Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

М.Батбаатар: Барилгын салбарт хууль эрхзүйн орчин хангалттай бүрдсэн


-Барилгын төсөвт өртгийн 13.6 хувийг хөдөлмөр хамгаалалд зарцуулах ёстой-

Барилгын ослоор олон хүний амь эрсдэж байна. Эдгээр осолтой хамгийн ихээр холбогдож байгаа барилгын компани бол “Зуншин”. Тэдний зүгээс саяхан зарим хэвлэлээр дамжуулан тайлбар хүргэсэн. Тус компанийн ерөнхий менежер Д.Ганбаатар барилгын ослоор амиа алдаж байгаа иргэд нь Монгол Улсын Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн учраас тэдний өөрсдийнх буруу хэмээн тайлбарласан. Тухайлбал, Монгол Улсын иргэн гэр бүлийнхнийхээ өмнө амьд явах үүрэг хүлээсэн байдаг, түүнийг зөрчсөн хэрэг боллоо хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдаад барилгын салбарт эрх зүйн орчин ч хангалтгүй байгаа гэжээ.  Тиймээс Барилгачдын холбооны дарга М.Батбаатартай уулзаж, барилга дээр гарсан ослыг хэн ямар үндэслэлээр хариуцах ёстой талаар ярилцлаа.

-Барилгын салбарт сүүлийн үед ар араасаа дараалан гарч байгаа осол нийгмийг цочирдуулж байна. Гэтэл зарим ажил олгогчид, барилгын компаниуд эрх зүйн орчин байхгүй гэдэг нэрийдлээр хариуцлагыг бусдад үүрүүлэх гэж оролдож байна.  Танай салбарт эрх зүйн орчин яг өнөөгийн нөхцөлд ямар байна вэ?
-Барилгын салбарын хөдөлмөр хамгаалал, аюул­гүй ажиллагааны асуудлыг хамгийн түрүүнд анхаарах ёстой. Энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хэнбугай ч энэ асуудлыг хариуцаж, анхаарч явах ёстой. Сүүлийн үед ойр ойрхон хөдөлмөр хамгаалалтай холбоотой осол гарлаа. Үнэхээр харамсалтай. Үүнийг задалж үзэхдээ хэд хэдэн талаас нь хармаар байгаа юм. Тухайлбал, 2008 онд жилдээ 128 удаа осол аваар гарсан байдаг. Тэрний 28 нь хүний амь нас эрсэдсэн.
Эндээ дүгнэлт хийгээд 2009 онд барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагууд, Монголын барилгачдын холбоо, төрийн захиргааны байгууллага болох Барилга хот байгуу­лалтын яам хамтраад хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны үндэсний зөвлөлгөөнийг хоёр ч удаа хуралдууллаа. Нийслэл хотод аюулгүй ажиллагааны сургалтуудыг маш олон удаа явуулсны хүчинд нийслэлийн удирдлагууд хүртэл энэ асуудлыг олж харсан. Барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах асуудлыг зохицуулах журмыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 75 дугаар тогтоолоор гаргасан. Хоёрдугаарт, Монголын барилгачдын холбоо, Мон­го­лын ажил олгогч эз­дийн холбоо, Монголын барилгачдын үйлдвэрчний эвлэл, Стандарт хэмжилзүйн үндэсний төв хамтраад Барилгын салбарын олон улсын Хөдөлмөр хамгаалал аюул­гүй ажиллагааны стан­дарт OHSAS-18001 гээд стандартыг MNS буюу монголын үндэсний стандарт болгоод 2012 оноос эхлээд хэрэгжүүлж эхэлсэн. Тэгэхээр ямар ч байсан барилгын салбарт Хөдөлмөрийн аюул­гүй байдлыг хангаж ажиллах эрх зүйн орчин бүрдсэн гэж үзэж байна. Үүний үр дүнд энэ жил хөдөлмөр хамгаалалтай хамаатай осол 20 гаруй гарсны таваас доошгүй нь хүний амь настай холбоотой байна. Хэдийгээр харамсалтай ч гэсэн өмнө нь гарч байснаас багассан. 128 осол тав дахин багассан байна. Нөгөө талаар хууль эрх зүйн орчин үйлчилж байгаагийн шинж.

-Барилгын салбарын олон улсын Хөдөлмөр хам­гаалал аюулгүй ажиллагааны стандарт OHSAS-18001 гээд стандартыг монголчилсон гээд ярьж байна. Энэ стандартад нь барилгын орчинд хэн нь юуг хариуцах талаар тодорхой заасан гэж ойлгож болох уу?
-Болно. Одоо удахгүй OHSAS-18002 стандартыг монгол хэл дээр орчуулаад, үндэснийх болгоод Стандартчилал хэмжилзүйн төвийн хурлаар оруулж, батлуулах гэж байна. Энэ стандарт гарснаар юу өөрчлөгдөх вэ гэхээр ер нь хөдөлмөр хамгаалал гэж зүйлийг ямар ямар түвшинд хэн хариуцах вэ гэдэг нь тодорхой болно. Тухайлбал, Барилгын яам, Нийслэл төрийн бус байгууллага, захиалагч, хөрөнгө оруулагч, ерөнхий гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч, ажилчин гээд тухай бүрдээ ямар асуудал хариуцахыг нь тодорхой болгох гэж байгаа. Барилга дээр гарсан осол гэмтэл явж, явж эцэстээ ажилчны буруу болоод дуусдаг. Хэрэв дээр дурдсан хууль дүрэмд заасан бүх зүйлийг аль ч шатандаа биелүүлчихээд байхад ажилчин хүн өөрөө хариуцлага алдсан бол мэдээж ажилчны буруу. Гэтэл энэ бүгдийг нарийн баримтлаагүй мөртлөө ажилчин руу хамаг буруугаа чихээд байна уу гэдгийг хууль хяналтын байгууллага тогтооно. Ажилчиндаа ямар ч зүйл дээрээс нь унасан толгойг нь хамгаалах тэсвэртэй малгай, ямар ч өндрөөс доошоо унахад тээглээд хоцрох хамгаалалтын бүс аваад өгчихсөн байхад ажилчин осолд орчихвол өөрийнх нь буруу. Гэтэл ажилчин хүний ажиллах орчны аюулгүй байдлыг дутуу хангасан бол хэн хариуцах юм гээд тодорхой заасан эрх зүйн орчин бүрдчихээр бие биенээсээ хариуцлага нэхээд эхэлж байгаа юм. Ажилчин хүн амь насаа алдсан бол үнэхээр харамсалтай. Харин осолд ороод тахир дутуу болчихсон бол бодно доо. Би юунаас болж осолдов гээд. Манай инженер надад хамгаалалтын бүс авч өгөөгүйгээс болсон байна гэж үзвэл нөхөн төлбөрөө авч болно. Энэ мэтчилэн уялдаатай болж байгаа юм. Бие биеэсээ хариуцлага нэхэж байгаа нь дэвшил.

-Хэрэв ажил олгогчийн талаас буруутай байгаад тухайн хүн осолдсон байлаа гэж бодвол түүнийг шалгахдаа ямар эрх зүйн заалтуудыг үндэслэх вэ?
-Ингээд хүн бүр өөрийн хүлээсэн үүргээ ухамсарлаад би яах ёстой билээ гэдгээ мэдчихээр зардал мөнгө ярих ёстой. Өнөөдрийн байдлаар баригдаж байгаа барилгын нийт төсөвт өртгийн 13.6 хувийг нь хөдөлмөр хамгаа­лалд зарцуулна гэж заасан байдаг. Тэгэхээр 16 давхар барилгын нийт төсөвт өртгийн 13.6 хувь нь болж таарна аа даа. Тэр мөнгийг зарцуулах ёстой зүйлд нь зарцуулж байна уу гэдэг яригдана. Хоёр тэрбум төгрөгийн барилга угсралтын ажил хийх гэж байгаа бол 200 гаруй сая төгрөгийг ажилчдын аюул­гүй ажиллагаанд зарцуу­­лах нь байна. Одоо шүүх хянал­тын байгууллага хамгийн нэг­дүгээрт тэр 200 гаруй сая төгрөгийг гаргасан эсэ­хийг шалгана. Ерөнхий гүйцэтгэгчид захиалагч өгсөн үү, ерөнхий гүйцэтгэгч туслан гүйцэтгэгчдээ тэр мөнгөнөөс 60 хувийг нь өгсөн үү, тэр өг­сөн мөнгийг хөдөлмөр хам­­­гааллын инженер юу юунд зарцуулсан бэ гэд­гийг шалгана. Хөдөлмөр хамгаал­лын инженер өдөр бүр барилгаа тойрч үзээд хаана ямар юм хийх ёстой вэ гэдгийг тогтоож, өгсөн мөнгөөр юу хийснээ баримттай үлдээх юм. Дээр эрх зүйн орчин бүрдсэн гэж хэлсэн. Тэрний нэг хэсэг нь хүний амь нас хамгаалахын тулд зарцуулах ёстой мөнгөө идчихсэн үү, өөр зүйлд зарцуулсан уу гээд шалгаж болохоор болсон. Сэтгүүлчид ч гэсэн барилгын осолд энэ өнцгөөс л хандах хэ­рэгтэй. Тэр хөөрхий охин өндрөөс уначихлаа. Тэр муудсан хамгаалалтын бү­сийг хэн шалгах байсан юм. Гурван залуу шаттайгаа унаад амиа алдлаа. Тэр троссыг нь хэн солих байсан юм гээд зад­лаад хариуцлага тооцох ёстой.

-Сүүлийн үед тус­лан гүйцэтгэгч гэж гарс­наас хойш хөдөлмөр хамгааллын тухай ярихад хүнд болоод байх шиг байна. Аливаа зүйл нарийн жижиг бүтэцтэй болох тусмаа хянахад бэрх...?
-75 дугаар тогтоол дээр туслан гүйцэтгэгчийн хүлээх чиг үүргийг тодорхой заасан байгаа. Ер нь бүх л шатандаа хүлээх үүргийг нь заасан учраас энэ журмаараа ажлаа явуулбал ямар ч осол гэмтэл гарах үндэслэлгүй. Туслан гүйцэтгэгч байж болно. Хамаагүй нэг тоосгыг нэг хүн өрөг л дээ. Тэр хүн бүртэй гэрээ хийх ёстой. Ингэхдээ би чамайг аюулгүй ажиллуулахын тулд хашлага бэлдэж өгнө. Тэр хашлага дээрээс тонгойж байгаад уначихвал чи өөрөө хариуцлага хүлээнэ. Урьд өдөр нь том нүх харсан бол маргааш тэрийгээ таглахыг чи шаардах эрхтэй. Түүнийг хөдөлмөр хамгааллын инженер таглах л үүрэгтэй. Эцэст нь хэлэхэд, ажилчин хүн өөрөө маш ухаалаг байх ёстой. Өнөөдөр яагаад хятад ажилчид барилгын ослоор амь насаа алдахгүй байна. Тэд өөрсдийн аюулгүй байдлыг зуун хувь хангуулж байж ажлаа хийдэг. Манай монгол ажилчин яаж байна. Захирал нь загнаад маргааш хүйтэрнэ. Өнөөдөр наад плитагаа наа гэхээр л шалгасан зүйлгүй сүр сар гэж гараад уначихаж байгаа юм. Ажилчин өөрөө мэргэших ёстой. Гарах гэж байгаа шатныхаа троссыг нэг хараад л сэмэрсэн байгааг нь мэдчихдэг. Тэрийгээ за­суу­­лахгүй бол гарахгүй гэж шаардаж чаддаг болох хэрэгтэй. Одоо “Зуншин” гэж компани дээр гарсан ослыг хэвлэлүүд өөр өөрсдийн өнцгөөс л бичиж байна. Тэрийг хууль хяналтынхан 75 дугаар тогтоолын дагуу шалгана. Харин шалгаад буруутай нь тогтоогдвол тогтоолын ийм заалтуудыг зөрчсөн байна гэдгийг сайн сурталчилж өгөөсэй гэж хүсэх байна. Тэгвэл хүмүүс тэндээс сургамж авах байлгүй.

-Ажилчид аюулгүй ажиллагааны наад захын мэдлэггүйгээс л осол гэмтэлд өртөөд байна уу даа гэж харагддаг. Тухайн ажлаа яасан ч байсан хийх ёстой гэдэг.
-Монголын барилгачдын холбоо дэргэдээ “Евро сефти” гээд сургалтын төв байгуулаад гурав дахь жилдээ ажиллаж байна. Энэ жилээс эхлээд бид сургалтын агуулгаа өөрчилж байна. Өмнө нь, бид үргэлж дарга нарт л хичээл зааж ирсэн. Одоо бол ажилчдыг сургая. Ингэхдээ өндөр үнээр биш, 20-30 мянган төгрөгөөр хичээлээ явуулна. Ажилчин хүнд эхлээд мэдээллийн чанартай хичээлүүдийг олон цагаар оръё. Тухайлбал, чамд авч өгсөн каск малгайг тогшиж үзэхээр аль нь сайн, аль нь хуурамч гэдгийг заая. Бээлий, бүс хэрэглэх, аюулгүй байдал хангасан хувцас, гутал өгсөн бол түүнийгээ зөвхөн өөрийнхөө л хөдөлмөр хамгаалалд хэрэглэдэг бай гэж зааж өгөх гэж байна. Арван хүнтэй бригад байлаа гэхэд дор хаяж гурван хүн нь хөдөлмөр хамгааллын хичээлд хамрагдсан байх ёстой. “Макс өргөө”-гийн барилгаас машин дээр төмөр унаад, жолооч нь нас барсан хэрэг байна. Тэрийг нарийндаа авч үзвэл дээр байсан том төмрийн чагтыг нэг ажилчин дутуу хийсэн нь олон өдрийн дараа сугарч унасан. Тэгэхээр хэн ч бай өөрийн хариуцаж авсан ажлаа хариуцлагатай хийх хэрэгтэй. Маргааш энд би биш юмаа гэхэд миний найз ажиллах юм шүү гэж боддог байхыг сануулсан багц цагийн хичээлийг заана. Уг нь, үүнийг хоёр жилийн өмнө санаачилсан. “Цэнхэр карт” нэртэй хөтөлбөр боловсруулах гэсэн ч хөрөнгө оруулалтаас нь зарим нэг хүмүүс идэх гэж янз бүр болсоор байгаад яг ажилчин хүнд зориулж явуулдаг сургалтыг тасалчихсан. Одоо Шинэчлэлийн Засгийн газраас дэмжиж байгаа учраас удахгүй сургалт явагдана. Ингэхдээ сургалт хэрхэн явагдах вэ гэдгийг шийдэхээр Италийн “Эрино” гэж том хөдөлмөр хамгааллын олон улсын байгууллагынхныг уриад гурван өдрийн турш сургалт хийх гэж байна. Барилгын салбарт хууль эрх зүйн орчин хангалттай бүрдсэн. Харин ажилчдын толгойд аюулгүй ажиллах ёс зүйг бий болгох л үлдсэн. Гадуур явахдаа цэвэрхэн хувцаслах ёстой гэдэг шиг л ажлаа эхлүүлэхээсээ өмнө аюулгүй байдлаа хангах ёстой гэсэн хандлагыг бий болгоно. Монголын барилгачдын хол­бооны ойрын таван жилийн төлөвлөгөө барилгын салбарт хүний амь эрсдэх явдлыг зогсоох. Түүний дараагийн таван жил осол гэмтлийг тэг хувь болгох.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
МЭДЭГДЭЛ 2024.05.01