Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Ламбаа: Б.Чимидийн нэрэмжит шагналын эзнийг УИХ-ын даргын зөвлөл шалгаруулна

Ардчилсан шинэ Үндсэн хуулийн 23 жилийн ойг угтан зохион байгуулах арга хэмжээнүүдийн талаар УИХ-ын даргын Ахлах зөвлөх С.Ламбаатай ярилцлаа.

-Юуны өмнө Ардчилсан шинэ Үндсэн хуулийн эцэг гэгддэг гавьяат хуульч Б.Чимид гуайн нэрэмжит шагналын талаар асууя. Энэ хүндтэй хүний нэрэмжит шагналыг бий болгохын ач холбогдол, зорилго юу вэ?
-Анх манай судалгаа шинжилгээний хэлтсийн ахлах референт, АИХ-ын депутат асан Р.Хатанбаатар дэлхийн улс орнуудын парламентын туршлагаар Монголын парламент өөрийн гэсэн шагналтай болох талаар УИХ-ын даргад санал тавьсан. Энэ асуудлыг судалж үзээд миний бие Ардчилсан шинэ Үндсэн хуулийн эхийг баригч, нэрт хуульч Б.Чимидийн нэрэмжит шагнал бий болгож жил бүр Үндсэн хуулийн өдөр УИХ-ын даргын захирамжаар олгодог болгох саналыг УИХ-ын даргад танилцуулсан. Үүнийг УИХ-ын дарга дэмжиж холбогдох журмыг 2014 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн 176 тоот захирамжаар баталсан. Ийм шагналтай болсон нь хэд хэдэн зорилго, ач холбогдлыг  агуулж байгаа. Нэгдүгээрт, Монгол төрийн нэрт зүтгэлтэн Ардчилсан шинэ үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч Бяраагийн Чимидийн Монгол төрд зүтгэсэн гавьяа зүтгэлийг мөнхжүүлэх юм.

Хоёрдугаарт, Судалгаа шинжилгээнд суурилсан хууль тогтоох ажиллагааг хөгжүүлэх, парламент судлал, үндсэн хуулийн эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр гарсан үнэ цэнэтэй томоохон бүтээлийг хөхиүлэн дэмжих. Гуравдугаарт, энэ чиглэлийн эрдэм судлалын ажилд оюун ухаанаа зориулах эрдэмтэн, судлаачдын тоог нэмэгдүүлэх зорилготой. 

-Энэ шагналд өрсөл­дөхөөр хэчнээн бүтээл ирүүлсэн бэ?
-УИХ-ын Тамгын газарт Д.Лүндээжанцан, И.Даш­ням, О.Мөнхсайхан, Л.Өлзий­сай­хан, Д.Гангабаатар нарын эрдэмтэн, судлаач бүтээлээ ирүүлсэн. Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын захирамжаар байгуу­лагдсан доктор, профессор Ч.Энх­баатар ахлагчтай сон­гон шалгаруулах баг ажил­лаж журмын дагуу Д.Лүндээ­жан­цангийн “Монгол Улс дахь төрийн эрх мэдлийн хуваа­рилалт”, И.Дашнямын “Мон­гол Улсын төр эрх зүйн түүх” хоёр боть бүтээлийг шалгаруулж УИХ-ын даргын дэргэ­дэх зөвлөлд ирүүлсэн. УИХ-ын даргын зөвлөл хэлэл­цэж нэг бүтээлийг шалгаруулах ёстой. УИХ дарга З.Энхболд Үндсэн хуулийн ойн өдөр шалгарсан бүтээлийн эзэнд өргөмжлөл, Б.Чимидийн дүрс бүхий медаль, мөнгөн шагнал гардуулж өгнө.

-Ардчилсан шинэ Үндсэн хуулийн 23 жилийн ойг угтсан олон арга хэмжээ зохион байгуулна. Энэ жилийн ойн арга хэмжээ юугаараа онцлог байх вэ?
-Жил бүр зохион байгуулдаг уламжлалт арга хэмжээ болно. Тухайлбал, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ. УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулдаг шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах  тэмцээн, үндэсний бөхийн барилдаан хуваарийн дагуу явагдана. Энэ жилийн онцлог гэвэл Үндсэн хуулийн эхийг Монгол төрийн түүхийн музейд залж олон нийтэд дэлгэн үзүүлнэ. Төрийн ордны бүх мэдээллийг үзэж цахим хэлбэрээр танилцах аяллын  нээлт болно. Дээр хэлсэнчлэн Б.Чимидийн нэрэмжит шагналыг УИХ-ын дарга ёслол хүндэтгэлийн танхимд гардуулна. Үүгээрээ онцлог болж байна.

-Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэм­цээнийг УИХ-ын дар­гын ивээл дор зохион байгуулдаг. УИХ-ын ги­шүүд, Үндсэн хууль бат­лалц­сан депутатууд гээд  орол­цогчдын тоо байнга нэмэгдэж байгаа гэсэн. Энэ жилийн хувьд олон хүн оролцох уу?
-Анх УИХ-ын дарга ямар нэгэн баяр болгоноор бөх барилдах юм гээд Үндсэн хуулийн ойн өдрүүдэд оюуны спорт дэмжих зорилгоор шатар сонирхогчдын дунд тэмцээн зохион байгуулах санаачилга гаргасан. Ингээд 2013 онд УИХ-ын Тамгын газар УИХ-ын даргын ивээл дор Нийслэлийн шатар сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулж  нийт шатар сонирхогч 132 хүн оролцсон.   Сонирхогчдын анхны тэм­цээнд оролцогсдын хамгийн өндөр настай нь 93 настай Г.Бүжинлхам, 92 настай Ц.Лоохууз нар байсан. 2014 оноос энэ арга хэмжээнд Шатрын холбоо зохион бай­гуу­лагчаар хамтран оролцож шатрын тэмцээнийг УИХ-ын даргын ивээл дор сум, дүүрэг, аймаг, нийслэлийн хэмжээнд  зохион байгуулж, шалгарсан шатарчид Улаанбаатарт ирж аваргын төлөө өрсөлддөг болгосон. Жилээс жилд оролцогчдын тоо нэмэгдэж байна. Өнгөрсөн жил аймаг, нийслэлийн анхан шатны тэмцээнд 1200 орчим тамирчин оролцож 120 гаруй шилдэг шатарчин аваргын төлөө тэмцээнд оюун ухаанаа уралдуулсан. Тэдгээрийн дотор УИХ-ын харьяа төрийн байгууллагуудын албан хаагч 33, шинэ Үндсэн хууль батлалцсан АИХ-ын депутат 10 гаруй хүн байсан. Энэ жилийн хувьд 21 аймгийн 315 сум, нийслэлийн есөн дүүргийн 2300 орчим шатар сонирхогч оролцож 120 гаруй тамирчин аваргын төлөө өрсөлдөхөөр шалгараад байна.

-Өнгөрсөн жилийн шат­рын тэмцээний үеэр УИХ-ын дарга З.Энхболд ерөн­­хий боловсролын сур­гуу­лиудад шатрын клуб байгуулах санаачилга гар­гаж байсан санагдаж бай­на. Клубууд одоо нэлээд өргөж­сөн болов уу?
-Ер нь шатар тоглодоггүй монгол хүн ховор шүү дээ. Тийм учраас УИХ-ын дарга З.Энхболд оюуны спортыг дэмжиж дэлгэрүүлэх зорилгоор Аймаг, нийслэлийн сургуулиудад шатрын дугуй­лан ажиллуулах уриалгыг гаргасан. Энэ уриалгыг хэрэгжүүлж аймаг, нийслэлийн хэмжээнд шатар сонихогчдын клуб, анги танхим нээгдэж байна. Нийслэлийн хувьд энэ уриалгыг маш идэвхитэй дэмжиж ажиллаж байгаа. Харин аймаг, сумдад учир дутагдалтай байна. Холбогдох төрийн захиргааны төв байгууллага, аймаг, сумын Ир­гэдийн төлөөлөгчдийн хур­лын байгууллага энэ асуудалд онцгой анхаарч ажиллах шаардлагатай.

-Төрийн ордонтой та­нил­цах аяллыг цахим байд­лаар хийх шинэ тех­но­логи нэвтрүүлж, ойн өдөр нээхээр болж. Ца­хим сайтад нэвтэрсэн то­хиол­долд Төрийн ордны үйл ажиллагааг бодитоор нь харж болно гэсэн үг үү?
-2012 онд Ардчилсан нам төрийн эрх барих болоод Мон­голын ард түмнээ Тө­рийн ордонд чөлөөтөй орж танилцах боломж бүр­дүүлсэн. Гэхдээ ийм боломж олголоо гээд бүх хүн Төрийн ордонд бүхэлд нь орж ирж танилцах боломжгүй. Тийм учраас мэдээллийн технологийн орчин үеийн ололтыг  ашиглан Төрийн ордны бүх мэдээллийг виртуаль байдалд оруулж, вэб сайтад байршуулахаар болсон. Тэгэхээр хэн хүссэн нь сайт руу нэвтэрч Төрийн ордны үйл ажиллагаатай танилцах аялал хийх боломж олгож байгаа юм. Энэ ажлыг “Пано интерфейс” ХХК-ийн хамт олон санаачилгаараа хийж гүйцэтгэсэн.  

-УИХ-ын түвшинд Үндсэн хуульд өөрчлөлт оруу­лах талаар сүүийн үед яригдаж байгаа. Шийд­лийн Засгийн газ­ар бай­гуулахдаа АН, МАН  Үндсэн хуулийн өөрч­лөл­тийн асуудалд санал нэгд­лээ гэж байсан. Энэ ажил ямар түвшинд явж байна вэ?
-Улс төрийн нөхцөл байдлаас болж шийдэгдэж чадахгүй байгаа зарим асуудлыг хамтран шийдвэрлэх зорилгоор их эвслийн Засгийн газар байгуулагдсан гэж ойлгож байгаа. Тийм чиглэлээр ч ажлын хэсгүүд гэрээ хэлцэл хийсэн байх. Үүнд Үндсэн хуулийн өөрчлөлт орж байгаа. Гэхдээ үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал өөрөө нэлээд түвэгтэй зүйл. Ялангуяа 2000 онд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт өнөөдрийг хүртэл элдэв хэл ам дагуулсаар ирсэн. Тийм учраас өмнөх УИХ-аас Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль баталсан. Энэхүү хуулиар Монгол Улсын Үндсэн хуулийн хэн ч халдашгүй амин сүнс болсон үндсэн бүтэц, суурь үзэл баримтлал, хөдөлшгүй зарчмыг өөрчлөхийг  хязгаарласан. Тухайлбал, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрсөн хүний үндсэн эрх, эрх чөлөөг дордуулахгүй байх, төрийн эрх мэдлийг хуваарилсан зарчим, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал зэрэг 25 зүйл, хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглосон байгаа. Мөн УИХ-ын даргын захирамжаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар гарсан саналыг судалж дүгнэлт гаргах ажлын хэсэг бай­гуулж ажиллуулсан. Аж­лын хэсэг дүгнэлтээ гар­га­сан ч ямар нэг түвшинд хэ­лэл­цэгдээгүй байгаа. Ямар ч бай­сан нэмэлт өөрчлөлтийн асуудал яригдана гэж бодож байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан