Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ч.Хүрэлбаатар: Тариалан эрхлэлтийг дэмжих сан дээр 140 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар тусгай сангуудад хийсэн шалгалтын дүнг үндэслэн тусгай сангийн талаар авах арга хэмжээний тогтоолыг баталсан байна. Нийтдээ 29 сангаас долоон санг татан буулгах шийдвэр гаргасан бол 15 сангийн үйл ажиллагааг хэвээр үлдээжээ. Харин зээлтэй холбоотой үйл ажиллагаа явуулдаг Тариалан эрхлэлтийг дэмжих, Мал хамгаалах, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг нэгтгэсэн байна. Түүнчлэн Улсын авто замын сан, Боловсролын зээлийн сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн үйл ажиллагааг сайжруулах ёстой гэж үзжээ. Засгийн газрын хуралдаанд тусгай сангуудад хийсэн шалгалтын дүнг танилцуулсан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар шалгалтын дүнг мөн сэтгүүлчдэд танилцууллаа.

 Тэрээр “Тариалан эрхлэлтийг дэмжих сан дээр 140 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн. Үүнээс 47 тэрбум төгрөгийн зөрчил нь тендерийг зохион байгуулахтай холбоотой. Тухайлбал, өрсөлдөөнийг, оролцох боломжийг нь хангах ёстой байдаг учир хугацааг нь хуулиар нарийн зохицуулж өгсөн байдаг. Гэтэл хуулинд заасан хугацаанаас хоёр дахин бага хугацаанд зарлах, гарсан гомдлыг нь авч үзэхгүйгээр гэрээ байгуулах, уралдаан шалгаруулалт явуулах ёстой газрууд нь шууд гэрээ байгуулсан зэрэг зөрчлүүд гарсан.  2014, 2015 онд тус бүр найм, найман тэрбум төгрөг тавигдаад элеватор худалдаж авах тендер зарлагдсан боловч нийтдээ 5,2 тэрбум төгрөгийн өртэй Дарханы Гурил тэжээл компанийг шалгаруулсанд харамсч байна.

Тэр өндөр өртөгөөр авагдсан элеватор өнөөдрийг хүртэл ашиглагдахгүй байгаа. Яагаад гэвэл чанарын шаардлага хангахгүй элеватор худалдаж авсан байна. Бага оврын тракторуудыг нэлээд авч нийлүүлдэг. Нийтдээ 44 тэрбум төгрөгийн худалдан авалт хийгдсэн боловч үүнээс хугацаа нь хэтэрсэн зээлийн үлдэгдэл нь 17 тэрбум төгрөг байна. Яагаад төлөгдөхгүй байгааг нь судлаад аваад үзэхээр 2015 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зориулалтаар өгчихсөн гэх зөрчил гарч ирсэн. Тариалан эрхлэлтийг дэмжих сантай байнгын холбоотой үйл ажиллагаа явуулдаг ААН байхгүй байх жишээтэй. Барьцаа хөрөнгөгүйгээр олгогдсон зөрчил нэлээд ажиглагдсан. Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн хүрээнд аваад үзэх юм бол дотоод хяналтын механизм огт хэрэгждэггүй, байхгүй байна гэж ойлгож болно.

Энэ бүх сан татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг. Татвар төлөгчдийн мөнгө бол хамгийн үр ашигтайгаар зарцуулагдаж байж Монгол Улсын хөгжил хурдсах учиртай. Буруу зүйлсийг нь одоо зогсоохгүй бол цаашдаа үргэлжлэх аюул бий.  Өртэй ААН-үүдийг шалгаруулдаг тохиолдол нэлээд гарсан. Тиймээс цаашид өртэй ААН-ийг шалгаруулдаггүй болгох хэрэгтэй байна. Мал хамгаалах сангаас зээл авсан зээлийн эргэн төлөлт нь ойролцоогоор 50 орчим хувьтай байна.

 Боловсролын зээлийн санд дипломууд барьцаа маягаар байж л байдаг. Гэвч үнэн хэрэг дээрээ нөгөө диплом нь нотариатаар баталгаажуулагдаад ашиглагддаг. Тэгэхээр диплом барьцаа хөрөнгийн шаардлагыг хангахгүй байгаа юм. Ямар ч гэсэн холбогдох саналыг боловсруулж шийдвэрлэх чиглэлийг холбогдох сайдад нь өгөгдсөн. 1997 оноос хойш гадаадад сурсан 1893 оюутанд тэтгэлэг олгосон юм билээ. 52,3 сая доллар зарцуулагдсанаас буцааж төлөгдсөн нь 37,7 сая доллар байгаа. Тэгэхээр Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааг нэлээд сайжруулах шаардлагатай гэдэг зүйлийг ярьсан” гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан