Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Си Жиньпин найрсаг хөршийн харилцааг тодотгосон түүхэн гэрээнүүдийг баталгаажуулав


Монгол Улсын нийгэм, эдийн засаг, гадаад харилцаанд чухал ач холбогдолтой гэдгээр олон улсын анхаарлын төвд ороод буй Хятадын дарга Си Жиньпиний айлчлал манай улсад үргэлжилж байна. Бүгд найрамдах Хятад ард улсын төрийн удирдагч Си Жиньпиний айлчлалын эхний өдөр албан ёсны хэлэлцээрүүд байгуулж, салбар салбарын хамтын ажиллагааны шинэ алхмаар дүүрэн байлаа. Нийт 22 баримт бичигт гарын үсэг зурсан нь өчигдрийн онцлох үйл явдал юм.
Айлчилж буй эрхэм зочин Си Жиньпин, түүний гэргий Пөн Ли-Юань болон дагалдан яваа албаны хүмүүсийг Чингис хаан нисэх буудалд Ерөнхий сайд Н.Алтанхуяг тослоо. Харин үдээс хойш Чингисийн талбайд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэргийн хамт зочдоо хүлээж авлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийж буй зочдыг угтахад монгол үндэсний хувцастай хүүхдүүд цэцэг барьж, хүндэт харуул жагсч хүндэтгэл илэрхийллээ. Үүний дараа тэд Төрийн ордонд хүрэлцэн ирж, БНХАУ-ын дарга хүндэтгэлийн дэвтэрт гарын үсэг зурлаа.

Хоёр талын төрийн тэргүүн Улаанбаатар хотод уулзахаас өмнө тус бүртээ хэвлэлд ярилцлага, нийтлэл гаргасныг олон улсаас ажиглаж байв. БНХАУ-ын удирдагч Си Жиньпин “Хоёр тал харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлнэ” гэдгийг тодотгосон бол Монгол Улсын Ерөнхийлөгч хэвлэлд “Бид стратегийн түншлэлээ иж бүрэн байдлаар хөгжүүлэхийг хичээнэ” хэмээн онцолж байсан юм.

Иж бүрэн түншлэл болсон санамж бичгүүд

*Монгол Улсын Уул уурхайн яам, БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо хооронд нүүрсний гүн боловсруулалтыг эрчимжүүлэх салбарын хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичгийг Монгол Улсын Уул уурхайн сайд Д.Ганхуяг, БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооны дарга Сю Шаоши нар гарын үсэг зурж баталгаажуулав.
*Эрдэс байлаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын зөвлөл байгуулах тухай Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн яам, БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт ЭЗХ-ийн сайд Н.Батбаяр, БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооны дарга Ся Шаоши нар гарын үсэг зурсан байна.
*Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр, Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр, Хятадын талын тусламжаар Улаанбаатар хотод хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв байгуулах төслийг эхлүүлэх тухай Монгол, Хятадын Засгийн газар хоорондын солилцох захидал, Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааны чөлөөт бүс байгуулах тухай Монгол Улсын хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт ЭЗХ-ийн сайд Н.Батбаяр, БНХАУ-ын Худалдааны сайд Гао Хучен нар тус тус гарын үсэг зурлаа.
*“Цахим эрүүл мэнд” төслийн хэлэлцээр, “Шинэ зууны боловсрол” төсөл, Том оврын трактор худалдан авах төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээрт ЭЗХ-ийн сайд Н.Батбаяр, БНХАУ-ын Хятадын экспорт, импорт банкны ерөнхийлөгч Ли Риу Бон нар гарын үсэг зурсан.
*Монгол, Хятадын хилийн боомтын менежментийн хамтын ажиллагааны комисс байгуулах тухай баримт бичигт Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын дарга Юи Гуан Жоу нар гарын үсэг зурлаа.
*Монгол Улс Хятад улсын нутаг дэвсгэрээр далайд гарах болон буцах, дамжин өнгөрөх тээвэр хийх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт Монгол Улсын Зам, тээврийн сайд А.Гансүх, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар гарын үсэг зурав.
*Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээр, Төмөр замын хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг, “Монгол, Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр”-ийг шинэчлэн байгуулах тухай Монгол Улсын Зам, тээврийн яам, БНХАУ-ын Төмөр замын газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт Монгол Улсын Зам, тээврийн сайд А.Гансүх, БНХАУ-ын Тээврийн дэд сайд бөгөөд Төмөр замын газрын дарга Лу Дун Фу нар гарын үсэг зурлаа.
*Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, БНХАУ-ын Соёлын сайд Цай У нар хоёр улсын соёлын солилцооны хөтөлбөрт гарын үсэг зурсан.
*Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал, Хятадын Банкны хяналтын хорооны Чан Фү Ли нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
*Хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Газрын тосны газар, БНХАУ-ын Газрын тосны үндэсний корпораци хоорондын санамж бичгийг Монголын талаас ГТГ-ын дарга Г.Өлзийбүрэн, БНХАУ-ын ГТҮК-ын дэд ерөнхийлөгч Лиү Хун Бин нар батлав.
*Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн долдугаар хорооллын “Г” хэсэгт орон сууцны хорооллын төсөл хэрэгжүүлэх зээлийн хэлэлцээрт Төрийн орон сууцны корпорацын ерөнхийлөгч А.Гантулга, Хятадын Экспорт, импорт банкны ерөнхийлөгч Ли У Гу нар гарын үсэг зурав.
*162 сая ам.долларын арилжааны зээлийн тухай хэлэлцээрт Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат, БНХАУ-ын Хөгжлийн банкны ерөнхийлөгч Зен Зиже нар гарын үсэг зурав.
*Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр замыг санхүүжүүлэх тухай ерөнхий хэлэлцээрт “Гашуунсухайтын төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал Ганболд, БНХАУ-ын “Шинхуа” группийн ерөнхийлөгч Чан Юү Жуан нар гарын үсэг зурсан.


Түүхэн гэрээнд гарын үсэг зурлаа

Дээрх олон янзын хэлэлцээр, хамтран ажиллах санамж бичиг, харилцан ойлголцлыг нотлохоор үзэглэсэн баримт бичгүүдийн дотор анхаарал татах хэд хэдэн зүйл бий. Мэдээж хэрэг Гадаад харилцааны сайд Л.Болд хамтран ажиллах хэд хэдэн чухал хэлэлцээрт гарын үсэг зурсан. Үүний араас онцлууштай баримт бичгүүд нь эртнээс анхаарал хандуулж ирсэн тээврийн транзит сүлжээ, зам харилцааны асуудал. Зам, тээврийн сайд А.Гансүх БНХАУ-ын Тээврийн орлогч сайд бөгөөд улсын төмөр замын агентлагийн дарга Лу Дунфу нар дөрвөн хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Сайд нар Монгол Улс, БНХАУ-ын нутаг дэвсгэрээр далайд гарах болон буцах, дамжин өнгөрөх тээвэр хийх тухай, Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээрийг шинэчлэн байгуулах тухай, төмөр замын тээврийн хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай, төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааны тухай санамж бичгүүдийг баталгаажуулсан. Монгол Улс мөнхийн хоёр хөрштэй. Гуравдагч зах зээлд бүтээгдэхүүн экспортлохын тулд урд болон хойд хөршөөрөө дамжуулах нь гарцаагүй. Мөн далайд гарцгүй манай орны хувьд дамжин өнгөрөх тээврийн асуудал олон жилийн өмнөөс ярьсан, стратегийн чухал сэдэв байсан. Үүнийг эцэслэн шийдвэрлэх түүхэн гэрээг сайд А.Гансүх үзэглэв. Хэлэлцээрийн үр дүнд БНХАУ-ын найман боомтыг ашиглах эрх авч байгаа. Энэ нь эдийн засгийн хувьд урьд өмнө байгаагүй том амжилт. Монгол Улсын нийгэм, эдийн засагт томоохон хөрөнгө оруулалт болж буйг эрх баригчид онцолж байна.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва БНХАУ-ын Хөгжлийн банкны ерөнхийлөгч  Зин Зи Жег хүлээн авч уулзжээ. Тэрээр Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн даргаар ажилладаг. Тэрээр Монгол Улс Хятадын Тянь-Жин  боомтод арван га газартай болсон. Энэ боомтын бүтээн байгуулалтад дэмжлэг үзүүлэхийг Шадар сайд Д.Тэрбишдагва хүслээ. БНХАУ-ын Хөгжлийн банк нь улсдаа хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ хамгийн томд тооцогддог. 350 тэрбум долларын хөрөнгөтэй дэлхийн 115 улстай хамтран  ажилладаг байгууллага аж. Тус банкныхан ч цаашид Монголын хөгжлийн банктай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа хэлсэн.
Үргэлжилсэн олон үйл явдлын дундаас тодотгон авч үзэх өөр нэг зүйл нь хоёр улс хоорондын ялтан шилжүүлэх тухай гэрээ юм. “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, БНХАУ-ын гэрээ”-ний батламж жуух бичиг солилцох протоколыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ванг И нар баталсан. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын иргэдээс 21 оронд хорих ял эдэлж буй гэнэ. Тэдний дотор хамгийн олон хүн хоригдож байгаа нь БНХАУ. Тодруулбал, тус улсын засаг захиргааны онцгой бүс Хонгконгд 16 иргэн, Макаод нэг хүн байгаа бол БНХАУ-ын үндсэн бүс нутагт 41 хүн ял эдэлж суугаа аж. Тэдгээрээс 36 нь гэхэд хар тамхины хэрэгт холбогдож, ял шийтгүүлжээ.
Монголын талаас 14 иргэнийг эх оронд нь шилжүүлэх хүсэлт гаргаад байсан гэнэ. Урьд нь дөрвөн хүнийг Хятадын талаас шилжүүлэн авсан байна. Хэдийгээр ялтан солилцох протокол 30 хоногийн дараа буюу ирэх сарын өдийд хэрэгжих боловч цаазын ялтнуудад уг тохиролцоо хамаарахгүй гэдгийг ноён Ван И хэллээ.


Ц.Элбэгдорж: Бид сайн хөршийн харилцаагаа улам бэхжүүлэх ёстой

Эрхэм ноён БНХАУ-ын дарга Си Жиньпин, зочид, хэвлэлийн төлөөлөгчид өө. Энэ айлчлал Монгол Улс, БНХАУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хүрсэн түвшинг баталгаажуулж, улам өргөжүүлсэн, хэтийн төлвийг тодорхойлсон түүхэн айлчлал гэж хоёр тал санал нэгдлээ. Айлчлалын үеэр БНХАУ-ын дарга Си Жиньпин бид хоёр ганцаарчилсан уулзалт болон албан ёсны өргөтгөсөн хэлэлцээр хийлээ. Хамгийн гол нь Монгол Улс, БНХАУ-ын хоорондын харилцааг стратеги, түншлэлийн иж бүрэн харилцаа гэж үзээд цаашид хөгжүүлэх тунхаглалд сая гарын үсэг зурсан. Би уг тунхаглалын үндсэн зарчмуудыг энд онцгойлон дурдахыг хүсч байна. үүнд, талууд бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх, харилцан үл довтлох, хүч үл хэрэглэх буюу хүчээр сүрдүүлэхгүй байх, дотоод хэрэгт үл оролцох, эрх тэгш харилцан ашигтай байх, энх тайвнаар зэрэгцэн орших тус тусын сонгосон хөгжлийн замыг харилцан хүндэтгэх гэж тодорхойллоо. Нэмж талууд нөгөөгийнхөө бүрэн эрх, аюулгүй байдалд хохирол учруулах аливаа үйл ажиллагаа явуулахгүй, аливаа гэрээ хэлцэл байгуулахгүй, аливаа бүлэг эвсэлд нэгдэхгүй, тийм үйл ажиллагааг аль нэг улс оронд зөвшөөрөхгүй байхыг онцлон тэмдэглэлээ. Өнөөдрийн энэ хамтарсан тунхаглал бол манай хоёр орны харилцааны суурийг тодорхойлж, цаашид харилцаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзлийг батал­гаа­жуулсан, нээлттэй, харил­цан зөвшилцөж шийдвэрлэх өргөн боломж нээж бай­гаа. Бид сайн хөршийн харил­цаагаа улам бэхжүүлэх ёстой.

Монгол Улсад үйлдвэр­лэсэн бараа бүтээгдэхүүнийг БНХАУ-ын зах зээлд нэн таа­ламжтай нөхцөлөөр ний­лүүлэх, ялангуяа хөдөө аж ахуйн гаралтай, Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээг­дэхүүнийг татваргүй, хэмжээ харгалзахгүй нийлүүлэх нөхцөл бүрдүүлж ажиллах шаардлагатай байгаа талаар би БНХАУ-ын төрийн тэргүүнд санал тавьж ажиллалаа. Мөн уул уурхайн бүтээгдэхүүнд гүнзгий боловсруулалт хийх, экспортлох, дэд бүтцийн салбар, ялангуяа төмөр замын салбарыг хөгжүүлэх,  дамжин өнгөрөх ачаа барааг нэмэгдүүлэх чиглэлд тулгамдаж байгаа асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэхэд тодорхой ахиц дэвшил гаргах талаар тохиролцлоо. Хоёр тал эрчим хүчний экспорт, импортын ерөнхий хэлэлцээр байгуулах талаар санал солилцож, 2014 онд багтааж тохиролцоонд хүрэх талаар санал нэгдлээ. Азиас Европ руу Монголын нутаг дэвсгэрээр дамжин тээвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүний хэмжээг жил бүр өсгөх замаар 2020 он гэхэд 100 сая тонн хүргэх талаар ярилцлаа.


Си Жиньпин: 2020 онд хоёр талын худалдааг 10 тэрбум ам.доллар хүргэе

Эрхэмсэг ноён, Монгол Улсын Ерөнхийлөгч Элбэг­дорж, сайд нар, сэтгүүлчид ээ. Та бүгд сайн байна уу. Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосон 65 жилийн туршид найрамдал бол хамтын ажиллагааны гол урсгал байлаа. Ялангуяа 1994 онд хоёр тал Хятад, Монголын харилцаа хам­тын ажиллагааны гэрээг шинэчилсэний дараагийн 20 жилийн турш хоёр тал нөгөөгийнхөө сонгосон харилцаа болон хөгжлийн замыг чин сэтгэлээсээ хүндэтгэж ирсэн. Нөгөө талын хөгжил нь өөрийн талын хөгжлийн чухал завшаан гэж чин сэтгэлээр үзэж байна. Ийнхүү хоёр орны харилцаа тасрахгүй шинэ түвшинд хүрчээ. Хятадын ард түмэн Монголын ард түмэнд хамтрал найрамдлыг илэрхийлэхийн тулд би Хятадын Засгийн газрыг төлөөлж хамтын ажиллагааны хэд хэдэн төсөл зарласан. Үүний дотор эдийн засаг, техникийн тусламж болон боловсон хүчин бүтээн байгуулалтын талаарх үндсэн зүйл байдаг.

Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэ­лийн харилцааг баттай хэрэгжүүлэхийн тулд ноён Ерөнхийлөгчтэй дараах то­хи­ролцоонд хүрсэн. Нэг­дүгээрт, улс төр, аюулгүй байдлын хамтын ажиллагаа хөгжүүлэхэд хоёр талын удирдагч нар цаашид стратегийн хэлхээ холбоо өргөжүүлнэ. Энэ жилийн арваннэгдүгээр сард “ОПЕК”-ын дээд хэмжээний уулзалтын үеэр болох дэд бүтцийн төслийн харилцаа хөгжүүлэх гэсэн сэдэвтэй хэлэлцээнд ноён Ерөнхийлөгчийг урьж байна. Мөн тааламжтай үедээ Хятад улсад дахин айлчлахыг урья. Хоёр тал нэгэнт Хятад, Монголын хууль тогтоох байгууллагын тогтмол солилцооны меха­низм болон талуудын гадаад хэргийн яамдын дунд яриа хэлэлцээрийн механизм бай­гуулахаар тохирсон. Хоёр­дугаарт, худалдаа эдийн засгийн бодит хамтын ажиллагааг иж бүрнээр хөгжүүлнэ. Монголын тал урт хугацаанд анхаарч буй далайн боомт, транзит тээврийн асуудал зөв зохистой шийдэл өрнүүлж чаджээ. Цаашид талуудын Засгийн газар Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтарсан комисс, Дэд бүтэц, уул уурхайн хамтын ажиллагааны зөвлөл гэх зэрэг механизмаа сайн ашиглаж 2020 он гэхэд хоёр талын худалдааны хэмжээг 10 тэрбум ам.доллар хүргэх зорилт тавьж байна. Хоёр тал мөнгөн тэмдэгтийн свопын хэмжээ 15 тэрбум юань болж нэмнэ. Цаашид уул уурхай, дэд бүтэц зэрэг том төслүүд нь хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл байх болно.
Ирэх таван жилийн турш Хятадын талаас Монголд Засгийн газрын тэтгэлгээр суралцах мянган хүний квот олгоно.Мөн 500 цэргийн албан хаагчийг сургана. Үүнээс гадна 500 монгол залуу, 250 сэтгүүлчийг Хятадад айлчлахыг урьж байна. Мөн Монголын талд Хятадын кино, телевизийн шилдэг 25 нэвтрүүлгийн зохиол төлбөргүй өгөх болно. Найрсаг харилцаа, солилцооны чиглэл сайн хөгжүүлж, халдварт өвчинтэй тэмцэх, цөлжилттэй тэмцэхэд хамтын ажиллагааг эрчимжүүлнэ.

МОНГОЛБАНК, ХЯТАДЫН АРДЫН БАНК ҮНДЭСНИЙ МӨНГӨН ТЭМДЭГТ СОЛИЛЦОХ СВОП ХЭЛЦЛИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЛЭЭ

2014 оны наймдугаар сарын 21-ний өдөр Монгол­банк­ны Ерөнхийлөгч Н.Зол­жаргал, Хятадын Ардын банк­ны Ерөнхийлөгч Жоу Шиао­чуан нар Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн хэмжээг 10 тэрбум юаниас 15 тэрбум юань болгож нэмэгдүүлэх шинэ гэрээнд гарын үсэг зурлаа. Своп хэлцлийн гэрээг шинэчлэн байгуулснаар 2011 оны тавдугаар сарын 06-ны өдөр байгуулж, 2014 оны тавдугаар сарын 14-ний өдөр сунгасан 10 тэрбум юанийн дүнтэй “Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээ” хүчингүй болсон бөгөөд шинэ гэрээ гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ.
2011 онд своп хэлцлийн гэрээг анх байгуулж байсан цагаас хойш Монголбанк, Хятадын Ардын банкны харилцаа бүх талаар өргөн хүрээтэй хөгжиж байгаа бөгөөд 2 талын ихээхэн хүчин чармайлтын үр дүнд своп хэлцлийн хэмжээг ийнхүү нэмэгдүүлж, төв банкуудын хоорондох хамтын ажиллагааг хөгжлийн шинэ шатанд авчирлаа.

Своп хэлцлийн хэмжээг нэмэгдүүлэх нь гадаад ва­лютын дотоодын захад тогтвортой байдлыг хангах үүд­нээс шаардлагатай тохиол­долд гадаад валютын зах дээр төлбөр түргэн гүйцэтгэх чадварт дэмжлэг үзүүлэх, мөн хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх зорилготой.
БНХАУ нь Монгол Улсын худалдааны гол түнш орон бөгөөд БНХАУ-ын юань нь Монгол Улс болон БНХАУ хоорондын хил худалдааны төлбөр тооцоонд идэвхтэй арилжаалагддаг 2 дахь валют юм.
Дашрамд дурдахад, Дэлхийн банк хоорондын санхүүгийн цахилгаан хол­бооны (SWIFT) нийгэмлэ­гийн судалгаагаар БНХАУ-ын юань нь энэ оны 6 дугаар сарын байдлаар дэлхийн идэвхтэй арилжаалагддаг валютуудын 7 дугаарт эрэмбэлэгдсэн бөгөөд 2013 онд худалдааны санхүүжилтэд ашиглагддаг 2 дахь идэвхтэй валютаар шалгарсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан