
Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “ Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах” төслийн захирал Б.Идэр, Нийгмийн хамгааллын бодлогын Дотоод аудит хариуцсан шинжээч П.Батжаргал нараар ахлуулсан ажлын хэсэг Завхан аймагт ажиллаж байна.
Ажлын хэсэг Улиастай хотод баригдаж буй Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв, Тосонцэнгэл хотод баригдаж буй Хүний хөгжлийн ордны барилгын гүйцэтгэлд хяналт хийх, баталгаажуулах, ажлын тоо хэмжээ, барилга угсралтын ажлын техникийн бичиг баримтыг шалгаж, харьяа байгууллагуудад ажиллаж байна.
Аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр тус ажлын хэсгийн хамтаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвийн барилгын гүйцэтгэлтэй танилцлаа.
Ажлын хэсэг энэ үеэр барилгын гүйцэтгэлтэй холбоотой зарим асуудлыг тодорхой болгох, шийдвэрлэх, орон нутгийн удирдлага, хариуцсан алба хаагчдад зөвлөмж өгч ажиллав.
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр энэ оны 4 дүгээр сард баригдаж эхэлсэн уг төвийн гүйцэтгэл өнөөдрийн байдлаар 40 хувьтай, барилгын өрлөг, сангийн болон агааржуулалтын холболтууд хийгдэж байна.

Нийт 2000 м2 талбайтай авто граж, зоорийн давхар бүхий 3 блокоос бүрдсэн 3 давхар уг барилга хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй, бүх тоног төхөөрөмжөөр хангагдсан тэргэнцрийн агуулахтай, бүх хэсэг брайль үсгээр тэмдэглэгдсэн сүүлийн үеийн дэвшилтэт технологи ашиглаж цонх, хаалга автомат удирдлагатай, дуут дохиотой, гадна доторх налуу замуудтай, хурлын болон сургалтын танхимтай, хүүхэд хөгжлийн болон тоглоомын өрөөтэй, лифттэй, кофе шоптой байна.
Мөн уулзалтын, ганцаарчилсан болон бүлгийн ярилцлагын, сэтгэл зүйн зөвлөгөөний, эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн өрөөтэй, тэргэнцэртэй иргэний хувцас солих тус бүрийн өрөөтэй.
Барилгын гүйцэтгэгчийн зүгээс хүйтрэхээс өмнө халаалтад холбож, өвлийн улиралд тасралтгүй ажиллаж, ирэх оны 6 дугаар сард тус төвийг ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаагаа танилцуулав.




















