Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ХҮҮХЭД БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ БОДЛОГО”-ЫГ МАНАЙХААС ӨӨР АЛЬ Ч ОРОНД САНААЧЛААГҮЙ

Боловсролын салбарын удирдлагуудын уулзалт семинар өчигдөр “Багш хөгжлийн ордон”-д боллоо. Энэ үеэр боловсролын чанарын шинэчлэлийн бодлогын  талаар аймаг, нийслэлийн боловсролын дарга нарт сургалт явуулсан юм. БШУ-ны сайд Л.Гантөмөр салбарынхандаа хандаж хатуухан шүүмжлэлтэй мэндчилгээ дэвшүүлсэн юм. Тэрээр  “Боловсролын салбарыг хөгжүүлэхэд нэн түрүүнд энэ салбарыг толгойлж буй мэргэжилтнүүд, сургуулийн захирал та бүхний мэдлэг, боловсрол, хичээл зүтгэл, идэвхи оролцоо зайлшгүй өндөр төвшинд байх шаардлагатай. Боловсролын шинэчлэлийн бодлогын гол зорилт болох “Хүүхэд бүрийг хөгжүүлэх” бодлогыг манайхаас өөр аль ч оронд санаачлаагүй байгаа. Хэрэв амжилттай хэрэгжвэл дэлхийн улс орнуудын боловсролын салбарынхан  туршлага хуваалцахаар манайд ирэх болно” гэв.

Манайх шиг цөөхөн хүн амтай улс ердөө 520 мянган сурагчид, 27 мянган багш ажилчдынхаа боловсролыг дээшлүүлэхэд ядах юм байхгүй. Гэтэл цаана чинь 270 мянган багш олон сая сурагчдтай улс орон энэ бодлогыг хэрэгжүүлэх нь битгий хэл ойлгох ч үгүй гэлээ. Хүүхэд бүрийг хөгжүүлэх нь энгийн аж. Тухайлбал, хүүхдийг амьдрах ухаанд сургах  талын практик сургалтыг дэмжих хэрэгтэй гэнэ. Мөн сэтгэл зүйн хувьд нөлөөлж болох хэд хэдэн асуудлыг хөндөв. Сургуулийн багш нар сурагчдаа онц сурдаг болон муу сурдаг гэж ялгаварлахгүй ижил тэнцүү хандах амьдралын боломж бололцоо, эцэг эхийн оролцоогоор дүгнэхгүй байх, хамгийн чухал нь ямар нэг хэлбэрээр авлига өгч, авахгүй байхыг санууллаа. Бэлэг өгснөөр хүүхэд хар багаасаа хүнд тал засахыг сурч, цаашид ирээдүйн амьдралдаа бүгдийг арын хаалгаар зохицуулж болдог юм байна гэсэн сэтгэлгээтэй болох хандлагатай болдог гэнэ.

Мөн дунд сургуулиудад хийсэн судалгаагаар ахлах ангийнхны сургууль дээрх сурагчдын архидалт их байгаа нь тогтоогджээ. Хүүхдийнхээ биеэ авч яваа байдалд багш эцэг эхчүүд анхаарах хэрэгтэйг ч дурдсан. Харин БШУЯ-ны зүгээс энэ дөрвөн жилийн хугацаанд бүх сургуулийг хими, биологийн лаборатортой болгох аж.
Дүрэмт хувцасны чанарыг дээшлүүлэн улсын хэмжээнд ижилсүүлэх, хоол хүнсний хангалт, сурагчдын чадварыг дээшлүүлэх дугуйлан секц урлагийн арга хэмжээ, төрөлжсөн олимпиад зохион байгуулах зэрэгт илүү анхаарах гэнэ. Оноогдсон төсвийн хүрээнд зөв хуваарилалт хийж, зарцуулахаа сайд амласан. Тэгвэл сургуулийн захирал нар чиглэсэн ажлаа үнэн зөвөөр  аймаг, дүүргийнхээ удирдлагад ойлгуулж, санхүүжилтээ авдаг байх хэрэгтэйг анхаарууллаа. Багш нараа дэмжсэн, багш нарт эрх мэдэл өгөх чиглэл рүү чухалчлан ажиллах ёстойг хөндлөө.

Энэ жил багшийн боловсрол эзэмшин төгсч буй оюутнууд бол алт шиг үнэтэй өндөр мэдлэг боловсролтой боловсон хүчин байх учиртай. Тэднийг ажилд авахдаа “шинэ, туршлагагүй” гэж хандаж, гадуурхахгүй байхыг сануулсан. Ер нь багш нарыг шударгаар үнэлдэггүй, намын үзэл баримтлалаас үүдэлтэй элдэв янзын дарамт шахалтаас болж ажилгүй болсон залуусын өргөдөл гомдол ч нэлээдгүй байгаа аж. Мөн өнөөгийн Монгол улс хөгжихгүй байгаа шалтгаан нь боловсролын төвшин ядуу байгаатай холбоотой гэнэ.

Боловсролын шинэчлэлд компьютер, техникийн шинэчлэл хийх асуудлыг голлон ярив. Гэвч сургуулийн номын сангийн асуудал хөндөгдсөнгүй. Бодит байдал дээр сургуулийн номын сангийн орчин муу, нэг жижигхэн өрөөнд тав хүрэхгүй ширээ сандал тавьчихсан байдгаас болж тэнд орж, хичээл хийх ном уншдаг хүүхэд бараг байдаггүй. Номоо гэрээр өгч явуулахаар дээр нь юм зураад, хуудсыг нь салгаад хаячихдаг гэж нэгэн сургуулийн номын санч хэлж байсан. Ихэнх сургууль номын сангүй байдаг. Гэхдээ хурлаар номын шинэчлэлийн тухай яригдсан. Жил бүр л сурах бичиг өөрчлөгдөж байдаг. Зарим хэвлэлийн компани хувьд бол баярлах мэдээ боловч эцэг эхчүүдийн хувьд үнэхээр алдагдалтай.

Ер нь сургууль дэлхийн болон Монголын алдартай уран зохиолын ном, түүхийн, танин мэдэхүйн олон номнуудтай тохилог номын сантай байж, багш нар нь хичээлийн даалгавраар сурагчдадаа баг болгон заавал ном уншуулж байвал сурагчид ядаж л компьютер тоглоомын газар донтож, цагийг өнгөрүүлэхгүйсэн БШУ-ны сайд “Номын санд ном уншдаг сэтгэлгээ одооны хүүхдүүдэд хоцрогдсон үзэгдэл мэт санагддаг байх. Гэхдээ номын санг сурагчдад ойртуулъя гэвэл анги дотор нь номын сангийн шүүгээтэй тэндээ олон сонирхолтой номтой болвол тохирно.Үүнд мэргэжлийн багш ажилчдын санаачилга хэрэгтэй” гэсэн хариулт өгсөн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан