Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Цогтгэрэл: Төрөөс батлан даах зээлийн хэмжээг нэг тэрбум төгрөгт хүргэх шаардлага бий


Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Цогтгэрэлтэй экспорт нэмэгдүүлэх, импорт орлох үйлдвэрийн төслүүдийн санхүүжилт, тулгарч буй бэрхшээлийн талаар ярилцлаа.

-Засгийн газраас 888 үйлдвэрийн төсөл шалгаруулж, Чингис бондоос хөнгөлөлттэй зээл олгохоор шийдсэн. Эдгээр төслийн зээлжих явц ямар байгаа вэ?  
-Экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үйлдвэрлэл хөгжүүлэх 888 төслийн санхүүжилтыг олгож эхлээд гурван сар орчим болж байна. Засгийн газраас нийт нэг их наяд төгрөгийн зээл энэхүү төслүүдэд олгохоор шийдсэн. Одоогоор арилжааны арваад банкинд 159 компанид 160 тэрбум төгрөгийн зээл авах эрх нь нээгдсэн байна. 130 компанийн төслийг  банкууд судалж буй. 60 компанийн төсөл буцаагдсан. Тэгэхээр нийт 350 орчим компанийн төсөлд судалгаа хийсэн гэсэн үг. Дээрх 888 төслийн 576 нь ҮХААЯ-тай холбоотой, харин үлдсэн нь Хөдөлмөрийн яамны жижиг дунд үйлдвэрийн санд харьяалагдана. Яг үнэндээ санхүүжилт хангалттай түвшинд олгож чадаагүй л байна. Иймээс төсөл хэрэгжүүлэгчидтэй уулзаж, тулгарч буй хүндрэл бэрхшээл, төр засгийн зүгээс нэн даруй ямар ажил хийх шаардлагатайг ярилцаж санал авна.

-Хэдийгээр яаман дээрээс шаардлага хангасан гэж үзсэн төслөө банкууд руу явуулж байгаа ч арилжааны банкууд гацаачихдаг. Зээлийн шалгуур өндөр тавьдаг, удаадаг байдлаас шалтгаалаад зарим төслийн өртөг нэмэгдэж, зарим нь үнэгүйдлээ ч гэдэг. Энэ талаар та тодруулж өгөөч?
-Чингис бондоос санхүүжилт авахаар 888 төсөл шалгарсан ч, банкнаас зээлээ авахад нэлээд бэрхшээл тулгарч байгаа нь үнэн. Энэ нь аль аль талаасаа ихээхэн шалтгаалж байна. Тухайлбал, төслөө дутуу дулимаг боловсруулсан, материалаа гүйцэт бүрдүүлж өгөөгүй нөхөд ч байна. Нөгөө талаас санхүүгийн тайлан хангалтгүй, хуримтлал эд хөрөнгөгүй, зээлийн барьцаа батлан даалт гаргах боломжгүйгээс санхүүжилт авч чадахгүй гээд л. Үүнийг  харгалзан үзэх хэрэгтэй. Өнгөрсөн хорин жилд бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид маань бодит хуримтлал үүсгэж, хөл дээрээ босч чадаагүйг  л энэ бүхэн илтгэж буй юм. Арилжааны банкны зээлийн хувьд өндөр хүүтэй учраас үйлдвэрлэлд таагүй, наймаа арилжаа хийхээс өөр бололцоо нөхцөл байсангүй. Тэгэхээр үйлдвэрлэл хөгжүүлэхийн тулд төр банк, санхүүгийн талаар ямар бодлого хэрэгжүүлж, хэрхэн дэмжих вэ гэдэг талаар анхаарах шаардлага бий. Иймд үйлдвэрлэлийн төслүүд санхүүжилт авч чадалгүй ажил нь зогсонги байдалтай боллоо.

-Зээлийн батлан даалтын сан гэж байгуулсан. Энэ сангаас батлан даалт гаргаж зээл өгөх бололцоо байхгүй юу. Үйлдвэрлэлийн зээл олгох талаар нэн яаралтай шийдвэл зохих ямар асуудал байна вэ?
-Эхний ээлжинд Батлан даалтын сангийн батлан даах хэмжээг нэмэгдүүлэх шаардлага бий. Мөн давхар даатгалын системийг шийдэх хэрэгтэй. Үйлдвэрүүдийг түүхий эдийн нөөцөө тасралтгүй бэлтгэх, түүнийгээ татан авах эргэлтийн хөрөнгийг шийддэг механизмтэй болох шаардлагатай байна. Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийг олон жил ярилаа. Одоохондоо банк санхүүгийн байгууллагад орон сууц, байшин барьцаалдаг. Үүнийг  үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, шинэ технологи, оюуны бүтээл, мэдлэг чадвар менежмент, ирээдүйн орлого, төсөл, хөдлөх хөрөнгө зэргийг барьцаалдаг журамд шилжих хэрэгтэй. Тэгж чадахгүй л бол үйлдвэрлэл хөгжих бололцоогүй байна. Нэг гол зүйл нь арилжааны банкны зээлийн хүүг буулгах. Иймд арилжааны банкуудын өөрийн хөрөнгө, зээлжих чадварыг нэмэгдүүлэх, төв банкнаас тавьдаг шалгуурыг хөнгөвчлөх зайлшгүй шаардлагатай. Арилжааны банкууд нийгмийн хариуцлагаа биелүүлэх учиртай. Өөрөөр хэлбэл, бүгд хувийн өмч тул үйлдвэржилт, төр засгийн бодлогыг дэмжиж уян хатан хандаж байх  ёстой.

-Тэгэхээр арилжааны банкны зээлийн хүүг үйлдвэрлэл дэмжих хэмжээнд хүртэл бууруулах боломж харагдаж байна уу. Их олон хүчин зүйлээс шалтгаалах байх л даа. Хэрэв арилжааны банкны зээлийн хүү хүссэн хэмжээнд хүртэл буурахгүй бол ямар гарц бий гэж харж байгаа вэ?
-Ер нь Монголбанкны бодлогын хүүг бууруулахгүйгээр үйлдвэрлэл хөгжих боломжгүй. Төв банкны бодлогын хүүг дагаад арилжааны банкны зээлийн хүү  буурахгүй бол гадаадын  эх үүсвэрт найдах л ганц гарц бий.  Тэгэхээр хадгаламж, харилцах үйлчилгээ авах эрхгүйгээр гадаадын банк оруулж ирэхээс өөр аргагүй байдалтай байгаа. Нөгөө талаар Хөгжлийн банк гэж байгуулсан ч яг хөгжилд чиглэсэн үйл ажиллагаа явуулах хууль, эрх зүйн орчин дутмаг. Иймээс Хөрөнгө оруулалтын сан байгуулах эсвэл Төрийн банкаар дамжуулж санхүүжүүлж болдог байх учиртай. Өөрөөр хэлбэл, төр хөрөнгө оруулж компани байгуулаад түүнийгээ хувьчлах, нийтэд хувьцааг нь зарж оруулсан хөрөнгөө буцааж авах тал бий. Гэвч бид төрийн өмчит компаниудаас айдаг болсон. Шалтгаан нь хэрэгцээ шаардлагагүй зүйл их худалдаж авдаг, зарлага ихтэй, алдагдалтай ажилладаг гэдэг. Өнгөрсөн долдугаар сард Шилэн дансны  хууль баталсан. Энэ хуулиар төрийн өмчит компанийн үйл ажиллагаа олны нүдэнд ил болсон. Ийм тохиолдолд иддэг уудаг, хэрэгцээгүй зүйл худалдаж авдаг, илүү зардал гаргадаг зүйл арилна.Тэгэхээр төрийн өмчит компаниас айх шаардлагагүй. Харин стратегийн гэсэн тодотголтой үйлдвэрүүдээ төрийн хөрөнгө оруулалтаар байгуулах ёстой. Нэг ёсондоо хувийн компаниуд дийлэхгүй, арилжааны банкууд санхүүжүүлж чадахгүй тэргүүлэх чиглэлийн томоохон үйлдвэрүүдэд төрөөс хөрөнгө оруулалт хийх учиртай гэж бодож байна.  Ингэж эдийн засгаа хөл дээр нь босгох  үйлдвэрлэлээ хөгжүүлэхгүй юм бол хувийн хэвшлийг хүлээвэл маш их цаг хугацаа алдана. Энэ хооронд гадаадынхан орон зайг нь эзлэнэ гэсэн үг. Ийм байдал тод ажиглагдаж байгаа юм.

-Гэхдээ яг үнэндээ Монгол орны эдийн засгийн хувийн хэвшлийн унаж боссоор л үүрч явна.
-Зах зээлд шилжсэнээс хойш унаж, босч, зүтгэж явсаар өнөөдөр хувийнхан маань нурууг нь авсан морь шиг болсон. Ингэж зовж байхаар больё гэх бизнес эрхлэгч олон бий. Монголчууд “Тэнхлүүн явахад нь тэмээгээр тусалснаас Тэвдэж явахад тэвнээр тусал” гэдэг шүү дээ.  Тэгэхээр шинэ тутам төсөл гэхээс илүү тэднийг дэмжих нь зүйтэй. Үйлдвэрлэл нь эхэлсэн, санхүүгийн дутагдалтай байгаа жаахан дэм болоод өгвөл өндийгөөд босоод явах хаврын мал шиг болсон үйлдвэрүүдээ тэтгээд авч явах нь  өнөөдөр чухал байна. Бид үндэсний үйлдвэрүүдээ дэмжиж байж өнөөдрийн эдийн засаг, мөнгөний ханшийн уналт, валютын хомсдол гэсэн хүндрэлээс гарах бололцоотой.

-Та дээр Зээлийн батлан даалтын сангийн батлан даах хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх ёстой гэж хэллээ. Үүнийг хэд болговол зохимжтой харагдаж байна. Одоогоор энэ сангаас хэдэн төгрөгийн батлан даалт хийгээд байгаа вэ?
-Батлан даалтын сан 250 сая төгрөгийн зээлийн батлан даалт л гаргах ёстой. Энэ бол үнэхээр бага.  Манай яамны хариуцсан төслүүд хоёр тэрбум төгрөгөөс дээш өртөгтэй. Үүнээс  бага хөрөнгө оруулалт шаардлагатай төслүүдийг Хөдөлмөрийн яам хариуцаж байгаа. Тэгэхээр Батлан даалтын сан тус яамны хариуцаж буй төслүүдэд дэмжлэг үзүүлэхээр байна гэж хэлж болно. Хэд хэдэн тэрбумын санхүүжилт шаардсан төсөлд  250 сая төгрөгийн батлан даалт гаргуулаад ч нэмэргүй юм. Төрийн бодлого  жижиг дунд үйлдвэр гэж хэтэрхий туйлширч болохгүй. Өөрөөр хэлбэл түүний үр дүнг нь хянахад түвэгтэй. Хаашаа хэдэн төгрөг оров, түүнийг эргүүлж төлүүлэх, хянах арга байхгүй болно гэсэн үг. Зүгээр л халамж болоод тараад дуусах аюултай юм. Иймд маш тодорхой кластер байдлаар бие биенээ дэмжсэн шат дамжлагатай, цаашдаа амьдрах чадвартай үйлдвэрүүдийг л дэмжиж хөл дээр нь босгох учиртай.

-Санхүүгийн дэмжлэ­гээс гадна тухайн үйлдвэ­рүүдийнхээ зах зээлийг хамгаалах, амьдрах орчинг нь бүрдүүлэх талаар төр хэрхэн анхаарах вэ?
-Энэ бол чухал асуудал. Ер нь техник, технологи хөгжсөн өнөө үед аливаа бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь маш амархан болсон.  Тэгэхээр бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс илүү түүнийг хаана яаж борлуулах вэ гэдэг нь чухал. Жижиг дунд үйлдвэрүүд бол дотоодын зах зээлээ хэрхэн хангах, импортыг яаж орлох вэ гэдэгт л анхаарч байна. Үйлдвэрлэлийн хэмжээ нь томроод ирэхээр экспортоо нэмэгдүүлэх, валют олж ирэх ёстой. Өөрөөр хэлбэл өрсөлдөгч олонтой том зах зээл рүү орж орон зайгаа эзлэх учиртай. Тэгэхээр төрийн маркетингийн стратеги төлөвлөгөө заавал батлах шаардлага бий.  Уг төлөвлөгөөг  тогтвортой хэрэгжүүлэх маркетингийн тусгай нэгж хэрэгтэй. Бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд хамтарч МҮХАҮТ-ыг түшиглээд байгуулахаар тогтсон. Уг байгууллагыг манайд эдийн засгийн туслалцаа үзүүлдэг донор орнууд, олон улсын байгууллагууд  дэмжих ямар бололцоо байгаа эсэхээр хэлэлцүүлэг хийлээ. Гадаад, дотоодын судлаачид энэ нэгж нь улс төрөөс хараат бус, бодлого нь  тогтвортой ажилладаг байх ёстой гэж зөвлөж байгаа. Тэгэхээр ямар ч нам эвсэл төрд гарсан ажлаа хийдгээрээ хийж байдаг бизнесийн  мэргэжлийн олон байгууллага тэнцвэртэйгээр дунд, урт хугацааны бодлого хэрэгжүүлж байж бид гадаадын томоохон зах зээлд байр сууриа эзлэх боломжтой юм. Манай яамны зүгээс өөрийн түвшинд үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнээ борлуулах зах зээл хайж байна. Ер нь, үндэсний үйлдвэрүүдийнхээ бүтээгдэхүүнийг борлуулна гэдэг нь зөвхөн яамны асуудал биш.  Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ анхаарч ажиллах, бодлого хэрэгжүүлэх ёстой юм.

-Арилжааны банкуудын зээл олгох журамыг өөрчлөх шаардлага бий гэдэг?
-Манай яамнаас   Засгийн газрын хэрэг эрхлэх газар, ЭЗХЯ, Сангийн яам, Монголбанкинд хандаж  арилжааны банкуу­дын зээл олгох асуудлыг үйлд­вэр­­лэгчдэд хөнгөрүүлж өгөх талаар  анхаарч ажиллах  хү­сэлт хүргүүлсэн. Үэвч тухайн бай­­гууллагууд өөрсдийн эрсдэ­лээ тооцоод хойрго хандаж байна.

-Манайд татварын да­рамт их гэдэг. Энэ нь ху­вийн аж ахуй, үйлдвэрлэл хөг­жихөд саад болдог го зүйл ч гэдэг. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Монгол Улс татвар бага тогтоосон орон. Хамгийн гол нь борлуулж буй бүтээгдэхүүнээ үнэ цэнд хүргэж чадахгүй байгаа юм. Манай яамны хариуцаж буй төслүүдийн 70 хувь нь импорт орлох, үлдсэн 30 хувь нь экспорт нэмэгдүүлж болох үйлдвэрүүд. Аливаа үйлдвэрлэл бага байвал дотоодын зах зээлээ хангадаг. Үүнийгээ хангаад ирэхээр илүү бүтээгдэхүүнээ  гадаад зах зээлд гаргадаг зарчимтай. Иймд экспортод гарах бол дотоодын зохицуулалт маш чухал. Хэдийгээр хувийн компаниуд гэж байгаа ч үйлдвэрлэлийн салбараараа нэгдэж нэг бодлоготой байхгүй бол ашигтай ажиллаж чадахгүй. Одоо ажиллаж буй үйлдвэрүүдийн ихэнх нь  урт хугацаанд харвал алдагдалтай ажиллаж байгаа. Тухайн үедээ мөнгө олж, ашиг гарч байгаа юм шиг боловч үйлдвэрлэлийн зардал, зээлийн хүү, үнэ, инфляци тооцоод харвал их л эргэлзээтэй хариу гарна. Учир нь манайхан гадаадаас худалдаж авч буй бүх зүйлээ хамгийн өндөр үнээр уралдаж очоод авдаг. Гэтэл зарж буй бүтээгдэхүүнээ бие биенээсээ өрсөж үнэ хямдруулж зардаг.   Тухайлбал, 100 ам.доллараар авах бүтээгдэхүүнийг надад өгчих би 110, 120 ам.доллараар авья гээд үнэ өсгөнө. Зарж байгаа бүтээгдэхүүнээ надаас аваарай би хямдруулаад өгье гэдэг.
Үүнд төр нь хүртэл оролцож татвараа буулгаж өгөөд явж буй юм.  Гэтэл манай бууруулсан татварыг урд хөрш нэмж байж дотоод зах зээлээ хамгаалж байна шүү дээ. Тэгэхгүй бол манай нийлүүлж буй  түүхий эд, бүтээгдэхүүн  бусад орныхоос доогуур үнэтэй байгаа юм. Энэ нь тогтвортой эдийн засагт нь нөлөөлдөг учраас  тарифаа тэнцвэржүүлэх арга хэмжээ авдаг.  Хэтэрхий хямд үнээр бүтээгдэхүүнээ нийлүүлэхээр нөгөө компани нь санхүүгийн хүндрэлд ордог. Тэгээд төрөөс татварын хөнгөлөлт гуйдаг. Төр нь татвар бууруулж бүтээгдэхүүнээ борлуулсан нэр зүүдэг. Иймд хувийн хэдэн компаниуд өрх гэрээ тэжээх орлого олохоос хэтрэхгүй байна. Түүнээс биш нийгэмд  ашиг тусаа төдийлөн өгөхгүй байгаа юм. Бидэнд нэг ийм сонин дүр зураг тогтчихсон. Үүнийг өөрчлөх л ёстой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан