Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

М.Зоригт: МОХ-ны Ерөнхийлөгчөөр ажилласан он жилүүд минь ардчиллын эхэн үеийн хүнд хэцүү сорилттой шууд холбоотой байсан

Гурван өдрийн турш үргэлжилсэн Монголын оюутны холбоо (МОХ)-ны IV бага хурлаас гарсан шийдвэр нь Монголын Ардчилсан хувьсгалд үнэтэй хувь нэмэр оруулсан гэдэг. Нийгмийн хамгийн онцгой хэсэг болсон тэдэнгүйгээр Ардчилсан хувьсгалыг төсөөлөх боломжгүй бөгөөд тэдний үүрэг оролцооны талаар МОХ-ны анхны эрх чөлөөт зүтгэлтнүүдээс бид тодруулж байгаа билээ.  Энэ удаад МОХ-ны анхны оюутан дарга, УИХ-ын гишүүн М.Зоригттой ярилцлаа.                

-МОХ нь 1942 онд байгуулагдсан Монголын ууган байгууллагуудын нэг. Тиймээс энэ байгууллагын түүхийг тухайн цаг үеэс эхлэн тооцох нь зүйтэй. Гэхдээ 1989, 1990 оны үед хүчээ авсан ардчилсан хувьсгалын үйл хэрэг нь Монгол Улсад шинэ түүхийг авчирснаар тус байгууллагын түүхийн үргэлжлэл ч эрс өөрчлөгдөж ирсэн. Тухайлбал, 1990 оноос бие даасан төрийн бус байгууллагын статустай болж өөрчлөгдсөн байдаг. Харин та бол энэ үйл явцыг хамгийн сайн мэдэх бас ярьж өгөх хүн болов уу. Учир нь түүхэнд “М.Зоригт нь МОХ-ны анхны оюутан Ерөнхийлөгч” гэж тэмдэглэгдсэн байна?
-Түүх сөхөж болно. Гэхдээ он дарааллаар нь нийгэм холбогдох учир шалтгаантай нь ярьж, дүгнэвэл чухал биз. 1988 оны МОХ-ны III бага хурал, 1989 оны Монголын оюутны ээлжит II чуулган, 1990 оны МОХ-ны Онц IV бага хурал нь оюутны байгууллагад төдийгүй нийт нийгэмд ардчилсан өөрчлөлт хийхэд түлхэц болсон. 1989 оны хавраас 1990 оны  III сар хүртэлх хугацаанд шинийг сэтгэх чадвартай, оюутнуудын төлөөлөл өөрсдийн байгууллагаа Монголын хувьсгалт залуучуудын эвлэл (МХЗЭ)-ийн хавсрага хэлбэрээс салгах тэмцэл явуулж, хүссэн үр дүндээ хүрсэн юм. Миний хувьд 1990 оны Монголын оюутны ээлжит бус III чуулганаас сонгогдсон анхны оюутан ерөнхийлөгч л дөө. Хуучин нэрээр Политехникийн дээдийн оюутан байлаа. Үндсэндээ тэр ажил хэрэгч чуулганаас МОХ-ны статус, дүрмийг төрийн бус байгууллагын хараат бус сонгодог хэлбэрт оруулж чадсан.       
-Хэн нэгэн улстөрийн хүчээр дамжин МОХ-ны Ерөнхийлөгч хийх эсвэл оюутан өөрөө энэ холбоог удирдах нь хоорондоо асар их зөрүүтэй. Нийгмийн томоохон массын төлөөлөл гэдгээр нь хүчийг улс төрийн зорилгоор ашиглах боломжтой гэсэн үг. Таны хувьд оюутан ерөнхийлөгч байсан учраас энэ байгууллагыг ямар чигт залах ёстой гэж үзсэн бэ. Ямар зүйлийн эхлэлийг тавив?
-МОХ-ны Ерөнхийлөгчөөр ажилласан он жилүүд минь ардчиллын эхны үеийн хүнд хэцүү сорилттой шууд холбоотой. Юутай ч бид, энэ өөрчлөлтийн шуурганд дөрвөн зорилт тавьсан. Нэгдүгээрт, оюутны эрх ашгийг хамгаалах байгууллагаа нутаг дэвсгэр, мэргэжлийн чиглэлээр нь төлөвшүүлэх. Жишээлбэл, эмнэлгийн, инженер техникийн, соёл урлагийн, дарханы гэх мэт. Хоёрт, дээд боловсролын сургалтыг үзэл сурталжсан байдлаас гаргаж, бүхэл, бүхэл агуулгаар нь шинэчлэх. Гуравдугаарт, монгол залуу хүний хувьд дэлхийгээр нэг тарсан, үндэс угсаа, цөс нэгтэй үе тэнгийнхнээ оюун санааны хувьд нэгтгэх. Тухайлбал, бид дэлхийн монгол туургатан оюутан залуучуудын анхдугаар наадмыг зохион байгуулж байлаа. Дөрөвт, ерөөсөө оюутан шинэ сэтгэлгээний бас эв нэгдлийн илэрхийлэл гэдэг үүднээс нийгмийн өөрчлөлтөд оюутнуудаа идэвхтэй оролцуулах. Энэ бол яах аргагүй тавигдаж байсан зорилт. Ямартай ч бид дээрх дөрвөн зорилтдоо хүрч чадсан.
Оюутнууд нийгмийн томоохон хүч мөн нь үнэн. Тиймээс аливаад соргог хандах ёстой. Гэхдээ туйлширч дагахгүйгээр. Улс төрийн хүчнүүд МОХ-ыг ашиглах гэж боддог л биз. Гэхдээ 1990-ээд оны ардчилсан уламжлал, дархлаа хойшид ч чухал.      

-Уг нь бол МОХ дээд боловсролын салбарын харилцаанд хамтын ажиллагаа, хяналтын үүргийг бодитоор гүйцэтгэх чадвартай, эрх ашгийг хамгаалагч мэргэжлийн байгууллага байх ёстой гэж үздэг. Зорилго нь ч тийм байгаа. Өнөөдөр энэ байгууллага дээрх зорилгодоо хүрсэн болов уу. Таныг энэ холбооноос салснаас хойш 20 гаруй жил өнгөрлөө. Ямар өөрчлөлт гарсан гэж та үзэж байгаа бэ?
-Өнгөрсөн онд Монголын оюутны байгууллагын 70 жилийн ойн арга хэмжээнд оролцсон. Мэдээллийн хэрэгслээс өөрийн эрхгүй МОХ-ны тухай мэдээллийг сонирхдог. Зарим нэг эндэгдэл бэрхшээлийг эс тооцвол одоогийн МОХ үндсэн зорилтынхоо төлөө ажиллаж байгаа гэж ойлгодог. Техник, технологийн дэвшил, нийгмийн орчин, хувь оюутны чадавх, эдийн засгийн хөгжил, гадаад харилцаа зэргээс үүдээд оюутнууд, оюутны байгууллага асар өөрчлөгджээ.

-Гадаадад сурч байсан Монгол оюутнуудын хувьд Монголын ардчилсан хувьсгалын талаар ямар ойлголттой байсан бэ. Та жишээ нь Прагаас Улаанбаатарт юуг шууд буулгах нь зүйтэй гэж бодож ирсэн бэ. Ардчилсан хувьсгалын үрээр гэвэл та хамгийн түрүүнд юуг онцлон хэлэх вэ?
-Ардчиллын томоохон өлгий Чехэд би эрх чөлөөний агаарыг мэдэрсэн. Тэр өвөрмөц агаараар Монголын оюутнуудаа амьсгалуулахыг л хүссэн хэрэг. Тухайн үеийн Чех тухайн үеийн Монголоос хөгжлөөр тохой илүү байсан. Бодоод үз. Тухайн үеийн Монгол өнөөдөр 25 жилийн дараа хэрхэн өөрчлөгдсөнийг. Бид амжилтаа бодитой дүгнэх ёстой. Алдаагаа ч хэлэх шаардлагатай. Биднээр Монгол дуусчихгүй учраас зөв онош тавьж, зөв гарц олж ирээдүйгээ дархлах хэрэгтэй. Ардчилсан хувьсгалын үрээр Монгол хүн улс төр, эдийн засгийн эрх чөлөөтэй болсныг нь шууд онцлон хэлмээр байна.
0 Сэтгэгдэл
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан