Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Олон улсын залуучуудын ногоон наадам нь Тогтвортой Хөгжлийн Зорилтыг биелүүлэхэд спортын ач холбогдлыг тодотгоно

Олон Улсын спортын сэтгүүлчдийн холбооны 83 дугаар чуулган Унгарын нийслэл Будапешт хотноо болсон билээ. Энэхүү чуулганд “Олон улсын залуучуудын ногоон наадам”-ыг зохион байгуулах хорооны Гадаад харилцааг хариуцсан захирал П.Буяндэлгэр, зөвлөх МУГЗ Ж.Отгонцагаан нар оролцож тус наадмын талаар дэлхий нийтэд танилцуулсан юм. Монгол Улсад анх удаа зохион байгуулагдах “Олон улсын залуучуудын ногоон наадам”-ыг Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо хэрхэн хүлээж авсан хийгээд танилцуулгын үед хүмүүсийн анхаарлыг зүй ёсоор татсан мэдээллээс уншигч танд хүргэе.

Ирэх есдүгээр сарын 13-20-ны өдрүүдэд Монгол Улсад анх удаа зохиогдох “Олон улсын залуучуудын ногоон наадам”-ын талаар Гадаад харилцааг хариуцсан захирал П.Буяндэлгэр тус чуулганд танилцуулж, хөтөлбөрийг нь Олон Улсын Спортын Сэтгүүлчдийн Холбоо (ОУССХ)-ны Ерөнхийлөгч Жианни Мэрлод гардуулжээ.

Хүрээлэн буй орчны асуудал нас хүйс боловсрол зэргээс шалтгаалахгүй бүхий л хүмүүсээс оролцоо шаардсан дэлхийн нийтийн асуудал болж хувирсан. Тиймдээ ч П.Буяндэлгэр захирал танилцуулга хийхдээ “Тус наадам Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл доор зохион байгуулагдаж байгаа. Залуучуудад НҮБ-ын “Тогтвортой Хөгжлийн Зорилт”-ын талаарх ойлголтыг спортоор дамжуулан олгох зорилготой юм. Наадмаар дамжуулан ирээдүй хойч үедээ энх тайван, хүртээмжтэй шударга нийгэмд амьдрах боломжийг олгохоос гадна аз жаргалтай, сайн сайхан амьдралыг өвлүүлэн үлдээхээр зорьж байна” хэмээжээ.

Тус наадмын чухал нэг зорилт нь 2017 онд ЮНЕСКО-гоос баталсан “Хүүхэд залуучуудыг хар тамхи болон нийгмийн гажуудлаас чөлөөлөх сайн сайхан ирээдүйг бүтээхэд дэлхийн дулаарал болон уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх үйлсэд дэлхийн залуучуудтай нэгдэн гэгээлэг ирээдүйг бүтээхэд гар бие оролцох боломжийг хангах” гэсэн үйл ажиллагааны төлөвлөгөөг биелүүлэх аж.

Тиймээс “Тогтвортой Хөгжлийн 17 зорилт” наадмын үеэр онцлогдохоос гадна зорилт болгоныг дагалдаж арга хэмжээ зохиогдох нь.

Гадаад харилцааг хариуцсан захирал П.Буяндэлгэр танилцуулгын үеэр Олон улсын залуучуудын ногоон наадам”-ын уриа нь “Хүнлэг, Ногоон, Хэмнэлттэй. Энэхүү уриагаар бид залуу үеийг эрүүл, ёс зүйтэй, хүндлэлтэй, боловсролтой, аюулгүй болон оюунлаг байхыг уриалж буй юм” хэмээн тайлбарласан байна.

Энэхүү наадам НҮБ-ын гишүүн орны 18 хүртэлх насны залуучуудад нээлттэй бөгөөд спортын олон төрлийг багтааснаараа онцлог.

Тухайлбал байт харваа, хөнгөн атлетик, сагсан бөмбөг 5x5 болон 3х3 төрлөөр, шатар, спорт авиралт, крикет, цахим спорт, туялзуур сэлэм, хөлбөмбөг, жюү жицү, жүдо, кураш, самбо, буудлага, усан сэлэлт, ширээний теннис, таеквондо, гар бөмбөг болон чөлөөт бөх зэрэг олимпийн болон олимпийн бус төрлүүд, паралимп, тусгай олимп, дифлимп зэрэг төрлийг багтаажээ.

Эдгээр спортын ихэнх төрөл нь эрчим хүч хэмнэх зорилгоор гадаа талбайд зохиогдоно. Мөн залуучуудын оролцоог бий болгосон “Тогтвортой Хөгжлийн Зорилт”-ыг биелүүлэх нээлттэй форум болохоос гадна Монголын түүхээ сурталчлах урлаг соёлын үзүүлбэрүүдийг ч багтаасан байна.

Түүгээр ч зогсохгүй “Наадамд оролцох бүх тамирчид НҮБ-ын ногоон төглийг бүтээн байгуулахад гар бие оролцож, мод тарих боломжтой бөгөөд тарьсан мод нь тэдний нэр болон улсаар нь нэрлэгдээд  явах болно” хэмээн П.Буяндэлгэр захирал танилцуулгадаа дурджээ.

Мөн наадмын үеэр “Залуу Сэтгүүлч”-ийн хөтөлбөрийн хүрээнд 10 өсвөр үеийн сэтгүүлчийг Монголд урин наадмын талаар мэдээлэл бэлтгэх болон өөрсдийн сэтгэгдлийг хуваалцах боломж олгох нь.

“Наадамтай холбоотой бүхий л мэдээллийг НҮБ-ын албан ёсны зургаан хэл дээр дамжуулахаас гадна “Тогтвортой Хөгжлийн Зорилт”-ын хэрэгжилтийн талаар мэдээлэл түгээнэ. Түүнчлэн олон нийтийн дасгал хөдөлгөөн, брэк бүжиг, дугуйт тэшүүр, олон нийтийн марафон, текбол зэрэг Монгол дахь шинэ спортын төрлийг залуучуудын дунд нэвтрүүлэхээр зорьсон. Тамирчдаас гадна наадмыг үзэхээр ирсэн хүн бүр зарим спортын арга хэмжээнд оролцох боломжтой бөгөөд эдгээр спортын арга хэмжээ нь их мөнгө зарцуулахгүйгээр идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх боломжуудыг сурталчлах зорилготой” хэмээн тэрээр  танилцуулгын төгсгөлд нэмж хэлсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан