Сүүлийн үед Монголын телевизүүдийн талаар хэвлэл, мэдээллээр их бичих боллоо. Энэ нь нэгд, УИХ-аар Хэвлэл, мэдээллийн Эрх чөлөөний тухай хуулийг хэлэлцэж байгаатай холбоотой байх. Телевиз бол өнөө орчин цагт мэдээллийн асар том түгээгч хэвээр байна. Түүнээс гадна хүмүүсийг сатааруулах том орон зай юм. Энэ нь энтертаймент талаас нь хэлж байгаа ухаантай. Нөгөө талаас телевиз бол бас мөнгө олж буй бизнесийн байгууллага. Бизнес эрхэлж байгаа бусдаас ялгах юмгүй, аж ахуйн нэгж шүү дээ. Ийм ийм талаас нь саяхан Д.Болдхуяг, А.Миеэгомбо нарын мэргэжлийн хүмүүс, сэтгүүлчийн мэдээллийн сайтуудад санал сэтгэгдлээ бичсэнд нэмэр болгон, үзэгч, иргэн хүний хувьд, мөн сэтгүүл зүйн тогооны хүний хувьд ч тэр Монголын телевизүүдийн өнөөгийн байдлын талаар санал бодлоо хуваалцаж байна.
Юуны өмнө тооноос эхэлье. Монголд өдгөө 40 гаруй телевиз үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнийг”ZDF”,”Deutsche Welle”, “ARD”, “ProSieben”, “RTL”, “Sat 1” гэх мэтээр хэдхэн тоймтой төв телевизтэй байдаг 80 гаруй сая хүн амтай Герман улстай харьцуулахад /энэ бол ганцхан жишээ шүү/ манайх шиг хүн ам цөөнтэй оронд дэндүү их гэдэг нь ойлгомжтой, Монголд яагаад ийм олон TV байгаа юм гэсэн асуулт гардаг. Үүнд манайхны зарим нь, зах зээлийн нийгэмд шилжсэн оронд хэд ч байсан яах вэ гэдэг. Гэтэл ийм олон (визуальный коммуникац) байхын ач холбогдол, үр дүн манайд төдий л гардаггүй. Үйл явдлын мэдээг нэгэн зэрэг, ялгагдалгүй адилхан давтдаг ийм олон телевиз тэгвэл яагаад оршин тогтноод байдаг вэ? гэсэн дараагийн асуулт гарч ирнэ. Нэгэнтээ л бизнесийн орчин юм чинь чөлөөт өрсөлдөөн энд яагаад байхгүй байна вэ?
Мэргэжлийн бид дээрх асуултад “Бүх телевизийн ард хэн нэгэн эрх мэдэлтэн байж, мөнгөөр угжиж суудаг учир манай телевизийн салбарт цэвэр, шударга өрсөлдөөн ерөөс явдаггүй” гэсэн ганцхан хариу өгдөг юм. Энэ нь хэр зөв, үнэн эсэхийг судлаач, мэргэжилтнүүд давхар үнэлж дүгнэж гаргана биз. Гэхдээ тогоон дотроо ярилцдаг байсан бидний яриа өнөөдөр нэгэнтээ ил болоод байна. Цагийн эрхээр ил болохоос ч яах билээ. Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний хуулийн төслийн ажлын хэсгийг ахлаж буй УИХ-ын гишүүн М.Батчимэг хэвлэл, мэдээллийн байгууллагын эздийг олон нийтэд ил болгоно гэж мэдэгдсэн. Хуулийн төслийн “шүүсийг шахаж” байгаа нь энэ юм байх. Төрийн зүгээс ингэж мэдэгдэж байгаа хэдий ч манай телевизүүдийн эзэд хэзээний ил тод шүү дээ. Жишээ нь,“TV-5”-ын эзэн нь саяхан УИХ-ын гишүүн болсон, МАН-ын нарийн бичгийн дарга Д.Сарангэрэл, “ТМ”-ийн эзэн нь Үнэт цаасны үйлдвэрийн захирал, АН-ын ҮЗХ-ны гишүүн Д.Түмэнжаргал (Энэ онд УИХ-ын сонгуульд Булган аймагт АН-аас нэр дэвшиж байсан), “SBN”-ын эзэн нь мөн л өмнө нь УИХ-ын гишүүн байсан, бизнес эрхлэгч, “Наран” группийн ТУЗ-ийн дарга С.Болдхэт, “UBS”-ын эзэн нь хөгжмийн зохиолч Ц.Балхжав (тэрээр МАН-ын засаглалын үед уг телевизийг нийслэлийн өмчөөс менежментийн гэрээгээр аваад буй) нар байгаа. “Эх орон” телевизийг УИХ-ын гишүүн Д.Батбаяр эхнэр, УГЖ Т.Баясгалангийн хамт эзэмшиж байсан , “TV-8”-ын эзэн нь сэтгүүлч С.Баярмөнх, эзэмшилд нь Г.Занданшатар зэрэг МАН-ын удирдах зарим хүн оролцдог (С.Баярмөнх нь ГХЯ-ны Дипломатад үйлчлэх газрын даргаар ажиллаж байсан), “MN-25”-ын эзэн нь УИХ-ын гишүүн асан З.Алтай, “NTV”-ын эзэд нь УИХ-ын гишүүн Г.Батхүү болон “АПУ”, “Шунхлай”-ийн захирлууд гэдэг. “ВТV” УИХ-ын гишүүн, нийслэлийн Засаг дарга байсан Ц.Батбаяр, “Монгол ТВ”-ийн эзэн “Гацуурт” ХХК-ийн ерөнхий захирал Чинбат, “С-1”гэхэд УИХ-ын гишүүн, ҮХХАА-н сайд Х.Баттулгын мэдэл байдаг гэдэг. Энэ бол албан болон албан бус эзэмшигч эзэд нь юм. Зарим телевизийн эзэмшил нэгээс нөгөөд шилжээд буй. Ингэхдээ чанарын ялгаагүй, хэн нэгэн улстөрч юмуу, улс төр болон төр, засагт алба хашиж байсан хүмүүст очдог. Жишээ нь, “Шинэ Дэлхий” хэмээх шинэ телевизийн эзэмшил УИХ-ын гишүүн, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан У.Хүрэлсүхээс УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт шилжээд буй. “Ийгл”, “Боловсрол” зэрэг телевизүүд “Бодь” группийн мэдэлд өөрөө медиагрупп болоод буй.
Дээрх жишээнээс харахад манай телевизүүдийн эзэд болон эзэмшлийн 90 гаруй хувь нь улстөрчдийн багаас бүрдсэн байгаа биз. Тэгэхээр телевизүүд улстөрөөс ангид байж чадсангүй. Шулуухан хэлэхэд улстөрчид өөрсдийн “олсон” сул мөнгөөр эзэмшилдээ байгаа телевизээ угжаад байдаг учир Монголын телевизүүд сөнөдөг ч үгүй, дээшилж дэвждэг ч үгүй, тэдний хооронд бизнесийн болон уран бүтээлийн цэвэр, шударга өрсөлдөөн байхгүй, бахь байдгаараа байгаад байдаг нь бодит үнэн юм. Тэгвэл улстөрчид яах гэж энэ мэтээр өөрийн гэсэн нэг нэг телевиз байгуулдаг юм гэсэн дараагийн асуулт гарч ирдэг. Өөрсдийн үзэл бодлоос илүү эрх ашгаа илэрхийлэн түгээх, лобби бүлэглэлээ хамгаалж, үгүй ядах нь ээ бусад руу довтлох хэрэгсэл болгон ашиглах гэж TV байгуулдаг гэхэд хилсдэхгүй. Энд мөн улстөрчид мөнгө бэл, эрх мэдэлтэй болж, нийгэмд өөрийн байр суурьтай шүү гэдгээ үзүүлэх гэсэн имиж давхар явдгийг нуух юун. Тэд өөрсдийн эзэмшлийн мэдээллийн хэрэгслээрээ эрх ашгаа илэрхийлэхдээ мэдээж ил тод улаан цайм “орилоод” байдаггүй нь ойлгомжтой. Олон нийт, иргэдийн нэгээхэн хэсгийн толгойг эргүүлэх, тархийг угаах замаар үүнийгээ гүйцэлдүүлдэг. Жишээ нь, сэхээтнүүдэд ингээд нэг ойлгуулчих юмсан, гэр хорооллынхонд ингээд нэг хүргэчих юмсан гэсэн санаа бүхий ухамсрын радиусаар цацдаг. Тиймээс ч манай телевизүүдийн мэдээллийн цаг, улстөр нь их байдаг. Түүнийгээ дахин давтаад байдаг нь энэ. Эндээс дүгнэж үзэхэд манай телевизүүдийн дийлэнх нь сэтгүүл зүйн хувьд бие даасан, чөлөөт бус, хараат байдалд байна. Санхүүгийн хувьд зах зээлд амьдрах чадвар нь хэн нэгний мөнгөнөөс хамааралтай нөхцөлд байдаг гэсэн үг. Тэгэхээр бусадтайгаа яаж өрсөлдөх вэ дээ. Одоо нэг нэгнээсээ огт ялгагдаггүй манай телевизүүдийн өөр өөрсдийн “онцлог”, өнөөгийн байдлыг өгүүлье.
“SBN”-технологийн хувьд дунд зэрэг ч гэсэн өглөөний, амралтын зэрэг зарим нэвтрүүлэг, хөтөлбөрүүд нь амьд, зарим телевизүүд шиг савангийн дуурь болон гаднаас хямдаар импортолсон нэвтрүүлэг, “косметик” хуулбарууд болон савангийн дуурь мэтийн кинонууд үзүүлээд байдаггүй. Өөрийн гэсэн өнгө төрхийг бүдрүүлэхийн хичээж буйTV.
“TV-8”-Монголын төвийн телевизүүдээс хамгийн муу буюу хоцрогдсон техник, технологитой телевиз гэж хэлж болно. Нэвтрүүлэг, уран бүтээлийн хувьд ч ялгаагүй. Ихэнх цагтаа чат, зар явуулдаг. Орой үдэш зарим Солонгос, Хятад кино нь орчуулгагүй тууж явах нь ч бий. Хэдийгээр эзэн нь сэтгүүлч гэсэн ч тус TV нэг ёсондоо Монголын хамгийн муу үзүүлэлттэй, халтуур маягийн телевиз болсон. Алдаг оног нэвтрүүлэг, хөтөлбөрүүдээс нь залхсан үзэгчид эдгээрээс нь ганцхан “Шөнийн толь”-ийг л үзэх гэж сувгаа тааруулдаг байх.
“MN-25”-Монголын хамгийн анхны бие даасан, чөлөөт телевиз гэдэг нь яах аргагүй үнэн. Гэхдээ л анхных гэдэг тэр хэмжээгээр нэвтрүүлэг, хөтөлбөр болон техникийн чанар нь удаж, муудаж байгаа. Нэвтрүүлгүүд нь сүүлд гарч ирсэн бусад телевизүүддээ цохигдож, нэг хэвийн болсон. Хэдийгээр бие даасан, чөлөөт гэгддэг боловч сонгууль бүрээр өөрийн телевизээс УИХ-д сонгогдсон болон нэр дэвшсэн хүмүүсээ цаг хайрлахгүй, сайн сурталчилдаг. Энэ ч яахав, хувийнх болохоор мэдээж. Олон жилийн өмнөх онц ноцтой гэмт хэргийн талаарх өөрсдийн жүжиглэчилсэн сериал зэрэг өөрийн автор бүхий нэвтрүүлгүүдтэй. Урлаг, соёлын нэвтрүүлгүүд түлхүү цагийг эзэлдэг сайн талтай. /Энэ нь тэнд хөгжмийн зохиолч Ч.Энхбазар зэрэг мэргэжлийн хүмүүс ажилладагтай холбоотой байх/.
“Монгол ТВ”-байгуулагдаад удаагүй байгааг хэлэх үү, техник, технологийн хувьд Монголдоо тэргүүлж буй. HD технологиос гадна бичлэгийн нисдэг аппарат бүхий камер эх орондоо туршсан боловч төрийн зүгээс элдэв саад хийгээд хориглочихсон. Программын цаг нь бага ч урлаг болон танин мэдэхүйн нэвтрүүлэг ихтэй. Гадаадын кинонуудыг албан ёсны зөвшөөрөлтэй үзүүлдгээрээ сэтгүүл зүйн болон бизнесийн ёс зүйг баримталдаг, үүнийг Монголд дэлгэрүүлж байгаагаараа дэвшилтэт телевиз. Энэ нь нэг талаар тус телевизийн хөрөнгө сайтай, шинэчилж юм хийе гэсэн эзэмшилтэй холбоотой байх.
“ТМ”-“Танин мэдэхүйн” телевиз гэсэн нэртэй боловч энэ үүргээ хангалтгүй биелүүлдэг. Хурдан морины уралдааныг өвөл, зунгүй, бүс нутгийн уралдааныг хүртэл алгасалгүй үзүүлдэг нь энэ телевизийн эзэн өөрөө морь уядаг, Морин уяачдын холбооны тэргүүлэгч болохоор тэр байх. Гадны нэвтрүүлгүүдийг импортлох нь их.
С-1-Техник, технологи, өгөгдлийн хувьд өөрийн гэсэн шинэчлэл хийсэн нь менежентийн багт нь гадаадын мэргэжилтэн ажилладгийн давуу тал. Монголын баримтат кино их гаргадаг. МҮОНТВ-ын архиваас баримтат болон уран сайхны кинонууд их авсан гэдэг. Харин худалдаж уу, яаж авсан нь тодорхойгүй. Амьд шоу нэвтрүүлэг, хөтөлбөр сайн. Адилхан олон телевизүүдийн мэдээллийн хөтөлбөрийг нэгтгэж мэдээллийн дайджест болгон фокус хэлбэрээр үзүүлдэг нь илүү, онцлогтой.
“Ийгл”-Сэтгүүлч сурвалжлагч, техникийн ажилтнууд нь уран бүтээлч, дайчин шаргуу, тэрийгээ үе дамжуулан алдалгүйгээр яваа, Монголын сэтгүүл зүйд олон сайн чадварлаг, бие даасан сэтгүүлчдийг төрүүлсан. Мэдээллээр дагнадаг учир үйл явдлыг газар дээрэс нь ямар ч цензургүйгээр шууд дамжуулаг гэсэн өөрийн давуу талуудтай. Энэ менежмент нь өмнөх эзэд болох америкчуудаас үлдсэн. АНУ-ын тал эзэмшлээ монголчуудад худалдаад явснаас хойш “Христийн телевиз” гэж чичлүүлдэг байсан ганц эерэг бус нэрээсээ салж байгаа. Гэхдээ гадны шашны цаг хөтөлбөрт нь тодорхой хэмжээгээр үлдсэнийг худалдаа сайн хийгээгүйтэй холбож болох байх.
“ТВ-9” -Анх бурхных байгаад Н.Энхбаярынх гэх болсон нь хийж буй нэвтрүүлэг, тэнд ажиллаж байгаа уран бүтээлчдийн хандлага гэхээсээ илүүтэй өмчлөлтэй холбоотойгоор ингэж цоллуулахад хүрсэн. Хэдийгээр нэг намын, нэг хүчний дуу хоолой болдог ч орон нутагт, аймаг бүрт шахам өөрийн сурвалжлагч бүхий сүлжээтэй, уул уурхайн салбараар буюу эрдэс баялаг маань хэрхэн ашиглагдаж байгаа сэдвээр дагнадаг, үүгээрээ өөрийн гэсэн имижтэй болсон. Спортын хөтөлбөр, бөхийн барилдааныг шууд дамжуулдаг зэргийг эс тооцвол зугаа цэнгэл, шоу хөтөлбөр, урлаг, танин мэдэхүйн нэвтрүүлэг тун бага. Ихэнх цагаа улстөр, уул уурхай, Оюутолгойг тойрсон сэдэвт хандуулдаг учир аргагүй гэлтэй.
“UBS”-Нэг үе бараг ОСГ-ны хорооны ажлыг хүртэл сурталчлан үзүүлдэг байсан тус телевиз нийслэлийн өмчлөл дэх нийтлэл, нэвтрүүлгээсээ одоо хэр нь бас салаагүй л байгаа. Уг нь хуучин Телевизийн баримтат киноны студи байгаад дараа нь “Өлзий” төв болж өргөжин салж бие даасан телевиз болох хөгжлийн явцад “UBS” өөрийн гэсэн уран бүтээлчдийн том, чадварлаг баг, техникийн өргөн бүрэлдэхүүнтэй болсон.
МҮОНТВ-Улс орон даяар цацагддаг давуу байдлаа бусад TV-үүдэд алдсан ч хөдөө, хотгүй ганцхан мэдээллийн “Цагийн хүрд” хөтөлбөрийг нь үздэг. Гэхдээ сүүлийн жилд эх хэлний “Тунгаамал”, “Залуу зохион бүтээгч” зэрэг танин мэдэхүйн болон “Нэг минут, нэг сая”, “Ney hey” зэрэг хөгжөөнт нэвтрүүлгүүд ихтэй болж, олон нийтийн телевизийн гэх гэгээрүүлэх болон цэнгээний үүргээ биелүүлж эхэлж байгаа. Мэргэжлийн хүмүүс сүүлийн үед тус телевизээс олноор “үйлдвэрлэн” гаргаж байгаа баримтат болон дотоодын уран сайхны кинонуудад “Уран бүтээлийн хямд- хэлбэр бүтээлүүдэд үзэгчдийн мөнгө их үрэгдэж байна” хэмээн шүүмжлэлтэй хандаж байгаа.
Монголын телевизүүдийн байдал иймэрхүү байна. Телевизүүдийн үзэгчдэд таалагддаггүй нэг нийтлэг зүйл нь “Киноны дундуур реклам гараад байна уу, эсвэл рекламны дундуур кино үзээд байна уу” гэдэг шүүмж юм. Зарим телевиз бүр 2-3 рекламыг хэн ингэж их мөнгө зарцуулна вэ гэж бодогдон залхтал давтан үзүүлдэг нь бас л нөгөө нэг эзний хараат байдалтай холбоотой. Зар сурталчилгаанд нь ямар ч цензур, хяналт, хязгаар байдаггүй. Хууль эрхзүйн талд ч тэр...Тиймээс хөөрхий үзэгч сувгаа ээлжлэн тааруулж сууна.
Эндээс дүгнэлт хийхэд ТВ-9 телевизийн орон нутгаас бэлтгэдэг инфо мэдээлэл, ТВ-8-ын шөнийн толь, MN-25-ын урлаг, киноны хэдэн хуучин нэвтрүүлэг, МҮОНТ-ийн “залуу зохион бүтээгч”, “Нэг минут нэг сая” гэх мэт хэдхэн нэвтрүүлгээр л бие биенээсээ ялгарахаас биш үнэндээ нэгийг нь үлдээгээд бусдыг нь хаачихсан байхад үгүйлэгдэх юм алга. Мэдээллийн хөтөлбөрийн хувьд бол нэвтрүүлэгч, бэлтгэсэн сурвалжлагчаасаа өөрөөр ялгагдах юм ер байхгүй.
Хамгийн ноцтой нь манай энэ олон телевизүүдийн нэвтрүүлгийн техникийн үзүүлэлт, чанар үнэхээр хоцрогдож шаардлага хангахгүй байгаа. Дууны түвшин, дүрсний нягтрал, монтаж эвлүүлэг, хийц ур чадвар өдрөөс өдөрт дордож байгаа нь үнэн. Мэргэжлийн хүмүүс байтугай энгийн үзэгч хараад л “арай ч дээ” гэж дуу алдахаар “хар нүх”, буруу эвлүүлэг, нэвтрүүлгийн дундуур өөр дүрс ороод ирэх зэрэг алдаа гарах нь өдрөөс өдөрт элбэгшээд байгаа. Энэ бүхэн манай телевизүүдэд мэргэжлийн удирдлага, уран бүтээлчдэд тавих өндөр шаардлага дутагдаж байгаатай шууд холбоотой. Тэгээд ч мэргэжлийн бус, бизнес хөөсөн удирдлагууд үүнд огт анхаарал тавихгүй, цагаа нөхөх, мөнгө олоход л илүү анхаарч байгаа нь нууц биш.