Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Бат-Эрдэнэ: Бид Архангайд хөгжлийн суурь бүрдүүлэхийг зорьж байна


Барилга, зам гээд бүтээн байгуулалтын их ажилтай зэрэгцэн иргэдийн төлөөх үйлс тасралтгүй өрнөж буй Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэтэй уулзаж, орон нутгийн хөгжлийн хэтийн төлөв, өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.

-Архангай аймагт таны боловсруулсан мөрийн хөтөлбөр хэрэгжээд хоёр жил гаруй боллоо. Урьдчилсан байдлаар 70 гаруй хувьтай гэж дүгнэжээ. Үлдсэн хугацаанд ямар ямар ажил хийх вэ, ялангуяа 2014 оны хувьд?
-Аймгийн даргын мөрийн хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газрын бодлого шийдвэр, тухайн сонгуульд намаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт үндэслэж гаргадаг. 2012-2016 онд бид аймгийнхаа хөгжлийн суурь асуудлуудыг зөв тавья гэдэг гол агуулга дор мөрийн хөтөлбөрөө боловсруулсан. 2014 он бидний хувьд хариуцлагатай жил. Ажлынхаа эвийг олж, туршлага суучихсан, хаанаас юугаа эхлүүлэх арга эвээ олчихсон ийм жил учраас бодит ажил, бодит үр дүнгийнх гэсэн уриатайгаар ИТХ-аар төлөвлөгөө батлуулж, хэрэгжүүллээ. Засгийн газрын бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд олон ажлаа төгс хийсэн аймгуудын нэг нь Архангай гэж хэлэх байна. “Мянган айлын орон сууц” хөтөлбөрөөс эхний зуу гаруй орон сууц нь удахгүй ашиглалтад орно.

Засгийн газраас орон нутагт “Гудамж” төсөл хэрэгжүүлэхээр шийдээд Архангай аймагт долоон уулзвар, 8.6 км засмал замын ажил хийлээ. Энэ сарын 5-нд хүлээн авна. Сумын төвийн шинэчлэлийн төсөл ч 40 хувьтай хэрэгжиж байна. Улсын хэмжээнд 16 суманд хэрэгжүүлж байгаа энэ төсөлд манай аймгийн хувьд хамгийн олон хүн амтай, аялал жуулчлалын бүс Тариат сумаа хамруулсан. Найман аймагт дулааны цахилгаан станц байгуулахаар болсны нэг нь манайх. Одоо шав тавиад, бэлтгэл ажил дуусах шатандаа орсон. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн гүйцэтгэгч ком­пани нь шалгарсан. Аймгийн төвүүдийг хот болгож, статусыг нь өөрчлөх, хөгжүүлэх бодлого ч бий. Түүний дагуу Цэцэрлэг хотынхоо зам, дэд бүтэц, гэр хорооллын айл өрхүүдээ шугам сүлжээнд холбож эхэллээ. Өнгөрсөн жил 210 айл дэд бүтцэд холбочихсон. Энэ жил 330 айлд холбох юм. Цэвэрлэх байгууламжийнхаа зураг төслийг хийгээд 2015 онд барилга угсралтаа хийнэ. Засгийн газрын бодлого, бодит ажил манай аймагт бүрэн дүүрэн, амжилттай хэрэгжиж буй гэж болно.

-Засгийн газраас орон нутагт чиглэсэн олон ажлууд танайд сайн явагдаж байна. Аймгийн хувьд онцлох зүйл гэвэл юу байгаа вэ?
-Манайх 2013 онд улсын хамгийн олон малтай аймаг болсон. Эрдэнэмандал сум маань улсын хэмжээнд хамгийн олон малтай сумаар шалгарлаа. Тэр утгаараа өнгөрсөн оны улсын шилдэг сумын өргөмжлөл хүртсэн юм. Эрдэнэмандал суманд бид шинжлэх ухаан, үйлдвэр технологийн парк байгуулъя гэж шийдсэн. Ингэснээр бүсийнхээ сумдын малын гаралтай түүхий эд боловсруулдаг, хагас боловсруулсан бүтээгдэхүүн хийж, гадаад, дотоодын зах зээлд нийлүүлэх төсөл боловсруулсан. Ирэх онд бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлэх юм.

-Одоо УИХ-аар төсөв хэлэлцэж байна. Аймагт олгох хөрөнгө оруулалт, Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг их, бага гэх шүүмжлэл гарсан. Танай аймагт олгох хөрөнгө оруулалтын талаар та юу хэлэх бол?
-Өнгөрсөн онд Орон нутгийн хөгжлийн сангаас Архангай аймагт 11 орчим тэрбум төгрөг хуваарилсан. Үүний 60 хувь нь сумдад очиж, тухайн шатны иргэдийн хурлаар төлөвлөгөө баталж, ажил хийдэг учиртай. Аймагт ч ялгаагүй иргэдээр хэлэлцүүлээд нэн шаардлагатай зүйлсэд санхүүжилт орууллаа. 2015 оны төсөв хараахан батлагдаагүй ч манай зүгээс хийх ажлын төлөвлөгөө, тооцоогоо гарга­чихсан. Холбогдох яам, тамгын газарт саналаа хүргүүлсэн. Төсвийн их, багын тухайд санаа зовохгүй байгаа шүү.

-Ерөнхий сайдын хувьд ирэх жилийн төсвийн онцлогийг  орон нутагт төсвийн эрх мэдэл олгох явдал гэж хэлсэн. Та үүнийг юу гэж тайлбарлах вэ?
-Жишээлж ярья л даа. Сургууль, цэцэрлэг, заал танхимын засварын асуудал Боловсрол, шинжлэх ухааны яаманд харьяалагддаг байсныг орон нутагт нь шилжүүлье гэж шийдсэн юм билээ. Үүнийг би зөв гэж үзсэн. Урьд нь, аймгууд хаана, ямар засвар, барилгын ажил гүйцэтгэх тухай саналаа яамдад ирүүлдэг байсан. Яам түүнийг бүгдийг нь хүлээж авч, шийднэ гэхээр  ажил сунжирч удааширдаг. Яагаад гэхээр улсын хэмжээнд боловсролын салбарт аймаг аймгийн олон арга хэмжээ байгаа учраас том газарт их ачаалал болдог. Тэр хэрээрээ чанар, хүртээмжийн хувьд доголдолтой байсан. Харин орон нутагт шилжүүлснээр дээрх хүндрэл арилах болов уу. Наанадаж аймаг, орон нутгийн удирдлага өөрөө тухайн засвар, үйлчилгээ, хүндрэлийг нүдээр үзсэн, мэддэг учраас илүү үр дүн гарах байх. Иргэдийн хяналт ч сайжирна шүү дээ. Манай сумын эмнэлгийн барилгыг ингэж засахад тэр компани шалгарчээ, ажлаа хийж байна, хийхгүй байна гэдгийг сум, аймгийн удирдлагадаа шууд хэлээд шавдуулаад явна. Тэгэхгүй бол одоо хотоос нэг компани шалгарч ирээд  хийсэн болоод л эзэнгүй хаячихаад явдаг. Ийм дутагдал алга болно гэж боддог юм. Дараагийн чухал зүйл нь яам, Тамгын газруудад тухайн аймгийн нутгийн зөвлөл, сумын иргэн байвал хаа хамаагүй давхиж очоод шаардлагагүй газар төсөв хуваарилах зүйл мэр сэр гардаг. Энэ нь алга болох сайн талтай гэж ойлгосон.

-Намар шувтрах дөхөж байна. Архангай аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил хэр хангагдав?
-2013 онд манай аймаг малын тоогоор улсдаа тэргүүлсэн гэдгийг дээр хэлсэн. Үндсэн хуулиараа мал төрийн хамгаалалтад байх ёстой. Онцгой байдлын ерөнхий газраас манайд албан даалгавар очдог юм. Бид ч аймгийнхаа нөөц бололцоогоор өвс тэжээлээ бэлтгэж байгаа. Архангай аймгийн хувьд өвлийн бэлтгэл ажил 90 хувьтай. Зуншлага сайхан болсон, намаржаа сайхан байгаа. Тийм болохоор ирэх өвлөө өнтэй давна даа.

-Өнгөрсөн зун танай аймагт хүчтэй шуурга, үер гээд үзэгдээгүй юм хэд хэд болсон. Тиймэрхүү онцгой то­хиолдолд хэр бэлэн байгаа бол?
-Цэцэрлэг суманд үер болсон. Хашаат суманд далайн эргийн орнуудын Торнадо шиг бидний хэлдгээр хүчтэй хуй салхи боссон. 200-гаад метр өргөнтэй салхи 10 км явж өнгөрөхөд ард иргэд нэлээд хохирсон. Ойролцоогоор 400-гаад сая төгрөгийн эд хөрөнгийн хохирол гарсныг баримт материал цуглуулаад Засгийн газар, холбогдох албанд хүргүүлж уламжилсан. Бид ч аймгийн Засаг даргын нөөцөөс айл өрхийг орон гэртэй болгох ажил хэрэгжүүлсэн байгаа. Ийм байгалийн гамшиг мэр сэр гарч байдаг юм. Хэлж ирдэггүй зүйл шүү дээ. Ерөнхийдөө өвөлжилтийн бэлтгэлдээ илүү анхаарч байна. Гамшигт зуднаас хэрхэн сэргийлэх талаар анхаарч ажиллаж байгаа.

-Аймгийн хэмжээнд гэр хорооллын 500 орчим айл дэд бүтцэд холбогдож байна. Цэцэрлэг хот Засгийн газрын хүсээд байгаа шиг хот болоход хэр хугацаа орохоор байна?
-Ардчилсан нам Засгийн газар байгуулаад, Архангай аймагт үйл ажиллагаа хэрэгжүүлж эхлэх үед иргэд бусад аймгаас хөгжлөөрөө хоцорч байна гэж ярьдаг байсан. Тийм учраас бид төлөвлөсөн ажлуудаа хаанаас хэрхэн эхлэх тухай бодож үзсэн юм. Бидний хувьд Ардчилсан нам эрх барьж байх үед суурь хөгжлүүд бүрэлдэх ёстой гэдгийг зорилго болгоод байгаа юм. Тэр нь юу байх вэ. Нэгдүгээрт, зам харилцаа, дэд бүтэц. Хоёрдугаарт, хөгжлийн чиг хандлага цаасан дээр зөв, тодорхой буусан байх ёстой. Архангай аймаг гурван давуу талтай. Эхлээд онгон дагшин байгаль, түүхийн эд өлгийн дурсгалаар баян. Үүнийг ашиглаад аялал жуулчлал, эко бизнесээ хөгжүүлье. Манайх Засгийн газраас шалгаруулсан Ногоон хөгжлийн загвар таван аймгийн нэг болж чадсан. Дараагийн давуу тал бол мал аж ахуй. Улсынхаа хэмжээнд хамгийн олон малтай. Малын гаралтай бүтээгдэхүүнээ хэрхэн бизнес болгож, иргэдээ ажлын байртай болгох тухай бодно. Нэмээд малаа эрүүл байлгаж, хамгаалж үлдэх, үүлдэр угсааг сайжруулах нь чухал. Гуравдугаарх давуу талаа бид Архангай аймгийн алдартнууд гэж тодорхойлсон. Урлаг, соёл, спортын болон улс төрийн зүтгэлтнүүд. Одоогоор УИХ-д манай аймагт хамааралтай 17 гишүүн, Засгийн газарт таван сайд, гурван дэд сайд ажилладаг. Бусад яам, Тамгын газар, агентлаг гээд үзвэл маш олон хүн байна. Энэ их оюуны хүчээ аймгийнхаа хөгжил дэвшилд ашиглах ёстой. Ийм олон давуу талаа ашиглаад, хөгжлийнхөө суурийг зөв тавьж чадвал цаашид бид хурдтай хөгжинө. Ингэхдээ зөвхөн Цэцэрлэг маань хот болж хөгжих биш бусад сум, бүс нутгийн хөгжлийн концепц ч тодорхой болох учиртай.

-Хамгийн олон мал­тай аймаг гэдэг төдий хэм­­­­жээгээр хамгийн олон малчинтай аймаг бо­­лох байх. Малчдаа урам­шуулах, дэмжих ажил хэр үргэлжилж байгаа вэ?
-Мэдээж хамгийн олон малчинтай аймаг болох байх. Манайд иргэд мал маллах сонирхол их байгаа юм. Архангай аймагт сүүлийн гурван сонгууль дараалан УИХ-д Ардчилсан намын гишүүдийг сонгосон л доо. Манай аймгаас сонгогдож ажилласан гишүүдийн санаачил­гаар мал болон малтай иргэдэд олгох урамшууллын систем бий болсон. Жишээ нь, ноосны урамшуулал, мах, сүүний урам­шуулал, арьс ширнийх гээд. Тэр утгаараа манай аймагт малтай болох сонирхолтой иргэн олон байсан юм болов уу.

-Аялал жуулчлалын бодлогын хувьд?
-Бид ногоон хөгжлийн загвар аймаг болно гээд зорьж, зүтгээд байгаа. Гэтэл уул уурхайн салбараа хэрхэн, яаж дэмжих вэ гэдэг чухал бодлого. Өнөөдөр хэрэгжиж буй механизмаар бол алтыг нь ухаж аваад, нуур үүсгээд орхичихдог шүү дээ. Архангайд мөнгө, алт, уран гээд янз бүрийн ашигт малтмал байгаа юм. Гэхдээ зөв зохистой ашиглах ёстой. Нүүрсгүй аймаг учраас нүүрсний орд гарч ирвэл тодорхой хэмжээгээр ашиглаж болох байх, бусдыг нь ухах гэж төдийлөн яарахгүй. Газрын хэвлий дэх баялаг руу шууд дайрах бус эхний ээлжинд газар дээр байгаа нөөц боломждоо тулгуурлая гэсэн. Өнөөх олон халуун рашаануудаа ашиглая. Түүх дурсгалын эд өлгийн зүйлсээ ашиглая. Онгон дагшин, үзэсгэлэнт газруудаа хөгжүүлье. Гэхдээ аялал жуулчлалын хөгжил гэхээр хүн олж очдог, очдоггүй хэдэн жуулчны бааз байгуулчихаад орхих биш систем гаргаад бүсчилж хөгжүүлэх юм. Улаанбаатар хотоос гараад 2-3 хоногийн аяллын маршрут гаргана. Хархорин, Хашаат сум, Түрэгийн хөшөө, Өгийнуур ороод дуусах. Үүний тулд зам нь бүтэн тойрсон байх шаардлагатай. Одоо 30-аад км замаа хойтон жил гүйцээчихвэл эхний тойрог бэлэн болно. Дараагийнх нь 3-5 хоногийн аялал. Хархориноор тойроод Цэнхэрийн халуун рашаан, Хотонтын халуун рашаан ороод Тайхар чулуу, түүх дурсгалын зүйлээ үзчихнэ. Ихтамир, Батцэнгэлээр тойроод нийслэл рүү орж ирэх юм. Энэ тойрогт дутуу байгаа замыг мөн 2015 оноос барьж эхэлнэ. Хамгийн сүүлд Тариат, Хоргын тогоо, Тэрхийн Цагаан нуур, Ноён хангай, үзэсгэлэнт Цахир зэргээ үзээд буцах боломжтой 7-10 хоногийн аяллын маршрут гаргасан. Ийм байдлаар тодорхой хөгжүүлнэ. Энэ циклийн хоёр талаар үзэх юмнуудаа, мөнгө олж болох зүйлсээ байршуулна. Түүнээс гадна аялал жуулчлалын баазууд маань ямар үйл ажиллагаа явуулах, стандарт шаардлага юу байх вэ зэргийг шийдчихнэ. Цаашилбал, нисэх онгоцны буудлаа хаана байгуулахаа ч шийднэ. Энэ бүгд бол цогц бодлого.

-Архангай аймагт иргэ­дийн ажил эрхлэх бай­дал, ажилгүйдлийн түвшин өнөөдөр ямар байна?
-Ажилгүйдэл ойролцоо­гоор найм орчим хувьтай. Монгол Улсын дундаж түвшин л дээ. Бид ажилгүй иргэдээ яаж ажлын байртай болгох вэ гэдэгт анхаарч байгаа. Ажилгүйчүүд маань хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэн ч байна, бүртгүү­лэхээ ч мэдэхгүй хүмүүс ч бий. Өнгөрсөн оны хувьд Архангай хамгийн олон хүнд ажил олгогчоор шалгарсан юм. Яагаад гэхээр аймагт хөрөнгө оруулалт тодорхой хэмжээгээр нэмэгдсэн, түүнийг л дагаж ажлын байр бий болно шүү дээ. Архангайд үйл ажиллагаа эрхэлж буй компанид аймгийн иргэдийг ажилд авах, түүхий эд, шаардлагатай зүйлсээ аймгаас худалдаж авах зэрэг шаардлага тавьдаг. 2014 онд хамгийн олон хүнд ажил олгосон аймаг болно гэдэгт найддаг. Яагаад гэвэл манай ажлууд хугацаандаа, график төлөвлөгөөнийхөө дагуу тасралтгүй үргэлжилж байна.

-Өнөөдөр та Архангай аймгийн Засаг даргаар ажиллаж байна. Өмнө нь төрийн албанд олон жил ажилласан байх. Бүх үүрэг, хариуцлагыг өөр дээрээ авч ажиллах ямар байна, одоо танд тулгарч буй бэрхшээл хүндрэл юу бол?
-Миний хувьд Архангай аймгийн хүүхэд. Их сургуулиа төгсөөд шууд нутагтаа ирж ажилласан. Орон нутагтаа л ажиллаж байгаа хүн. Засаг дарга болоогүй байхдаа аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдтэй сумдаар сайн явж, иргэдээс зовлон бэрхшээл, хүсэл зорилгыг нь сонсч байсан. Тэр туршлагадаа үндэс­лэн ажлаа эхлүүлсэн. Шүүмжлэгчийн байр сууринаас хандаж байгаад өөрөө хэрэгжүүлэгч болчихоор урьд нь гаргаж байсан алдаа дутагдлыг засах, эхэлж буй ажлаа хийгүй дуусгах шаардлага гарсан. Тэгэхээр Архангай аймгийн уугуул иргэний хувьд, өмнөх хүндрэл бэрхшээлийг мэдэж, мэдэрч байсны хувьд, иргэдтэй харил­цаж ажилладгийн хувьд хөгжилд юу дутагддаг, яаж хөгжих ёстой гэдгийг тодорхойлсон. Тийм ч учраас хүндрэл бэрхшээл гайгүй болов уу гэж боддог юм. Мэдээж төсөв, хөрөнгө оруулалт ямар хүнд, царцуу байгаа билээ. Тэр болгонд зүрхшээж хойшоо суух биш, бусдын адил даван туулж ажиллаж байна даа.
-Танд баярлалаа, ажлын амжилт хүсье.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан