“Автобус 1” ТӨХК-ийн ажилчид өглөө ажилдаа гарсангүй. Учир нь, удирдлагуудынх нь тавьж буй шаардлага, дарам, шахалт нь хэрээс хэтэрсэн тул ийнхүү тэвчээр нь алдран ажлаа хаясан гэдгээ ННТГ-т мэдэгджээ. Энэ мэдээллийн дагуу 11 цагийн үед тус компани дээр очиход жолооч, кондукторууд нь үйлчилдэг чиглэл, чиглэлээрээ бөөгнөрөн өөрсдийг нь хэрхэн яаж дарамталдаг, шинэ даргын увайгүй үйлдэл, цалин хангамж амьдрал ахуйд нь хүрэлцэхгүй байгаа тухай ярьцгааж байв. Нэрээ хэлэхийг хүсээгүй кондуктор ”Сүүлийн үед манай кондуктор, жолооч нар цалингаа бүтэн авахаа байсан. Нэг бол төлөвлөгөө биелүүлээгүй эсвэл буудлаа зарлаж ориллоо гээд цалингийн 20 хувиар торгодог. Үнэндээ нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа хүмүүсийн 80 хувь нь хөнгөлөлттэй зорчдог ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд эсвэл оюутан залуус байдаг.
Үлдсэн 20 хувь нь л мөнгөө төлдөг болохоор төлөвлөгөө нормоо биелүүлнэ гэдэг хэцүү байдаг. Яагаад гэвэл, нэг талдаа бүтэн ирчихээд буцахдаа хоосон ирэх үе байдаг.
Нөгөөтэйгүүр, зарим хүн чиглэл асуухаар нь тийшээ явна гээд хэлж байгаад нийтийн тээврийнхэнд харагдвал чи буудал зарласан байна гээд торгодог. Заримдаа гэнэтийн шалгалт гээд шалгахдаа хармаа уутлан шалдлах нь энүүхэнд. Эмэгтэй хүний хармаанаас юу ч гарч болно шүү дээ” гэв. Харин жолооч Э-ийн хувьд “Цагт ойролцоогоор нэг рейс хийж төлөвлөгөөгөө биелүүлэх ёстой. Гэтэл манай компанийн хувьд Баянхошуу, Сонсголон, Нисэх, Зайсан, Нарангийн гол, Өлзийт гээд холын чиглэлд үйлчилдэг. Тэгэхээр замын түгжрэл ихтэй үед цагт нэг рейс хийж амждаггүй. Цагтаа амжиж, нормоо биелүүлэн цалингаа бүтэн авахын тулд хурд хэтрүүлнэ. Нөгөөтэйгүүр, өглөө таван цагт ажилдаа ирээд орой тавдаа бууж байхад явж ирснээр нь цалин бодож байгаа нь хүний хөдөлмөрийг үнэлдэггүй буруу шийдвэр. Одоо 120 гаруй автобус сул зогсолт хийж, 400 гаруй кондуктор, жолооч ажлаа хаясан. Бид удирдлагууддаа нэг цагийн орлогын даалгавар /төлөвлөгөө/ өндөр байгааг хасах, цалин нэмэх, хөдөлгөөний сахилга батын хариуцлага тооцохдоо давхардуулан арга хэмжээ авч байгааг болиулах, жолоочийн гэнэтийн ослын даатгалд хамрагддаг ч үр дүн муу байгаа нь захирал Г.Төмөрбаатартай холбоотой учраас ажлаас нь огцруулахыг шаардаж байна” гэлээ. Харин биднийг тус компанийн хурлын зааланд очиход хаалттай хуралдаж байсан бөгөөд хэвлэлийнхнийг оруулахгүй гэж хүч нэмэгдүүлэн хамгаалалтын ажилтныхаа тоог нэмсэн байв.
Байдлыг ажиглан хурлаас ямар шийдвэр гарахыг хүлээж буй жолооч, кондуктор нар “ННТГ болон манай үйлдвэрчний эвлэлийн хүмүүс удирдлагуудтай зөвшилцөх гээд хуралд орсон. Манайхаас нэг ч хүн өглөө ажилдаа гараагүй. Бүгд хурлаас ямар шийдвэр гарахыг нь хүлээж гадаа зогсч байна. Ер нь, манайд төлөвлөгөө нормоо биелүүлээгүй нэрээр цалингийн 20 хувьдуулаагүй хүн бараг байхгүй. 300 төгрөг дутуу эсвэл илүү байна гэвэл хувьдуулна. Билет, мөнгө хоёр яг таарч байх ёстой гээд хувьддаг. Уг нь 800 төгрөгийн илүү, дутуу гарвал хувьдана гэдэг ч ачир дээрээ 100 төгрөг байвал хэл үггүй шууд л тодорхойлолт бич, цалингийн 20 хувиар торгоно гэдэг. Энэ мөнгө нь хаашаа ордог нь бүү мэд. Энэ талаараа ажилчдадаа тайлагнадаггүй. Бүх юм нууц байдаг” гэв. Харин нэлээн бухимдсан бололтой нэгэн кондуктор “Үр дүнгийн мөнгө гэж авдаг. Гэтэл цалингийн 20 хувьдуулбал үр дүнгийн шагнал байтугай шинэ жилийн үдэшлэгт ч орох эрхгүйгээр шийтгүүлдэг. Бас бидэнд тавьж өгдөг ажлын хувцас нь чанаргүй, амархан урагддаг. Цүнх нь бүр ч ярилтгүй. Г.Төмөрбаатар дарга байхгүй бол цалингаа цагтаа авна гэж горьдолтгүй. Хэзээ ирэхийг нь хүлээж хэдэн өдөр, цаг болдог. Гэтэл бид чинь ар гэртээ ядаж ганц талх, хүүхдэдээ цалин буусан гээд дэлгүүр хоршоо ороод кг чихэр, жимстэй оръё л доо. Ер нь шинээр ирсэн дарга бараг ажлаа хийдэггүй. Нэг бол гадаадад амарч байгаа эсвэл эмнэлэг, сувилалд хэвтсэн гэдэг. Өнөөдөр ч гэсэн байхгүй, асуухаар сувилалд хэвтсэн гэж байна” гэв. Ажлаа аваад жил гаруйн нүүр үзэж буй Төмөрбаатар дарга хаана байгааг захиргааных нь ажилтнаас тодруулахад “Дарга эмнэлэгт хэвтэж байгаа. Удахгүй ирнэ” хэмээв.
Ажилчдын хэлж буй гомдол хэр үндэслэлтэй болохыг тус компанийн эдийн засагч Б.Долгорсүрэнгээс тодрууллаа.
-Жолооч, кондуктор нарыг төлөвлөгөө норм биелүүлээгүй гэж хувьддаг. Тэр дундаа орлогын төлөвлөгөөг өндөр тавьдаг гэх юм?
-Орлогын төлөвлөгөөг саяхнаас л өндөр тавьсан. Чингис хааны төрсөн өдөр энэ сарын 14 гээд үр бүтээлийн аян зарлаж орлогын төлөвлөгөөг өндөр бичсэн. Ингээд амралтын өдөр болсон гээд зарлангуут би буулгана гэтэл кондуктор, жолооч нар ойлгоогүй юм шиг байна. Үүнээс болоод орлогын төлөвлөгөө өндөр байна гэсэн яриа гарсан байх.
-Ийм маягаар яваад дөрөв, таван жил болж байна гэж ажилчид хэлсэн шүү дээ?
-Тийм зүйл байхгүй.
-Гэхдээ өдөрт 7-8 цаг ажиллаж байхад дөрвөн цагаар л бодогдож цалин нь ордог юм биш үү?
- Ажлын өдрөөр нь тооцоод цалинг нь бодож өгдөг юм. Тэгээд ч саяхан манайх цалингаа нэмсэн.
-Цалин нэмэгдээгүй гэж ярьж байна?
-Өмнө нь орлогын төлөвлөгөөг өндөр бичихэд болоод л байсан. Зөвхөн нэг хүнд цалин өгөх гэж ажилладаггүй шүү дээ. Энэ байгууллагад чинь шатахуун, түлш, цалин, цахилгаан ,дулаан уур, хөнгөлөлт даатгал гэх мэт зөндөө зардал бий. Орлого төлөвлөгөө өндөр байна гээд кондуктор өндөр цалин авч чадахгүй гэдэг ташаа мэдээлэл. Харин ч манай компани ТӨХК гэдэг утгаараа 2011 оны аравдугаар сард цалинг 10, дөрөвдүгээр сард мөн нэмсэн. Жолоочийн үндсэн цалин 370 мянга, кондукторынх 293,000 төгрөг байгаа. Үүн дээрээ нэмээд урамшуулал, үр дүнгийн шагнал авдаг. Хоол унаа, шагнал урамшуулал ч авдаг шүү дээ.
-Ажлаасаа 30 минут хоцрох эсвэл тушаах ёстой орлогоосоо 100 төгрөг дутаах эсвэл илүү байвал тэр сарынх нь урамшууллыг нь байхгүй болгодог гэх юм?
-Тухайн программаараа л бодно. Тийм юм байхгүй. Би өнөөдөр яагаад ийм юм болчихов гээд гайхаад байна. Тэрнээс цаг, рейс, төлөвлөгөөрөө явдаг.
Энэ үед Том оврын автобус эрхлэгчдийн холбооны тэргүүн Ц.Пүрэвсамбуу уг хурлаас гарч ирэв. Тэрээр ”Жолооч, кондуктор нарын хувьд цалингаа нэмэгдүүлэх гэж ажил хаясан юм байна. Энэ нь олон жил яригдсан, шийдэх гээд чадаагүй нийтийн тээврийн салбарын хямрал. Ерөөсөө цалинг нь нэмдэггүй, урамшууллыг нь бүтнээр нь олгодоггүй, олон жил явсан хямралын эцсийн дүнд ажил хаялт болж. Нийтийн тээврийн талаархи бодлого, чиглэл буруу байснаас ийм байдал үүссэн. Өөрөөр хэлбэл, цаг, рейсийг ямар давтамжаар тавих уу гэдэг нь нийслэлийн өмчит энэ газарт нийслэлийн захиргаанаас чиглүүлдэг бодлого нь асар их дарамт болдог. Ажилчдынх нь төлөөллөөс хуралд суусан 16 төлөөлөгчийн хувьд даргаа өөрчилье. Цалин хөлсийг нь нэмэхгүй бол ажилдаа гарахгүй гэж байна. Ямартай ч, нийтийн тээврийн байгууллагаас хамгийн үйлчилгээ сайтай, боломжтой, менежменттэй гэгддэг эднийх ийм байхаар бусад нь ойлгомжтой. Ерөөсөө энэ салбарыг зах зээлд оруулалгүй 22 жил үнийг нь барьснаас ийм байдал үүслээ. Нийтийн тээврийн салбарт 25 аж ахуйн нэгж үйлчилгээ үзүүлдэг. Тэднээс гурав буюу Автобус 1,2, “Цахилгаан тээвэр” нийслэлийн өмчит юм шүү дээ” гэв.
Үдээс хойш тус компанийн жолоочтой утсаар холбогдоход “ Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр ирж асуудлыг шийдсэн. Хотын удирдлагууд цалин нэмнэ, орлогын төлөвлөгөөг бууруулна, нийгмийн халамжийн асуудлыг шийднэ гээд биднийг ажилдаа гар гэсэн. Ингээд үдээс хойш гарах ёстой ээлжнийхэн ажилдаа гараад байна” гэв. Хотын удирдлагуудын хувьд “Ийм нөхцөл байдал үүссэн нь цэвэр тухайн компанийн дотоод зохион байгуулалт, удирдлага ажилчдын үл ойлголцлоос үүдэлтэй гэж бид дүгнэж байна. Тэдний хүсэлтээр асуудлыг дор нь шийдвэрлэж болохгүй. Яагаад гэвэл, “Автобус 1” компани нь орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар учраас асуудлыг цогцоор нь үе шаттай шийдвэрлэх ёстой.Захирал Г.Төмөрбаатарт хариуцлага тооцно” гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.