Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Бат-Эрдэнэ: нутгаа гэсэн сэтгэлтэй хүмүүс бүтээмж өндөртэй ажилладаг

Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-Архангай аймаг 2013 онд түүхэн 90 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн. Ойтой давхцаад багагүй бүтээн байгуулалтын ажил хийсэн нь харагдаж бай­на. Өнгөрсөн жилийн хуга­цаанд мөрийн хөтөлбөрт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлынхаа хэдэн хувийг ажил хэрэг болгож чадав?
-Аймгийн Засаг даргаар сонгогдоод 2012-2016 оны мөрийн хөтөлбөрөө бо­ловсруулан батлуулаад, түүний­хээ дагуу ажиллаж байна. Одоогийн байдлаар мө­рийн хөтөлбөрийн хэрэг­жилт 40 хувьтай, хурдтай яваа. 90 жилийн ойгоо тохиолдуулан бүтээн байгуулалтын ажлуудаа эхлүүлсэн. Ирэх онд ч үргэлжилнэ. 2013 он Архангай аймгийн хувьд онцлог байсан учраас түүхэн ойгоо зөвхөн гурван өдрөөр хэмжээгүй. 90 жилийн ойдоо бүтэн жилийн бүтээн байгуулалтыг зориуллаа.

-Томоохон бүтээн бай­гуу­лалтуудаас дурдвал?
-Бүтээн байгуулалт талаа­саа бодлогоо зөв тавиад, боломжийг нь бүрдүүлбэл барилга, объект баригдах нь их хурдан юм. Энэ жил 260 гаруй айлын орон сууц баригдаж ашиглалтад орлоо. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 260 өрх сумандаа орчин үеийн тохилог орон сууцанд орсон гэсэн үг. Мөн бид аймгийн төвдөө 3.6 км засмал зам тавилаа. Гэхдээ зөвхөн зам тавьсангүй. Бүх гэрэлтүүлэг, явган хүний зам, ногоон байгууламжтай цогцоор нь шийдэхээр зориглосон тул зарим зүйлийг нь дуусгаж амжаагүй, он дамжиж хийгдэж байна. Түүнчлэн ногоон хөгжлийг дээдэлсэн аймаг болох зорилтын хүрээнд ой модтойгоо хэрхэн харьцах уу, ногоон эдийн засгаа хэрхэн хөгжүүлэх вэ гэсэн дээр их анхаарч байна. Эхний ээлжинд Цэцэрлэг хотоо ногоон байгууламжтай, цэвэр цэмцгэр болгохоор ажиллаж байна. Гэрэлтэй хот болох зорилтынхоо хүрээнд гурван газар лед дэлгэц тавьж, хоёрыг нь зам дээр урсдаг хэлбэрээр, нэгийг нь захиргааны урд талын талбайд байрлуулсан. Аймгийнхаа “алдарт” хогийн цэгийг цэгцэллээ. Манай аймаг руу орж ирдэг цагаан хаалганы хажууд 56 га газрыг хамарсан хогийн цэг үүссэн байсан. Үүнийг нь таван га газар болгон багасгаад ландфилийн аргаар булж, үлдсэн таван га газарт хог боловсруулах үйлдвэр барьсан. Саяхан Ерөнхий сайд ирж танилцаад “Аймгууд биднээс үйлдвэр барих гэсэн юм гээд их мөнгө нэхэх юм. Танайх хямд аргаар хамгийн тохиромжтой зүйл хийсэн байна” гэж сайшаасан.

-Ландфилийн арга гэдэг нь...?
-Газар ухан нэвчилтийг нь хаан, пелёнк дэвсээд нэг үе хогоо хийгээд, нэг үе хучих гэх мэт сөөлжин булахыг хэлээд байгаа юм. Ийм аргаар 56 га газрыг таван га болгож багасгасан. Хог боловсруулах газартаа ангилж ялгадаг, шатаадаг төхөөрөмж хийчихсэн. Ерөнхий сайд бусад аймгийнханд  бидний туршлагыг уламжилна гэсэн нь их урам өгсөн. 

-Битүү захыг өөрсдийн хөрөнгөөр босгосон гэж сонслоо. Засгийн газраас аймаг бүрээс шаарддаг зүйл шүү дээ. Бусад аймгийнханд туршлагаасаа хуваалцвал?
-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан асуудал л даа. Баруун аймгууд төрийн санхүүжилтээр битүү захтай болж эхэлсэн. Манай аймгийн хувиараа хөдөлмөр эрхлэгч хоёр хүн нэг нь 800 хүний багтаамжтай, таван давхар битүү зах, нөгөө нь аймгийн хэмжээнд томоохон супермаркет барьж ашиглалтад оруулсан.

-Бүтээн байгуулалтыг дагаад ажлын байр ч нэмэгдэнэ шүү дээ...?
-Тэгэлгүй яахав. Нэгдүгээрт ажлын байр, хоёрдугаарт иргэд үйлчилгээ авахад тавтай тухтай болж байна. Мөн бид хуучин нисэх онгоцны буудлын талбайн газар дээр шинэ хороолол барихаар төлөвлөсөн. 240-өөд айлын орон сууц, усан бассейн дээрээ цэцэрлэг, сургууль барих юм. Анх удаа Монгол Улсын хэмжээнд спортын гүнзгийрүүлсэн сургалттай дунд сургууль, Хөгжимт драмын театр, онцгой байдал, хүүхэд хөгжлийн хэлтэс, худалдааны төв, эмнэлэг үйлчилгээний цогцолбор гээд шинэ хороололд байж болох бүх л зүйлийг төлөвлөн ажлаа эхэлсэн.

-Шинэ хороолол цог­цоор барина гэхээр дэд бүтцийн асуудлыг шийдэх хэрэгтэй болно. Үүнийгээ хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?
-Дэд бүтцээ тавиад дуусч байгаа. Цэвэр, бохирын шугамыг холбочихсон. Одоо цахилгаан, дулааны асуудал л байна. Ямар ч гэсэн бид ирэх онд шинэ хороололтой болно.

-Энэ их ажлыг ярих нь хийхээс өөр. Хийж хэрэгжүүлэхийн тулд хаанаас хөрөнгө гаргаж байгаа вэ?
-Засгийн газрын Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг ашигладаг. Хувийн орон сууцнуудыг хувийн хөрөнгө оруулалтаар босгож байна. Бидний зүгээс цэвэр, бохирын шугам, цахилгаан, дулаан, газрын асуудлыг нь шийдэхээр хүмүүс урам зоригтой ажлаа гүйцэтгэж байна. Шинэ хорооллын объектоос улсын төсвөөр хийгдэж байгаа зүйл бий.

-Нутаг орноо дэмжсэн, бүтээн байгуулалтад орол­цох гэсэн бизнесменүүд Архангайд хэр вэ. Танигдсан хүмүүсээс хара­хад нэг их ашиг олох гээд явдаг нь ховор юм шиг санагддаг?
-Манай аймгаас төрсөн бизнесмен олон. Нийслэл, Дархан, Эрдэнэтийн томоо­хон бизнесменүүд ч Ар­хангайгаас гаралтай байдаг. Бид 2013 онд 90 жилийн ойгоо далимдуулан бүтээн байгуулалтынхаа ажлыг санал болгож Дархан, Эрдэнэ, Улаанбаатар дахь нутгийн зөвлөлдөө танилцуулсан. “Архангай аймагт 2013 онд ийм хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалт хийгдэх гэж байна. Та нар маань гүйцэтгэгчээр болон хууль ёсны дагуу хамтран ажиллахад нээлттэй шүү. Гол нь хоцрох вий. Тэртээ, тэрэнгүй ямар нэг аж ахуйн нэгж тэр ажлыг гүйцэтгэх учраас нутгаа гэсэн сэтгэлтэй хүмүүсээр хийлгэвэл ажлын бүтээмж өндөр байна” гэсэн. Ингэснээр бүтээн байгуулалтын ажлыг голдуу Архангайгаас төрсөн хүмүүс хийсэн л дээ. 2016 он гэхэд бүх сумдаа засмал замтай болгох зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа. Дээр нь манай 19 сум, 80 гаруй баг үүрэн телефон хэрэглэдэг. Худаг усны асуудалгүй, малчид 100 хувь нарны цахилгаан үүсгэгчээр хангагдсан. Эдгээр зүйл бол Архангайгаа гэсэн сэтгэлтэй хүмүүсийн хүчээр бүтээгдсэн юм даа.

-Архангай аймаг түүх дурсгалын өлгий нутаг. Нийслэлтэй ойр учраас аялал жуулчлал хөгжих бүрэн боломжтой. Аялал жуулчлалаа идэвхижүүлж, түүнээс хөрөнгө босгох ямар арга байна вэ?
-Манай аймагт бахархах гурван зүйл бий. Эхнийх нь байгалийн онгон дагшин байдал. Тийм ч учраас аялал жуулчлалыг хөгжүүлэх том зорилго тавьсан.  Бид хэзээ ч газар доорхи баялгаа ухаж амьдрахгүй. Тиймээс ногоон хөгжлийн аймаг болохоор Байгаль орчны яамны дэмж­лэгтэйгээр ажиллаж байна. Яахав, стратегийн ач холбогдолтой цемент, нүүрс байвал ухна. Архангайд ураны асуудал сүүлийн үед их яригдаж байгаа. Азаргын голд, гурван сумын заагт байгаа учраас хэзээ ч  тийшээ халдахгүй.
Дараагийнх нь улсдаа мал сүргээрээ тэргүүн бай­ранд явдагийн хувьд жижиг үйлдвэрүүдийг дэмжих, мах, сүү, фермерийн аж ахуйг дэмжих бодлого боловс­руулсан. Гурав дахь нь Архангай аймгаас төрөн гарсан эрдэмтэн мэргэд, хүчит бөхчүүд, алдартнуудаараа дамжуулан аймгаа хөгжүүлэх. Энэ хүрээнд ШУА-тай хамтран ажилласан анхны аймаг болсон. ШУА-ийн үе, үеийн удирдлагууд манай аймгаас төрөн гарсан байдаг. Тиймдээ ч аймгаа шинжлэх ухааны үндэстэй хөгжүүлэхээр ажиллаж байна.

-Тухайлбал, ямар зүйл дээр хамтрах бол. Ямар нэг зүйл хийхээсээ өмнө судалгаа, шинжилгээ нарийн хийнэ гэсэн үг биз дээ?
-Аливаа ажлын суурийг зөв тавьж байж, ажил цааш зөв явдаг. Мэдээж, өм­нөх удирдлагууд маань ажлын төлөө явсан л байх. Гэхдээ суурь үндсийг нь зөв тавьсан уу, үгүй юү гэдэг нь тодорхойгүй. Тиймээс шинжлэх ухааны бүх салбар хүрээлэнтэй хамтран ажиллаж байна.

-Түрүүчийн Засаг дарга нар гэснээс та хэд дэх нь болж байна?
-Би ес дэх Засаг дарга.

-Архангай аймгийн хувьд дулаан хангамж тул­гамдсан асуудал. Энэ та­лаар ямар ажил хийж байна вэ?
-Архангай аймаг дулаан хангамжийн хувьд асуудалтай нь үнэн. Аймгийн төвд цахилгаан дулааны станц барихаар зураг төсөл гаргаад, бэлтгэлээ хийж эхэлсэн. Гэхдээ ямар эх үүсвэрээс цахилгаан гарах вэ гэдгээ судалж байна. Манай аймаг нүүрсгүй, холоос тээвэрлэдэг. Уг нь, халуун рашаан байгаа ч цахилгаан гаргах эсэх нь эргэлзээтэй учраас ШУА, Сибирийн ШУА, Эрхүүгийн техникийн их сургууль, Ус судлалын хүрээлэнтэй хамтран газрын гүний дулааныг судалж байна.

-Нүүрсгүй гэхээр иргэд юу түлж байна вэ?
-Түлээ. Ногоон аймаг болж байгаатай холбогдуулан нөхөрлөл байгуулан тодорхой хэмжээний газар өгчихнө. Тэгэхээр тэд ойгоосоо унасан модоо л бэлдэнэ. Түүнийг нь аймаг худалдаж авна. Ажил эхэлсэн. Нөхөрлөлийнхөн хариуцаж авсан газраасаа хадлан, жимс, самар, эмийн ургамлаа түүж авах боломж нээлттэй.

-90 настай аймаг маань яг одоо хэчнээн хүн амтай байна вэ?
-91 мянган хүн амтай. 75 хувь нь 35-аас доош насныхан.

-Тэгэхээр харьцангуй залуу юм. Хүн амын амжиргааны төвшин хэр байна. Саяхан төвшин тогтоох судалгаа хийсэн?
-Судалгааны дүнг хараахан нэгтгэж амжаагүй. Гэхдээ манайд 7700-аад малчин байгаа. Тэдний 60 хувь нь 200-гаас доош толгой малтай. Малчдыг хэдэн малтай байсан ч тодорхой ажил эрхлэн амьдарч байна гэж үздэг. Энэ зарчмаар харахад 200-аас дээш толгой малтай бол тодорхой ажил эрхэлж байна гэсэн үг. Тэгэхээр 60 хувь нь аргаа буруу сонгож. Аймагт томоохон хэмжээний үйлдвэрүүд байхгүй учраас ажлын байр хомсдолтой. Бидний барьж байгаа бодлого бол их бүтээн байгуулалтуудаа нутгийн хүмүүсээр хийлгэе, ажлын байр бий болгоё гэсэн зорилт.  Саяхан тайлангаа авахад 1700-аад хүн энэ онд ажлын байраар хангасан байна. Ард түмний амьжиргааны төвшин нэг их сайн биш. Удахгүй судалгааны хариу гарахаар тодорхой болох байх.

-Амьжиргааны төвшин сайнгүй гэхээр шилжилт хөдөлгөөн хэр байна вэ?
-Харьцангуй сүүлийн хоёр жил бол сумаас аймаг руу шилжсэн шилжилт ихэссэн. 2009 оны зуднаар Булган, Цэнхэр, Төвшрүүлэх, Хотонт, Хашаат, Өгий нуур суманд олон айл малгүй болсон. Малаа барсан айлууд нэг бол аймгийн төв эсвэл нийслэлийг зорьдог. 2006-2007 онд манай аймаг 89 мянган хүн амтай байсан. 2012 он болоход 91 мянга болж нэмэгдсэн байгаа.

-Тэгэхээр хүн амын өсөлт төрөлттэй холбоотой юу эсвэл буцаж ирээд байна уу?
-Буцаж ирж байгаатай холбоотой. Манай аймагт өөр аймгаас иргэд их шилжин суурьшиж байна. Хөвсгөл, Увс, Завхан аймгийнхан манайд ирж суурьшдаг. Гэхдээ энэ тоог нэг их нэмэхгүй л дээ.

-Үүнд, МСҮТ, Багшийн коллеж бас хүн ам нэмэх шалтгаан болж байгаа байх?
-Аймгийн хэмжээнд ху­вийн хоёр, төрийн нэг МСҮТ байдаг. Дээр нь, “Гурван тамир” гээд эдийн засаг, бизнесийн сургуульд Архангайн гурван мянга гаруй оюутан суралцаж байна.  

-Дээр цухас яриад орхи­сон аялал жуулч­лалын­хаа салбар руу эргээд ормоор байна л даа. Шинэ салбар яам байгуулагдсанаас хойш аялал жуулчлалын нэгдсэн маршруттай болох бодлого барьж байгаа. Танай аймгийн хувьд жуулчдыг татах юу байна?
-Манай аймгийн хувьд жуулчдыг татах зүйл олон. Төвхөний хийд, Тайхар чулуу, Хар, Улаан балгас, Орхоны хүрхрээ, Жаргалантын ам, Буган хөшөө, Чулуутын хавцал гээд л яриад явбал их олон зүйл бий. Дээр нь нэмээд алдартай цагаан идээ байна.

-Таны дурдсан зүйл бол байгалийн бүтээл. Тэг­вэл хүний гараар бүт­сэн, жуулчдын амар тайван байдал, ая тухтай нөхцөлийг хангасан зүйл юу вэ?
-Аялал жуулчлалын марш­­рутаа системтэй хөгжүү­лэх шаардлага манайд нэн түрүүнд хэрэгтэй. Бид ирэх онд Мэргэжлийн хяналтын газартай хамтран энэ салбар үйл ажиллагаа явуулж буй компаниудын үйлчилгээг сайжруулах зорилго тавьсан. Одоо бол Тариатын урд нэг жуулчны бааз бий. Тэр бааз хоттой ойр учраас жуулчны баазаас нэг их ялгагдахгүй үйлчилгээтэй. Маршрут, боломж бүгд бидэнд байна. Тийм болохоор бид чанартай, соёлтой үйлчилгээг л үзүүлэхийн тулд бодлого боловсруулах хэрэгтэй.

-Аймгийн төвд байрлах Булган уулыг энэ жил шүтээн болгож тахисан нь бас их хү­мүүсийн сэтгэлд  хүрсэн?
-Булган уулынхаа Зонхов болон дагалдах долоон бурхныг нь тодруулж тахисан. Манайх Зая гэгээ­нээрээ алдартай. Өмнө бол Зая гэгээний таван дүрийн занданшуулсан ша­рил хадгалагдаж байгаад шашингүйдлийн үед устгаг­даад, нэг болон дөрөв­дүгээр дүрийнх нь шарил азаар үлдсэн байсан.
Түүнийг энэ зун бурханч лам Пүрэвбатаас зөвлөгөө авч дэг жаягийнх нь дагуу алтдаж, гүдэн болгоод аймгийн ганданд залсан. Гүдэн гэдэг нь шүтээн болгох гэсэн утгатай. Цахирт ч гэсэн ийм хоёр гүдэн байгаа. Эдгээрийг хэрхэн хүмүүст үзүүлж харуулах вэ гэдэгт лам нартай ярилцаж, зөвлөгөө, тусламж авч байгаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан