Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
ГАНЦ ХОНОГИЙН ДОТОР 15 УДАА ШИНЭ ОНЫГ УГТДАГ ХҮМҮҮС
Хуучин оныг үдэж, шинэ оныг угтах нь таагүй бүхнээ үлдээн, таатай бүхнийг угтан авах найдвар төрүүлдгээрээ сэтгэл зүйн хувьд асар хүчтэй нөлөөтэй. Оныг яаж угтана, бүтэн жил тэр хэвээр байна гэдэгт зуу зуун сая хүн итгэдэг болохоор дэлхийн өнцөг булан бүрт ядуу баян гэлтгүй бэл, бэнчингийнхээ хүрээнд баярын ширээ засна. Сансарт ч мөн адил. Сансрын нисгэгчид ч дэлхийн хүн болохоор тэртээ өндөрт хэдий ч шинэ оныг сайн сайхнаар угтахыг хүсэх нь зүйн хэрэг. Энэ удаагийн Олон улсын сансрын станцын баг ч дэлхий нийтийн төдийгүй сансарт тогтсон уламжлалыг эвдсэнгүй.

Сансрын хөлөг нь дэлхийг тойрон эргэхдээ цагийн олон бүсийг дайрдаг. Дэлхийн эргэлтийг дагаад цагийн бүс болгонд ээлж дараалан шинэ жил болно. Сансрын станц дэлхийг хоногт 15 удаа тойрон эргэдэг болохоор 15 удаа шинэ жилийг угтана гэсэн үг. Энэ жилийн байдлаар Олон улсын сансрын станц нь эхлээд арванхоёрдугаар сарын 31-нд 21 цагийн үеэр Шинэ Зеланд дээгүүр өнгөрч явахдаа хуучин оныг үдэж, шинэ оныг угтсан бол 15 дахь удаадаа нэгдүгээр сарын 1-нд 19 цагийн орчим Австрали тивийн зүүн талаар өнгөрч явахдаа шинэ оныг ахин угтсан байна. Тэгэхээр ганцхан өдрийн дотор 15 удаа хуучин ба шинэ он бас Өвлийн өвөөтэй уулздаг цорын ганц хүн бол сансрын нисгэгчид юм.

Эх дэлхийгээсээ 400 км өндөрт нисч яваа сансрын нисгэгчдийн хувьд энэ жил шинээр залгагдсан ачааны хөлгөөс шинэ ногоо, жимсээр хийсэн баярын ширээ засна гэдэг сэтгэл зүйн маш чухал нөлөөтэй том үйл явдал. Ердийн үед тэд өдөр болгон л грамм, илчлэгээр нь тохируулан амталж, янзалсан нэгэн хэвийн хоол иддэг. Гэхдээ шинэ жил болгоноор шинэ ногоо идэх боломж гардаггүй. Олон улсын багийнхан гол төлөв өөр өөрийн авчирсан хоол ундны хамгийн амттай гэснээ дээжлэн нийлүүлж ширээ засдаг. Жишээлэхэд, 2004 онд шинэ жилийн баяраар үхрийн ялз чанасан мах буюу манайхны хэлж заншсанаар “тушёнк” идэж байжээ.
Шинэ жил бараг айл болгоны ширээг чимдэг зүйл нь оргилуун дарс. Харин сансарт яадаг юм бол гэсэн асуулт гарч ирэх нь зүйн хэрэг.  Сансарт жингүйдлийн байдалтай байдгийн улмаас хүний бие махбодид багагүй өөрчлөлт ордог тул оргилуун дарснаас эхлээд бүх төрлийн согтууруулах ундааг хатуу хориглодог. Гэхдээ л сансрын нисгэгчид, ялангуяа оросууд дэлхий дээр тэмдэглэж сурсан заншлаа дагаад хуруувчны хэмжээгээр хатуу юм хүртдэг тухай яриа бий. Оргилуун дарсны тухайд хатуу цээртэй. Жингүйдэл болохоор буудуулсан оргилуун дарс станцаар нэг дусал болон тархаж чухал нандин олон эд ангийг нь гэмтээх аюултай ажээ.

Түүхийн хуудас сөхөж үзвэл дэлхийн тойрог замд хамгийн анх шинэ жилийг угтагсад нь америкийн “Скайлаб” станцын Жеральд Карр, Эдвард Гибосон, Уильям Поуг нар. Гэхдээ америкчууд Зул сарын баярыг илүү анхаардаг болохоор шинэ жилийн баяраар тойрог замд ямар нэг онцгой содон зүйл огт болоогүй гэнэ. Харин дараагийн баг нь Зөвлөлтийн сансрын нисгэгч Георги Гречко, Юрий Романенко нар юм.  Яаж тэмдэглэсэн нь тодорхойгүй ч тухайн үеийн Зөвлөлтийн дүрмээр тойрог зам дээр “хатуу юм” авч гарахыг зөвшөөрдөг байсан аж. Тэгэхээр хэрхэн тэмдэглэснийг нь бид багцаалж л болох юм. Харин хамгийн олон удаа тойрог замд шинэ жилийг угтсан хүмүүс бол Оросын Сергей Авдеев, Сергей Крикалев хоёр юм. Энэ хоёр сансарт тус бүр гурван удаа шинэ жилийг угтаж. Нэг удаад 15 удаа хуучин оныг үдэж, шинэ оныг угтдаг гэхээр энэ хоёрыг хэчнээн Санта, Өвлийн өвгөнийг угтсаныг төсөөлөхөд ч бэрх. Аягүй бол өвөө нар нэрийг нь хэлэхээр “аан тийм тийм” гэж таньдаг болсон биз.

Харин сансарт шинэ оныг угтсан анхны эмэгтэй нь Оросын сансрын нисгэгч Елена Кондакова. Түүнээс 12 жилийн дараа Америкийн Суннита Уильямс сансарт шинэ жилийг угтсан хоёр дахь эмэгтэй болсон юм.

Гоёл чимэглэлийн хувьд жинхэнэ амьд гацуур нь тээвэрлэлт, хадгалалтаас эхлээд баярын дараа шилмүүсийг хэрхэн цэвэрлэх вэ гэх зэрэг асуудалтай болохоор сансарт засдаггүй. Тиймээс шилмүүс, мөчир нь салдаггүй, хугардаггүй хиймэл мод л засдаг. Шинэ жилээр бэлэг өгөх уламжлал сансарт ч мөн адил үйлчилнэ. Сансрын нисгэгчид бэлэг өгөхдөө Америкийн Сантагийн бэлэг өгдөг уламжлалыг дагадаг болжээ. Үүний дагуу сансрын нисгэгч болгонд өглөө босоход нь оймсонд хийсэн бэлэг өгдөг.
Хүн гэдэг хаана ч явсан хүн л байдаг юм даа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан