллагын урлаг, спорт заалуудыг хүүхдүүдэд чөлөөлж өгөх, мөн цэцэрлэгийн хүүхдийн эрт илрүүлэг зохион байгуулахаар боллоо. Хүүхдийн “Хараацай” зусланг засаж сайжруулахад дэмжлэг үзүүлнэ гэлээ.

Хосууд хүүхэд төрүүлэх хүсэл сонирхол буурч байгаа нэг том шалтгаан нь хүүхэд өсөж хөгжих орчин нөхцөл муу байгаагаас болж байна. Сүүлийн жилүүдэд төрөлт буурч, эх, хүүхдийн эндэгдэл өсөж байна. 2025 онд 53,716 эх амаржсан нь өмнөх оныхоос 3,600-аар цөөн байна. Өсвөр насны охидын төрөлт Номхон далайн бүсийн дунджаас 12.5 хувиар өндөр байна. 

Эрт илрүүлгээр монгол хүүхдүүдийн дийлэнх нь шүдний өвчлөл, харааны өөрчлөлттэй, жингийн илүүдэл, хөдөлгөөний дутагдал нэмэгдсээр байна. Хүүхдийн эрх цахим орчинд зөрчигдөж, дарамт, гадуурхал, үе тэнгийн дээрэлхэлтэд өртөж хохирч байна. Охидын жирэмслэлт, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, тэвчишгүй хөдөлмөр өсөж, нэг жилд 50 гаруй хүүхэд зам, тээврийн ослоор амиа алдаж байна. Тус хуралдаанаар үндэсний зөвлөлийн 2025, 2026 онд баталсан шийдвэр, ажлын үр дүнг дүгнэн хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүүхдийн эрх, хамгааллын ажлын өнөөгийн байдлыг хэлэлцлээ. 

Боловсролын сайд Л.Энх-Амгалан Боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын талаар илтгэл танилцуулж, Монгол Улсын Засгийн газраас “Нийгмийн сүлжээн дэх хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн төслийн үзэл баримтлалыг баталж, Улсын Их Хуралд өргөн барихаар ажиллаж байна гэв. Мөн “Үе тэнгийн дээрэлхлийн эсрэг хөтөлбөр”-үүд хэрэгжүүлж сургалтын байгууллага, гэр бүл болон нийгмийн бусад орчин дахь хүүхэд хамгааллын чиглэлээр урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, хариу арга хэмжээ авах, нөхөн сэргээх ажлуудыг хийнэ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран нийслэлийн сургуулиудын орчныг бүрэн камержуулах ажлыг хоёр жилийн хугацаанд бүрэн хийж дуусгахаар ажиллаж байгаа гэв.

Монгол Улс 1.311.769 хүүхэдтэй. Энэ нь нийт хүн амын 36,2 хувийг эзэлж байна. 

Нийтэлсэн: Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан