Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛЫН БАГШ НАРЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБООНЫ ДАРГА Д.МӨНХБААТАР:  БОЛОВСРОЛЫН ЯАМНЫХАН НЭГ АЛХАМ УРАГШИЛЖ, ХОЁР АЛХАМ ХОЙШОО УХАРЧ БОЛОХГҮЙ.

Монголын багш нарын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.МӨНХБААТАР-тай ярилцлаа.

Сайн байна уу? Танд шинэ оны мэнд хүргэе!

Баярлалаа. Танд болон танай хамт олонд шинэ оны мэнд хүргэе.

Баярлалаа. Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос саяхан Монгол улсын Ерөнхий сайдад албан бичиг хүргүүлсэн байсан. Энэ талаар яриагаа эхлэх үү?

Цаг үеийн асуудлаас шалтгаалж, Монгол улсын ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхэд албан хүсэлт хүргүүлсэн.

 Боловсрол, шинжлэх ухааны сайд Цэдэвсүрэнгийн зүгээс боловсролын салбарт хийж буй болчимгүй, бусармаг үйлдлийн тухай юм. Учир нь 2021 оны 1-р сараас эхлээд Боловсролын яамны харьяанд байдаг ерөнхий боловсролын лаборатори сургуулиудыг татан буулгах талаар мэдээлээд эхэлчихсэн. Үүнийг эсэргүүцэж албан бичиг хүргүүлсэн байгаа.

Танай холбоо эдгээр лаборатори сургуулиудыг яагаад татан буулгах нь буруу гэж үзээд байгаа юм бэ? Энэ сургуулиуд чинь харин ч нийгмийн тэгш бус байдал, нийгмийн ялгаварлалыг бий болгоод байгаа юм биш үү?

Энд бид нэг зүйлийг эхлээд их сайн ойлгож авах хэрэгтэй. Лаборатори сургуулиуд бол тэгш бус байдал, ялгаварлалыг бий болгоод байгаа зүйл огт байхгүй. Ямар ч улс орон бага, дунд боловсролынхоо салбартаа үндэсний хөтөлбөртэй байдаг. Тэрхүү хөтөлбөрөө эхлээд турших, улмаар сайжруулах, эцэст нь түгээн дэлгэрүүлэх хэрэгтэй болно оо доо. Түүнийг л Монголын нөхцөлд лаборатори дунд сургуулиудаараа дамжуулан хэрэгжүүлж байсан юм. 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн Сургалтын цөм хөтөлбөрийг яг энэ аргачлалаар ерөнхий боловсролын лаборатори сургуулиудаараа дамжуулан туршиж, сайжруулж, түгээн дэлгэрүүлсэн. Үүний ч үр дүн гарч, тухайн үеийн сургалтын цөм хөтөлбөрийг үндэсний хэмжээнд амжилттай хэрэгжүүлсэн гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, энэхүү үйл ажиллагаанд одоо татан буулгах гээд байгаа лаборатори сургуулиуд, тухайн сургуулиудын удирдлага, багш нар онцгой үүрэг гүйцэтгэж, манлайлж ажилласан. Харин одоо алтыг нь аваад авдрыг нь хаях унаж яваад морио, ханилж яваад ханиа гэдэг шиг ингээд юу ч биш болгож болохгүй. Яамны зүгээс туршилт байсан, одоо хэрэгцээ нь дууссан гэж үзэж байгаа юм билээ. Тийм зүйл байж болохгүй. Өнөөгийн нөхцөлд хүртэл лаборатори сургуулиудын үүрэг роль өндөр байх ёстой. Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор танхимын сургалтаар хичээллэж чадахгүй маш хүнд нөхцөл байдалтай байгаа. Ийм байхад цахим, зайны сургалтуудыг чанартай, хүртээмжтэй хүргэх асуудал боловсролын үндсэн асуудал болчихоод байна. Цаг үеэ мэдэрсэн тэргүүний лаборатори сургуулиуд тухайлбал, Чингэлтэй дүүргийн лаборатори 23, Налайх дүүргийн 119-р сургуулиуд цахим сургалтын оновчтой шийдлүүдийг амжилттай нэвтрүүлж байгаа нь олзуурхууштай. Эндээс үзэхэд цахим, зайны сургалтын шилдэг арга технологиудыг эдгээр лаборатори сургуулиудаараа дамжуулан туршиж болно шүү дээ. Алтыг зүлгэх тусам өнгө орно гэдэг шиг одоо ч лаборатори сургуулиудын манлайлал, үнэ цэн, ач холбогдол энэ цаг үед бүр их шаардлагатай байна аа л гэсэн санаа. Цаашдаа ч бидэнд дэлхийд үнэлэгдэх Монголын үндэсний боловсролын  хөтөлбөрийг бий болгох гарцаагүй шаардлага бий. Үүнд л бид лаборатори сургуулиудаа ашиглах ёстой шүү дээ. Харин ч бид өнгөрснөөсөө сургамж авч, лаборатори сургуулиудын манлайллыг өсгөх, чадавхийг сайжруулснаар энэ зорилгодоо амархан хүрнэ. Ингэх гэж л 2012 оноос өнөөдрийг хүртэл ажиллаж ирсэн. Харин У.Хүрэлсүхийн толгойлсон засгийн газрын үед, түүний томилуулсан Л.Цэдэвсүрэн сайдаар ахлуулсан яамныхан л энэ тогтолцоог нураах нь. Нураалгахгүйн төлөө харин манай холбоо тэмцэж эхэлж байна. Лаборатори сургуулиудад ажиллаж байгаа багш нар ч гэсэн дийлэнх нь татан буулгахын эсрэг байгаа.

Өнгөрсөн 2020 оны намар хэсэг улс төрчид Кембриджийн хөтөлбөрийг улс даяар нэвтрүүлэх асуудал хэсэг яриад ард олны эсэргүүцэлтэй тулаад намжсан. Лаборатори сургуулиудыг татан буулгаж байгаа асуудал үүнтэй ямар нэгэн холбоотой юу?

Би яг наад асуудлыг чинь ярих гэж байсан. Та асуучихлаа. Одоо энэ өнцгөөс харахад Н.Учрал, Г.Амартүвшин, Г.Дамдинням, Х.Ганхуяг гэсэн их хурлын гишүүд өнгөрсөн намар Монголын боловсролд кембриджийн хөтөлбөрийг тулгах гэсэн оролдлого хийж байгаад намжсан гэж бодож байтал одоо яг энэ асуудлаар эргэн сөхөгдөж байна. 2012 онд лаборатори сургууль байгуулахтай зэрэгцээд нэг тогтоолоор /Засгийн газрын/ олон улсын хөтөлбөрийн сургалттай Шинэ эрин, Шинэ эхлэл, Монгол тэмүүлэл сургуулиудыг байгуулсан байдаг. Одоо тэдний хүслээр ийм хөтөлбөртэй хэд хэдэн сургууль байгуулагдах юм билээ. Энэ сургуулиуд чинь л харин нийгмийн тэгш бус байдал, ялгаварлалыг бий болгоод байна. Энэ ялгаварлалыг гардан гүйцэтгэж байгаа нь Монголын төр өөрөө болчихоод байна шүү дээ. Тэгэхээр төрөөс ийм ялгавартай боловсролын тогтолцоог, тэгш бус байдлыг хөхүүлэн дэмжсэн үйл ажиллагаа явуулж хэрхэвч болохгүй. Би энд Кэмбриджийн хөтөлбөрийг муу хөтөлбөр гээгүй. Харин төр ийм үйл ажиллагаа явуулж болохгүй ээ гэдгийг л дахин дахин онцолж хэлмээр байна. Тэртэй тэргүй хувийн өндөр төлбөртэй сургуулиуд өөр өөрсдийнхөө шугамаар олон улсын шилдэг хөтөлбөрүүдийг нутагшуулаад, хэрэглээд явж байгааг бид бүгдээрээ л мэдэж байгаа. Харин Монголын төр бол бүх нийтийн, үндэсний боловсролын хөтөлбөрөө л байнга тордож, усалж байх хэрэгтэй. Яг цэцэг шиг. Түүнд нь л лаборатори сургуулиуд хэрэгтэй байхгүй юу даа. Тэгж байж боловсролын чанар сайжирна.

Лаборатори сургуулиудыг татан буулгаснаар өөр ямар үр дагавар үүсэх вэ?

Үндэсний хэмжээнд 45 лаборатори сургууль ажиллаж байгаа гэж албаныхан мэдээлж байгаа. Эдгээр сургуулиудад 5000 гаруй багш, ажилтан ажиллаж байна. Энэ хүмүүсийн цалин орлого шууд 15-30 хувиар буурна. Ковид-19-ийн онцгой нөхцөл байдалтай үед иргэдийнхээ цалин орлогоос хасаж болохгүй гэж Ерөнхий сайд ч өөрөө албан ёсны мэдэгдэл гаргасан бөгөөд ковидын үед дагаж мөрдөх хуулиндаа хүртэл тусгачихсан байгаа. Энэ үед эдгээр 5000 гаруй хүний халаас руу бүдүүлгээр өнгийж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл бөгөөд Боловсролын яам, засгийн газар нэг ёсондоо гаргасан хууль тогтоомжоо өөрсдөө дэвсэлж, халаасны хулгай хийж байна л гэсэн үг. Хулгай гэснээс Хулгай хар мөртэй гэдэг шүү дээ. Энэ хар мөр Монголын боловсролыг нэг алхам урагшилсан байсныг 2 алхам ухраалаа  гэж харж байна. Боловсролын яамныхан НЭГ АЛХАМ УРАГШИЛЖ, ХОЁР АЛХАМ ХОЙШИЛЖ болохгүй.

Хэрвээ Монгол улсын засгийн газар, Боловсролын яам танай хүсэлтийг хүлээн авахгүй бол танай холбоо цаашдаа ямар тэмцэл өрнүүлэх вэ?

Холбооны зүгээс бол Монгол улсын засгийн газар, Ерөнхий сайдыг энэ онцгой нөхцөлд  нааштай хариу өгч, боловсролын салбарын хөгжил дэвшилтэй холбоотой энэ чухал асуудлыг, бас олон мянган хүний ахуй амьжиргаатай холбоотой асуудлыг эерэгээр шийдэх байх гэж найдаж байна. Манай багш нар ч тийм хүлээлттэй  байгаа болов уу. Хэрвээ нааштай шийдэхгүй бол тэгээд л тэмцлийн арга зам руугаа орно доо. Харамсалтай нь улс эх орон даяар бий болсон онцгой нөхцөл байдалтай үед нийтийг хамарсан жагсаал, цуглаан зохион байгуулж болохгүй байна. Гэхдээ л асуудал шийдэгдэхгүй бол тэмцэхээс өөр аргагүй. Эрсдэл гарахыг ч үгүйсгэхгүй. Тэр эрсдлийн хариуцлагыг харин Монгол улсын ерөнхий сайд, түүний толгойлсон засгийн газар, Боловсролын сайд, яамныхан хүлээх ёстой. Манай холбооны зүгээс багш нараа, гишүүдээ аль болох ийм эрсдэлтэй байдал руу татан оролцуулахгүй байх бодлогыг барьж байгаа болно.

За манай сайтад ярилцлага өгсөнд баярлалаа. Амжилт хүсье.

Баярлалаа. Танай хамт олонд ч бас ажлын амжилт хүсье.

 

 

 

8 Сэтгэгдэл
Энэ 2 Мөнх шал худлаа багш нарын нэр барьсан улаан шантаажчин, луйварчид юм гэсэн шүү. Багш нарын нэр барьсан хумсаа нуусан муур шиг нөхдүүдийг зайлуулах хэрэгтэй.
Аувийн сургуулиудад хувьсах зардал өгдөгөө болъё .Тэд асар өндөр төлбөр авдаг улсаас авсан мөнгөөрөө аав ээж ах дүү эхнэр нөхрөө дагуулан дэлхийн улсуудаар зугаалж явдагын нэг жишээ Батбаяр Баясаглан нар юм гэдгийг мэдэх бусуж
Монголын багш нарын Үйлдвэрчний эвлэлийн холбоо гэдэг өөрөө хууль бус байгууллага ш дээ, ах дүү Мөнхбөөтөр, Мөнхтуяа 2-ын мөнгө угаах хувийн нийгэмлэг. Эрх ашиг булаацалдах гээд албан ёсны ҮЭ-ийг буюу Амгаланбаатарыг байнга энд тэнд худлаа муулж бичдэг, ярьдаг. Мөнхбөаатар, Мөнхтуяа 2 албан бусаар хүмүүсээс хандив, татвар нэрээр хүмүүсээс дансаа тавиад, ҮЭ гэх холбоондоо мөнгө татаж байгаа баримт ч байгаа. Энэ 2 хүн Цогзолмаа сайдыг байхад бас л хэл ам хийж өдөр шөнөгүй муулж, яамны гадаа суулт хийдэг байсан. Дараа нь "хаалтын гэрээ" гэдэг шиг зүйл хийгээд харин ч муулаад байсан Цогзолмаа сайдыгаа ам л ангайвал магтдаг болсон. Мөн Багш нарыг орон сууцжуулна гээд хүмүүсээс маш их мөнгө авсан, үүнийг нь хууль хяналтын байгууллагад өгч шалгуулмаар байна. ОДоогийн сайд Цэдэвсүрэн нь эдэнтэй нийлж тендер идэхгүй, нийлж мөнгө угааж хамтран ажиллахгүй байгаа тул өдөр шөнөгүй хуурамч мэдээлэл цацаж, бусдыг турхирч, бослого хөдөлгөөн өрнүүлдэг. Та 2 одоо мөрөөрөө Багш юм бол багшаа хийгээд ажлаараа бусдад үлгэр дууриал болж амьдраач. Бусдыг шантажилч, бусдаар идээн тэтгүүлж бууны нохой шиг амьдрахаасаа ичээсэй.
Эхлээд царай зүсээ жоохон анхаармаар юм, угааж бариад
Д.Мөнхбаатар даргадаа баярлалаа бид хамтдаа шүү
Багш нарынхаа төлөө маш зөв асуудлыг ярьж, тэмцэж байдагт тань талархдаг шүү. Ажлын их амжилтыг хүсье.
2 Мөнх багшдаа маш их талархаж байна. 30 хувь зээлэндээ өгөөд хүүхдүүддээ зарцуулдаг мөнгө минь шүү дээ.
Маш зөв асуудлыг хөнджээ. Баярлалаа
Хамгийн их уншсан