Шинээр томилогдсон Ерөнхий сайдаас тавьсан хамтарч Засгийн газар байгуулах саналыг хэлэлцэн шийдвэр гаргах МАН Бага хурлын II хуралдаан Тусгаар тогтнолын ордонд эхэллээ. МАН-аас 9 дүүрэг,10 аймагт МАН,АН хамтарч засаг барих талаар 2500 иргэнээс санал авахад 52 хувь нь хамтран нь зүйтэй гэжээ. Намын бага хурал бүхэлдээ намдуу өнгө аятай болж, бага хурлын гишүүдийн 94 хувийн саналаар АН-тай хамтарч засаг барихыг дэмжсэн байна.
Бага хурлын эхэнд МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд улс төрийн илтгэл тавьж хэлэлцүүллээ. Дөрвөн бүлэг бүхий уг илтгэлд улс орны улс төр, нийгэм, эдийн засгийн байдал ямар байгаа талаар онцолж, XXVII Их хурлаас хойш намаас авч хэрэгжүүлсэн ажил, цаашдын зорилт, УИХ дахь МАН-ын бүлгийн үйл ажиллагааны талаар танилцуулав. Мөн тэрээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс ирүүлсэн засагт хамтран ажиллах санал, ажлын хэсгүүдийн зөвшилцөл, судалгааны байгууллага, мэргэжлийн хүмүүс, орон нутгийн намын хороод, ард иргэдийн саналыг багцлан Бага хурлын гишүүдэд мэдээлсэн юм.
Уг илтгэлээс товчлон хүргэе.
Эдийн засгийн хямрал засаглалын хямралтай хавсарлаа
МАН-ын дарга М.Энхболд МАН-ын энэ удаагийн Бага хурал улс төр, нийгэм, эдийн засгийн өвөрмөц нөхцөл байдалд болж байгааг онцлоод “Эдийн засгийн хямрал гүнзгийрч, иргэдийн амьдрал доройтож, төр засагт итгэх итгэл алдарч, нийгмийн сөрөг хандлага давамгайлах боллоо. Удирдлагын бүх шатанд хуулийг үл тоомсорлох аюул нүүрлэж, хууль дээдлэх зарчим тууштай мөрдөгдөхгүй байна. Иймд улс төрийн намууд нөхцөл байдалд нухацтай дүн шинжилгээ хийж, үндэсний эрх ашиг, аюулгүй байдал, тусгаар тогтнолоо эрхэмлэн дээдэлж, мэдрэмжтэй, шуурхай ажиллахыг цаг үе шаардаж байна” гэлээ.
Тэрээр цааш илтгэхдээ “Бид ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжсэн хөгжлийн 25 жилийн ололт, амжилтаа бататгах уу эсвэл уруудан доройтох уу гэсэн шийдлийн өмнө тулж ирээд байна. Монгол үндэстэн ХХI зуунд хурдтай хөгжиж, сэргэн мандах дүр зураг илт мэдрэгдсэн улс орныг манай нам 2012 онд эрх баригчдад хүлээлгэн өгсөн. Харин хоёр жил гаруйн дараа улс оронд эдийн засгийн болон засаглалын хямрал нүүрлэлээ. Ардчилсан нам, МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийн Засгийн газар байгуулагдсан цагаасаа зөвхөн нам, эвсэл, бүлэг фракцийнхаа эрх ашгийг урьтал болгон, аливаа асуудлыг олонхиороо хүч түрэн шийдэж ирсэн. Төрийн хууль тогтоомжийг уландаа гишгэн, олон мянган мэргэшсэн төрийн албан хаагчдыг намын угшил, үзэл бодлоор нь хоморголон халж, төрийн албыг “төрлийн алба” болголоо. Шинэчлэлийн Засгийн газрын буруу бодлого, үйл ажиллагааны улмаас улс орон өр зээлийн дарамтад орж, ард иргэдийн амьдрал улам дордсоор байна. Өөрөөр хэлбэл, сүүлийн 2 жилийн хугацаанд Ардчилсан нам засаглах чадваргүй гэдгээ харууллаа.
Эрх баригчид эдийн засгийн хямралыг даван туулах зохистой бодлого явуулахын оронд хариуцлагаас бултаж “Эзэн-100” хөтөлбөр, Засгийн газрын бүтцийн өөрчлөлт гэх мэт өнөө маргаашийг аргацаасан хэлбэрээр ард түмнийг хуурч хямралыг улам даамжрууллаа.
Эдийн засгийн хямрал засаглалын хямралтай хавсарсан нь байдлыг улам хүндрүүлж байна. Тиймээс УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн гишүүд санаачлан Монгол Улсын Ерөнхий сайдад хариуцлага тооцох асуудлыг УИХ-аар хэлэлцүүлж бидний огцруулах санал дэмжигдсэн. УИХ дахь АН-ын бүлгийн зарим гишүүд үүссэн хямралыг хожуу ч гэсэн ухамсарлаж, намынхаа удирдах байгууллагын шийдвэргүйгээр МАХН-тай байгуулсан 10 жил хамтран ажиллах гэрээг эсэргүүцэн хариуцлага тооцох тухай манай намын бүлгийн саналыг дэмжсэн. Ийнхүү бид ард түмнийг хариуцлагагүй Ерөнхий сайдаас салгаж өглөө.
АН-д өрнөсөн бодлогогүй, хариуцлагагүй, зөрчилдөө туйлдсан олон үйл явдлыг нийгэм “Гэрээ засч чадахгүй байгаа нам төрийг яаж засах вэ” хэмээн дүгнэж байна.
Шинэчлэлийн гэх Засгийн газрын алдаатай бодлого, тооцоо судалгаагүй зарцуулсан их хэмжээний хөрөнгө мөнгө хоёрхон жилийн өмнө дэлхийд гайхагдаж байсан Монгол Улсын 17.5 хувийн эдийн засгийн өсөлтийг 2.7 дахин багасгаж эдийн засгийг хямралд хүргэлээ. Тухайлбал, энэ оны эхний 10 сарын нэгдсэн төсвийн гүйцэтгэлээс харахад татварын орлого 914.1 тэрбум төгрөгөөр, төсвийн орлого 797.6 тэрбум төгрөгөөр тасарлаа. Төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 47 хувьтай байна.
Сүүлийн 2 жилийн хугацаанд банкны салбарын хугацаа хэтэрсэн зээл 4 дахин, чанаргүй зээл 2 дахин нэмэгдэж, зээлийн өрийн үлдэгдэл 12.7 их наяд төгрөгт хүрсэн нь банкны системийг эрсдэлд орууллаа. Үүнээс болж 2015 онд банк, санхүүгийн хямралд орох нөхцөл байдал үүсч болзошгүй байна.
Монгол төгрөгийн ам.доллартай харьцах ханш 40 орчим хувиар уналаа. Гол нэрийн бүтээгдэхүүний үнийг тогтвортой барих нэрийдлээр Засгийн газар, Монголбанк 2013 оноос хамтран хэрэгжүүлсэн үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд 3 их наяд төгрөгийг зах зээлийн ханшаас доогуур жилийн 3.8-7.0 хувийн хүүтэйгээр цөөн тооны аж ахуйн нэгжид тендергүй олгосон нь валютын ханшийг хөөрөгдөхөд түлхэц боллоо.
Инфляцийн түвшин 2 оронтой тоонд өслөө. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад хэрэглээний үнийн индекс 12.1 хувьтай байна. 2014 онд төрөөс баримтлах мөнгөний бодлогод тусгасан инфляцийн түвшинг 8 хувьд барих зорилт хэрэгжсэнгүй.
Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 30-80 хувь өссөнөөр иргэдийн худалдан авах чадвар буурлаа.
Гадаадын хөрөнгө оруулалт энэ оны 8 сарын байдлаар 627.2 сая ам.доллар болсон нь 2012 оны 8 сартай харьцуулахад 5.4 дахин буурсан үзүүлэлт юм. Монгол Улсын зээлжих зэрэглэлийг олон улсын агентлагууд бууруулж, зээл олгох, хөрөнгө оруулалт хийх эрсдэлтэй улс гэж зарлав. Сүүлийн 2 жилийн хугацаанд гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом буурсан нь манай улсад итгэх хөрөнгө оруулагчдын итгэл алдарсантай холбоотой юм.
Үндэсний аудитын газрын дүгнэлтээр улсын өрийн хэмжээ 50 хувиар буюу 5.8 их наяд төгрөгөөр нэмэгдэн 17.7 их наяд төгрөгт хүрч жилийн ДНБ-ээс даваад байна. Өнгөрсөн онд зөвхөн “Чингис” бондын хүүгийн төлбөрт 98.9 тэрбум төгрөг төлжээ. Зөвхөн 2013 онд “Чингис”, “Самурай” бонд зэргийг оруулахгүйгээр Шинэчлэлийн Засгийн газар нийт 5 их наяд 818 тэрбум төгрөгийн өрийг шинээр тавьсан гэж Үндэсний аудитын газрын дүгнэлтэд тусгасан байна. Эндээс харахад Засгийн газар өрийн сүлжээнд орсон, өрийн дарамт бодит зүйл болсон нь батлагдаж байна.
Энэ оны 9 сарын байдлаар Монгол Улсад бүртгэлтэй нийт аж ахуйн нэгжийн 49.2 хувь буюу 54337 нь хаалгаа барилаа. Баялаг бүтээгч, татвар төлөгчдийн тоо эрс буурах болсноор ажилгүй иргэдийн тоо нэмэгдэж, улмаар ажилгүйдэл, орлогын хомсдолоос үүдэлтэй ядуурал өсөх хандлагатай байна.
Бодит байдал ийм байхад Засгийн газар бага орлоготой эмзэг бүлэгт чиглэсэн нийгмийн хамгааллын ямар ч арга хэмжээ авсангүй.
Монгол Улс гадаадад их хэмжээний өртэй төдийгүй иргэд, аж ахуйн нэгж, байгууллага нь дотооддоо өр зээлийн сүлжээнд орлоо. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2014 оны 10 сарын эцсийн байдлаар өмнөх оны мөн үеийнхээс 2,3 их наяд төгрөг буюу 22,4 хувиар, хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеийнхээс 2,7 дахин өслөө.
Ийнхүү иргэдийн дийлэнх нь тэтгэвэр, цалингийн зээлтэй, амьдралаа тарчигхан залгуулж байна. Энэ оны эхний 9 сарын байдлаар 196,0 мянган тэтгэвэр авагч ахмадууд 351,3 тэрбум төгрөгийн тэтгэврийн, 259,7 мянган ажиллагсад 1,4 их наяд төгрөгийн цалингийн зээлтэй байна. Улс орны улс төр, эдийн засгийн нөхцөл байдал болон ард иргэдийн аж амьдрал цөхрөнги байдалд хүрээд байна” гэв.
21 аймгаар хоёр удаа тойрч, иргэд сонгогчидтой уулзав
МАН-ын дарга М.Энхболдын тавьсан илтгэлд ХХVII Их хурлаас хийж хэрэгжүүлсэн намын дотоод амьдралтай холбоотой ажил чухал байр суурийг эзэлж байна.
Намын үйл ажиллагааг идэвхжүүлэх, бэхжүүлэхийн тулд нэн түрүүнд Удирдах зөвлөлийн Ажлын албыг илүү оновчтой бүтэц, зохион байгуулалтад оруулсан, УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албатай уялдаа холбоо сайжирсан, үйл ажиллагаа нь шуурхай болсон, Намын даргын дэргэд Зөвлөхүүдийн танхим байгуулсан, Удирдах ажилтны зөвлөгөөн, бүсийн зөвлөгөөнүүд, мягмар гараг бүрт Тусгаар тогтнолын ордон, дүүрэг, хороодод “Ардын индэр” уулзалтыг зохион байгуулж, салбар бүрийн төлөөлөлүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг нь шийдэх гарцыг хамтдаа эрэлхийлж байгаа талаар илтгэлдээ онцлон дурдлаа.
Өнгөрсөн хугацаанд намын Удирдах зөвлөлийн гишүүд, УИХ дахь намын бүлгийн гишүүд 21 аймгаараа хоёр удаа тойрч, намын гишүүд, дэмжигчид, иргэд сонгогчидтой уулзаж, улс орны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцжээ. Намрын чуулган эхэлснээс хойш 21 аймгийн 330 сум, нийслэлийн 9 дүүрэг, хороодод хүрч ажиллах аян өрнүүлж, одоогийн байдлаар 3 аймаг, 5 дүүрэгт “Ардын индэр” цуврал уулзалтууд хийсэн. Амьдрал хүнд байгаа энэ үед эгэл жирийн иргэдтэй эрх баригчид биш МАН-ынхан ирж уулзаж, санал, сэтгэгдлийг нь сонсож, улс төрийн ээдрээтэй нөхцөл байдлыг танилцуулж, иргэдийн шүүмжлэл сайшаалын аль алиныг нь хүртэж байна.
Үндэсний зөвшилцөлд уриалсан намын XXVII Их хурлын шийдвэрийн дагуу 10 гаруй улс төрийн намуудын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нарын төвшинд найман удаагийн уулзалт зохион байгуулж, улс орны амин чухал, язгуур эрх ашгийг хөндсөн 9 асуудлаар зөвшилцөж ойлголцох, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Уулзалтуудын үр дүнд сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэн нэгдсэн саналаа УИХ-ын ажлын хэсэгт хүргүүлсэн. Түүнчлэн намын дэргэдэх төрийн бус байгууллагууд, гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж байгаа ажлуудын талаар мэдээлсэн юм.
МАН-ын бүлэг тэргүүн эгнээнд манлайлж ажиллав
МАН-ын дарга М.Энхболд улс төрийн амаргүй нөхцөлд улс орон, ард түмнийхээ язгуур эрх ашгийг дээдлэн, эв нэгдлийг эрхэмлэн зорилго нэгтэй ажилласан УИХ дахь МАН-ын бүлгийн бүх гишүүддээ Бага хурлын нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийллээ.
МАН-ын дарга М.Энхболд илтгэлдээ “Намын бүлгийн үйл ажиллагаа бүхэлдээ нийгэм рүү чиглэсэн сөрөг хүчний бодлогын гол цөм байж ирлээ. Бүлгийн гишүүд өнгөрсөн нэг жилийн хугацаанд цөөнхийн хяналтыг тууштай тавьж, дэвшүүлэн тавьсан олон саналаа бодитой ажил хэрэг болгож чадлаа. Хоёр жилийн цуцалтгүй тэмцлийн үр дүнд энэ намрын чуулганаас эхлэн бүлгийн гишүүд байнгын хороодод тэгш эрхтэй оролцох боломж бүрдлээ. Өөрөөр хэлбэл, намын бүлэг тэргүүн эгнээнд манлайлан ажиллаж, хэрэгжүүлсэн бодлоготой, дэвшүүлсэн санаачилгатай нэгэн жилийг ардаа үдлээ.
Өнгөрсөн хугацаанд манай бүлгийн гишүүд хавчлага ихтэй, хязгаарлагдмал хүрээнд ажилласан ч олонхийн бүлгийн алдаатай олон бодлого, шийдвэрийг засч залруулахыг шаардаж, ард түмний язгуур эрх ашигт харш хууль бус үйлдлийг тухай бүр нь таслан зогсоож ирлээ. Тухайлбал, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид 100 жилээр газар эзэмшүүлэх, авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдсон, гадаадад оффшор данстай хүмүүсийг өршөөх, өрийн хязгаарыг ДНБ-ний 90 хувьд хүргэх гэсэн оролдлогуудыг таслан зогсоож чадлаа.
Ирэх онд үл хөдлөх хөрөнгийн албан татвар, авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын дээд хэмжээг 2 дахин нэмэгдүүлэх, малчин өрх, мал бүхий этгээдийн албан татвар, хотын албан татварыг шинээр бий болгохоор төсөвт тусгасныг илчилж буцаан татууллаа.
Манай намын бүлэг асуудлыг шүүмжлээд суулгүй бүтээлч, санаачилгатай, хариуцлагатай, итгэл даах улс төрийн хүчний хувьд тодорхой бодлого, хөтөлбөр, зөвлөмжүүдийг дэвшүүлж ирсэн. Тухайлбал, нэг хувийн татвар, таван төсвийг нэг төсөв болгох, Малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулах, "Үнэ тогтворжуулах хөтөлбөр"-ийг зогсоох, ТЭЦ-5, Төмөр зам, Оюутолгой, Тавантолгойн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, улс орны эдийн засгийн хямралыг даван туулах бүтээлч санаачилгуудыг дурдаж болох юм.
Ерөнхий сайд ч үгүй, Сангийн сайд ч үгүй үед, эрх баригчид төсөвтөө анхаарал тавих сөхөөгүй байх зуур МАН-ын бүлэг 2015 оны төсвийн төслийг цаг хугацаанд нь батлууллаа. 2015 оны урсгал зардлыг 149.6 тэрбум төгрөгөөр бууруулж чадлаа. Бүлгийн гишүүдийн санаачилгаар төсөвт байгууллагын бүтэц орон тоог 2012 оны түвшинд хүргэхээр болсон нь эрх баригчид төрийн албыг данхайлгаснаа хүлээн зөвшөөрсний илэрхийлэл болов.
Үнийн өсөлт, инфляцийн түвшинтэй уялдуулан цалин, тэтгэврийг 30-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх шаардлагыг манай намын бүлгээс удаа дараа Засгийн газарт тавьж шахаж шаардаж ирсэн. Үүний үр дүнд Засгийн газар энэ оны 2 дугаар сараас тэтгэврийг 2,5-15 хувиар, төрийн албан хаагчдын цалинг дунджаар 10 орчим хувиар нэмэгдүүлсэн. Цалин, тэтгэвэр нэмэгдүүлсэн хувь хэмжээ нь 2012-2013 оны үнийн өсөлт, инфляцийн түвшний дөнгөж 40 хувийг нөхөж байгаа бөгөөд 2014 оны инфляцийг тооцвол ирэх онд цалин, тэтгэврийг 30-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм. Энэ талаарх байр сууриа бид 2015 оны төсвийн төслийг хэлэлцэх явцад тодорхой илэрхийлж байсан боловч ердөө 10 хувиар нэмэгдүүлэх хэмжээний хөрөнгө төсөвт тусгагдлаа.
Ерөнхийд нь дүгнэж үзвэл эрх баригчид улсын төсөв, шинэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг батлах, бодлого, хөтөлбөр боловсруулахдаа 2012 оны үеийн жишигт нийцүүлэх нь зүйтэй гэдэгтэй санал нэгдсэн. Өөрөөр хэлбэл, МАН-ын хэрэгжүүлж ирсэн бодлогыг өнөөдөр эрх баригчид хүлээн зөвшөөрч эхэллээ. Та бидний шинжлэх ухааны үндэслэлтэй, тооцоо судалгаатай, олон жилийн үйл ажиллагаагаар шалгагдсан бодлого, шийдвэрийг ойлгож хүлээн зөвшөөрөхийн тулд эрх баригчид их ч цаг зарлаа, өндөр үнэ ч төллөө.
Ард түмний нэрээр зээлж авсан "Чингис", "Самурай" бондын хөрөнгийг улсын нэгдсэн төсөвт нэгтгэхийг намын бүлгээс удаа дараа шаардаж ирсэн. Бидний тавьсан шаардлагыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дэмжиж, бондын хөрөнгийг төсөвт тусгах, үр ашигтай зарцуулах, холбогдох сайдад хариуцлага тооцох агуулга бүхий зөвлөмжийг гаргалаа. Энэ бүхэн намын бүлгийн гишүүдийн бүтээлч, санаачилгатай шийдлүүдийг эрх баригчид сонсдог, хүлээн авдаг, дэмждэг болж байгаагийн нэг баталгаа юм.
МАН-ын бүлгийн гишүүд эх орныхоо өнцөг булан бүрт хүрч ажиллаж байна. Бүлэг хийсэн ажлын тайлангаа улирал бүр “Бүлгийн мэдээ” сониноороо дамжуулан сонгогч олон, ард түмэндээ мэдээлдэг боллоо. Мэргэжлийн холбоод төрийн бус байгууллагуудтай ч бидний харилцаа хамтын ажиллагаа өргөжин бэхжлээ.
Манай намын бүлэг өнгөрсөн хугацаанд эрх баригчдын алдаатай бодлогын талаар 10 гаруй мэдэгдэл, уриалга гаргаж, олон түмнийхээ дэмжлэгийг авч чадлаа. Эдийн засгийн хямралыг даван туулахын тулд Засгийн газраас хэрэгжүүлсэн "Эзэн-100" хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих зорилготой "Ард-100" аяныг намын бүлгийн гишүүд ахлан ажилласан. Харамсалтай нь "Эзэн-100" хөтөлбөрийн дөнгөж 37.2 хувь нь биелж, энэ нь эдийн засгийн хямралыг даван туулах бус эрх баригчид зөөлөн сэнтийдээ суух хугацаагаа 100-хан хоногоор уртасгах башир арга байсан нь тодорхой боллоо. Эрх баригчдын улсын хөрөнгө идэж шамшигдуулсан байж болзошгүй хууль бус олон үйлдлийг намын бүлгийн гишүүдийн дэмжлэг оролцоотойгоор ард түмэнд ил болголоо” гэв.
Засагт хамтрах эсэх асуудлаар орон нутгийн намын хороод, ард иргэдийн саналыг сонссон
Илтгэлийн дараагийн хэсэгт шинээр томилогдсон Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс УИХ-д суудалтай бүх намуудад хамтарч Засгийн газар байгуулах талаар тавьсан зөвшилцөх санал, энэ чиглэлээр хийгдсэн ажлуудыг багтаасан байна.
Улс төрийн энэ нөхцөл байдалтай холбогдуулан МАН-ын Удирдах зөвлөл, УИХ дахь МАН-ын бүлэг хэд хэдэн удаа хуралдаж, УИХ-ын гишүүн Су.Батболдоор ахлуулсан зургаан гишүүний бүрэлдэхүүнтэй зөвшилцөх ажлын хэсгийг байгуулж, эрх баригчидтай зөвшилцлийн ширээний ард суусан.
УИХ дахь намын бүлгээс зөвшилцөх ажлын хэсэгт парламентын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон эдийн засгийн хямралаас гарах арга зам, эрчим хүч, дэд бүтэц, уул уурхайн томоохон төслүүдийг эргэлтэд хэрхэн яаж оруулах, Засгийн газрын өр, зээлийн талаар авч хэрэгжүүлэх бодлого, төлөвлөлт, улс төрийн намын болон сонгуулийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, орон нутгийн түвшинд хамтран ажиллах арга хэлбэрийг тодорхой болгох асуудлын хүрээнд санал солилцож байр сууриа нэгтгэн, зөвшилцөх үүрэг чиглэл өгсөн. Энэ дагуу ажлын хэсгүүд ямар зөвшилцөлд хүрснийг МАН-ын дарга М.Энхболд танилцуулав.
Засагт хамтрах эсэх асуудлаар намын даргын дэргэдэх Зөвлөхүүдийн танхим байр сууриа илэрхийлж, аймаг, орон нутгийн намын хороодоос санал авч, энэ асуудалд ард иргэд ямар байр суурьтай байгааг судалсан. Мөн аймаг, нийслэл, дүүргийн намын хорооны тэргүүлэгчдийн байр суурийг тодруулсны үндсэн дээр дээрх асуудлыг намын Бага хуралд хэлэлцүүлэхээр оруулж ирснээ МАН-ын дарга М.Энхболд танилцууллаа.
“Стратеги” академи Улаанбаатар хотын 9 дүүргийн 1100 иргэн, Баян-Өлгий, Говь-Алтай, Дорнод, Дархан-Уул, Завхан, Өмнөговь, Сүхбаатар, Увс, Ховд, Хэнтий нийт 10 аймгийн 1300 иргэн, нийгэм, улс төр, эдийн засгийн салбарын 100 эрдэмтэн судлаачид, нийт 2500 хүнийг хамруулсан судалгаа хийжээ.
Судалгааны дүнгээс харахад Улаанбаатар хотоос судалгаанд хамрагдсан иргэдийн 38,5 хувь нь “МАН Засгийн газарт орж, хамтран ажиллах нь буруу”, 61,5 хувь нь “МАН Засгийн газарт орж, хамтран ажиллах нь зөв” гэж үзсэн байна.
Харин хөдөө, орон нутгаас судалгаанд оролцсон иргэдийн 55,3 хувь нь “МАН Засгийн газарт орж, хамтран ажиллах нь буруу”, 44,7 хувь нь “МАН Засгийн газарт орж, хамтран ажиллах нь зөв” гэсэн байр сууринаас асуудалд ханджээ.
Улсын хэмжээнд авч үзвэл судалгаанд оролцсон нийт иргэдийн 47,4 хувь нь “МАН Засгийн газарт орж, хамтран ажиллах нь буруу”, 52,6 хувь нь МАН Засгийн газарт орж, хамтран ажиллах нь улс орныг эдийн засгийн хямралаас гаргах зөв зүйтэй гарц мөн гэсэн хариулт өгчээ.
Үүний зэрэгцээ Засгийн газарт хамтарсан тохиолдолд Ардын намд ямар давуу тал болон шинэ боломжууд гарч ирэх, үүсэх сул тал ба эрсдэлийг судалж, мэргэжлийн хүмүүсээр дүн шинжилгээ хийлгэснээ танилцуулав.
МАН-ын дарга М.Энхболд илтгэлийнхээ төгсгөлд “Өнөөдөр бид улс орны хөгжлийг хамгийн багадаа 20 жилээр төсөөлж, алсыг харсан шийдвэр гаргах ёстой. Өнгөрсөн хоёр жилийн алдаатай бодлогын сөрөг үр дагаврыг залруулахад лавтай 4-8 жил шаардагдаж магадгүй юм аа. Харин уналт дөрвөн жилээр үргэлжилбэл хор уршиг, хохирлыг арилгахад 10, түүнээс ч дээш жил шаардагдаж болзошгүй юм.
Энэ цаг үед бид зөвхөн намаа, 2016 оны сонгуулиа бодох уу, улс орны тусгаар тогтнол, ард түмний язгуур эрх ашгийг бодох уу гэсэн сонголтын өмнө тулж ирээд байна. Бидний шийдвэр эв нэгдэл, бүтээлч байдалд тулгуурлах ёстой. Манай нам ямар ч цаг үед цөөнхөө хүндэтгэн олонхио дагаж удирдах дээд байгууллагаас баталсан шийдвэрийг хэрэгжүүлэхийн төлөө эв нэгдэлтэй, нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэж ирсэн уламжлалтай, туршлагатай улс төрийн хүчин билээ.
Бага хурлаас гарсан шийдвэрийг хүлээн зөвшөөрч, эв нэгдлийн зарчмаар асуудалд хандаж, хэрэгжүүлэхийн төлөө ажиллана гэдэгт итгэлтэй байна. Ингэж байж бид дараа дараагийн үүнээс ч том сорилтуудыг амжилттай даван туулж чадах болно” гэлээ.























