Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч Австри улсад айлчилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүгд Найрамдах Австри Улсад албан ёсны айлчлалаа эхлүүллээ. Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Хайнц Фишер, Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг Хофбүрг ордны дэргэдэх Бүргхоф талбайд албан ёсоор угтан авчээ. Угтах ёслолд Австри Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Политцер Хелмүт, Дэд канцлер бөгөөд Эдийн засгийн  сайд   Райнхолд Миттерлеенэр, Австри Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Гинер Райхл нар оролцов.
Австри Улсын Ерөнхийлөгч Хайнц Фишер, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарын ганцаарчилсан уулзалт хийсэн байна. Ерөнхийлөгч хоёр өдрийн айлчлалынхаа үеэр Австри Улсын Үндэсний Зөвлөлийн Ерөнхийлөгч хатагтай Дорис Бурестай албан ёсны уулзалт хийж, Вена хотноо байрлах НҮБ-ын салбар төвийн байраар зочилж, Австри Улсад ажиллаж, сурч байгаа Монгол иргэдтэйгээ уулзан, Австрийн бизнес форумыг нээж үг хэлнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлал нь Бүгд Найрамдах Австри улстай хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, ялангуяа эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын байгууллагуудын хүрээн дэх хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чухал түлхэц болно гэж үзэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан