Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ 100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
Б.Хишигбат: Мөрдөн байцаагч дээрээс өгсөн чиг үүргийн дагуу шалгаж байгаа гэсэн
Н.БАТ

Өнгөрсөн баасан гарагт манай сонинд болон сэтгүүлч миний биед хаяглан Эрүүгийн Цагдаагийн газраас зарлан дуудах ирэв. Чухам ямар шалтгааны улмаас яагаад ийн дуудах болов гэдгийг тухайн зарлан дуудах хуудас дээр бичээгүй ч сэтгүүлчийн нэр хийгээд хэрвээ тогтсон цагт ирэхгүй бол “албадан ирүүлэх” гэдгийг тодоор бичиж. Гол нь сонинд хаягласан албан бичигт энэ сарын 4-ний дугаар шаардлагатай гэсэн байсан учраас тухайн сонинд гарсан ярилцлагаас үүджээ гэх сэжмээр ярилцлага өгсөн хүнээсээ Эрүүгийн цагдаагийн мөрдөн байцаагч, ахлах дэслэгч Э.Энхболд дээр хамт очихыг хүсэв.

Ярилцлага бүхэлдээ 1990 оны гуравдугаар сарын 7-9-нд болсон үйл явдлыг тойрон өрнөсөн бөгөөд улс төрийн анхны өлсгөлөнд гурван өдрийн турш сууж, түүхэн үйл явдлын голд байсан гэрч Б.Хишигбат эзэн нь байв. Эрүүгийн цагдаагийн газрын ахлах дэслэгч Э.Энхболд Б.Хишигбатын “Хувьсгалыг хэн ч өмчилж чадахгүй, өмчилдөг ч юм биш” гэсэн ярилцлагатай холбоотойгоор Цагдаагийн Ерөнхий газрын удирдлагад Л.Лантуу, П.Дамдин нарын хүмүүс гомдол гаргасан учраас Эрүүгийн шинжтэй эсэхийг нь шалгахаар таныг дуудсан юм л гэнэ. Биднээс тус тусад нь асуулт асууна эхлээд сэтгүүлч суу  гээд  товч анкет бөглүүлээд “Эдгээр хүмүүсийг таних уу, тэдэнтэй холбоотой ямар асуулт асуусан бэ л гэнэ. Хөгшид гомдоод байна. Та одоо ямар хариулт хэлэх вэ гэв”. Эх сурвалж нь өөрөө үүдэнд хүлээж байгаа учраас та уулзана уу гэснээр л бидний асуулт, байцаалт өндөрлөж, ярилцлага өгсөн Б.Хишигбат асуултад хариулахаар оров.

Чухам ямар үндэслэлээр юу гэсэн гомдол гаргасныг мөрдөн байцаагчийн зүгээс тодорхой хэлээгүй учраас гомдол гаргасан П.Дамдин гуай руу тухайн үед ямар үйл явдал болж, тэд ямар байр сууринаас хэрхэн оролцсоныг тодруулж, тайлбар авах санаатай утас цохин учир явдлаа тайлбарлатал “Тантай уулзах боломжгүй ээ” гэсэн хариулт өглөө.

 Ингээд Эрүүгийн цагдаагийн газрын мөрдөн байцаагчид дуудагдсан Б.Хишигбаттай энэ ярилцлагаас үүдэн гарч буй үр дагавруудын талаар ярилцлаа.

-Чухам ямар шалтгаа­наар  Эрүүгийн мөрдөн байцаах газарт дуудсанаа танд тодорхой тайлбарлав уу. Таны ярилцлагад гомдол гаргагч нартай холбоотой нэг өгүүлбэр байсан юм байна. “П.Дамдин, Л.Лантуу нарын хүн энэ тэмцлийг даръя гэсэн байр суурь барьж байсан...” гэсэн. Энэ өгүүлбэрт л гомдол гаргажээ?
-Улсын мөрдөн байцаах газарт сэтгүүлч та бид хоёр ахлах дэслэгч Энхболдын зарлан дуудахын дагуу очиж байцаалт өглөө. Сонины эрхлэгч болоод сэтгүүлч таны хажууд би хэргийн гомдол гаргагчийн өргөдөлтэй танилцъя гэж хүссэн. Гэтэл танилцуулсангүй. Уг нь Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу өөрийнхөө эсрэг мэдүүлэг би өгөх ёсгүй.  Ийм мэдүүлэг өгөхгүй байх үүднээс би гомдол гаргагчийн өргөдөлтэй танилцах үүрэгтэй. Харамсалтай нь, энэ нөхцөлийг маань хангасангүй. Эрүүгийн мөрдөн байцаах газарт дуудсан шалтгаан нь “Ардчилал” сонины гуравдугаар сарын 4-ний өдрийн дугаарт миний өгсөн “Хувьсгалыг хэн ч өмчилж чадахгүй, өмчилдөг ч юм биш” гэсэн ярилцлагад 1990 оны  МАХН-ын Улс төрийн товчооны гишүүд байсан Дэжид, Дамдин Лантуу гуай нарын нэр дурдагдсантай холбоотой гомдол ирсэн учраас гэсэн. Би бол эндээс нэг л зүйлийг анзаарч хэлэхийг хүсээд байна. Хөгшид өөрсдөө санаачлаад Эрүүгийн цагдаагийн газарт өргөдөл өгсөн гэдэгт би хувьдаа эргэлзэж байна. 1990 оны Цагаан морин жилд өрнөсөн хувьсгалын үед эдгээр хүн бол эрх баригч, шийдвэр гаргагч байсан. Гэтэл эдгээр хүн маань яагаад тухайн цаг үед өгч байгаагүй гомдлоо өнөөдрийн сонинд өгсөн ярилцлагад тулгуурлаж гаргаж ирэв ээ. Ярилцлагадаа эдгээр хүн улстөрийн өлсгөлөнг дарах байр суурьтай байсан гэж би хэлсэн нь үнэн.

-Дарах гэдэг чинь хүнд туссан юм байна. Би П.Дамдин гуайтай холбогдож тухайн үеийн талаар ярилцах хүсэлт тавьсан боловч “боломжгүй” гэсэн хариулт өгсөн?
-Нэгдүгээрт дарах гэдэг үгийг зөвшилцлөөр мөн ухуулга сурталчилгаагаар дарж тараах гээд яаж л бол яаж тайлбарлаж болно л доо.

-Хөгшид бол арай өөрөөр хүлээж авсан бололтой. Цагдаагийн удирдлагад хүртэл өргөдөл гаргаж, эрүүгийн цагдаад шийдэх үүрэг ирснийг бодохоор...
-Нэгэнт сонины ярилцла­гаар Эрүүгийн цагдаа дээр дуудагдаж байгаа учраас Эрүүгийн төвшинд хэнийг яаж хэрхэн хохироосон юм бэ. Чухам яагаад танай байгууллагаар шалгагдаж байгаа юм бэ гэж би дэслэгчээс асуусан. Гэтэл мөрдөн байцаагч маань дээрээс өгсөн чиг үүргийн  дагуу шалгаж байгаа ажиллагаа юм л гэж байна. Нэгэнт өгсөн үүрэг даалгавараар ажил үүргээ гүйцэтгэж байгаа хүмүүсийг хүндэтгээд би асуултад нь хариуллаа.

-Таныг бол дуудаагүй, намайг болохоор дуудсан цагт ирээгүй нөхцөлд албадан ирүүлнэ гэдгээ тодоор бичсэн зарлангаар дуудсан. Тэгэхээр та бол дуудаагүй байхад нь сайн дураараа очсон болж таарч байна?
-Нэгэнт миний ярилцлагатай холбоотой учраас  би иргэн хүнийхээ хувьд, бас надаас ярилцлага авсан, түүнийг нийтэлсэн сонин маань гэм буруугүй гэж үзээд хэлсэн үг, хийсэн үйлдлийнхээ өмнө хариуцлагатай байх ёстой гэдэг үүднээс очсон. Гэтэл энэ маань нэг л ойлгомжгүй  шалгалт, байцаалт болоод явчихлаа. Өргөдөл гаргасан Лантуу, Дамдин гуай хоёр иргэн хүнийхээ хувьд гомдол гаргах эрхтэй боловч  энэ хүмүүс маань өөрийн сэдлээр ийм үйлдэл хийгээгүй л болов уу. Нөгөө талаар дээрээс шалга гэж үүрэг өгсөн нөхөд “энэ бол манайд шалгагдах ёстой хэрэг биш байна аа, энэ бол иргэний шугамаар шалгагдах ёстой. Эсвэл иргэний шугамаар зохицуулаад зөвшилцөөд шийдвэрлэх хэрэг байна” гэдгийг Эрүүгийн цагдаагийн газарт хуваарилахаасаа өмнө шийдвэрлээд энэ асуудал дээр хэрэг үүсгэж, хавтас нээхгүй байх эрх мэдэл нь тэдэнд байгаа. Тэгэхээр гомдол гаргасан буурай нар болоод үүрэг өгсөн нөхдийн ард улстөрийн хүчин байна гэж хардаж байна. Би бүүр онцлон хэлье. Монгол Улсын иргэний хувьд таамаг дэвшүүлэх, монгол хүмүүний хувьд хардах үндэслэлтэй, эрхтэй учраас би тэдний ард МАН болоод МАХН байна аа гэж сэрдэж, сэжиглэж байна. Энэ ч утгаар нь мөрдөн байцаагчдаа хэлсэн. Цаашдаа сөрөг нэхэмжлэл гаргадаг юм уу гэж ч бодож үзлээ. Байцаалт өгч байх явцдаа ч би хэлсэн. Би эндээс гараад хэвлэл мэдээлэлд хандана гэж.

-Та бид хоёрыг шууд Эрүүгийн цагдаа дээр дуудсанд л гайхаш төрөөд байгаа юм?
-Ярилцлага өгсөн этгээд болох би, ярилцлага авсан сурвалжлагч таны бие, бидний яриаг нийтэлсэн “Ардчилал” сонин үүнд Эрүүгийн хариуцлага хүлээх ямар ч үндэслэл байхгүй гэж би бас бодож байна.

-Яг үнэндээ 1989-1990 оны ардчилсан хувьсгалын түүхийн баримтууд их ээдрээтэй. Бодит баримт гэх судалгааны ном товхимол их цөөн. Үнэндээ МАН-ын ахмадууд маань Ардчилал гэхээр л Ардчилсан нам гээд ойлгоод нөгөө талд зогсчихдог тал бий. Уг нь та бүхнээс гадна тухайн үед эрх барьж байсан хүмүүс маань энэ ардчилсан хувьсгалын талаар түүхэн баримтуудыг бичиж, ярьж үлдээвэл..?
-Гомдол гаргагч нар маань сонин уншаад Эрүүгийн цагдаагийн газарт шууд гомдол мэдүүлэхээсээ өмнө “Ардчилал” сонинд хандаад “Ардчилсан холбооны анхдагч гишүүдийн нэг, тухайн үед улстөрийн өлсгөлөнд сууж байсан Хишигбат ийм ярилцлага өгчээ. Энэ нь түүхийн бодит байдлаас  гажууджээ.  Тийм учраас үүнийг залруулъя. Тэр Хишигбат гэж нөхөртэй ярилцъя. Би бодит түүхийн баримтыг дэлгэе” гэвэл та бүхэнд баримтаа өгөөд нийтлүүлэх эрх нь нээлттэй байгаа. Өөрсдөө ч ярьж болно. Ингээд зөв мэдээллийг зөв түүхийг олон нийтэд  түгээх боломжоо яагаад эхлээд ашигласангүй вэ. Хоёрдугаарт, улс төрийн өлсгөлөнг тараан дарах сонирхолгүй байсан бол яагаад Ж.Батмөнх гуайн “Хүч хэрэглэж хэзээ ч болохгүй” гэх үг гаргах болов оо. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга энэ үгийг сошиалаар түгээгээд байгаа шүү дээ. Хаанаас ямар улбаатайгаар энэ үг гарах болов. Миний хувьд тэр түүхэн үйл явцад оролцож байсан учраас өөрийнхөө харж, сонссон түүхээ ярилцлага болгон үлдээх нь миний эрхийн асуудал шүү дээ. Би үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Та бүхэн хэвлэн нийтлэх, түгээх эрхтэй гэхээс илүү үүрэгтэй. Тийм ч учраас миний ярилцлагыг нийтлэхдээ ямар нэгэн цензур тавьж, тохиролцож, танасан зүйл байхгүй учраас хариуцлага хүлээх ёсгүй гэж үзэж байна. Хэрвээ би өөрийнхөө өмч болгон хэвлүүлсэн номондоо түүхээ зохиогоод элдэв юм биччихсэн, түүнээс болоод над дээр гомдол гаргасан бол би хариуцлагаа хүлээнэ.  Тийм учраас шүүх цагдаагийн байгууллага үүнийг шүүхээс илүүтэйгээр Монголын түүхчид бидний түүхийг дэнслэнэ.

-Ялангуяа ардчилсан хувьсгал бол их ойрхон түүх шүү дээ. Заавал үнэн мөнөөр нь авч үлдэх хэрэгтэй байх л даа. Та бид хоёрын яриан дээр гуравдугаар сарын 1 бол МАН-ын нам байгуулагдсан өдөр. Гэтэл эх орончдын өдөр гэж тэмдэглэх нь зөв үү гэх зүйл бичсэн?
-Тиймээ, МАН байгуулагдсан өдөр бол 1920 оны зургадугаар сарын 22-25. Гэтэл 1921 оны гуравдугаар сарын 1 гэж тэмдэглэх болсон нь өмнөх найман сарын түүхээ үгүйсгэж байна гэж хэлсэн. Энэ түүхийг Сү.Батболд, У.Хүрэлсүх нарт зориулж түүхийг гуйвуулж болохгүй гэж бас хэлсэн. Дээрээс нь М.Энхболд, Н.Энхбаяр нарын гуравдугаар сарын 1-нд тавьсан илтгэл, ярианд 1990 онд өрнөсөн хувьсгалыг бараг өөрсдөө авчирсан мэт зүйлс байсныг би үгүйсгэсэн. Тийм учраас энэ хүмүүс хэлсэн үгэнд минь эмзэглэсэн байх. Бас өөр нэг хардлага надад байна.

-Ямар хардлага?
-Би МоАХ-ны гишүүн. Жишээлбэл, МоАХ-ны дарга Х.Баттулгыг боргож, түүн рүү архирсан бусармаг үйл явдлууд өнөөдөр өрнөж байна. Х.Баттулга дарга “МоАХ-ны анхдагч гишүүн, өнөөдрийн удирдагч нь төдийгүй ардчилсан Монголын бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд сэтгэл зүтгэлээ зориулж байгаа хүний хувьд бодит үнэнийг цаашдаа гаргаж ирж, олонд дэлгэнэ” гэж өнгөрсөн долоо хоногт мэдэгдэж байсан. Тэгэхээр тэр гол мэдээллүүдээ МоАХ-ны төв хэвлэл “Ардчилал” сониноороо л дамжуулж нийтэлнэ. Тиймээс нэн түрүүнд “Ардчилал” сонинг боож боомилъё гэж бодсон улс төрийн бүлэглэлийн санаархал ч байж болох юм гэж би хардаж байна. Энэ бол эхний өгөгдөл нь ч юм бил үү. Тийм учраас энэ “Ардчилал” сонин бол МоАХ-ны дэргэдэх чөлөөт хэвлэлийн анхдагч сонин. Энэ сонинд ардчилсан үзэл баримтлалтай, хүний эрхийг дээдлэгч хүмүүс ярилцлага өгөх, бичсэн зүйлсээ нийтлэх эрхтэй. Тэр тусмаа МоАХ-ны анхдагчдын хувьд түүхээ үлдээх гол хэрэгсэл нь “Ардчилал” сонин. Мөн одоо ирээдүй цагийн төлөө бидний хүсэл бодлоо илэрхийлэх, үнэн зөв мэдээллийг томъёолж гаргах индэр.

-Өмнө нь таны ярилцлагаас үүдсэн ийм гомдол ирж байв уу?
-Би анх удаа л улс төрийн өлсгөлөнгийн талаар ярилцлага өгч байгаа хүн биш. Гурав дөрвөн жилийн өмнө ч өдөр тутмын сонин болоод бусад хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгч байсан. Тэр ярилцлагууддаа ч энэ хүмүүсийн нэрийг дурдаж байсан. Тухайн цаг үед яагаад намайг цагдаад өгөөгүй юм бэ. Яагаад заавал сонгуулийн жилд гэнэт гомдоод цагдаад дуудах болчихов. Дээрээс нь Ардчилсан холбооны даргыг шалгаж байгаа энэ үед намайг бас гишүүддээ нэр төртэй хүний хувьд түүнийг дэмжиж дуугарна гэдэг үүднээс боомилж байгаа юм уу гэх үүднээс хардаж л байна.

-Хэрвээ Л.Лантуу, П.Дамдин гуай нар таны ярьсанд гомдолтой байгаа бол бид тэдэнтэй уулзаж ярилцахад бэлэн байна. Харин тэд бидэнд хаалттай л байх шиг санагдлаа.
-Тэд бол тухайн цаг үеийн шийдвэр гаргах төвшнийхөн, түүхийг бүтээгчид байсан. Ялангуяа саарал ордонд сууж байсан хүмүүсийн хувьд буурлууд маань тухайн үеийн бодит түүхийг тэмдэглэж, эсвэл ярьж үлдээх ёстой. Энэ бол Ардчилсан намын биш Ардчилсан хувьсгалын, Монгол Улсын түүх юм шүү гэдэг үүднээс хандаасай. Би бол Лантуу гуайг, Дамдин гуайг насных нь хувьд хийгээд хийж бүтээснийх нь хувьд ихэд хүндэтгэж байна. Тиймээс хэрвээ энэ хүмүүсийн ард  нуугдаж байгаа нөхөд байвал болиоч ээ. Ил гарч ирээд мэтгэлц, ярилц гэж хэлмээр байна.

-Манай сонины хувьд Ардчилсан хувьсгалын түүхийг бодит үнэнээр нь үлдээх юмсан гээд чадлаараа хичээж байна. Ердөө 25 жилийн өмнөх энэ түүхтэй холбоотой ном, сонин ч ховор байна. Тиймээс өнөөдөр түүхэн үйл явдалд оролцож байсан хүмүүсийн үг яриаг тэмдэглэж авч үлдэхийг л хичээж байна. Үнэндээ Ардчилсан хувьсгалын түүхийг өгүүлсэн цөөхөн хэдэн ном хэвлэлд баримтын зөрүү нэг биш гардаг юм билээ. Цаашдаа ч бид бичсээр байх болно. Хэчнээн МАН, МАХН-ын гишүүн ч гэлээ энэ түүхийн бодит гэрч л бол бидэнд хандаж, бидэнтэй мэдээлэл солилцож, түүхийг ярих хэн бүхэнд бидний хаалга дэлгээтэй байгаа гэдгээ ч хэлмээр байна. Заавал шүүх цагдаа гэлтгүй. Манай эрхлэгчийн зүгээс ч буурлуудтай уулзаж ярилцахыг надад зөвлөсөн?
-1911 он, 1921 оны хувьсгалд оролцсон тэр л улс төрийн зүтгэлтнүүд их хэлмэгдүүлэлтийн үед үндсэндээ үгүй болсон. Ер нь хүн байхгүй бол асуудал үгүй гэгчээр хүн байж гэмээнэ л түүхийн бодит үнэнийг өгүүлнэ. Өнөөдөр 1989-1990 оны Ардчилсан хувьсгалд гар бие оролцсон түүхэн хүмүүсийг үгүйсгэж болохгүй. Сөрөг баатрын дүрд тоглож байсан хүмүүсийг ч үгүйсгэж болохгүй. Аль алиных нь үзэл бодлоо илэрхийлсэн баримт мэдээллээс л Монголын түүх бодит болж бичигдэнэ.  Ардчилал эрх чөлөө гэдэг маань хувь хүнд  байж болох ч тухайн нэг байгууллага улс төрийн намын шууд өмч байж болохгүй. Энэ бол нийгмийн нэг л үзэгдэл. Энэ үзэгдлийг эхлүүлсэн, өрнүүлсэн цаашид нь авч явсан хүн бүр түүх болон үлдэнэ. Тиймээс бид  шинэ үеийн түүх болгоноо гуйвуулаад байж болохгүй. 

-1990 оны хувьсгалд оролцсон хүмүүс хэдийгээр өнөөдөр ид хийж бүтээх насандаа байгаа мэт санагдах ч яг үнэн түүхийг бичээд яриад үлдээх нь цөөн болсон. Та үүнтэй санал нийлэх үү?
-1990 оны хувьсгалд оролцож байсан хүмүүсийг үндсэнд нь дөрвөн хэсэгт хувааж болох нь. Тэдний дөрөвний нэг хэсэг нь өнөөдөр ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. Өөр нэг хэсэг нь сэтгэл санааны болон бие махбодийн гутрал гунихралд автсан, архинд донтсон байдалтай амьдарч байна. Бас нэг хэсэг нь зөвхөн амиа бодож довоо борлуулах төдий, өрхийн амьжиргаагаа л залгуулж амьдарч байгаа. Үлдсэн дөрөвний нэг нь нийгэмд идэвхтэй байр суурьтай байж, төр засгийн ажил болоод улс төрийн замаар явж байна. Үүнээс харахад түүхийг бүтээгчид маань нийгэм болоод биологийн шалгарлаар түүхээ үлдээх нь битгий хэл гэмээр байдалтай амьдарч байна. Нөгөө тал дээр түүхийн эерэг байр суурийг илэрхийлж байсан ч 100 хувь сайн талтай, сөрөг бол 100 хувь муу байна гэж байхгүй. Түүхийг үнэн бодитоор үлдээж гэмээнэ дараагийн үе маань зөв иргэншлийг зөв амьдралыг буй болгох үндэс болох биз. Үндсэндээ ирээдүйнхээ жим болно биз дээ.

-Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй нийгэмд амьдарч байна гэх ч Эрүүгийн цагдаад дуудагдсаар л байна.
-Монгол Улс  маань иргэний нийгэм байгуулж байгаа шүү дээ. Аливаа асуудлыг иргэний зөвшилцлийн замаар, аль болох төрөөс хараат бус зохицуулалтаар шийдвэрлэх боломжийг бүрдүүлэх ёстой байтал эрүүгийн цагдаагаар шалгуулж байгаа нь харамсалтай. Үнэндээ шалгуулж, байцаагдаж байгаа хүмүүс илүү сэтгэлзүйн дарамттай байна.

-Ирэх саруудад бид ахиад Ардчиллын түүхэн өдрүүдэд чиглэсэн мэдээ материал бэлтгэнэ. Харам­сал­­тай нь бидэнд та бүхэн л илүү найрсаг ханддаг нь маргашгүй үнэн л дээ?
-Тийм ээ, удахгүй дөрөвдүгээр сарын түүх эхэлнэ. Ардчилсан намын анхдугаар их хурал хуралдсаны ойн өдөр. “Ардчилал” сонин мэндэлсний ой. Мөн С.Зориг, С.Цогтсайхан нарын төрсөн өдөр гээд л. Мөн дөрөвдүгээр сарын 22-27-ныг дуустал хийсэн пикет буюу жагсаал цуглаан байна. Энэ бүхэнд оролцож байснаа дурсан ярих хүмүүс ахиад цагдаа дээр дуудагдах хэрэг үү. Ингээд байвал хэн түүхийг ярьж бичих вэ. Миний хувьд тухайн түүхэнд оролцож явсан хүний хувьд ярихад айх зүйл алга. Гэтэл айж, эмээх хүн гарч ирэхийг үгүйсгэхгүй. Сүү ус хоёрыг хүн ялгаж хардаг шигээ түүхийн хар цагааныг ялгаж харах л хэрэгтэй.
Жишээ нь, эрх баригчийн байр суурин дээр байсан хүнээ урвагч гэж нэрлэж бичиж байснаа МАН яагаад ахиад нийтлэхгүй байна вэ.  Ямар ч байсан та бүхэн маань ярилцлагаа ав, сурвалжлагаа хий, нийтлэлээ бич. Түүхийг үлдээ. Биднийг байхад ингэж цагдаад дуудагдаж байгаа юм чинь бидний дараа түүх үлдээнэ гэдэг хэцүү шүү л гэж хэлмээр байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан