Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.Энх-Амгалан: Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгөнөөс эцэг, эхчүүд хуваалцах ёстой

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангаас дараах тодруулгыг хийлээ.


-Хүүхэд хамгааллын тухай хуулийг сайжруулахаар УИХ ажиллаж байна.  Гэхдээ олон нийт “Дуулиантай асуудал гарсны дараа л УИХ, Засгийн газар хүүхдийн асуудалд анхаардаг боллоо” гэж шүүмжлэх боллоо. Та ямар байр суурьтай байна вэ?

-Шуугиантай хэрэг гарсны дараа асуудалд анхаардаг байдлаар хандаж болохгүй. Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэдэг сэтгэлгээгээр хандаж болохгүй. Нийгэмд өнөөдөр үүсч байгаа асуудал дээр төрийн бус байгууллагууд, хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллаж байгаа төрийн байгуллагууд бүгд шүгэл үлээж анхаарлаа хандуулах цаг нь болсон. Монгол Улс хүүхэд хамгааллын чиглэлээр баталсан хууль  багадаагүй, эрх зүйн орчин маш их сайжирсан. Хамгийн гол нь хуулийг амьдрал дээр хэрэгжүүлэх  тэр механизмыг бид нар бүрдүүлж чадаагүй. Үндэсний хэмжээнд хүүхэд хамгааллыг яах юм, орон нутгийн хэмжээнд яаж шийдэх юм, сургуулийн орчинд яаж хамгаалах юм, гэр бүлийн орчинд яаж шийдэх юм гэдэг хүүхэд хамгааллын тогтолцооны зураглалаа зөв хийж чадаагүй юм байна. Тэр алдаанууд өнөөдөр гарч байна. Судалгаагаар хүүхдүүдийн 70 хувь нь гэр бүлийн орчинд хүчирхийлэлд өртөж байна.

Ямар хүүхдүүд эрсдэлд өртөөд байна вэ гэвэл  аав ээж нь орлого багатай,  ажилгүй, ядууралд орсон эмзэг гэр бүлийн хүүхдүүд  хүчирхийлэлд орж байна гэдэг судалгаа байгаа. Гэхдээ эрсдэлд байгаа хүүхдийн тоо хоёр өөр байгаа. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам  эрсдэлд байгаа хүүхдийн тоо 14 мянга гэж зарласан бол Боловсрол шинжлэх ухааны яамнаас 53 мянга гэж зарлаж байгаа.

Үе тэнгийн дээрэлхэлт гэдэг сэдвийг ярихаас жийрхдэг , нуудаг байсан цаг үе бий. Харин сүүлийн хоёр жилийн хугацаанд сургуулийн орчинд үе тэнгийн дээрэлхэлт байдаг юм байна. Гурван хүүхэд тутмын нэг нь  байнга өртдөг гэдэг нь тодорхой болж байна.  Статистик нийгэмд тодорхой болж байгаа нь сайн тал.

Хамгийн гол нь хүүхдүүдийг хамгаалж байгаа механизм яаж ажиллах юм бэ, хүртээмжтэй байж чадах уу гэдгийг олон талаас нь ярьж, УИХ-аар эхний хэлэлцүүлэг нь хийгдсэн  Хүүхэд хамгааллын тухай хуулиа амьдралд хэрэгждэг болгох нь  чухал.

Сургуулийн орчин их хүнд болчихоод байна. Насанд хүрээгүй охидын үр хөндөлт, үе тэнгийн дээрэлхэлт, электорн тамхины асуудлыг сургууль дангаараа шийдэх боломжгүй. Эцэг, эх асран хамгаалагч нар чухал үүрэгтэй . Дотуур байранд байгаа асуудлыг 100 хувь сургууль дангаараа шийднэ гэх нь бас  учир дутагдалтай.

Цахим орчны дээрэлхэлт, хэт их хэрэглээ, донтолт энэ бүхнээс сэргийлэхэд гэр бүлийн орчин чухал, мөн нийгэм өөрөө том сэтгэлгээний шинэчлэл хийх ёстой юм байна.

-Нийслэлийн 18 дугаар сургуулийн хүүхдүүдийн хордсон шалтгаан одоог болтол тодорхойгүй байгаа. Гэхдээ түрээсийн байранд хичээллэснээс болов уу. Хичээлийн байр нь стандарт шаардлага хангахгүй байв уу гэдэг асуудал ч хөндөгдөж байна?

-Түрээсийн байрнаас болж, хүүхдүүд хордоогүй юм билээ. Мансууралттай холбоотой юм билээ. Удахгүй хүчний байгууллага энэ талаар мэдээлэл хийх байх.

Мансууруулах төрлийн зүйлээс болж, хордлого болсон гэдэг мэдээллийг надад урьдчилсан байдлаар өгсөн.

Одоогоор Улаанбаатар хотын хэмжээнд 17 орчим сургууль түрээсийн байранд хичээллэж байна. Сургуулиудыг гурван ээлжээр хичээллүүлэхгүйн тулд дээрх зохицуулалтыг хийсэн.

-Ирэх оны улсын төсөвт цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгө, сургуулийн сурагчдын “Үдийн хоол” –ны мөнгийг нэмэгдүүлэх үү?

-Жил бүхэн цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардалд 70 тэрбум,  1-5 дугаар ангийнхны “Үдийн хоол” хөтөлбөрт 80 тэрбум төгрөг, нийлээд 150 тэрбум төгрөг төсөвт тусгаж ирсэн.

Хэрвээ цэцэрлэгийн хоолны мөнгийг дахиад 1500-гаар нэмэгдүүлж 3000, сурагчдын хоолны 2470 төгрөгийг мөн дахин нэмэгдүүлнэ гэвэл жилд 300- 450 орчим тэрбум төгрөг шаардлагатай. 450 тэрбумаар цэцэрлэг, сургууль барих уу, үдийн хоолонд зарцуулах уу гэдэг сонголттой тулна. Цаашдаа эцэг, эхчүүд тодорхой хариуцлага хүлээх ёстой. Хүүхдийн мөнгө бол хүүхдэд зарцуулах ёстой мөнгө. Энэ чиглэл рүү ажил хийх ёстой.

Цэцэрлэгийн хоолны зардлыг эцэг, эхчүүдтэй хуваалцахаас аргагүй. Орлого багатай, хүнсний талон авдаг гэр бүлийн хүүхдийн хоолны мөнийг төр хариуцах ёстой.

Э. Ариунаа (news.mn)

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан