Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хагас зууныг үдсэн ”Баянгол” зочид буудал


Хагас зууныг элээсэн “Баянгол” тун удахгүй баяраа тэмдэглэхээр бэлтгэж байна. Яг л тэмдэглэлт баярын өмнө зочин гийчнээ хүлээн гэрээ цэвэрлэж, ширээгээ засан байн байн эргэлдэх гэрийн эзэгтэй шиг. Нэг тэрбум 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар В корпусын 1-9 дүгээр давхрын өрөөнүүдэд засвар хийж, тавилгуудыг нь бүрэн шинэчилжээ. Дэлхийн жишигт нийцсэн ая тухыг бий болгосон орчин үеийн шийдэл нь тус буудлыг улам чиг чимж.
Сая илүү хүн амтай орчин үеийн метрополис хотын нэгэн нүүр царай болох Баянгол зочид буудлын тавин жилийн ой энэ жил тохиож байна. Нийслэлийн төвд сүндэрлэх хоёр 12 давхар барилга хэдхэн жилийн өмнө л алс холоос ч сүртэйгээр дүнхийж харагддаг байсан бол одоо өндөр барилгуудын дундаас өнгө зүсээ гялалзуулах болж. 1964 онд анх Удирдлагын академийн оюутнуудын дотуур байрны зориулалтаар баригдсан эл барилгад “Palace hotel” нэртэйгээр нээсэн зочид буудлыг Засгийн газрын өмч хувьчлалаар 1991 онд “Баянгол зочид буудал” ХК болгон хувийн хэвшлийн аж ахуй болон өөрчилсөн юм. Ийнхүү анхны хувьчлагдсан зочид буудал болсон “Баянгол” хагас зууны хугацаанд дөрвөн одын зэрэглэлтэй болж, голцуу бизнес ангилалын зочид төлөөлөгчид, жуулчдыг хүлээн авч үйлчилж байна. Хүчин чадлын хувьд 215 өрөөнд 400 гаруй зочдыг нэг дор хүлээн авах чадалтай  Улаанбаатар хотын хамгийн олон өрөөтэй зочид буудал билээ.

Хүндэт зочид бол аль ч буудлын бахархал

Буусан зочдоор нь тухайн буудлын нэр хүндийг дүгнэж болно. Аялал жуулчлалын улиралд нэг удаадаа л гэхэд 400 хүн хүлээн авдаг зочид буудалд буусан олны хэнийг нь хэн гэх аргагүй ч олны танил цөөнгүй эрхэм Монголын нэг хэсгийг тус зочид буудлын үйлчилгээ, орчин нөхцөлөөр дүгнэсээр бас дурсамждаа хадгалсаар нутагтаа харьсан. Тэдний нэг бол БНХАУ-ын алдарт жүжигчин, Холливудын од Жэки Чан. Тэрээр Монголд өнгөрүүлсэн цөөн хоногоо тус буудалд байрлаж байсан юм. Мөн Австрийн гүнж, хунтайж нарынхаа хамтаар Монголд ирэхдээ Баянголд буусан. Тэдднээс гадна Баянголоор үйлчлүүлсэн олон алдартныг энд бүгдийг нь дурдах аргагүй. Тэд бүгд л сайхан сэтгэгдэл тээн явснаа гэрчлэн зочид буудлын үйлчилгээнд талархсан сэтгэгдлээ бичиж үлдээсэн байдаг.

Энэ л зочид буудлаас амьдралаа эхлүүлсэн хос ч хагас зууны түүхэнд бий гэнэ. Хоёр өөр улсын иргэн Монголд хийсэн аялалынхаа үеэр Баянгол зочид буудалд зэрэг буугаад, амрах явцдаа танилцаж дотносоод амьдралаа эхлүүлсэн түүх ч байдаг аж. 1979 онд тус буудалд залуухан хос байхдаа ирж байсан гадаад гэр бүл өнгөрсөн дурсамждаа хөтлөгдөн өнгөрсөн жил дахин зочилжээ. Тэд зочид буудлын өмнө авахуулсан зургаараа гэрч хийн, цаг хугацаагаар аялахаар ирсэн нь бас л хагас зууны хөдөлмөр, зүтгэлийг гэрчилнэ.

Түүх дундах түүх

“Баянгол” зочид буудал хагас зууны түүхээсээ хуваал­цахаар үзэсгэлэн гаргажээ. Үзэсгэлэнгээс хамгийн сонир­хол татсан зүйл бол хамгийн анхны өрөөний түлхүүр. Бараг 200 граммын жин татахаар тугалган оосор бүхий энэ жижигхэн түлхүүр тавин настай эд. Өнгөрсөн хугацаанд цаг үеэ дагаад буудлын эд зүйлс, дүр төрх өөрчлөгдсөн ч үйлчлүүлэгчдийн зан төрх л харин өөрчлөгдөөгүй үлдэж. Энэ нь хүний гадна байдлыг хэлж байгаа хэрэг огт биш. Харин үйлчлүүлчихээд өрөөний түлхүүрээ мартаж авч явах үзэгдэл өнгөрсөн хугацаанд огт арилаагүй гэдгийг буудлынхан хэлж байлаа. Тийм ч учраас хамгийн анхны өрөөний түлхүүр ийм хүнд жин татах оосортой байсан хэрэг.

Гэхдээ одоо бол ухаалаг системд шилжсэн учраас халаасандаа байгааг үргэлж сануулах гэсэн хүнд жинтэй түлхүүрийн оронд хаанаа ч хийж болохоор карттай болчихсон. Энэ бол ахиц, дэвшил.
Баянгол зочид буудлын орчмыг тавин жилийн өмнө Лениний өргөн чөлөө гэж нэрлэдэг байжээ. Үүнийг буудлын анхны захидлын цаас болон танилцуулгаас харлаа. Баянгол зочид буудлын түүх Улаанбаатарын түүхийн нэгэн хэсэг ажээ.

Дурсамж сэргээх амт

Баянгол зочид буудал нэг удаа 400 хүн хүлээн авах хүчин чадалтай бол нэг удаа 500 хүн хүлээн авах багтаамжтай Баянгол зоогийн газар мөн ажиллаж байна. Зочид буудлын хэмжээнд буй дээд зэрэглэлийн таван рестораны нэг нь л энэ. Монголчууд төдийгүй тус буудалд бууж заншсан үйлчлүүлэгчдэдээ хагас зууны турш нэгэн амтыг мэдрүүлж байгаа нь Баянголын нэрийн хууцай. Үе үеийн ажилчид нь тусгай жороо уламжлан нэг л амтаар хууцайгаа тавин жилийн турш хийж байна.

Монголд дэлхийн хаанаас ч жуулчин ирнэ. Тийм учраас бид хэний ч ая тухад тааруулсан үйлчилгээг үзүүлэх ёстой. Тийм ч учраас Ази, Европ хоолыг санал болгох Баянгол ресторан байгаа бол зөвхөн Монгол хоолыг санал болгох “Монголын нэг өдөр” ресторан мөн Ази, Сингапур хоолоор үйлчлэх “Касабланка”,Вьетнам үндэсний хоолоор зочдоо дайлах “Bellagio” зоогийн газар ч үйл ажиллагаагаа явуулж байна. Хэрэв зочин ая тухтай газар амтат дарс шимж суухаар бол дээд зэрэглэлийн вино санал болгох “Wine House” кафе ч бий. Олон сонголтыг үйлчлүүлэгчдэд бий болгосноор ая тухаас гадна сэтгэл ханамжийг бий болгож буй юм.

Би үргэлж зочин байсан

“Баянгол” зочид буудлыг олон жилийн өмнөөс мэдэх нэгэнтэй таарлаа. Тэрээр  Монголын зочид буудлуудын холбооны гүйцэтгэх захирал Н.Батцэнгэл юм.
Тэрээр өнгөрсөн буудлын үйлчилгээнд гарсан ахиц дэвшлийн талаар “Хүмүүс анзаарахдаа гадаад имижийг түрүүлж хардаг. Би бол энэ байгууллагад мөнхийн зочин байдаг. 1996 оноос эхлэн үйлчилгээний ажилтнуудыг ажлын байран дээр нь бэлтгэж эхэлсэн. Тэр үеэс эхлээд хаалгачаас нь эхлээд менежертэй нь хүртэл ажиллаж байлаа. 1996 оноос хойш нэг зүйлийг ажигласан нь энэ буудалд ажилд орсон хүн тогтвор суурьшилтай байж чаддаг.

Монголын хамгийн их хүчин чадалтай буудлын хувьд маш их ачаалалтай ажилладаг. Тиймээс ажилч­дынхаа ажиллах бололцоог бий болгох, тэднийг татах олон ажлыг хийдэг. Тухайлбал ажлын байран дээрээ мэргэшлээ ахиулах боломжийг олгох ч юм уу. Өнөөдөр буудалтай танилцахад хичнээн тавин жилийн ойгоо үзэж байгаа ч орчин үетэй хөл зэрэгцэж алхаж чадаж байна” хэмээн дүгнэсэн юм.




0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан