Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Ганбат: МОХ ноён нуруугаа алдаагүй

Оюутан ахуй цагтаа Монгол Улсын их сургуулийн оюутны зөвлөлийн даргаар ажиллаж, Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн дайчин туслагч гэх МОХ-ны үйл хэргийг “хувьчлах” их үйлсийг эхлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Ц.Ганбаттай ярилцлаа.  

-Монголын оюутны холбоо (МОХ) нь ардчилсан хувьсгалын давлагаанд өртөж шинэчлэгдээгүй харин ч  давлагааг бий болгож байсан дөрвөн холбооны нэгээр нэрлэгддэг. Яг хэзээнээс МОХ ардчилсан хувьсгалын үйл хэрэгт оролцох болсон юм бэ. Ямар шаардлагаар?        
-МОХ нь өмнөх нийгмийн үед Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн дайчин туслагч гэсэн нэртэй байсан. Бид энэ нэрээрээ 1989 оны дөрөвдүгээр сард МОХ-ны II чуулган гэж хийж байсан нь өнгөрсөн нийгмийн хамгийн сүүлийн чуулган болж үлдсэн. Учир нь тухайн үеийн 40 гаруй мянган оюутны төлөөлөл болсон манай холбооны гишүүд энэ хурлаараа өөрчлөлт, шинэчлэлт хийх хэрэгтэй болсон гэдгийг хаа, хаанаа ойлгоод байсан юм. Тухайн үед би Эдийн засгийн сургуулийн Төрбат, Рэнцэнтавхай, Политехникийн М.Зоригт (УИХ-ын гишүүн) нартай танилцаж байсан. Бид II чуулганы дараагаар манай сургуулийн (МУИС) оюутны зөвлөлийн өрөөнд цуглаж, нийгэмд өрнөөд байгаа зүйлсийн талаар ярилцаж эхэлсэн юм. Тэр дундаа, МОХ нь Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн дайчин туслагч бус бие даасан байгууллага байх ёстой гэдэг үзэл бодолтой байсан. Мөн энэ үеэр буюу 1989 оны арав, арваннэгдүгээр сарын үед МУИС-ийн Шинжлэх ухаан, коммунизмын онолын танхимд хэдэн залуучууд цугларч уулздаг байсан нь ардчиллын анхны 13 болж таарсан. Тухайн үед Зориг багш надад анхныхаа шаардах хуудсыг үзүүлж, хотоор Баабарын “Бүү март, Мартвал сөнөнө” гэсэн ухуулга хуудас тараагдаж, уур амьсгал нэлээд өөрчлөгдөж ирсэн юм. Ингээд оюутны зөвлөлийн бид ч шийдэлд хүрч, анхны ажил болгосон зүйл нь “XX зууны оюутны чөлөөт нэгдэл” мэтгэлцээний клуб байгуулсан явдал. Багшийн дээд, ХААИС, Анагаах гээд олон сургуулийн нэгдэл болж чадсан. Клубийн гол зорилго нь ч МОХ-г чөлөөт байгууллага болгох байсан юм. 1989 онд МоАХ-ны анхны цуглаан болсон. Тэр цуглаанд манайхаас хэдэн хүн оролцож байсан. Анхны улс төрийн шаардлагууд тавигдаж, тал талд улс төрийн олон үйл ажиллагаа явагдаж эхэлсэн. Ингээд нөхцөл байдлын улмаас бид 1990 оны гуравдугаар сард МОХ-ны онц IV бага хурлыг хуралдуулах шаардлага тавьж, тухайн үеийн удирдлагууд хүлээж авсан. Ингээд гуравдугаар сарын 2,3-ны өдрүүдэд хуралдаанаа хийж, нэгдүгээрт, МОХ-г бие даасан статустай болгох, оюутны эрхийн тунхгийг гаргах, Сталины хөшөөг буулгах зэрэг шаардлага тавьсан. Эдгээр нь бүгд бодит ажил болсон. Жишээ нь, Сталины хөшөөг буулгах саналыг 15 гаруй мянган хүнээс цуглуулж, хотын захиргаанд хүргүүлснээр хөшөөг буулгасан. Энэ нь нийгэмд тодорхой хэмжээний цочроо өгсөн.

-МОХ, МоАХ, Шинэ дэвшил холбоо, Ардчилсан социалист хөдөлгөөн гэсэн дөрвөн холбоо нь Ардчилсан хувьсгалын гол хүч байсан. Танай холбоо уг нь улс төрийн хүчний нөлөөллийг халж, гарч ирсэн шүү дээ. Тэгвэл МОХ-ны хувьсгалын оролцоог та юу гэж хэлэх вэ?
-Энэ талаар яривал их цаг хугацаа орно. Тиймээс товч хариулъя. Энэ дөрвөн хүчин дөрвүүлээ тэгш эрхтэй байсан. Анхны уулзалтын хугацааг нарийн санахгүй байгаа ч МУИС-ийн оюутны зөвлөлийн байранд анх уулзалдаж байсан. Дараа нь МУИС-ийн III байр руу шилжсэн. Бидний хувьд IV бага хурлаар өөрсдийн гэсэн тамга, тэмдэгтэй болж байсан бол нөгөө гурав нь улс төрийн нөхцөл байдлаа дагаад гарч ирсэн байгууллагууд юм. Гэхдээ өөр, өөрсдийнхөө чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Бидний хувьд яг улс төрийн чиглэл рүү яваагүй. Гол нь оюутны сургалтын тогтолцоо, нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн тулд төрийн тогтолцоо буюу системийн өөрчлөлтийг хийх хэрэгтэй гэж үзсэн хэрэг. Тиймээс манай дөрвөн холбоо анхны уулзалтаараа улс төрийн товчоог огцруулах анхны шаардлагын агуулгын талаар ярилцаж байсан. Эхэн үедээ МАХН-ыг өөрчлөн шинэчлэх асуудал ярьж байсан ч явсаар нийгмийн тогтолцоог өөрчлөх буюу Ардчилал гэсэн анги руу яваад орчихсон юм шүү дээ, ер нь бол.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан