Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БААСАН “ахын” УЛС ТӨР

Сүүлийн үед улс төрд өмнө нь байгаагүй, хачирхалтай, шуугиан тарьж, нийгмийг хөдөлгөсөн үйл явдлууд баасан гарагт эсвэл бямбад тохиодог болчихож. Өнгөрсөн баасан гарагт чухам юу болж өнгөрснийг товчхон эргэж харъя.


Хуурамч мессэжнээс сэрэмжлүүлэв

Надад төмөр замын асуудал, дараа нь Хятадын төрийн хэвшлийн арилжааны банк, гуравдугаарт Газрын тухай хуулийн өөрчлөлт гэх агуулгатай мессэжээр асуулга ирлээ. Манай тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн овоо доо, хүн шиг хийж байгаа ажлаа маниас асууж байна гэх бодолтой зэрэгцэн тэр өдөр гишүүд “Миний өмнөөс, миний утасны дугаараар, миний сонгогчид руу мессэж бичсэн...” гэж өмөлзөн гомдоллов. Тун ч бачуу, давчуу санагдаж байгаа бололтой. Уг нь, эзнээ мөргөдөг бяруу шиг эрхэм сонгогчдоо эргэж санадаггүй УИХ-ын гишүүдэд ажлаа зөв хийх нэг төрлийн боломж байгааг ойлгуулах гэсэн дохио ч юм бил үү. Ямар ч зүйлд сайн тал гэж байдаг хойно. Гэтэл гэдэнтэй хэдэн гишүүн маань тэр талаас нь бодохын эцэсгүй... Харин ч “Миний бүрэн эрхэд халдлаа, хувийн нууцыг минь дэлгэлээ” гэхчлэн аархаж, омгорхох янзтай. Хэрэг явдал намжаагүй байтал Ерөнхий сайд бүрэнхий шөнөөр холбогдох албаныхныг хуралдуулж ард иргэдээ хуурамч мессэжнээс сэрэмжлүүлэв. Тэрээр “Иргэд та бүхэнд очих алив мессэжид анхаарал болгоомжтой хандахыг сэрэмжлүүлж байна” гэв.

Хэрэв уншигч та бид хоёр гар утсандаа ирсэн мессежний хуурамч эсэхийг ялгаж чадахгүй бол сэрэмжлэх үүднээс Ерөнхий сайдынхаа утас руу илгээж шалгуулах боломжтой. Нөгөө талаас үүрэн телефоны компаниуд хазаарлаж чадахгүй байгаа “сэрэмжлэхүйц мессежний” мөрөөр сэрэмжлүүлэг түгээхээ мартсангүй. Тэд “УИХ-ын гишүүдийн нэр, утасны дугаараас явуулсан мэт харагдах SMS нь ХУУРАМЧ болохыг мэдэгдье. Цаашид ХУУРАМЧ SMS-ээс сэрэмжилнэ үү” гэжээ. Дахиад УИХ-ын гишүүдээс мессеж ирвэл түүнийгээ заавал “Мобиком”, “Юнител”-ээр хянуулж, баталгаатайг нь сонгож итгэх шаардлагатай боллоо.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг 24-ний шөнө 22 цагт дээрх томхон хурлаа хийхдээ үүрэн холбооны компаниудад дээрх “Сэрэмжилнэ үү” гэдэг мессежээр сэрэмжлүүлэхийг үүрэг болгож. Эх сурвалжийн мэдээлснээр “хуурамч” мессеж зохион байгуулсан хүмүүс нь Румын, Мальта улсын үүрэн холбооны оператороос УИХ-ын 20 гаруй гишүүний дугаарыг ашиглан мессеж илгээсэн байж. Одоо энэ явдлыг тагнуул, цагдаа илрүүлэх үүрэг хүлээсэн. Мэдээлэл технологи, шуудан, харилцаа холбооны газар ч тодорхой хувь нэмэртэй оролцож буй. Болсон явдалтай холбогдуулж УИХ-ын Тамгын газрын дарга Б.Болдбаатар мэдэгдэл түгээв. Тэр “Энэ үйлдэл Үндсэн хуулийн 16.13 иргэний халдашгүй байх эрх, 29.2 УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг хөндсөн. Мөн Улсын Их Хурлын тухай хуулийн 34.6 дахь “Гишүүний харилцуур утас болон бусад тусгай хэрэглээний холбооны хэрэгсэл төрийн хамгаалалтад байх бөгөөд бүрэн эрхээ хэрэгжүүлэх, үйл ажиллагаагаа явуулахтай холбогдсон шуудан, захидал харилцааны болон мэдээллийн нууц задруулахыг хориглоно”, Иргэний хуулийн 21.1 дэх хэсэгт заасан “Иргэний нэрийг хууль бусаар ашиглахыг хориглоно” гэдгийг тус тус зөрчжээ” хэмээв.

МАН-ын эсрэг ТЕГ, ТЕГ-ын эсрэг МАН

Ерөнхий сайдын удирдлага дор тохируулагч гэсэн тодотголтойгоор Тагнуулын ерөнхий газар ажилладаг боловч төрийн тусгай байгууллагыг Засгийн газрын тэргүүн дураараа ашиглаж болно гэсэн үг биш хэмээн шүүмжлэх хүн олон болсон. Дээр дурдсан “хуурамч” мессежний асуудлыг Тагнуулын ерөнхий газар шалгахыг Н.Алтанхуяг даалгавар болгож өгсөн. Түүний өмнөх даалгавраар АН, МАХН-ын хамтын ажиллагааны гэрээний хавсралт гэх баримт бичгийн эзнийг олох үүрэг өгсөн гэнэ. Тагнуулчид ч ажлаа шуурхай хийж хуурамч хавсралт МАН-аас эхлэлтэй гэж тодорхойлж. ТЕГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга Ж.Буяндалай энэ талаар “Хавсралт гэх баримт бичгийг хуурамчаар үйлдсэн байх магадлалтай. УИХ-д суудал бүхий намуудыг хооронд нь талцуулах байдлаар үндэсний эв нэгдлийг алдагдуулах, улмаар төрийн аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй байсан тул хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд нягтлан тодруулах ажил хэрэгжүүллээ. Үүний дүнд баримт бичгийг хуурамч болохыг тогтоосон. Үйлдэгч нь МАН-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга болон зарим ажилтан холбогдсоныг тогтоогоод байна” гэж ярьсан. Үүнтэй зэрэгцэн МАН-ын удирдлагууд хурал зарлаж ТЕГ-ын эсрэг мэдээлэл, тайлбар хийж, улам ээдрээтэй болгож орхив. Тэдний ярьснаас үзвэл хуурамч баримт бичиг үйлдэж, түгээсэн гэгдэж буй Н.Дэмбэрэл нь АН, МАХН-ынхан гэрээ байгуулахаас хоёр хоногийн өмнө буюу 16-ны пүрэв гарагт ажлаас халагдах өргөдөл гаргасан гэнэ. Тиймээс цаг хугацааны хувьд ийм ажил хийх боломжгүй гээд тагнуулынхан хуулиа зөрчиж гүйцэтгэх ажиллагаа явуулсанд тун ч бухимдалтай байгаагаа илэрхийлэв. МАН-ын нарийн бичгийн дарга Т.Гантулга, Эрх зүйн бодлогын газрын дарга Д.Мөрөн, МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Ш.Раднаасэд гурав дараах байдлаар тагнуулынхны хууль бус үйлдлийг тоочсон.
-Аравдугаар сарын 22-ны шөнө ТЕГ-ын ажилтнууд МАН-ын төв байранд прокурорын зөвшөөрөлгүйгээр хууль зөрчин нэвтэрсэн.
-Ажлын өрөөнөөс компьютерийн хард диск хураан авахдаа хөндлөнгийн хоёр гэрч байлцуулаагүй, доторх файл бүрийг манай ажилтнаар гэрчлүүлэн бүртгэлжүүлж аваагүй.
-МАН-ын ажилтнуудын гэрт ямар ч зөвшөөрөлгүй очиж, шөнийн 01:00 цагт Тагнуулын ерөнхий газарт аваачсан.
-Иргэн хүний эдлэх ёстой эрхийг танилцуулалгүй, ямар ч өмгөөлөгчгүйгээр олон цаг саатуулан шалгасан гээд энэ бүхний эцэст МАН-ын ажилтнуудыг хууль бусаар шалгаж мөрдсөн ТЕГ-ын ажилтнууд өөрсдөө хуулиа баримталсан эсэхийг холбогдох байгууллагуудаар шалгуулна гэв. Дараа нь хууль бусаар томилогдсон ТЕГ-ын дарга Б.Ариунсангийн баталсан бүх шийдвэр, хийсэн үйлдэл хуульд нийцэх эсэхийг шалгуулахаа мэдэгдлээ. Эдийн засгийн хөгжлийн сайдын өрөөнөөс илэрсэн чагнах төхөөрөмжийг ТЕГ-ын мэдээлэлд үндэслэсэн гэх Ерөнхий сайдын мэдэгдлийг холбогдох эрх бүхий байгууллагаар шалгуулна ч гэж байлаа.

Н.Алтанхуягийн эсрэг фронт өргөжсөөр

Сөрөг хүчин л Засгийн газрын тэргүүнийг огцруулъя гэж шаарддаг байсан нь сүүлийн үед эрх баригчдын дунд ч газар авчээ. Намрын чуулган эхэлснээс хойш МАН-ын 26 гишүүн ба Л.Цог, Ж.Батзандан нар Ерөнхий сайдын эсрэг анхны довтолгоо эхлүүлсэн. Түүнийг үргэлжлүүлж Ардчилсан намын 14 гишүүн гарын үсэг зурж дээрх саналыг бататгаж буй бололтой. Одоо мэдэгдэж байгаагаар УИХ-ын гишүүн М.Зоригт санаачилж, Г.Баярсайхан, Р.Бурмаа, Р.Амаржаргал, Х.Баттулга, С.Одонтуяа, А.Бакей, Л.Эрдэнэчимэг, Л.Болд, М.Батчимэг, Б.Болор, Г.Батхүү, Б.Наранхүү, Д.Ганбат нар дэмжжээ. Түүнчлэн бие даагч гишүүн С.Ганбаатар Ерөнхий сайдыг үргэлжлүүлэн ажиллуулах шаардлагагүй гэж үзсэн байна. Хэрэв дээрх нэрс баталгаатай гэж үзвэл 28+15=42 болж, УИХ-ын чуулганы санал хураалтад Ерөнхий сайдын суудал онгойх цаг нэн ойртжээ гэж ойлгогдоно. Гэвч хуулиар авч үзвэл Ерөнхий сайдыг огцруулах асуудал өргөн барихад 19 гишүүн санал нэгдсэн байх ёстой гэхээр М.Зоригт гишүүний санаачилгад дөрвөн хүний гарын үсэг дутаад буй юм. Таамаглал дэвшүүлэх олон боломж байгаа. Жишээ нь, УИХ-ын дарга З.Энхболд, гишүүн Х.Болорчулуун нар нэмэгдэх магадлалтай. Гэвч асуудал нэг мөр шийдэгдчихээгүй бөгөөд таамаглаж буй дээрх 15 нэрсээс Г.Батхүү, С.Ганбаатар, А.Бакей нар эргэлзээ төрүүлэхүйц сонголт юм. Юутай ч таавар төдий байгаа нэрс энэ долоо хоногт илэрхий болно гэж найдах л үлдлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан