Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөөрхөн эмээ


Яриад суухад нэг л сэтгэлд дулаахан, аль эрт таньдаг байсан ч юм шиг тийм эмээтэй уулзлаа. “Хүүхдүүд эмээг нь хөөрхөн гээд байдаг юм нүдэнд нь тэгж харагддаг юм уу бүү мэд” хэмээн яриа өдсөн эмээ маань өнөө жил 99 настай.
Сар шинээс өмнө энгийн нэг настан буурайтай хөөрөлдөхсөн гэж явсаар Нийслэлийн Хан-Уул дүүрэгт харьяалалтай Шагдарын Даваажав эмээтэй уулзлаа. Хүүхдүүд ирнэ гээд эмээ гоёлын дээлээ бэлдээд тавьж. Охиныхоо оёж өгсөн шинэ малгайг ч бас бэлдүүлжээ. “Зураг авах гэж байгаа бол эмээ нь дээлээ солино” хэмээн хөөрөхдөө “Бүсээ бүслэх үү” гээд л асуух.

Түүнтэй уулзаад хамгийн түрүүнд асуусан зүйл маань “Эмээ та төрсөн он сар өдрөө баттай мэддэг үү” гэдэг асуулт. 99 хүрч байгаа эмээгийн чих нь жаахан хатуурснаас өөр өтөлсөн шинж үгүй. Санаа сэтгэл нь ч тэр. “Эмээ нь могой жилтэй юмдаг. Ид хаврын улиралд гэрээ нүүж явахад нь төрсөн гэж ээж маань хэлдэг байсан” хэмээн эмээ саяхан болсон зүйлийн тухай ярьж буй мэт тухалж ирээд л ярилаа.

Эмээ Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, таван үеийн тайж угсаатай гэнэ. Түүнтэй яриа дэлгэсэн цагаас эхлэн “Эмээ нь ээжээрээ заалгаад их л юм оёдог байсан. Ээж маань их ажилсаг хүн байлаа” хэмээн ижийгээ л байн байн дурсах. Ш.Даваажав эмээ эхээс зургуулаа. “Ээж хэдэн хүүхэд гаргасан юм бүү мэд. Заримыг нь хүнд өргүүлсэн юм гэнэ билээ. Миний тоолоход л зургаа болоод байдаг юм” гэв. Харин Ш.Даваажав эмээ өөрөө арван хүүхэд төрүүлсэн алдарт ээж. Ханийнхаа тухай дурсахдаа “Хүүхдүүдийн минь аав лам болохоор ном үзэж байгаад цэргийн албанд мордсон. Халагдаж ирээд л бид хамтдаа Хүрээ бараадсан даа. Том хүүгээ 18-тайдаа төрүүлчихээд хот руу ирсэн гэхээр 21-тэй л байсан болов уу. Хүүхдүүдийн маань аав эмнэлэгт ажилладаг байсан. Ханийгаа дагаад эмээ нь ч гэсэн эмнэлэгт сувилагч хийж байлаа. Анагаахын оюутнууд нохойнд туршилт хийнэ. Хагалгаа хийгээд л. Тэр нохдыг нь би асардаг байлаа. Заримдаа туршилт хийх нохойг нь олно. Миний тусалдаг эмч чинь багш хүн байсан байхгүй юу. Нэг удаа нохой олохоор хог руу очоод л “Нааш ир, нааш ир” гээд нэг нохой дуудаадахсан чинь над руу дайраад. Азаар цаана нь хүн явж байсан тулдаа хөөж, арай ч хазуулаагүй өнгөрч байсан юмдаг. Эмээ нь олон янзын л ажил хийсэн дээ” хэмээн залуу насныхаа дурсамжаас хуваалцлаа.
Эмээ том охин Ө.Оюуныдаа амьдардаг. Түүний охин ижийтэйгээ хамт өтөлж яваа, насаараа МҮОНР-д ажилласан 70 шүргэж яваа эгч байх. Аль хэдийнэ ач зээгээ үзсэн ч ээжийнхээ нүдэнд өдгөө жаахан охин нь. Оюун эгчээр “орчуулуулаад” л эмээ бид хоёр элдвийг л хөөрөлдлөө. “Оюун эгч ээ, та ээжээрээ аавынхаа тухай яриулаач” хэмээн хүсэхэд Оюун эгч ч эмээд дамжууллаа. Эмээ “Чиний аавын тухай юу” гэнэ. Тэгснээ бодол болоод “Чиний аав чинь хэн билээ дээ” гэх нь тэр. Дээр ханийнхаа тухай өгүүлэхдээ “Хүүхдүүдийн минь аав” хэмээн яриад байсан нь ийм л учиртай байж. Ш.Даваажав эмээ 40 гаруй жилийн өмнө ханиасаа хагацжээ. “Миний хүүхдүүдийн аав Өнөр гэж хүн байлаа. Их царайлаг. Цэрэгт байхдаа санитар хийж байсан болохоор бид хотод ирэхэд хань маань эмнэлэгт ажилд орсон. Их гарын ур дүйтэй хүн байсан даа” гэлээ.

