Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Намууд зөвшилцсөөр...

Шинэ Засгийн газар байгуулахаар парламентад суудалтай намуудын зөвшилцөл хараахан дуусч, үр дүнд хүрээгүй байна. Зөвшилцөл дуусаагүй байгаа учраас гишүүд ямар нэг тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзаж буй. Хэн нэгний хэлсэн үг зөвшилцөлд нөлөөлөхөөс болгоомжилсон бололтой. Ажлын хэсгийн гишүүд албан ёсны мэдээлэл өгөхгүй байхаар тохиролцсон аж.
Гэхдээ санал тавьсан АН-ын байр суурь тодорхой байгаа ч МАН болон ИЗНН-ын ажлын хэсгийн зарим гишүүн, МАХН-ын төлөөлөл ингэж хэллээ. Ерөнхий сайд Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийг өчигдөр өдөрт өргөн барилаа. Гэсэн ч өөр бусад асуудлаар зөвшилцөгч талуудын яриа дуусаагүй л байна.


МАН: АН-8, МАН-6, “Шударга ёс” эвсэл-2 гэсэн тоо яригдаж байгаа

Ажлын хэсгийн гишүүн Н.Номтойбаяраас зарим зүйлийг тодруулахад “Сайд нар, яамдын тоог АН-ынхан нэмэх, МАН-ынхан цөөлөх бодлого баримталж байгаа учир саналаа нэгтгэж чадаагүй. Үүнээс болж уржигдар оройны ажлын хэсгийн хурлыг би болон Отгонбаяр гишүүн хаяж гарсан. МАН-ын бүлэг хуралдаад урсгал зардлаа танаж, тансаглалаа багасгах зарчим баримтлахаар болсон юм. Гэтэл АН 19 сайдтай байх санал оруулсан. МАН бол 16 сайдтай байхаар саналаа илэрхийлж байгаа. Одоо байгаа бүтцээс жишээ нь Соёл, спорт, аялал жуулчлалын яамыг задалж, буцаагаад харьяалагдах яамдад тараах, Нийгмийн хамгаалал, хөдөлмөртэйгээ хамт байх нь зүйтэй гэж манай бүлэг үзсэн. Шадар сайд гэхэд нэг л байхад хангалттай. Эдгээр дээр үл ойлголцол үүссэн учраас ажлын хэсгүүдийн уулзалт түр завсарласан. Өнөөдөр /өчигдөр 14 цагт/ дахин хуралдана. Сайд нарын тоог УИХ-д намуудын авсан суудлаар бодож үзэхээр АН 7,6 хувь, МАН 5,7 хувь, “Шударга ёс” эвсэл 2,4 хувь, ИЗНН 0,46 хувь болж байгаа. ИЗНН тал сайдад ч хүрэхгүй суудалтай байхад эрх баригчид саймшраад суудал өгөх гэсний шаардлагагүй. Тэгэхээр АН-8, МАН-6, “Шударга ёс” эвсэл-2 гэсэн тоо яригдаж байгаа. Гэхдээ зөвшилцөл дуусаагүй байгаа болохоор яамдын тоо хуваарилаагүй гэсэн үг. Эхлээд бүтцээ шийдсэний дараа сайд нараа гаднаас уу, дотроос байх уу гэдгээ ярина. Гэхдээ “дан дээл”-тэй байх зарчмаа МАН-ын бүлэг баримталж байгаа. Дэд сайд нарыг солбиж тавих тухай хөндөж байгаа ч энэ мөн л дараагийн асуудал” гэсэн юм.


ИЗНН: Байгаль орчны салбараа үргэлжлүүлэн авч явах санал тавьсан

ИЗНН-ын дарга С.Оюун “Гэрээ хэлцэл өчигдрөөс /мягмар гараг/ эхэлж байна. ИЗНН-ын Улс төрийн зөвлөл хуралдсан. Ерөнхий сайд ямар бодлого баримтлахаа хэлсэн. Парламентын засаглалыг сайжруулах санал ч байгаа. Бусад бодлогын асуудалд зарчмын хувьд дийлэнх дээр нь хамтран ажиллаж болох юм гэж манай Улс төрийн зөвлөл дэмжсэн. Өчигдөр орой албан ёсоор ажлын хэсэг байгууллаа. Өнөөдөр өглөө АН-ын ажлын хэсэгтэй уулзсан. Манай намын байр суурь тодорхой байгаа. 2012 оны сонгуулийн дараа АН, “Шударга ёс” эвсэлтэй хамтарч Засгийн газар байгуулахдаа гэрээндээ тууштай явж ирсэн. Байгаль орчин, ногоон хөгжлийн салбарыг хариуцаж аль болох нэр төртэй авч явсан гэж ойлгодог. Цаашид авч явах саналаа манайх тавьсан. Гэрээ хэлцэл үргэлжилж байгаа. Энэ салбараа үргэлжлүүлэн авч явж болно гэж хоёр талаас тохирох юм бол бид нам дээрээ дахин хуралдаж асуудлаа шийднэ. Мөрийн хөтөлбөрт нэлээд хэдэн заалт оруулс­наа хэрэгжүүлэхийн төлөө ажилласан. Ногоон хөгж­лийн бодлогоо батлуулж чад­сан учраас үүнийгээ бү­рэн эрхийн хугацаандаа дуус­гая гэсэн санал тавьж бай­гаа. Бүтэц цомхон байна гэсэн зарчим хэвээрээ бол бид дэмжээд явна” гэж байр сууриа илэрхийллээ.


АН: Эдийн засгийн хүндэрлийг даван туулах хөтөлбөрийг намууд хамтарч боловсруулна

Ажлын хэсгийн ахлагч М.Батчимэг гишүүн “Засгийн газарт хамтарснаар юу шийдэж чадах юм бэ гэдэгт ажлын хэсгүүд зөвшилцсөн. Эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд богино, дунд, урт хугацаанд юу хийх вэ. Ерөнхий сайдын зүгээс олон улсын банк, санхүүгийн байгууллагатай хамтраад энэ сардаа багтаагаад Монгол Улсын макро эдийн засгийн үнэлгээ хийлгэнэ. Дараа нь, эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөр хамтран боловсруулна. Олон нам хамтарч баталсан хөтөлбөр байх юм. Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Өмч хувьчлалын тухай хууль, Өрийн удирдлагын тухай зэрэг хувийн хэвшлээ дэмжих тухай хууль баталж гаргах шаардлагатай. Өрийн удирдлагын хууль бол өрийн эрсдэлийн менежментийн тухай хууль. Өрийн эрсдэлээс хамгаалах тогтолцоо сул байна гэдэгт МАН-ын бүлэгтэй ойлголцсон. Гэхдээ Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн шалгуур үзүүлэлтийг өөрчлөхгүй, Засгийн газрын өрийг нэмэхгүй. Хувийн хэвшлээ дэмжих, санхүүгийн боломж нэмэгдүүлэх тал дээр хамтарч ажиллана. Оюу толгой, Таван толгой төслийн хувьд ил тод харилцан хяналттай, Монголын талын үр өгөөжийг нэмэгдүүлсэн байдлаар төслийг урагшлуулах ёстой гэж үзсэн.
Зөвшилцлийн дүнд Зас­гийн газрын шууд өрийг нэмэг­дүүлэхгүй, нэмж бонд гаргахгүй гэдэг дээр ойлголц­сон. Гэхдээ хувийн хэвшлийг дэм­жих зорилгоор зарим батал­гааг Засгийн газар гаргаж болох ч УИХ эцсийн шийдвэр гаргана. “Чингис” бонд, Хөгжлийн банкнаас хийж байгаа санхүүжилтийг улсын төсөвтэй нэгтгээгүйгээс шүүмжлэл гарч байсан учраас зөвшилцлийн үр дүнд эдгээрийг төсөвтөө нэгтгээд явъя гэж шийдсэн. Ажлын хэсэг ИЗНН, “Шударга ёс” эвслийн бүлгийн ажлын хэсэгтэй уулзалт хийсэн. Нам, эвслийн бүлэг Засгийн газрын бүрэлдэхүүнд орно гэдгээ бичгээр баталгаажуулж, гарын үсэг зурсан. Хамтарч ажиллаж байсны хувьд олон асуудалд байр суурь нэг байгаа” гэсэн.


МАХН: Засгийн газарт ажиллаж байсан харьцааг өөрчлөхгүй байх чиглэл өгсөн

“Шударга ёс” эвслийг бүрдүүлэгч МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба ““Шударга ёс” эвслийн бүлэг дээр хоёр намын гишүүд санал солилцож нэгдмэл ойлголтод хараахан хүрч чадаагүй учраас намууд тус бүртээ ярьж тодорхой шийдвэр гаргахаар болж завсарлаад байсан юм. МҮАН-ын Удирдах зөвлөл хуралдаж гэрээгээ үргэлжүүлэх нь зөв гэсэн шийдвэр гаргасан гэсэн. МАХН-ын Гүйцэтгэх товчоо өнгөрсөн даваа гарагийн орой хуралдаад хамтарсан Засгийн газарт цаашид үргэлжлүүлэн ажиллах нь зүйтэй гэж үзсэн. Манай намын хувьд асуудалд эсрэг байр сууринаас хандсан ч олонхийн саналаар хамтарсан Засгийн газарт үргэлжүүлж ажиллана. 2012 онд “Шударга ёс” эвслийн гаргасан мөрийн хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх тал дээр анхаарч ажиллах юм. Цаашид хийх гэрээнд энэ талын тодорхой асуудлыг тусгах нь зүйтэй гэсэн чиглэлийг МАХН-ын Гүйцэтгэх товчооноос гаргасан.
Оюу толгой, Таван толгойн асуудлыг хэрхэн шийдэх вэ гэдэг тал дээр эвслийн хувьд тодорхой байр суурьтай байгаа. Цаашдаа хамтарсан Засгийн газар байгуулахад улс төрийн намуудын хооронд байгуулах гэрээнд УИХ-аар хэлэлцэх асуудлууд бий. Улс төрийн намуудын УИХ дахь суудлынхаа харьцаагаар Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд ажиллана гэсэн зарчмыг ажлын хэсгүүд дээрээ тодорхой авч үзнэ. МАХН-ын гишүүдийн зүгээс өнгөрсөн хугацаанд хийсэн ажлууддаа үнэлэлт, дүгнэлт өгөх хэрэгтэй гэдэг байр суурь илэрхийлсэн. Эвслийн зүгээс Засгийн газарт ажиллаж байсан харьцааг өөрчлөхгүй байхаар ажлын хэсгүүд нам, намынхаа удирдах байгууллагаас ерөнхий чиглэл авсан байгаа. Энэ тал дээр ямар нэг үл ойлголцол гарна гэж бодохгүй байна” хэмээсэн.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан