Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бүртгэлтэй 4.6 сая утасны дугаараас 3.3 саяд нь асуулга илгээжээ

“Би иргэдээсээ нэг зүйл хүсч байна. Бидэнд хоёр зам байна. Нэгдүгээрт том төслүүдээ явуулах. Хоёрдугаарт  хэрэглээгээ танах. Бид аль замаар явах вэ гэдгээ шийдэхийн тулд ард түмнээсээ  нэг удаа асуучихаад буруу зүйл байхгүй гэж бодож байна. Бүх нийтээрээ хэлэлцүүлэг явуулъя. “1515-1111” дугаарт бүх операторын хэрэглэгч аль замаар явахыг мессэжээр бичээрэй. Бидэнд гурав дахь зам алга” гэж Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ард түмнийг салаа замын эхэнд авч ирэв. Одоо ард түмэн хаашаа гэнэ, түүнийг нь Ч.Сайханбилэгийн Засгийн газар хүлээн зөвшөөрч, ирэх жилийн хөгжлийн хувилбарт шилжих нь. Гэхдээ гурван сая иргэнтэй Монгол Улсын ирээдүйн замналыг иргэдийн хэдэн хувь нь сонгох бол. Төрийн эрхийг шууд бусаар атгаж, төлөөллөө УИХ-д суулгасан иргэдийн хувьд энэ удаад ганцхан мессэж илгээснээр Оюутолгойг хөдөлгөж аль эсвэл Засгийн газрын зардал хэрэглээг хуу хамах хялбархан эрх атгачихлаа... Харин Монголд гурван сая иргэн 4.6 сая гар утасны дугаар бүртгэлтэй байна. Үүнээс байнгын идэвхтэй хэрэглэгчийг жагсаагаад ч гурван сая элбэг давж байгаа тооцоо бий. Тэгэхээр гурав хоногт нэг удаа эдлэх ёстой эрхээ монголчууд бүгдээрээ эдэлбэл, гурван сая иргэнд тулгарсан асуудлыг бараг дөрвөн саяулаа ч шийдэж болох бололцоотой. Нөгөөтэйгүүр, мессэж санал асуулга нь үнэн зөв эсэх, ашиглагдаагүй байгаа дугааруудыг ашиглах зэргээр эрх баригчид өөрсдийн хүссэн үр дүнг гаргахаар зэхсэн гэдэг мэдээллүүд ч мэр сэр гарч байгаа юм. Хувь хэрэглэгч болоод албан байгууллагын нэр дээр ашиглагдаж байгаа гар утасны дугаарууд болон үүрэн холбооны оператор компанийн хэрэглэгчдийн тоо нь нууцын зэрэгт хамаардаг.

Тиймээс хэн, ямар сонголт хийсэн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг иргэдэд танилцуулах боломж хомс. Өөрөөр хэлбэл, нэг иргэн өөрт байгаа хэдэн ч дугаараас сонголтоо хийх боломж нь нээлттэй үлдэж байгаа юм. Хамгийн гол нь монголчуудын хэдэн хувь нь сонголт хийснээс бус сонголт хийсэн иргэдийн хэдэн хувь нь юу гэж үзсэнээс хамааран Монгол Улсын 2016 он хүртэлх хөгжлийн зам дурайх ёстой.


НЭГ ХҮН ХОЁР САНАЛ ӨГӨХ БОЛОМЖИЙГ ЗОХИЦУУЛАХ БОЛОЛЦОО ХОМС

Тэгвэл энэ чухал асуудлыг иргэд хөндлөнгийн оролцоогүйгээр шийдэж, бичсэн зурвас нь шууд эзэндээ хаяглагдаж байгаа эсэх талаар Мэдээллийн технологи, Шуудан, Харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаагаас тодрууллаа. Тэрбээр дээрх санал асуулгын ажлыг зохион байгуулах журам, техникийн нөхцөлийг хангаж ажиллах үүрэг хүлээсэн билээ.

-Монголчууд өөрсдийнхөө хөгжлийн замыг сонгох мессэж санал үргэлжилж байна. Гэхдээ санал, асуулгын хоёр дахь өдрөөс эхлээд ашиглаагүй дугаараар хуурамч санал өгөх боломжтой зэргээр таагүй мэдээллүүд цахим ертөнцөөр цацагдаж эхэллээ. Үнэхээр тийм боломжтой юу. Гар утасны хэдэн дугаар ашиглагдаж байгаа юм бэ?
-Яг зарагдчихсан байгаа “Sim” буюу гар утасны дугаар 4.6 сая орчим бий. Гэхдээ өнөөдрийн байдлаар програмд бүртгэгдсэн хэрэглэж байгаа 3.300.645 дугаар бий. Тиймээс бид дээрх тооны хэрэглэгч рүү асуулга илгээгээд байгаа юм. Үндсэндээ, гар утас, дугаар ашиглаж байгаа бүх хүн мессэж илгээх эрхтэй болж байна гэсэн үг. Нэг хүн гурван өөр операторын дугаар ашигладаг байсан ч хамаагүй бүх дугаараасаа мессэж илгээж болно. Хэдий “иргэн нэг л удаа санал өгөх” гэсэн зохицуулалт байгаа ч бид энэ нөхцөлд үүрэн холбооны операторын хэрэглээнд хязгаарлалт тогтоох боломжгүй юм. Мөн ашиглагдаагүй дугаарыг ашиглан иргэдийн өмнөөс санал өгөх боломжгүй. Тийм зүйл байхгүй. Засгийн газрын хэрэг эрхлэх газартай операторууд гэрээ байгуулахдаа энэ мэт эрсдэлийг тооцож судалсан. Тухайлбал, гадаадад явж байгаа иргэн интернэтээр болон мессэж роуминг ашиглан санал өгөх эрхгүй. Үүнээс гадна, Монголд амьдарч байгаа гадаад иргэн өөрийн нэр дээрх гар утасны дугаарыг ашиглан санал өгөх боломжгүй. Дээрээс нь нэгдүгээр сарын 26-наас энэ сарын 2-ны хооронд худалдан авсан дугаарыг бид санал асуулгын жагсаалтад оруулаагүй. Технологийн хувьд ямар нэг эрсдэл гарсан зүйл байхгүй. Санал асуулгын хариуг 1 эсвэл 2 гэж л илгээх ёстой. Ингэлгүй “1-ийг дэмжиж байна” зэргээр илүү тэмдэгт ашиглавал системээс “та нэг эсвэл хоёрын тоог” сонгоно уу зэргээр хариу илгээнэ. Үүнээс болоод бага зэргийн эргэлзээ гарсан байхыг үгүйсгэхгүй ч одоо бүх зүйл хэвийн үргэлжилж байна. Мөн “1515-1111” тусгай дугаараас асуулга ирэхийг хүлээлгүйгээр дээрх хэлсэн шиг мессэж илгээж болно.  Ингэсэн тохиолдолд санал хүчинтэйд тооцогдоно.  
            
-Гар утсаар дамжуулан мессэж санал авах ажил өмнө нь автомашины дугаарын хязгаарлалт дээр хэрэгжиж байсан. Одоо улс орны хэмжээнд төсөв санхүүг хэрхэн шийдэх талаар иргэд шийдвэр гаргахад энэ аргыг ашиглаж байна. Тэгвэл ирээдүйд бас л гар утас, утасны дугаар ашиглан санал цуглуулах сонголт байхыг үгүйсгэхгүй. Тиймээс нэг хэрэглэгчээс зөвхөн нэг л санал авахад анхаарах ёстой юу?
-Цаашдаа ийм төрлийн санал асуулга олон явуулах шаардлагатай бол эрхзүйн орчинг нь бүрдүүлэх ёстой. Наад зах нь үүрэн холбооны оператор компаниас иргэн, хувь хүн, албан байгууллагад худалдсан дугаарын хэд нь идэвхтэй байгаа зэргийг маш нарийн гаргах шаардлага тулгарна. Ер нь, санал асуулга бол хэрэглэгч хэнийг, юуг сонгох нь өөрийнх нь эрх байдаг. Дээрээс нь иргэний 2-3 дугаар барьж байгаа нь аль ч компанийнх байж болно. Үүнээс гадна, хувийн болон байгууллагын гар утас гэж бий. Тиймээс чи “X” компанийн гар утсаараа бус “У” компанийн гар утсаараа санал өг гэж хэлэх боломжгүй болчихоод байна.
 
-Тусгай дугаарт мессэж илгээхэд гарч байгаа зардал хэдэн төгрөг вэ?
-Нийгмийн хариуцлага гэдэг утгаараа үүрэн холбооны оператор компаниуд ямар ч төлбөр авахгүй.

-Ер нь, нэг хэрэглэгч дунджаар хэдэн гар утасны дугаар ашиглаж байна?
-2-3 л гэж гардаг. Гэхдээ Юнител ашигладаг хүн Жи-Мобайл давхар хэрэглэдэг бол түүнийг нь бид мэдэх боломжгүй. Яагаад гэвэл энэ хувь хүн, албан байгууллагын нууцад хамаарна. Тэгэхээр нийт хэрэглэгчийг харьцуулж хардаг судалгааны аргачлалаар тооцвол идэвхтэй хэрэглэгч дунджаар хоёр дугаар л ашиглаж байгаа юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан