Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ 100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
Ц.ОЮУНГЭРЭЛ: Дараагийн эмэгтэй удирдагчдыг танилцуулах, гаргаж ирэхэд хувь нэмрээ оруулна
Л.НОМИН

“Бид” нэвтрүүлгийн шинэ дугаарт УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл оролцсон. Түүний оролцсон нэвтрүүлгийг бүрэн эхээр нь сийрүүлэн хүргэе.

-Таны санаачилсан Соёлын тухай хууль энэ сарын 1-нээс хэрэгжээд эхэлсэн. Энэ хуулийн хэрэгжих хөрс, орчин нь хэрхэн бүрэлдсэн бол?
-Маш сайн бүрэлдсэн гэж бодож байгаа. Нэгдүгээрт, монгол залуучууд маань бүтээлч сэтгэлгээтэй, технологийн дэвшлийг хурдан эзэмшдэг, авьяастай. Тийм учраас ямар ч контентыг гаргах боломжтой гэж үзэж байгаа. Нөгөө талаас телевизүүд маань төлөвшиж байна. 25 жил хуулбар контент үзүүллээ шүү дээ. Гэтэл бид чинь дэлхийн оюуны өмчийн байгууллагад элсчихсэн, оюуны өмчийн бүх конвенцод нэгдчихсэн. 1997, 2002 онд томоохон конвенцуудад нэгдчихсэн. Түүнээс хойш өөрийн гэсэн зохиогчийн эрхтэй, контент үйлдвэрлэгч орон болно гээд хуулиудаа гаргачихлаа. 1993 онд Зохиогчийн эрхийн тухай хууль гарснаас хойш яг 23 жил болж байна. 23 жил болоход улс орон төлөвших бүрэн боломжтой, улс орны оюунлаг бүтээлч давхарга бүтээлээ нийлүүлэх цаг нь болсон. Тийм учраас энэ хууль хэрэгжих цаг нь болсон. Хэрвээ бид энэ хуулиа гаргахгүй дахиад өөрсдийгөө эрхлүүлээд байх юм бол олон улсын хэмжээнд магадгүй оюуны өмчийн зөрчилд орно. Нөгөө талаас бид өөрсдийнхөө соёлыг алдана. Дээр нь өөрсдийнхөө залуу үеийг Монгол биш болгоно. Тэгэхээр бидэнд хүлээх цаг байхгүй. Эцэг эхчүүд хүүхдээ хүмүүжүүлэхдээ өндөр цалинтай болж байж хүмүүжүүлье гэдэггүй шүү дээ. Яг үүнтэй адилхан бидний хүүхдүүд, дараагийн үе гарлаа, бид илүү тоног төхөөрөмжтэй болчихоод хүмүүжүүлье гэж болохгүй. Тиймээс залуу үеийнхээ төлөө хүч хөдөлмөр гаргах цаг нь болсон.

-Хуулийн гол санаа бол даяаршлын шуурганд өв соёлоо хамгаалж үлдэх, дэмжих гэсэн нийтлэг шинж явж байгаа. Энэ нь ч олон нийтэд таалагдаж байгаа. Хэрвээ зөрчил гаргаад байх юм бол Зөрчлийн хуулиар нь торгоод, цаашлаад эрхийг нь хязгаарлах зэргээр явчих байх л даа?
-Тэгнэ, хууль хэрэгжээд эхэлчихсэн. Соёлын тухай хуульд л давхар ороогүй байсан болохоос биш, одоо ч гэсэн мэдээлэл харилцаа холбоо, технологийн газраас телевизүүд эрхээ авахдаа үзүүлж байгаа зүйлийнхээ 50 хувийг үндэсний агуулгатай байлгана гэдэг. Ганцхан тэр эрхээ авсан зүйл нь одоогоор хууль биш гэрээ, журам маягтай яваад байсан. Үүнийг ялангуяа соёлын агуулгатай зүйл дээр нь хуульчилж өгч байгаа.

-Та хог хаягдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл дээр ажиллаж байгаа. Энэ хууль Байнгын хороонд хэлэлцүүлгийн шатанд явж байна. Хуулийн гол өөрчлөлтийн талаар асуумаар байна?
-2012 онд баталсан хуульд нэмэлт оруулж байгаа. Ямар нэмэлт гэхээр эдийн засгийн механизмуудыг оруулж өгч байгаа. Хог хаягдлыг зөвхөн хог гэдгээр нь харахгүй юм. Жишээлбэл, цаасыг хэрэглээд хаяхдаа хог гэдгээр нь харахгүй, цаас цуглуулдаг сүлжээг бий болгох, цаашаа түүнийг нь авдаг газруудыг бий болгох хөшүүргүүдийг оруулж өгч байгаа. Өөрөөр хэлбэл, дэлхий нийтээр яригдаж байгаа байгаль орчны нөөцийг дахин ашиглах эдийн засгийн механизмыг оруулж байгаа юм. 20 жилийн өмнөх хоолны хаягдал одоогийнхоос өөр байсан. Жишээлбэл, бид талх идлээ гэхэд талхнаас зөвхөн үүрмэг үлддэг байсан. Үүнийгээ бид шувуунд өгдөг, тэгээд хог үлддэггүй байлаа. Гэтэл одоо бидэнд талхны гялгар уут, гялгар уутны амыг боосон целлиод гарч ирж байна. Шинэ хуулийн төсөлд бид хог үүсгэгчдийг үүрэгжүүлсэн шинэ заалтууд оруулж ирэх шаардлагатай гэдэг үүднээс ахуйгаас гарч байгаа маш олон төрлийн хог, мөн үйлдвэрлэлээс гарч байгаа янз бүрийн хогны материалын схемыг хуульчилж өгөх хэрэгтэй болсон. Тэр утгаараа бид шингэн, хатуу, аюултай хог хаягдал гээд бүхлээр нь авч үзэхийг зорьсон.

-Манай улсын хүн амын тав орчим хувь нь хөгжлийн бэрхшээлтэй. Хөгжлийн бэрх­шээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах хуулийн хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг та ахлан ажиллаж байгаа. Энэ хуулийн онцлог нь юу бол. Бас юугаараа тэр хүмүүст илүү хэрэгтэй вэ?
-Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас боловсруулсан, Засгийн газраас өргөн барьсан хууль. ХАХНХЯ өмнө нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай хуулийг оруулж байгаагүй. Энэ бол анхдагч хуулийн төсөл. Яагаад анхдагч гэж үзэж байгаа гэхээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийнх нь тухай хууль юм. Энэ хүн ийм эрхтэй, энэ эрхийг нь зөрчвөл ялгаварлан гадуурхалт болно гэдгийг тунхаглаж байгаа учраас тухайн хүний эрхийг хамгаалах заалтууд орно. Жишээлбэл, бид дохионы нэвтрүүлэгчгүй мэдээ, ярилцлага нэвтрүүлдэг. Энэ маань сонсголын бэрхшээлтэй хэн нэг хүний эрхийг зөрчиж байгаа явдал. Сонсголгүй хүнийг улам илүү бэршээлтэй болгож байгаа тэр зүйлийг нь нийгмийн саад бэрхшээл гэж үзэж байгаа юм. Тэгэхээр бид нийгмийн талаасаа саад бэрхшээлийг багасгах хууль батлах хэрэгтэй болж байна. Ингэхээр цаг үеийн мэдээ, Ерөнхийлөгчийн үг, УИХ-ын чуулган гэх мэт бүх иргэдийн авах ёстой мэдээлэлд бид дохионы хэл ашиглах ёстой. Гадаадын улс орнуудад мэдээ, мэдээлэл 100 хувь иргэддээ хүрсэн байх ёстой гэсэн хуультай. Жишээлбэл, CNN нэвтрүүлгээ бичгээр, дохионы хэлээр давхар дамжуулдаг. Энэ хуулийн ажлын хэсгийн ахлагчийн хувьд, хүний эрхийн хуульчаар олон жил ажилласан хүнийхээ хувьд юуг илүү анхааръя гэж бодож байна гэвэл ялгаварлан гадуурхалтыг багасгах, алга болгох энэ чиглэлд хуулийн заалтуудыг илүү тодорхой зааж өгье гэсэн юм.

-Ардчилсан эмэгтэйчүүдийн дээд чуулган боллоо. Та яагаад нэр дэвшсэнгүй вэ?
-Ер нь, эмэгтэй удирдагч, эрэгтэй удирдагчийн халаа сэлгээний асуудал их өөр гэж ойлгох хэрэгтэй. Эмэгтэйчүүдийг олон мянган жилийн турш удирдагч гэж харахгүй, туслах гэж харсаар ирсэн юм байна. Эрэгтэйчүүдийг шууд удирдагч гээд хараад явчихсан. Монголын түүх, дэлхийн түүх гэхээр дандаа эрэгтэй хүмүүсийн түүх болоод байдаг. Ардчиллын түүх гэхээр дандаа эрэгтэй баатруудын түүх ч гэх юм уу. Ингээд харахаар эмэгтэйчүүд олноороо улс төрд ороогүй, удирдах түвшинд гарч ирээгүй, эмэгтэйчүүдийг удирдагч гэж ард түмэнд танилцуулаагүй учраас биднийг удирдагч биш гэж ойлгоод байдаг. Гэтэл удирдах чадвар бүгдэд маань байгаа. Тийм учраас дэлхий нийтэд эмэгтэйчүүдийг дэмжих хөдөлгөөн эмэгтэй хүн, эмэгтэй удирдагч нарынхаа халаа сэлгээг, дараагийн үеийг хурдан хурдан танилцуулж олон үеийг гаргаж ирэх шаардлагатай юм байна гэсэн дүгнэлтэд хүрч байгаа юм. Би дэлхий нийтийн энэ хандлагыг дагаад хэдийгээр надад хоёр дахь удаа нэр дэвших эрх байгаа боловч дараагийн үеийн эмэгтэй удирдагчдыг танилцуулах, гаргаж ирэхэд хувь нэмрээ оруулах үүднээс нэрээ дэвшүүлээгүй.

-Энэ холбоо ер нь намын мөрийн хөтөлбөр, бодлого боловсруулахад нь яаж нөлөөлж ирсэн юм бэ. Та тодорхой жишээ дурдаач?
-2012 онд намын мөрийн хөтөлбөр боловсруулах үеэр бид ягаан хайрцаганд эмэгтэйчүүдийн байгууллагуудаас ирсэн хүслүүдээ томъёолж бичээд оруулсан. Үүн дотор хүүхдийн цэцэрлэгийн асуудал, эрүүл мэнд, боловсрол, соёл, газрын асуудал гээд бүх төрлийн саналууд гарч байсан. Бидний өгсөн саналуудаас ихэнх нь мөрийн хөтөлбөрт орж, хэрэгжээд явж байгаа.

-Та саяхан өөрийн твиттер хуудастаа нэр дэвшихгүй гэсэн агуул­га бүхий зүйл жиргэсэн байсан. Залуу эмэгтэй удирдагчдыг төрүүлэхэд анхаарч байгаагаа дурдлаа. Монголыг дэлхийд таниулах ном бичихдээ цаг заваа зарцуулах гэж байна уу. Аль эсвэл өөр шалтгаан байна уу?
-Тэр бол цэвэр миний уран бүтээлийн сонирхлоор бичигдсэн мэдэгдэл л дээ. Уран бүтээлийн сонирхлын хажуугаар улс төрийн үүрэг хариуцлага давхар байгаа учраас намынхаа хурал дээр, намын гишүүддээ энэ талаар хараахан хэлээгүй байна. Хэлэх боломж ч надад олдоогүй. Энэ тал дээр ярихад би намын шийдвэр тодорхой хэмжээгээр надад нөлөөлөхгүй гэх газаргүй. Яг энэ үед бол юуг илэрхийлж байна гэхээр дараагийн үеээ тосч авахад бэлэн байна шүү гэдгээ л илэрхийлж байгаа юм.

-30 хувийн квоттой холбогдуу­лаад асуухад 2012 оны сонгуулиар намын нэрсийн жагсаалтад эхний 10-т бичигдсэн эмэгтэйчүүд УИХ-ын гишүүн болсон. 28 нэр дэвшигчийн 9-10 нь эмэгтэй байна гэсэн үг. Гэвч үүнийг эрэмбэлж өгөөгүй л дээ хуульд. Энэ нь бэлгэдлийн шинжтэй 30 хувь юм биш үү?
-Энэ асуудлаар бүх намын эмэгтэйчүүд хамтран ажиллах хэрэгтэй. Эхний 10-таа эмэгтэйчүүдийг хангалттай оруулаагүй намыг битгий дугуйлаарай л гэж хэлнэ. Шинээр батлагдсан Сонгуулийн хуульд эмэгтэйчүүд нэг талаас хожсон, нөгөө талаас бас алдсан. Эмэгтэйчүүдийн квот 20 хувь байсныг 30 хувь болгож ахиц дэвшил гаргалаа. УИХ-ын дарга З.Энхболд бидний квотыг 30 хувьд хүргэж, хэлсэн амандаа хүрсэн. Алдсан зүйл нь гэвэл нийслэл квоттой байсан бол нийслэлийн квот байхгүй болсон. Мөн аймаг, дүүрэг дээр квотгүй болсон. Одоогийн хуулийн зохицуулалтаар нэгэнт квотгүй байгаа зүйлийг нам бодлогоор нөхөх хэрэгтэй болж байна.

-Та УИХ-д сонгогдоод хоёр жил нь сайд, хоёр жил нь сул гишүүн байлаа. Энэ хугацаанд бүтээл ном туурвисан уу. Ингэж асууж байгаа нь 2008 онд таны гаргасан “Ногоон нүдэн лам” найман жилийн хугацаанд шилдэг борлуулалттай номын жагсаалтад байсаар байгаатай холбоотой.
-Сэм сэмхэн бүтээл туурвиад л байгаа. 2012 онд дөнгөж сонгогдсоныхоо дараахан “Миний лобби” гэж нийтлэлийн ном гаргаж байсан. 2013 онд Тарбазовар Батаарын тухай үлгэр гээд хүүхдийн ном гаргасан. 2015 онд “Монголоо таниулъя” гэсэн аялал жуулчлалын ном гаргасан. Энэ оны эхээр монгол соёлын тухай ном гаргахаар бэлтгэж байгаа.
 
-Та сайд байхдаа монгол бичгээ бие даан сурч минутад 50 үг уншиж байгаа гэж байсан. Одоо хэдэн үг уншиж байна?
-Тэр хэмжээндээ байгаа. Их ахиц гараагүй. Гэхдээ өдөр бүр хуулан бичгээ хийж л байгаа.

-Дөрвөн жилийн өмнө соёлын аянг та сайд байхдаа санаачлаад  дөр­вөн сарын турш өрнүүлж бай­сан. Тэр аяны үр өгөөж нь одоо эр­гээд харахад хэрхэн нөлөөлсөн бэ?
-Би “Авьяаслаг монголчууд” гэдэг шоуг үзэж байхдаа их баярлаж байсан. Яагаад гэвэл тэр шоунд оролцож байгаа хүмүүс дотор яг соёлын биет бус өвийг өвлөн тээгч нар байсан. Би энэ соёлыг ааваасаа, ээжээсээ, нутгаасаа өвлөн тээж ирсэн юм аа гээд оролцож байсан. Түүнийг л би үр дүн гэж хэлмээр байна. Яагаад гэвэл хүмүүс юуг соёлын өв бэ гэдгийг мэддэг болсон. Биет бус соёлын өв гэж юу гэдгийг мэддэг болсон. Монгол Улсын иргэн өөртөө ирсэн баялгийг мэддэг болж, хардаг болж, таньдаг болж, өвлүүлдэг болж гэж харагдаж байгаа юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан