Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Лаура Буш: Нөхөр маань өөрийнхөө хүчээр архинаас гарсан

АНУ-ын тэргүүн хатагтай асан Лаура Буш “Зүрхний угаас өгүүлэх нь” нэртэй дурсамж номоо гаргасан. Өмнө нь дэлгэж байгаагүй амьдралынхаа нууцыг өгүүлсэн энэ номонд багтсан дурсамжаасаа тэрээр Ларри Кингтэй хуваалцаж, илэн далангуй яриа өрнүүлжээ.

-Та дурсамж номдоо хэтэрхий хувийн амьдралаа дэлгэсэн мэт надад санагдсан. Ингэж нууцаа дэлгэх нь танд хэцүү байгаагүй юу?

- Үгүй ээ. Энэ тухай ярих нь харин ч их завшаантай хэрэг гэж би бодож байгаа. Би илэн далангуй байхыг хүссэн. Учир нь, сэтгүүлчдийн асуулт болон үнэний хооронд маш их зөрүү байдаг. Гэвч Цагаан ордонд байсан найман жилийн хугацаанд тэр бүр үнэнийг хэлэх боломж олдоогүй юм. Тийм ч учраас үнэн зөв хариулт өгч чадаагүй бүхнийг номдоо илчилсэн хэрэг. Номоо бичих нь сайхан байсан. Өсч төрсөн Мидланд нутагтаа очиж, аавын маань барьж өгсөн, Жорж бид хоёрын анх амьдралаа эхлүүлсэн байшинд очиж дурсамжаа сэргээсэн.
-Та бага насандаа тохиолдсон уй гашуугаа номондоо бичсэн байсан?
-Би багадаа бяцхан дүү нараа алдаж байсан. Намайг хоёр настай байхад ээж маань хүү төрүүлсэн боловч даанч тэр маань амьдарч чадалгүй, эмнэлэгт нас барсан юм. Тэр үед би эмнэлгийн цонхыг ширтээд дүү минь тэндээ байсаар байгаа л гэж боддог байлаа. Ийм уй гашуу дахин хоёр удаа тохиолдож манай гэр бүлд маш хэцүү байсныг би одоо ч сайн санадаг юм. Ээж маань эрэгтэй дүүгийн дараа хоёр охин төрүүлсэн ч тэр бяцхан дүү нар маань бүгд амьдарч чадаагүй.
-Тэгвэл таны бага насанд хүнд хэцүү зүйл их тохиолджээ?
-Гэхдээ миний бага нас жаргалтай байсан. Ээж аав маань намайг хайраар дутаагаагүй. Тэд маш их сэтгэлийн тэнхээтэй, тэвчээртэй, байнга л хошигнож байдаг хүмүүс. Тэдний л миний бага насыг аварсан юм.
-Таны ээж одоо нутагтаа амьдарч байгаа юу?
-Тийм ээ. Ээж маань удахгүй 91 хүрнэ. Тэр төрөлх Мидланддаа сууж байгаа. Магадгүй намайг зурагтаар үзээд сууж байгаа байх.
-Таны номондоо дэлгэсэн бас нэг шок бол замын ослын тухай байсан. Та үнэхээр осол хийж, хүн дайрсан юм уу?
-Тийм ээ.
-Номонд бичснээр бол таны машинтай мөргөлдөж, нас барсан хүн таны сайн найз байсан гэсэн?
-Тийм ээ. Тэр бол миний сайн найз Майк Дуглас гэдэг хүү байсан юм. Бид бие биеэ маш сайн мэддэг, аав ээжүүд маань ч гэр бүлийн найзууд байв. Дуглас бид хоёр орой бүр утсаар ярьдаг, хамт кино үздэг хүүхдүүд байлаа.
-Яг юу болсон юм бэ?
-Би найз охинтойгоо кино үзэхээр явж байсан юм. Бид хоёр урсгалтай нарийн замаар харанхуйд явж байсан. Замын уулзвар дээр “зогс” гэсэн тэмдэг байхыг би хараагүй нь ослын шалтгаан болсон юм. Гэнэтхэн миний өмнө өөр нэг машин гарч ирээд, мөргөлдсөнийг би санадаг. Би бэртэж гэмтээгүй болохоор тэр даруй машинаас гараад иртэл нөгөө машины араас өөр нэг машин ирэхийг харсан. Тэр машин бол ноён Дугласын машин байсан.
-Майк Дугласын араас аав нь явж байсан хэрэг үү?
-Тийм ээ. Ноён Дугласыг хараад би хэний машиныг мөргөснөө мэдсэн юм.
-Та тэр үед хэдэн настай байсан бэ?
-Би тэр явдлаас хоёр хоногийн өмнө 17 хүрсэн байсан.
-Тэгээд таны найз газар дээрээ нас барсан уу?
-Тийм ээ. Тэр дороо л амиа алдсан байсан.  
-Майкийн гэр бүлийнхэн таныг уучилсан болов уу?
-Мэдэхгүй ээ. Би тэдний гэрт очиж чадаагүй. Аав ээж хоёр маань миний өмнөөс очиж эмгэнэл илэрхийлсэн. Би тэдний амьдралыг сүйтгэснээ мэдэж, маш их шаналсан. Энэ явдлын дараа би цочирдолд орсон учраас энэ тухай одоо хүртэл ойр дотныхон маань сөхдөггүй.

Хадам ээжтэйгээ ойлголцоогүй олон жил болсон

-Та Жорж Буштай хэзээ танилцсан бэ?
-Бид уг нь нэг хотод өссөн. Манай хоёр гэр хоорондоо 10 байшингийн л зайтай байдаг байв. Гэхдээ бид багадаа өөр өөр сургуульд явдаг, харин  ахлах сургуульд л ганц жил цуг сурцгаасан юм.   
-Тэгэхээр эртний танилууд хэзээ бие биедээ хайр сэтгэлтэй болсон бэ?
-Би ахлах сургуулиа төгсөөд 18 билүү 19 жилийн дараа Мидландад эцэг эх дээрээ эргэж ирээд Жоржтой дахин учирсан. Тэр тэгэхэд газрын тосны бизнес хийхээр Мидландад эргээд ирчихсэн байлаа. Бид 19 жилийн дараа нэг үдэшлэгийн үеэр дахин нэг нэгнээ олж  хараад л дурласан даа. Манай хэсэг найзууд бяцхан үдэшлэг зохиосон юм. Үнэндээ тэр нь Жорж бид хоёрыг холбох зорилготой байж л дээ. Учир нь, найзууд дундаасаа хүнтэй суугаагүй үлдсэн нь бид хоёр л байсан юм.
-Та тэгвэл анхны уулзалтаа одоо хэр нь санаж байдаг байх нь?
-Би бүгдийг санадаг. Би юу өмссөн байснаа, найзууд маань ямар хоол хийснийг, Жорж ямар онигоо ярьж намайг инээлгэж байсныг гээд бүгдийг нь санадаг.
-Та хоёр гэрлэх хүртлээ хэдэн сар болзсон бэ?
-Гурван сар
-Хурдан байна шүү?
-Тийм ээ. Бид хоёр сүй тавьж, бөгж солилцоогүй байхдаа л гурван сарын дотор шууд хуримаа хийсэн.
-Жоржийн ээж, манай бас нэг тэргүүн хатагтай болох Барбара Буш та хоёрын харилцаа тийм ч сайхан байгаагүй бололтой?
-Бид одоо маш сайхан харилцаатай байдаг.
-Гэхдээ?
-Би анх Жоржтой гэрлэхдээ Барбара намайг гараа тосон халуун дотноор хүлээн авна гэж найдаж байсан. Яг манай ээж Жоржийг хүлээн авсан шиг. Ээж аав хоёр маань надаас өөр хүүхэдгүй байсан учраас Жоржийг яг л хүү шигээ баяртайгаар хүлээн авсан юм. Харин Барбара бол таван хүүхэдтэй, аль хэдийнэ ач зээтэй болчихсон хүн учраас тийм байгаагүй л дээ. Бид сайхан харилцаатай болохын тулд багагүй хугацаа зарцуулсан. 1987 онд ноён Буш Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үед бид ойр дотно амьдарч, тэр үеэс л бие биенээ илүү сайн мэдэж, ойлгодог болсон юм.  

-Таны нөхөр ярихдаа архинаас гарсан нь түүний амьдралын таван чухал шийдвэрийн нэг байсан гэдэг. Тэр яагаад тэгж архи уудаг байсан юм бэ?
-Бид гэрлээд эхний 10 жилдээ Мидландад амьдарсан. Техасын нэг тийм амьдралын хэв маяг байдаг юм. Архи дарс уух нь амьдралынх нь нэг хэсэг болчихсон. Тэнд бараг бүх нийтээрээ баасан гаригаас эхлээд амралтын өдрүүдэд найз нөхдөөрөө гадагш гарч, мексик хоол идэндээ ууцгаадаг. Эхнэрүүд нь маргарита шимж байхад нөхрүүд нь шар айраг уудаг тийм амьдралын хэв маяг дасал болчихсон байв. Би Жоржийг арай л их уугаад байна гэдгийг мэдэж байсан ч тодорхой хугацаанд зогсоож чадаагүй.
-Тэгээд та түүнийг яаж ятгаж чадав?
-Би түүнд нэг бол Jeam Beam-ийг /виски/ эсвэл намайг сонго гэж хэлсэн. Ер нь энэ бол хошигнол л доо. Түүнээс биш надад Жоржоос салах бодол үнэхээр байгаагүй. Бид чинь хоёр ихэр нялх охинтой.
-Гэхдээ архи уудаг хүнтэй хамт амьдрах хэцүү…
-Гэхдээ Жорж тийм ч их уудаг байгаагүй юм шүү. Зөвхөн шөнийн цагаар л уудаг байлаа. Тэр ажлаа бол яг таг хийнэ. Өглөө болгон гүйж, дасгал хийнэ. Тэр энэ бүхнээс өөрөө л гарч чадсан. Жорж библь уншиж эхэлсэн нь амьдралыг өөрчилсөн. Бас аав нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр бэлтгэж эхэлсэн гээд амьдралд шинэчлэл гарч эхэлсэн учраас тэр архинаас холдсон.
-Тэр ерөөсөө архины эмчилгээнд яваагүй юу?
-Үгүй ээ.

Цагаан ордон халдлагад өртлөө гэж биднийг айлгасан

-Цагаан ордонд амьдрах ямар вэ?
-Итгэмээргүй сайхан. Цагаан ордон бол маш гайхамшигтай барилга. Энэ ордон тэнд амьдарч байсан бүхий л гэр бүлийн түүхийг агуулж байдаг.
-Тэнд амьдрахад байр түрээсэлж байгаа ч юм шиг мэдрэмж төрдөггүй юу?
-Үгүй ээ. Энэ чинь түр зуурынх ч гэлээ чиний л гэр орон. Гэхдээ чи үүнийг дараагийн хүнд нь хүлээлгэн өгөхдөө сайхан хэвээр нь байлгах үүрэг хариуцлага хүлээнэ.
-Есдүгээр сарын 11-ний халдлагын дараа Цагаан ордонд байх аюултай санагдаж байсан уу?
-Халдлагын дараахь шөнө бид Цагаан ордны нуувчинд унтсан юм. Тэнд дэд Ерөнхийлөгч Дик Чэйнийн гэр бүл, төрийн нарийн бичгийн дарга Кондолиза Райс бидэнтэй цуг байсан. Хэдий бид нуувчинд байсан ч гэсэн би айж байсан. Террористуудын барьцаалсан онгоц Пентагон руу нисэхдээ Цагаан ордны дээгүүр эргэлдэж байсан гэж хүмүүс ярьж байсан болохоор би эмээж байлаа.
-Ерөнхийлөгч тэр үед нуувчинд хонохоос татгалзаж, өөрийнхөө өрөөнд үлдсэн гэдэг.
Тийм ээ. Тэр урьдынхаараа өөрийнхөө өрөөнд унтахыг хүссэн. Шөнө дунд биднийг унтаж байхад дээд давхраас нэг хүн гүйж ирээд “Ноён Ерөнхийлөгч өө, та босох хэрэгтэй байна. Цагаан ордон халдлагад өртлөө” гэж хашхирсан. Бид бүгд орноосоо үсрэн босч, таавчигаа углаад гүйцгээсэн. Жорж Бэрниг, Би Киттиг аваад гүйцгээсэн. Бид доошоо нуувч руу цахилгаан шатаар буух гэтэл аюулгүйн албаныхан үүнийг аюултай гэсэн тул бид шатаар гүйсэн. Хэдэн ч давхар гүйсэн юм мэдэхгүй. Биднийг нуувчинд ирэх үед хэл ирж, Цагаан ордон халдлагад өртөөгүй гэдгийг мэдэгдсэн. Манайхны онгоц ордны дээгүүр ниссэнийг хэн нэгэн андуурсан юм билээ.
-Уг нь тэр үед онгоц нисэхийг хориглоод байсан биз дээ?
-Тийм ээ. Гэвч алдаа гарсан нь тэр.
-Сүүлчийн асуулт, тэргүүн хатагтайд ганцаардах үе байдаг уу гэж нэгэн үзэгч асуусан байна?
-Ганцаардах үе хааяа байдаг. Ялангуяа үдээс хойш. Ямар нэг төлөвлөсөн үйл явдалгүй үед. Бүхнийг миний өмнөөс гүйцэтгэчихдэг болохоор надад хийх зүйл тэр бүр олдохгүй. Тийм үед нөхрөө ажлаасаа ирэхийг хүлээгээд л суудаг даа. Гэхдээ азаар би сайхан найз нөхөд, гэр бүлтэй учир тэд маань хань болдог байлаа.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан