Доллар (USD)

Улаанбаатар

Сочигийн тэнгэрт гялалзсан бяцхан од

-Олимпын бүх цаг үеийн хамгийн залуу аварга Юлия Липницкая-

Оросын Сочи хотноо болж байгаа өвлийн XXII олимпын наадмын гурав дахь өдөр уран гулгалтын эмэгтэйчүүдийн богино болон  чөлөөт үзүүлбэрийн төрөлд ОХУ-ын тамирчин, 15 настай  Юлия Вячеславовна Липницкая 141,51 оноо авч өөрийн өрсөлдөгч АНУ-ын Грейси Голдоос даруй 12 оноогоор илүүрхэн түрүүлж Сочид хүрэлцэн ирэгсэд төдийгүй дэлхий дахины хүмүүн олны нүдийг бүлтийлгэж чихийг дэлдийлгэлээ.

Липницкая гэж хэн бэ


Тэр бол Оросын Екитеринбург буюу хуучны Свердловск хотноо 1998 оны зургадугаар сарын 5-ны өдөр төрсөн 15-хан настай охин.
Дөрвөн настай байхад нь Юлияг Екатеринбург хотын “Локомотив” мөнөс гулгуурын талбайд ээж нь хөтөлж очсон гэдэг. Ингэж л анх мөсөн дээр тэшүүртэй гарсан тэрээр Елена Левковец болон Марина Войцеховская нартай хичээллэж эхэлж.
Бяцхан охинд жаахан ч гэсэн ирээдүй харагдсан учраас 2009 оны гуравдугаар сард Москвад шилжиж Этери Тутберизегийн хэсэгт орон хичээллэсээр намар нь гэхэд мөсөн талбайн гол үзүүлбэр болох  гурвалсан харайлт, бусад нэлээд хүнд үзүүлбэрийг хийж чаддаг болсон байлаа. Энэ үед Юлия охин ердөө л 11 настай байсан юм.
Ингээд л 2009-2010 оны тэмцээний улиралд тэр Оросын залуу уран гулгагчдын эхний тавд багтдаг болсон байлаа. Нэг жил өнгөрөхөд тэр залуучуудын дунд зохиодог олон улсын тэмцээнд орох насанд хүрчихсэн байсан юм. Эхлээд л  Польшид болсон өсвөр үеийн тэмцээнээс гран-при, Италиас алтан медаль авлаа.



Амжилтын он дараалал:

Түүний амжилт, амжилтыг нь дагасан шагнал өнгөрсөн гурван жилд тасарсангүй.
-    2012 оны өсвөр үеийнхний дэлхийн аварга
-    2013 оны өсвөр үеийн дэлхийн аваргын мөнгөн медаль
-    2013-2014 оны улирлын тэмцээний гран-при шагнал
-    2012, 2014 оны Оросын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль
-    2012 оны Оросын өсвөр үеийнхний аварга
-    2011/2012 оны өсвөр үеийнхний улирлын гран-при шагнал
-    2014 онд Олон улсын тэшүүрийн холбооны шалгаруулалтаар дэлхийд гуравдугаарт
-    Оросын болон Олон улсын ангиллын спортын мастер... гээд л урсч өгнө дөө.
Юлия  мөсөн талбайд гарч олон улсын тэмцээн уралдаанд оролцох бүрийдээ зөвхөн нэгдүгээр байр эзэлж байлаа.

Аваргын алтан медаль хүртсэнийхээ яг дараа тэр юу хэлэв

Ямар нэг тэмцээн уралдааны дараа, медаль, цол хүртсэн шилдэг тамирчнаас хаанахын ч, аль сонин, телевизийн  сурвалжлагчийн асуудаг нэг бодлын улиг болсон, нөгөө талаар зайлшгүй асуух ёстой ч юм шиг асуулт бол, “Яг энэ мөчид юу бодогдож байна” гэж байдаг даа.
Мөсөн талбайгаас буугаад ирснийхээ дараа Юлия Липницкая “Комсомольская правда”-гийн ийм асуултад “Би яг үнэнийг хэлэхэд маш тайван байсан. Магадгүй одоо энд оноогоо хүлээж байгаагаасаа ч илүү тайван байсан. Олимпод өмнө нь би оролцож байгаагүй. Надад үзэгчдийн суудалд маш олон хөгжөөн дэмчигч байгаа, тэд хашгиралдана, хажуугаар нь хөгжим чинь явна гэж урьдчилан анхааруулсан. Гэхдээ би хөгжөөн дэмжигчдийн хашгиралдаан тийм чанга байх юм гэж бодоогүй. Магадгүй хөгжөөн дэмжигчдийн тэр уур амьсгал надад тус болсон ч байж мэднэ” гэж ярьжээ.

Мэргэжлийн хүн энэ тухайд
 

Оросын уран гулгалтын нэрт дасгалжуулагч Евгений Рукавицын түүний бахдам амжилтын дараа “Р-Спорт” сайтад “Юлия Липницкаягийн үзүүлбэр гайхамшигтай. Үнэхээр сайхан үзүүлбэр байлаа. Гэхдээ би гайхаагүй, яагаад гэхээр тэр угаасаа л гулгаж чаддаг, үзүүлж чаддаг. Энэ удаа Сочид хамгийн гол нь тэр сэтгэл хөдлөлөө ёстой 100 хувь барьж чадсан. Үүнийг тэр хийж чадсанд нь бид өнөөдөр гайхан биширч сууна даа” гэжээ.

Үзэгчид, үе тэнгийнхэн нь:

Олимпын тэнгэрт гялалзсан бяцхан одын тухай үе тэнгийн хүүхдүүд нь ийн ярьсныг хэвлэлүүд дамжуулж байна.  Тэдний нэг нь  “Миний  үе тэнгийн Юлия Липницкая олимпын наадамд оролцоод ийм алдарт хүрч байгаад нэг бодлын гайхамшигтай, нөгөө талаар надад ичгүүртэй  юм” гэж.
Тэгвэл блог хөтөлдөг Ник МакКарвел хэмээх хүү “15-хан настай орос охин Липницкая яаж ингэж өвлийн олимпод дуулиан тарьж чадаж байна аа” гэсэн байна. Өөр бас нэг нөхөр “Оросын 15 настай уран гулгагч Юлия Липницкая өнөөдөр жинхэнэ итгэмээргүй зүйл үзүүллээ” гэжээ.
“Ээ бурхан минь, Юлия Липницкая гэж ийм гайхамшигтай, авьяаслаг уран гулгагч байх гэж. Ямар итгэмээргүй юм бэ” гэж блогч Тим Ли дуу алдсан байх жишээтэй.

Төрийн сайд.....


ОХУ-ын Спортын сайд Виталий Мутко Липницкаяаг мөсөн талбайгаас буусны дараа “Энэ хэдийгээр богино хөтөлбөр боловч зүгээр л агуу, дээд түвшний үзүүлбэр байлаа. Тэр ур чадвар, сэтгэл хөдлөл, техник, жүжиглэл гээд бүхий л талаараа гайхшруулж чадлаа. Бид түүгээр бахархахаас аргагүй” гэсэн байна.
Липницкаяаг олимпын мөсөн талбайд үзүүлбэрээ амжилттай гүйцэтгэсний дараа Ерөнхийлөгч В.Путин суудлаасаа босч хүндэтгэл үзүүлсний зэрэгцээ Оросын уран гулгагчид багаараа алтан медаль хүртэхэд өөрийн биеэр очиж баяр хүргэсэн юм.






Өнгөрсөн жил мөсөн талбайгаа орхих гэж байжээ

Олимпын хамгийн залуу аваргын дасгалжуулагч Этери Тутберизе Юлияг “Өнгөрсөн жил бүр их спортоос явах гэж байсан шүү” гээд “Өнгөрсөн улирлын тоглолтын үеэр Юлия бэлгийн бойжилтоосоо болоод жин нь нэмэгдээд хүнд байдалд орсон. Хүүхэд чинь өсөөд ирэхээрээ бие организм нь өөрчлөгддаг. Үүнээсээ болоод өнгөрсөн улирлын тэмцээний үеэр тийм ч сайн амжилт гаргаж чадаагүй. Дасгал сургуулилтад ч алдаг оног ирдэг байлаа. Харин түүний ээж, одоогийн дасгалжуулагч хоёр нь уйгагүй ажилласан даа” гэж ярьсан байна.

Олимпын хамгийн залуу аварга өөрийнхөө тухай:

“Бүх цаг үеийн олимпын хамгийн залуу аварга гэж үү. Германы уран гулгагч Макси Гербер өчигдрийг хүртэл олимпын хамгийн залуу аварга байлаа. Тэрээр 1936 оны өвлийн олимпоос аваргын алтан медаль хүртэхдээ 15 нас дөрвөн сар, тав хоногтой байсан юм. Хамгийн сайхан нь би Герберээс хоёр сараар дүү юм” гэжээ.
                    Х      х     х
Олимпын хамгийн залуу аварга Юлия Липницкаяаг Олимпын хотоос Москва руу буцах гэж байна гэж хэвлэлүүд мэдээлж байна. Гэхдээ энэ сарын 19-ний өдөр эмэгтэйчүүдийн уран гулгалтын ганцаарчилсан тэмцээн түүнийг хүлээж байгаа. Магадгүй тэрээр Сочигийн өвлийн олимпоос хоёр дахь алтан медалиа хүртэх ч юм бил үү. Тэгээд ч Юлия өөрөө “Би “Сочигийн алтан медалийн төлөө 11 жил хөдөлмөрлөсөн. Удахгүй эхлэх эмэгтэйчүүдийн уран гулгалтын ганцаарчилсан төрөлд алтан медаль хүртэх боломж надад бүрэн байгаа” гэсэн байна.









0 Сэтгэгдэл
Ene oxiniig demjij bna.kim yuna ene 2iin vzvvlberiig tesen ydan xvleej bnadelxiig shuugiulsan.gaixamshigtai togloltbolnodoo.
Ene oxiniig demjij bna.kim yuna ene 2iin vzvvlberiig tesen ydan xvleej bnadelxiig shuugiulsan.gaixamshigtai togloltbolnodoo.
zugeerl gaihamshig yarih um algaa
mundag ymaa
Хамгийн их уншсан