Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан намынхан одоо л хүчээ нэгтгэхгүй бол...

-Ардчилсан намын даргыг ард түмэн ажиглаж байна-

Б.Мөнгөн

Эдийн засаг 5.3 хувиар агшсан, ажилгүй болсон иргэдийн тоо 60 мянга давж, үйл ажиллагаа нь зогссон аж ахуйн нэгж 27 мянга хүрсэн энэ үед Ардчилсан намын даргын сунгаа нь үргэлжилж байна. Улс орны нийгэм, эдийн засгийн амьдрал амаргүй цаг үед Ардчилсан нам шинэ даргатай болох нь. Төсвийн алдагдлын хэмжээ 2021 оны эхний хоёр сарын байдлаар 112 тэрбум төгрөг болж, манай улсын дотоод өр төлбөрийн хэмжээ огцом нэмэгджээ. Ирэх оноос өндөр дүнтэй бондуудын эргэн төлөлт хүлээгдэж байна. Эдийн засгийн уналт улам гүнзгийрсээр байгаа энэ үед сөрөг хүчний хүчтэй дуу хоолой үгүйлэгдэж буй. Ард түмний амьжиргаа өдөр ирэх тусам доройтож, ажлын байр хумигдаж, ажил олгогчид цалингаа цаг хугацаанд нь олгож чадахгүй, санхүүгийн хямралд орлоо.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй, тасалдаж, томоохон төслүүд гацжээ. 2004 оноос хойш жилд дунджаар 7.2 хувиар өсөж байсан эдийн засаг сүүлийн 30 жилд тохиож байгаагүй гүнзгий хямралд автаад байна. Дахин сэргэх хүртэл хэдий хугацаа орох нь тодорхойгүй, бизнесийн орчинд хүнд суртал, дарамт шахалт хамгийн өндөр хэвээр. Засгийн газар эдийн засгийг сэргээх 10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлэхээр зарласан боловч уг хөтөлбөрийн санхүүжилт ойлгомжгүй байна. Эдийн засгийн идэвхжил суларсан,  удаа дараа тогтоосон хатуу хөл хорионы уршгаар орлогогүй болсон аж ахуйн нэгжүүд нийгмийн даатгал болон татварт өр төлбөрийн үлдэгдэлтэй, үйл ажиллагаа нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэх болов.

 Эрх баригчид цар тахлаас сэргийлэх үүднээс тооцоо судалгаа тааруу хөл хорио тогтоосон нь дийлэнх аж ахуйн нэгжийг сөхрүүлж, орлого, үйл ажиллагаанд нь муугаар нөлөөлөв. Үйл ажиллагаа нь зогссон 27 мянган аж ахуйн нэгжийн цаана хэчнээн хүн, хэчнээн айл өрх орлогын эх үүсвэрээ алдсан бэ. Хатуу хөл хорионы үед 400 мянган ажлын байр эрсдэлд орсон гэж бизнес эрхлэгчдийг төлөөлөх МҮХАҮТ мэдэгдсэн. Тэгвэл хоёр жил дараалан хөл хорио, эдийн засаг, бизнесийн орчны тодорхойгүй нөхцөлд аж ахуйн эрхлэгчид эцсийн нөөц, боломжоо шавхаад байна. Ардчилсан намын даргын сунгаа нь зөвхөн Ардчилсан намын гишүүд, дэмжигч нарт хамаатай биш юм. Эдийн засгийн эрх чөлөө, бизнесийн орчны тогтвортой байдлыг хүсэмжлэх хүн болгоны анхаарлыг татах хэмжээний чухал асуудал болж хувираад байна.

С.Эрдэнэболд, О.Цогтгэрэл, Д.Пүрэвдаваа, О.Амартүвшин нар Ардчилсан намын даргын суудлын төлөө өрсөлдөж буй. Эдийн засаг доройтсон, улс орны “хувь заяа” салаа замын уулзварт дээр ирээд байгаа, Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль хаяанд тулсан энэ үед тэдний нэг нь Ардчилсан намын чиг баримжааг дахин тодорхойлохоор байна. Тэд өөр өөрийн гэсэн онцлог, ялгарах түүхтэй, хувь хувьсгалын замнал нь харилцан адилгүй. Ардчилсан намын сунгаа нь хоёр талд зэрэг болж байгаа хэдий ч олон нийт нэр дэвшигч дээрх дөрвөн эрхмийг илүүтэй анзаарч, ажиглаж байна. Эв нэгдэл, итгэлцэл Ардчилсан намын хувьд өнөөдөр илүү чухал болоод байгаа. Тэд нэгдэж, нийлж чадахгүй бол байр суурь нь улам ганхаж, ард түмний итгэл, найдвар ч тэр хэрээр хүч  нь сулрахаар байна.

Ардчилсан намын даргын төлөөх энэ удаагийн сонгууль намаа ч аврах, гишүүд дэмжигчдийнхээ итгэлийг эргэн олох, хүчтэй сөрөг хүчин болох байр сууриа баталгаажуулах, улс орны ирээдүйг шийдэх түүхэн хариуцлагатай цаг үед өрнөж байгаа гэдгээрээ онцлог. Ардчилсан нам хүчээ нэгтгэхгүй бол ард түмний амьдрал ч өдөр ирэх тусам доройтох нь. Ажилгүй, орлогогүй хүмүүсийн бухимдал, стресс ч хаврын энэ өдрүүдэд нэмэгдэж, газар авч байна. Ардчилсан намын даргад горилж буй нэр дэвшигчдээс харахад улс төр, эдийн засгийн өндөр мэдрэмжтэй чадварлаг менежер гэсэн үзүүлэлтэд тохирох хүмүүс байгаа нь сайшаалтай. О.Амартүвшин, О.Цогтгэрэл энэ удаагийн цахим сунгааг өнгөлж буй.

О.Амартүвшингийн тухайд бизнесийн болон бизнесийг төлөөлсөн салбарт олон жил амжилттай ажилласан чадварлаг стратегич. Монголд ноу хау шингэсэн чацарганы бизнесийн эхлэлийг тавьж, экспортын жим гаргасан хүн. МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш бизнесийн эрх ашгийг хамгаалахад илүү прагматик хандлагатай ажилласан. Эдийн засгийн талаасаа бол төр нь иргэнийхээ байгуулсан бизнесийг дэмждэг, хамгаалдаг байж тусгаар тогтнолоо эдийн засгаараа дамжуулан бэхжүүлж, хамгаалж чадна гэж О.Амартүвшин үздэг. Учир нь төр Үндсэн хуулиараа бизнес, хувийн өмчийг хамгаалах үүрэг хүлээсэн. О.Амартүвшин Монголын бизнесийг төлөөлсөн хамгийн том байгууллагыг удирдаж буйн хувиар эдийн засагт хамгийн үнэтэй зүйлс нь ажлын байр, орлоготой иргэн, үүний төлөө ямар ч мөнгө хайрлах ёсгүй гэсэн үндсэн зарчмыг барьж байна. Яагаад гэвэл, дампуурсан компани, ядуурсан иргэн хоёрыг эргээгээд сэргээхэд маш их өртөг, цаг хугацаа шаардана. Тиймээс МҮХАҮТ ковид-19 цар тахал эдийн засаг, бизнест хэрхэн нөлөөлж байгаа тухай судалгаа, тооцоог байнга хийж ирсэн бөгөөд энэ нь Засгийн газар цаашдын бодлогоо гаргахад тусалж байна.

Улс төрийн талаасаа тэр эв нэгдлийг эрхэмлэдэг. Гэхдээ энэ нь намын даргын сонгуульд ашиглахын тулд сонгож авсан хийсвэр ойлголт төдий биш. Тэрээр тусгай судалгаа, дүн шинжилгээ хийх замаар намын хагарал, бутрал, хоорондоо таарамжгүй байсан нь 2020 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан нам ялагдал хүлээсэн хамгийн том шалтгаан болсныг тогтоожээ. Тиймээс “Ардчиллын 5 ялалт – Ард түмний 5 ялалт” гэсэн уриатай энэхүү сунгаанд оролцож байгаа. Энэ нь Эв нэгдэл, Үзэл санаа, Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын сонгууль, Үндэстний ялалт юм.

О.Цогтгэрэлийн хувьд УИХ-ын гишүүнээр 2020 оноос сонгогдон ажиллаж байна. Баялаг бүтээгчийн байр сууринаас улс төрд орж ирсэн хүмүүсийн нэг нь О.Цогтгэрэл бөгөөд Н.Алтанхуягийн Засгийн  газарт Эдийн засгийн бодлогын зөвлөх болон Увс аймгийн Ардчилсан намыг тэргүүлж байсан. ТЕСО компанийг үүсгэн байгуулж, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хүчин зүтгэсэн. Ажлын байр бий болгож, томоохон татвар төлөгчийн эгнээнд шилжин орж ирсэн. Баянзүрх дүүргийн тодотголтой Д.Пүрэвдаваа нэр дэвшигч Нийслэлийн Ардчилсан намын даргаар ажиллаж буй. Намаа шинэчлэх ажилд голлох үүрэг гүйцэтгэж яваа хүмүүсийн төлөөлөл бөгөөд Ардчилсан нам тулгуур баганын нэг. “Марс” төслийн санаачлагч, Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэболд намын даргын сунгаанд мөн л хүч үзэж буй. Түүний хувьд өөрийн түүхээ шинээр бүтээх цаг үе нь ирсэн гэж олон хүн харж байгаа. Ардчилсан намын даргын сунгааг ард түмэн ажиглаж байна. Итгэж, найдаж байгаа учраас Ардчилсан нам эргэн сэргэх, эрч хүчтэй шинэ манлайлал үзүүлэх цаг болсныг нь сануулж байна.

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан