Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хувьсгалын дууч

С.Цогтсайхан агсанд зо­риулж хөшөөг нь  босгожээ. Сайхан хөшөө болж. Энэ л хөшөөг хараад та бидний сэтгэлд “Хонхны дуу”-тайгаа мөнхөрсөн, миний танихгүй хэрнээ үнэн сэтгэлээсээ хайр­ладаг тэр эрхмийг дурслаа.
Тэртээд мэт санагдах 1989 оны өвөл, 1990 оны хавар тархи оюунд минь тодрон бүдгэрэн байна. Арав хүрээгүй настай алдрай багын дурсамжинд минь онцгой он жилүүд байж дээ.

Амьдралын сайн мууг мэдээгүй, амар амгалан, нэгэн хэвийн амьдрал дунд гэв гэнэт “Хонхны дуу” хангинан ирсэн юм. Өглөө аав ээж  ажилдаа, дүү бид хоёр хичээлдээ яваад орой тарж ирэн, хоолоо идэж, ойр зуурыг хэлэлцэнгээ мэдээ үзээд дор бүрнээ ном уншиж байгаад гэрлээ унтраан унтдаг. Одоо бодоход програмчилсан мэт амьдрал миний ухаан орсноос хойш л урссан юм даг.   Гэнэт л аав, ээж арай өөрийг яриад, нийгэм, улс төр, хүний эрх, ардчилал, буруу зөвийн тухай орсон гарсан бүхэн хэлэлцээд жагсаал, цуглаан болоод явчихсан. Есөн настай би бүү хэл ер нь нийтээрээ юу болоод байгааг ойлгохтой үгүйтэй л байсан байх. Тэр дунд хамгийн ойлгомжтой зүйл нь “Хонхны дуу” байлаа. “Нэг л болохгүй” байгааг мэдэрсэн ч хэлж ярьж болдоггүй тэр хаалттай нийгмийг цочоосон, энгийн хэрнээ хурц, утга төгөлдөр, үнэн үгтэй энэ дуу хаа сайгүй цуурайтан монголчуудыг сэрээсэн юм. Социализм, ардчилал хоёроо ойлгоогүй ч миний бяцхан зүрх тэр л үед догдлон, булгилж гудамжны ахын өгсөн ухуулах хуудсыг гэрлийн шон дээр нааж, “Ардчилал” сониноос нэ­гийг нь 1 төгрөгөөр өдөрт 100 ширхэгийг зарчихаад урам­шууллын 15 төгрөгөө “авахгүй ээ” гэж хэлээд харихдаа нийг­мийн төлөө, нийтийн төлөө ямар нэг зүйл хийж байгаадаа өөр­төө хязгааргүй баярлан гүй­хэд миний балчир оюунд “Хонхны  дуу” цуурайтан байсан юм. Үүнийг уншигч та есөн настай хүүхэд нийгэм, улс төрийн тухай юугаа ойлгодог юм гэж бодож болох. Гэхдээ таван насандаа үсэг таньснаасаа хойш ном зохиол олныг уншиж, бодол урттай аавынхаа нөлөөгөөр үеийнхнээ үлгэр сонсдог байхад “Монте Кристо гүн”-г уншин Эдмон Дантестай хамт дурлаж хайрлан, шаналан шархирч, өшиж хорсон байс­ныг минь, тэр үеийн сэ­хээт­нүүдийн захиалдаг “Цог” сэтгүүлийг дугаар алга­салгүй уншиж, хэрэндээ “болов­сор­сон” байсныг минь бодол­цоорой.

Аав, ээж хоёроо даган Ялалтын талбай, Сүхбаатарын талбайд болсон жагсаал, цуглаанд зогсч байхдаа би намуухан хэрнээ уянгалаг, хувиршгүй бат хоолойгоор ...Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдана аа..., ...Хонхны дуу хүслийг бад­­раа... хэмээн дуулах энэ даруухан төрхтэй, намхан нуруутай, өндөр хүсэл тэмүүлэлтэй ахыг хүндлэн хайрлах болсон юм.
Тэр дуучнаас гадна сайн нийтлэлч. Сүүлд би сэтгүүлч мэргэжлээр сурч байхдаа багшийн өгсөн даалгавраар болон өөрийн сонирхлоороо нийтлэлүүдийг нь уншиж судлан, анализ дүгнэлт хийж байсан юм. Үнэн үгээр голыг нь олж хүний тархинд сийлж бичдэг түүний “Дунд хуруу”, “Ирж яваа цаг”,  “Цусны шин­жил­гээ”, Тарчлаан”-ыг одоо ч уншсан амттай бас үнэ цэнэтэй.

Өөрөө шатаж, өрөөлийн замыг гэрэлтүүлээд харван одох мэт тэр даанч богино насалсан. Гэхдээ нэг л амьдрах хувь заяаны урт богинын хэмжээнд бус хэрхэн амьдарч чадсан бэ гэдэгт л утга учир оршном бус уу.
Хүний түүхэнд олон л хувьсгал гарсан биз. Тухай тухайн үеийнхээ нийгмийг өөрчилсөн тэр олон хувьсгал өөр өөрийн удирдан чиглүүлэгч, уриалан дуудагчтай, бас дуутай байсан. “Интернационал”-ын хэмнэлд Парисын коммун хүрхрэн дэгдсэн шиг л “Хонхны дуу”-нд талын монголчууд сэрж, хаалттай нийгмийн цонхыг хагалан, ардчиллын салхи үлээлгэсэн юм. Ардчилсан хувьсгал монголчуудад эрх чөлөө, хүний эрх гэсэн хамгийн үнэт зүйлсийг авчирсан. Чухам энэ хувьсгалд үнэлж баршгүй үнэтэй хувь нэмэр оруулсан хүн бол өнөөдөр хөшөөнд мөнхөрч буй С.Цогтсайхан билээ. Тиймээ, тэр ард түмэндээ амьдарч оршихуйн амин сүнс болох АРДЧИЛАЛ-ыг авчиралцсан “Хувьсгалын дууч”. Хүндэтгэн хайрладаг сэтгэлээ дэвсэн таны өмнө тэргүүн мэхийе.  
НЭГ Л АМЬДРАХ ХУВЬХАН ЗАЯАНЫ УРТ БОГИНЫН ХЭМ­ЖЭЭНД БУС ХЭРХЭН АМЬ­ДАРЧ ЧАДСАН БЭ ГЭДЭГТ Л УТГА УЧИР ОРШНОМ БУС УУ.
    Э.Оюунболд

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан