1960-аад оны тэртээ бүтээгдэж байсан “Аман хуур” кино инээдмийн өнгө аястай атлаа цаанаа л үзэгчдэд нэгийг бодогдуулж чадсан. Өнөөгийн 40 мянгатын бүтээн байгуулалтын талаархи уг киноны үйл явдал 50 гаруй жилийн дараа дахин “моод”-онд ороод байгаа. Учир нь, киноны гол дүр болох Дарь гуай шиг зөрүүд нөхдүүд өнөө үед олшроод байгаагаас үүдэлтэй. Гэхдээ тухайн үед Дарь гуай гал голомтоо нураалгахгүй, сүйтгэхгүй гэдэг үүднээс зөрүүдлэснээс биш өнөөдрийн зарим нэг шуналтай нөхдүүд шиг 200, 300 сая төгрөг нэхээгүй л дээ. Иргэний танхимд өчигдөр “Газар албадан чөлөөлөх тухай” хуулийн төслийн танилцуулга боллоо. Газрыг албадан чөлөөлөхдөө улсын тусгай болон нийтийн хэрэгцээг үндэслэхээр хуульд тусгажээ.
Уг хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүн Б.Чинзоригийн тайлбарласнаар иргэдтэй уулзаж үзэхэд газрын нөхөн олговор дээр тохиролцож чаддаггүйгээс хүндрэл гардаг юм гэв. Иймээс нөхөн олговрын тухай дээрх хуульд нарийвчлан заажээ. Жишээ нь, нэг иргэний газар байлаа гэхэд зах зээлийн үнэ 25 сая төгрөг гэж тооцъё. Тэгвэл уг мөнгөн дээр нь нэмж нүүх зардал 0.9 сая төгрөг, өөр хашаа байшин хайх, худалдаж авах хүртэлх 1-2 сар амьдрах байрны түрээс болон бусад зардал, газар чөлөөлөхтэй холбоотойгоор ажлаасаа чөлөө авсан бол цалин хөлсийг нь, шинээр худалдан авсан газар, үл хөдлөх хөрөнгийн татвар, хураамжийг бүрэн даах юм байна.
Харин аж ахуй нэгжийн хувьд арай өндөр зардал гарах нь ойлгомжтой. Нисэх чиглэлийн зам дагуух ШТС-уудаар жишээ авлаа гэхэд зах зээлийн үнэ 100 сая, нүүх зардал нь 15 сая төгрөг, тухайн ШТС-ын ажилчдын сул зогсолтын цалин, шинээр үйл ажиллагаа эхлэх хүртэлх цэвэр ашиг, газар, үл хөдлөх хөрөнгийн бүртгэл, хураамж зэргийг мөн тооцож олгохоор хуульд тусгажээ.

-Хуулийн төсөлд зааснаар газрыг 22 хоногийн дотор чөлөөлнө гэсэн байсан. Энэ хугацаа давчуу биш үү?
-Хамгийн гол нь, тухайн газрыг чөлөөлөхдөө хувь хүн аж ахуйн нэгжтэй зөвшилцөж хийх учраас 22 хоног гэж заасан. Хэрвээ тохиролцоод зөвшилцчихвөл тухайн иргэн нүүгээд өөр газар, байр сав олоход 22 хоног болох байх. Харин зөвшилцөөгүй тохиолдолд албадан нүүлгэнэ гээд байгаа шүү дээ. Ийм тохиолдолд ерөнхийдөө 160 хоног байхаар тооцоолно. Хамгийн гол нь, улс орны эрх ашиг, нийгэм эдийн засагт нөлөөлөхүйц газруудыг шууд албадан чөлөөлөхөөс өөр аргагүй.
-Нөхөн олговрын хэмжээг хэрхэн тогтоох вэ. Иргэд хэтэрхий өндөр үнэ хэлээд байгаа шүү дээ?
-Зах зээлийн үнэ эсвэл нөхөн төлбөрийн үнийг аль болох ихээр л тооцно. Хамгийн гол нь, тохиролцоно, хэлэлцээр хийж гэрээ байгуулна гээд байгаа нь энэ. Мэдээж, тухайн иргэний цаашдаа амьдрах газар, орон байр, амьжиргаа, орлого дордохгүй байх ёстой. Эмзэг давхаргын иргэнд бас нэмэлт дэмжлэг туслалцаа өгөхөөр тусгасан байгаа.
-Газар албадан чөлөөлөх айл өрх, аж ахуйн нэгжийн судалгааг гаргасан уу?
-Тийм ээ. Судалгаа хийгдэж байна. Нийслэл, аймаг орон нутгийн хэмжээнд хийгдсэн судалгаа байдаггүй.
-Лицензтэй, лицензгүй дураараа үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн эдэлбэр газруудад ямар арга хэмжээ авах вэ?
-Хуулийн төсөлд Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.12-т зааснаар стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газар гэж заасан. Стратегийн орд газрын жагсаалтад 20 гаруй газрын нэр байгаа.
Ц.Баярсайхан: Энэ хуулийн төслийг заавал батлуулах гэсэн юм биш
/Барилга хот байгуулалтын сайд/
-Газрыг албадан чөлөөлөх тухай хуулийн төсөлд хамтран ажилласан хүний хувьд ямар дүгнэлт өгөх бол. Албадан гэхээр иргэд хүндээр хүлээж авах гээд байх шиг?
-Албадан гэдэг үг оруулах уу, үгүй юу гэж ярьсан. Тэгээд олон нийтэд зайлшгүй шаардлагатай, нийтийн эрх ашиг, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахын тулд хийгдэж буй ажил учраас албан хүчээр гэдэг үг байх нь зөв гэж үзсэн. Хоорондоо ойлголцох зөвшилцөх хэрэгтэй байна. 99 хувь нь зөвшөөрөөд нэг хувь нь татгалзаад байвал үүнийг төр л зохицуулах үүрэг хүлээж байгаа. Улсын төсөв татвар төлөгчдийн л мөнгө. Гэтэл иргэдийн амандаа орсон тоо болгоныг өгөх ямар ч боломжгүй шүү дээ.
-Энэхүү хуулийн төслийг удахгүй холбогдох байгууллагуудаар оруулахаар боллоо. Дэмжлэг авах болов уу?
-Энэ хуулийн төслийг заавал батлуулах гэсэн юм биш. Хэрэггүй гэвэл батлахгүй байж болно шүү дээ. Нөхөн олговрын асуудлыг тусгаж өгсөн болохоор иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүндээр тусаад байхгүй. Чөлөөлсөн газарт зам барилга байгууламж, инженерийн шугам суурилуулах юм. Өнгөрсөн 40 жилийн хугацаанд барилга байгууламж ес дахин нэмэгдсэн атал зам дөнгөж 0.4 хувь байгаа нь үнэхээр чамлалттай тоо.