Эмээгийн өрөөнд нэг жижигхэн шүүгээ, бас нэг авдар бий. Шүүгээ нь эмээгийн орны урд байдаг. Түүндээ идэх зүйл, аяга зэргээ хийгээд дээр нь гарт ойрхон байх ёстой маанийн хүрд, эмний хайрцаг зэргээ тавьчихсан. Харин нөгөө авдар нь орных нь хөлд байх ч эмээгийн нандин бүхэн тэнд бий гэнэ. “Ээжийн энэ хоёрыг нь гаргачихаад өөр шинэ авдар авъя гэхээр зөвшөөрдөггүй юм” гэлээ. Учрыг нь эмээгээс асуухад “Хүүхдүүдийн минь аав олон жилийн өмнө энэ шүүгээг хийж өгсөн. Харин том хүү маань миний чихрээ хийдэг энэ авдрыг хийж өгсөн юм шүү дээ” гэв.

Эмээ тэгж байгаад их сахилгагүй. Оюун эгчийг гадаад явсан хойгуур өөрийнхөө бурхан, хувцас хэрэглэлээ бусад хүүхдүүддээ тараагаад өгчихдөг гэнэ. 10 хүүхэд төрүүлсэн түүнд бэлэг өгөх хүн багадахгүй. Ач, гуч олонтой эмээ маань өнөр айлын тэргүүн. “Эмээ та хүүхдүүдийнхээ хүүхдүүд, тэдний хүүхдүүдийг бүгдийг нь таних уу” гэж асуухад “Сайн танина аа. Даанч нэрийг нь л мартаад байдаг юм. Гэхдээ эмээ дээр нь баяр ёслолоор хамаатан садангийнх гээд л олон танихгүй хүүхэд ирнэ ээ” гэж ярилаа.

"Сүүлийн хэдэн жил ийм тэвнэ сонгож аваад юм оёж байгаа юм аа. Удаан хэрэглэхээр зүү хүртэл элэгддэг юм байна"

Эмээгийнх нь бага залууд  хүмүүс 80 гаруй насладаг байсан бол сүүлийн үед 110 настай хүн гээд л сонин хэвлэлээр гарах юм. Цаг ч сайхан болж дээ гэлээ. Ш.Даваажав эмээгийн ээж нь 99 насыг наслаад бурхны оронд оджээ. “Эмээ нь өнөө жил ижийнхээ насан дээр ирж байна даа. Миний дүү гээд хүүхэн бас бий. Надаас тав дүү” гэв. Эмээгийн дүү Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд амьдардаг аж. Хоёр буурай хэдэн жилийн өмнө нэгнийдээ ирж очоод байдаг байсан бол одоо замын ая даахгүй амархан ядардаг болсноос нүүр учирч чадахаа болж. Гэхдээ хүүхдүүд нь хоёр эмээг өнгөрсөн зун уулзуулсан гэнэ. Эгч дүүс хоёр талаасаа явсаар нутгийнхаа голд учран золгожээ. “Өнгөрсөн зун хүүхдүүд маань хөдөө гэр бариад дүү хүүхэнтэй маань уулзуулсан. Хамтдаа унтаад их сайхан байсан даа” хэмээн бодлогоширлоо. Эмээ дүүгээ их санадаг бололтой. Арга ч үгүй биз дээ. Нэг эхийн хэвлийгээс унасан зургаан хүнээс өдгөө хорвоо дээр хоёулхнаа үлдсэн учраас.

Эмээ өдөрт уйдах юм уу гэхэд “Үгүй ээ, эрхиэ бариад л маань уншаад суухаар уйдахгүй” гэв. Ийм өндөр насыг насласан буурай эрхи эргүүлж суухдаа юу бодох юм хэмээн сониучирхан лавлахад “Ижийгээ л их санах юм даа” хэмээн анисганд нь нулимс хурах. Эмээгийн сэтгэлийг үймүүлчихлээ гэж дотроо халагласаар арай өөр сэдвээ яриа дэлгэхээр шийдэв.

Эмээ та ижийгээ л ярих юм. Аавыгаа дурсаач гэхэд түүний нүд илт сэргэчихлээ. “Аав их ямбатай хүн байсан. Монгол архи ууна. Гэхдээ тэнээд уухгүй ээ. Их гэрсэг. Хүүхдүүдээ эрхлүүлээд л гэртээ сууж байдаг хүн байсан. Тайж гаралтай учраас их олон зарцтай. Сүүлд бодох нь ээ намайг их хайрладаг байсан юм билээ. Хөдөөний малчин айлууд чинь олон удаа нүүнэ. Тэр болгонд аав газар үзэх гээд л нэг их сүр болж явдаг байж билээ. Гэхдээ нүүх ажилд гар бие оролцохгүй. Харин ээж маань бусад ажлыг хийнэ. Ээж амьдралын их ухаантай, ажилсаг хүн байсан даа” хэмээн дахиад л ижийгээ дурсана.

 Эмээгийн залууд цаг цөвүүн байж. Тайж гаралтай бэл бэнчинтэй айлуудыг үздэггүй байсан учраас хоёр ч удаа эд хөрөнгийг нь хураажээ. “Хэдхэн мал үлдээгээд бусдыг нь хуу хамсан харгис хүмүүс над руу хараад “Даваажавын чихэн дэх алтан ээмгийг авах уу” гэж байсан юм даа” хэмээн ууртай нь аргагүй ярилаа. Эмээгийн төрсөн ах мундаг лам хүн байж. Түүний дацанг сүйтгэж, их олон бурхан залсан байсныг нь ч олон тэмээн дээр тэгнэн авч яваад нуур руу хийснийг нүдээр үзсэн учраас эмээ ийн хорсолтой байгаа гэнэ билээ. Гэхдээ ардчилсан нийгэм хүн бүрт тэгш эрх олгосон учраас эмээ одоо амар амгалан бурхнаа шүтэж, эрх эргүүлж, ижийгээ дурсаж сууна.

Биднийг ийн хөөрөлдөж байх хооронд эмээгийн өдрийн хоолоо идэх цаг болчихож. Эмээтэй хамт түүний өнгөрсөн рүү зурвасхан хөл тавьж байх хооронд шөл нь зөөгшжээ. Дэрэн дороосоо алчуур гаргаж ирээд энгэртээ зүүчихээд шөлөө уух нь цаанаа л нэг цэмцгэр. “Ээж маань их цэвэрч, хажуудаа шүүр тавьчихаад л өрөөгөө цэвэрлэж өгнө дөө” хэмээн Ө.Оюун эгч хуучиллаа.
“Манайх бусдын адил элбэг дэлбэг амьдраагүй ээ. Гэхдээ ээж маань биднийг их сайхан хүмүүжүүлсэн. Манайх их цэвэрхэн, тохилог айл байлаа. Хүн бүр өөр өөрийн аягатай. Ах дүү бид өдөр бүр ээлжилж хоолоо хийдэг байсан. Аав бас их уран хүн байсан. Модоор савх хийгээд түүнийгээ янз бүрийн өнгөөр будаад бидэнд өгчихсөн. Шинэ жил болохоор хүүхдүүддээ бэлэгний уут хийж, дээр нь зураг зураад дүүрэн бэлэгтэй өгнө. Тэр бэлгээ дэрнийхээ хажууд тавьчихаад идэх ч мөн аз жаргалтай мөч шүү. Олон хүүхэдтэй айл учраас бид идэх зүйлээ ч гэсэн тэнцүү хуваана. Өдрийн цайндаа иддэг байсан нэг зүсэм талх, хоёр ёотон ч гэсэн сайхан даа” хэмээн дурсах Ө.Оюун эгчийн ярианаас Ш.Даваажав эмээ хүүхдүүдээ хэрхэн өсгөж, ямар хүмүүжил өгснийг сонсоод бахадмаар. Хэдийгээр туслах ажил хийж явсан учраас “Алдарт эх”-ийн нэг, хоёрдугаар одонгоос өөр төр засгийн гавьяа шагналгүй ч гэлээ Ш.Даваажав эмээгийн хамгийн хүндтэй шагнал нь түүний арван хүүхэд.

Эмээ ер давстай хоол цай хэрэглэдэггүй ч хаа нэг нөгөө чихрийн авдар руугаа шумбаад орчихсон суудаг гэнэ. Түүний урт наслаж байгаа нь удмынх гэж эмээ тайлбарласан ч өглөө бүр арвайн гурил зуурч идэж, өдөр бүр дасгал хийдэг нь түүний нууц болов уу гэж ярианаас нь таамаглалаа. Гар, хөлөө хөдөлгөж, толгойгоо эргүүлээд л “Эмээ нь өдөрт ингээд л биеийн тамир хийчихдэг юм. Бие сайхан хөнгөрчихнө өө, ингэхээр” гэв.

Сар шинийн өмнө уулзсан учраас эмээтэй дэлгэх ярианы гол сэдэв нь энэ байлаа. Эмээ “Намайг залуу байхаас өөрчлөгдсөн зүйл их байна аа. Жаахан байхад чинь хүн бүрт бэлэг өгдөггүй байсан. Хүүхүүдэд л ул боов, ёотон өгнө. Айл бүр өөрсдөө ул боовоо хийхдээ таваг засах том, хүүхдийн хувинд өгөх жижиг боов хийчихдэг байсан. Энэ еэвэнг чинь хятадууд л хийдэг байсан. Одоо айл бүр л тавган дээрээ тавьдаг болж” хэмээн шүүмжиллээ.

Бага насандаа ааваараа монгол бичиг заалгаж, сүүлд шинэ үсэг сурсан учраас аль алиныг нь чөлөөтэй хэрэглэдэг гэсэн. Бас ахыгаа дагаж түвд ном оролдож байсныгаа өдгөө ч мартаагүй юм билээ. Хараа нь ч муудаагүй. “Эмээ нь өөрөө зүүгээ сүвлэж чадна” хэмээн гайхуулсаар сүвлэж үзүүлэв. “Сүүлийн хэдэн жил ийм тэвнэ сонгож аваад юм оёж байгаа юм аа. Удаан хэрэглэхээр зүү хүртэл элэгддэг юм байна” гэхэд Ө.Оюун эгч хажуунаас “Ээж маань их уран. Шинэ хувцас аваад өгөхөөр шууд л хайчлаад өөрийнхөө биед тааруулаад л гараараа оёчихно. Ямар сайндаа л орны бүтээлгээ цуулж хайчлаад буцаагаад оёчих билээ” гэхэд эмээ өөрийгөө өмөөрч “Энэ бүтээлэг орон дээр атираад байсан юм аа”  гэв.

Цагтай уралдаж явдаг хойно яриагаа өндөрлөөд гарах гэтэл эмээ нөгөө чихрийн авдраа уудлаад атга атга чихэр өгөв. “Хүү минь эмээ дээрээ дахиад ирээрэй. Эмээ нь танихгүй байж магадгүй. Тэгвэл таниулаарай” хэмээн сандран хэлээд хоёр хацар дээр үнсэв.
Ижийтэйгээ өтлөх сайхаан гэж дуу байдаг даа...
Сонсоод уйдамгүй яриатай, хүүхэд шиг, бас өхөөрдмөөр ааштай ийм л хөөрхөн эмээтэй уулзлаа. Ээж хүн бүр адилхан. Учир нь бурхан олон газар зэрэг байж чаддаггүй учраас эх хүнийг бүтээсэн гэх юм билээ. Эх хүн бүр урт насалж, үр хүүхэд бидэн ижийтэйгээ хамт өтлөхсөн дөө.

1 Сэтгэгдэл
Удаан жаргарай эмээ🤗
ИХ БУЛАГУУД ОВГИЙН ШАГДАРСҮРЭН ТАЙЖЫН УДМИЙН САНДАГЫН ДАВААДОРЖЫН ГАНТУЛГА ХҮҮ БАЙНА ТАНДАА УРТ УДААН ХАМГИЙН САЙН САЙХАН АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ 2015оны 2сарын 13
Хөөрхөн эмээ байна ййв Миний эмээ маань 101 наслаад бурхан болсон.Эмээ маань өтлөх тусмаа хөөрхөн болоод байдаг байсан даа.....
Эмээдээ урт удаан наслаж, үр хүүхдийнхээ ач буяныг хүртэж, жарган суухыг хүсье.
Удаан жаргарай эмээ🤗
Ervvl engiin hvsey
saihan buurai bnaa.eryyl enhiig hysie
сайхан эмээ байна аа та урт наслаарай танд эрүүл энхийг хүсье
сайхан буянтай буурал байна.сэтгэл санаа ч сэргэчихлээ.урт насалж удаан жаргаарай!
anhaaraltai, zov unshaarai
баярлалаа, дамжуулна
ЯАГААД ЗААВАЛ ИЙМ ЮМ БИЧИХ ЁСТОЙ ЮМ БЭ? Том охин нь 3 хүүгийн дараа төрсөн юм сан.
huurhun emee bn minii eej bas ih huurhun eejiigee sanaj bn
эмээдээ эруул энх сайн сайханыг хусье урт наслаарай
uamar huurhun emee be,bi unshaad burhan bolson eejiigee sanaad nudnees mini nulims garaad erduu togtohgui uilj bna ,ta urt nasalj udaan jargaarai eruul enh saihan buhniig husej bna emee mini tanidaa
Естой хоорхон эмээ юм нудний шилгуй зуу сувлэнэ гэдэг гайхалтай
12 жил алгасчээ
anhaaraltai, zov unshaarai
сайхан эмээ байнаа. Том охин нь дал шүргэж яьаа түүнийгээ 21 тэй гаргасан гэхээр 91 орчимтой л эмээ байна. Ерөнхийбайдал нь ч тийм харагдаж байна. Манайхан насыг замбараагүй бичих юмаа? 99 тэй хүн ийм байхгүй шүү дээ. Насаа дураараа нэмэх юм
ЯАГААД ЗААВАЛ ИЙМ ЮМ БИЧИХ ЁСТОЙ ЮМ БЭ? Том охин нь 3 хүүгийн дараа төрсөн юм сан.
mahai emee bas ene jil 99 hurch baigaa emeetei mini adilhan yumaa
Миний эмээг манай хүүхдүүд хөөрхөн эмээ гэж эрлэдэг байж билээ .Би эмээдээ нэг ийм хүрэн хамбан малгай хийж өгөхөд бурхан болтлоо өмссөн дөө Эмээгээ саначихлаа. Хөөрөхн эмээдээ урт наслаж, удаан жаргахыг ерөөе.
баярлалаа, дамжуулна
эмээгийн зөв. еэвэн бол хятадын уламжлал. монголын тогоонтөмөр хааныг бээжингээс хөөх босдогын захидалыг еэвэн дотор нууж хятадууд хоорондоо хэл авалцсан гэдэг. тэр хувьсгалыг бодож еэвэн сар гэдэг баяр хятадууд тэмдэглэдэг. гэтэл монголчууд учрыг нь мэдэхгүй хятад хувсгалыг дэмжиж, өвөг дээдсийнхээ хөөгдөж ирснийг мэдэхгүй идээ будааныхаа хамгийн дээд талд еэвэн өрдөг. уг нь буруу. иймд нэг бол еэвэн хэрэглэхээ болих, эсвэл хэвийн боовныхоо хамгийн доод талд тавих хэрэгтэй. хятадыг дарна гэсэн утгаар...
Ямар буянтай сайхан, хөөрхөн, гэрэл цацарсан эмээ байна.Таныг хараад ээж минь харагдах шиг л боллоо.Азтай, жаргалтай үрстэйгээ олон он жилийг туулаарай сайхан буурал минь
Ямар буянтай сайхан, хөөрхөн, гэрэл цацарсан эмээ байна.Таныг хараад ээж минь харагдах шиг л боллоо.Азтай, жаргалтай үрстэйгээ олон он жилийг туулаарай сайхан буурал минь
emee min sanagdlaa
би 3 ээжээ үзсэн. Эмээгийнхээ ээж дээр өөссөн миний эмээ 101 насалсан яг энэ эмээ шиг хүн байсан. Хөөрхөн эмээдээ эрүүл энх урт удаан наслахыг хүсье
хөөрхөн эмээд эрүүл энхийг хүсье эмээ нараа санаад уйлж байгаад уншлаа би 2 эмээтэй байсан их хөөрхөн хайр хүрэм хүүхэд шиг байдаг
mahai emee bas ene jil 99 hurch baigaa emeetei mini adilhan yumaa
Хамгийн их уншсан