Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"Аппликейшнүүдийн цоорхойгоор иргэдийг хохироож байна"

Сүүлийн үед цахим залиланд өртөж эд хөрөнгө, хувийн нууцаа алдсан хэргүүд олноор гарч байгаа. Тэгвэл энэ төрлийн гэмт хэргийг хэрхэн илрүүлж байгаа талаар болон гэмт этгээдэд ямар хариуцлага тооцдог талаар Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга Цагдаагийн Хурандаа С.Тайвантай ярилцлаа. 


-Иргэд цахим залиланд анхаарал болгоомжгүйгээс өртөж, хувийн мэдээллээ алдах тохиолдол их байна гэлээ. Голдуу ямар нөхцөлд иргэд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болж байна вэ?

-Өнгөрсөн 2023 оны арваннэгдүгээр сард кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийг өргөжүүлж газар болгосон. Сүүлийн үед кибер орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн 98 орчим хувийг бусдын нэр дээр нээсэн арилжааны банкны данс ашиглаж үйлдэж хэргүүд эзэлж байгаа төдийгүй виртуал хөрөнгийн хэтэвч ашиглах, бусдын нэр дээр нээсэн үүрэн холбооны утасны дугаар ашиглах, олон нийтийн цахим сүлжээний хуурамч хаяг ашиглаж үйлдэж байна. Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар байгуулагдсанаас хойш нийт 2,9 тэрбум төгрөгийн хохирол учирсан 943 дуудлага мэдээлэл хүлээн авсан. Нийт 1,7 тэрбум төгрөгийн банкны дансанд хязгаарлалт хийгээд байна.

Сүүлийн үед хохирч байгаа иргэдийн дийлэнх нь байр, машин худалдаж авах болон өвс, тэжээл худалдаж авахдаа цахим орчинд байрлуулсан хуурамч зард итгэн их хэмжээний мөнгө шилжүүлж, залилуулж байна.

Цагдаагийн байгууллагаас кибер гэмт хэргийн хохирогч болохоос сэрэмжилж, анхаарал болгоомжтой байж, хувийн мэдээллээ бусдад өгөхгүй байх тал дээр иргэдэд тогтмол зөвлөмж мэдээллийг хүргэдэг. Гэвч энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос нааш иргэд тэр бүр анхаардаггүй. Ер нь бол иргэд хохирох хүртлээ энэ төрлийн гэмт хэрэгт ач холбогдол өгдөггүй. Харин нэг хохирвол маш сайн сэрэмжтэй болж, мэдлэг мэдээлэл нь тэр хэрээр нэмэгддэг.

ЦАХИМ ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧИД 50 МЯНГААС 200 САЯАР ХОХИРСОН

-Кибер гэмт хэрэгт өртсөн гэх дуудлага мэдээлэл өдөр бүр бүртгэгдэж байна уу. Он гарснаас хойш гарсан онцлог хэргүүдийг дурдвал?

-Хоногт мэдээлэл шуурхай удирдлагын төвд багадаа 10 орчим дуудлага ирдэг. Фэйсбүүк хаягаа алдаж, алдсан хаягаар нь найзууд руу нь өмнөөс нь чат бичиж 50 сая төгрөг шилжүүлж авсан хэрэг ч байна.

Хохирлын дүнгийн тухайд багадаа 50 мянгаас эхлээд дээд тал нь 200 гаруй сая төгрөг.

2024 он гарснаас хойш гарсан хохирлын дүн өндөр хэргүүдээс дурдвал, 17 настай иргэн Ш "таны утсанд очих кодоо явуулна уу" гэх сошиал инженерингийн үйлдлийн аргаар буюу хууль бусаар 283 иргэний фэйсбүүк хаягийг авсан байгаа юм. Мөрдөн шалгах ажиллагаа явуулаад 29 иргэнээс нийт 13 сая төгрөг шилжүүлж авсан нь тогтоогдсон. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Мөн арилжааны банкны ажилтан М нэр бүхий банкны аппликэйшний цоорхойг ашиглаж, иргэдийн цахим хэтэвчийг шинээр үүсгэн, доторх дансаар нь дамжуулан иргэний хадгаламжид байсан мөнгийг татаж авдаг ноцтой гэмт хэргийг илрүүлсэн.

Арилжааны банкууд болон банк санхүүгийн байгууллагатай холбоотой энэ төрлийн гэмт хэрэг ихээхэн бүртгэгдэх болсон тул иргэд хэтэвч, шаардлагагүй зээлийн аппликэйшнээ устгах шаардлагатай.

-Сүүлийн жишээнээс харахад залилагч аппликейшний цоорхой дээр тулгуурлаж иргэнд их хэмжээний хохирол учруулсан гэв үү?

-Тийм. "Toki" гэх аппликейшний хэрэг байна. Машин худалдах нэрээр цахим орчинд зар байршуулан иргэний банкны картны мэдээллийг авч байгаад "Токи" аппликэйшнд оруулж, дансан дахь мөнгийг нь хулгайлах боломжийг бий болгосон. Нэг ёсондоо финтек үйлчилгээ явуулж буй компаниудын цоорхойг ашиглан их хэмжээний мөнгө хулгайлах төрлийн гэмт хэргийг илрүүлсэн. Одоогийн байдлаар 100 иргэний фэйсбүүк хаягт халдлага үйлдэж, хувийн мэдээлэл буюу картных нь мэдээллийг авчихсан байгаа юм. Уг хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Хүмүүсийн өдөр тутамд хийдэг үйлдлүүдийг хялбарчлах зорилготой гаргаж буй аппликейшнүүдийн цоорхой дээр тулгуурлаж залилагчид гэмт хэрэг үйлдэх нь ихэссэн. Сүүлийн үед ялангуяа хохирлын хэмжээ өндөр, олон хүнийг хамарсан энэ төрлийн гэмт хэргийн тоо өсч байна.

Уламжлалт цахим залилангийн гэмт хэргээс харьцангуй бага тохиолдол бүртгэгдэж байгаа ч гэмт хэргийн цар хүрээ, хохирлын хэмжээгээр финтек үйлчилгээтэй холбоотой хэрэг анхаарал татаж байгаа юм.

Мөн энэ төрлийн гэмт хэрэгт өртсөн иргэн өөрөө мэдэхгүй байх тохиолдол олон. Хохирсон иргэний данснаас мөнгө авахад зарим хүнд мэдээлэл нь мессежээр очдог. Тэр үед хохирогч мэдээд цагдаагийн байгууллагад ханддаг. Зарим тохиолдолд хохирогч орон нутаг болон гадаадад явж байгаа үед данснаасаа мөнгө гарч байгааг мэдэхгүйгээр хугацаа алдсан асуудал ч гардаг. Хохирогчийн нөхцөл байдлаас хамаарч гэмт хэргийн мөрдөн шалгах хугацаа мөн өөр, өөр байгаа.

-Зээлийн болон бусад төрлийн үйлчилгээ үзүүлдэг аппликейшнүүдийн тухайд хохирсон иргэний өмнө хариуцлага хүлээх эрх зүйн үндэслэл бий юу?

-Энэ тал дээр судалгаа хийж байгаа. Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас судалгаануудыг хийж, үр дүнд тулгуурлаж энэ сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг, зөвлөгөөн зохион байгуулна. Тодруулбал, иргэдийн хувийн мэдээлэлтэй хамааралтай, мөн финтек үйлчилгээтэй холбоотой ямар гэмт хэргүүд гарч байгааг танилцуулж, дүн шинжилгээ хийж, нэгдсэн хэлэлцүүлэг зохион байгуулахаар ажиллаж байна.

Финтек үйлчилгээ гэдэг нь технологийн компаниуд төлбөр тооцооны болон бусад санхүүгийн үйлчилгээ үзүүлж байгаа хэлбэр.

-Хохирсон иргэн кибер гэмт хэрэгт өртсөн талаар дуудлага мэдээлэл өгөөгүй ч энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас мөрдөн шалгаж ажилладаг уу?

-Гэмт хэргийг Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас мөрдөн шалгаж, гэмт этгээдүүдийг илрүүлж байгаа. Илрүүлсний дараа хохирогчдыг тогтооход олон хүний хувийн мэдээлэлд халдсан тохиолдлууд ч байдаг. Энэ төрлийн гэмт хэрэгт өртсөн ихэнх хүн хохирогч болсноо мэддэггүй, мөн зарим хүн хохирогч болсноо нуух тохиолдолд байдаг. Ер нь бол цагдаагийн байгууллагад хандсан нь маш цөөн. Тиймээс хэргийг бүрэн илрүүлэхэд хүндрэл учруулж байгаа.

Хариуцлагын тухайд мөрдөн шалгах ажиллагааны дараагаар яригдана.

САДАР САМУУН СУРТАЛЧИЛЖ БАЙГАА ЭСЭХЭД ӨДӨР БҮР ХЯНАЛТ ТАВЬДАГ

-Цахим орчинд үйлдэгдэж байгаа өөр нэг төрлийн хэрэг нь садар самуунтай холбоотой. Ийм тохиолдлуудад ямар хариуцлага тооцдог вэ?

-Цахим орчинд бид өдөр бүр мониторинг хийдэг. Ингэхдээ садар самуун агууламжтай дүрс бичлэг, яриа өгүүллэг, контент байх юм бол устгуулахаар Харилцаа холбооны зохицуулах хороонд ханддаг. Дийлэнх тохиолдолд сошиал платформууд хиймэл оюун ухааны тусламжтайгаар энэ төрлийн агуулгатай мэдээллийг автоматаар устгадаг. Үүнээс гадна цагдаагийн байгууллагын хүсэлтээр устгах тохиолдлууд ч байдаг.

Хүсэлтийн тухайд өдөрт хэдэн ширхэг гэсэн тоо байхгүй. Мониторингийн шинжилгээ дээр тулгуурлаж зохисгүй агуулгатай мэдээллийг устгах хүсэлт илгээдэг гэсэн үг.

Цахим орчинд нэр, нүүрээ нууцалж зохисгүй агуулгатай бичлэг зардаг тохиолдлууд бүртгэгдэж байгаа. Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас мониторинг хийж цахим орчноос тус мэдээллийг устгах л арга хэмжээ авдаг. Зөрчил шалган шийдвэрлэх ажлыг Зөрчил шалган шийдвэрлэх албанд шалгадаг. Зөрчлийн хуулиас гадна Эрүүгийн хуулиар хариуцлага тооцдог. Холбогдох харьяа дүүргийн алба нь хэрэг бүртгэл нээгээд явдаг. Бидний зүгээс садар самуунд уруу татсан бичлэгийг иргэдэд хүрэхээс өмнө таслан зогсоох арга хэмжээг л авдаг гэж ойлгож болно.

С.Ундармаа

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан