Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрүүл” биеэ эмчид үзүүлж хэвшье, монголчууд аа


Нэгэн бодол

Саяхан манай улсад нээлтээ хийсэн “Apple”-ийн шинэ гар утасны үнэ 1.6 сая төгрөг. Найз маань түүнээс нэгийг лизингээр худалдаж авч л дээ. Сайхан “гар” салгалж яваад автобусанд суйлуулчихсан гээд дөнгөж саяхан таарлаа. Тэр маань хагас жил лизинг төлнө, эхний сарынхаа төлбөрийг долоо хоногийн дараа өгнө. Гэвч сэрэмж алдах тэр эгшинг далимдуулсан хулгайчийн гороор хий хоосны төлөө хөлс төлөх болж. Өөрөөр хэлбэл, ашиглахгүй гар утасны төлөө тэр хөдөлмөрлөж олсон цалингаараа хэдэн сар торгуулах нь. Харамсалтай биз дээ.

Саяхан сонин уншиж суугаад манай улсад хорт хавдар монголчуудын амийг тасалж буй эрлэг болчихоод буйг ойлголоо. Жилд дунджаар 3000 гаруй монгол иргэн 200 орчим төрлийн хорт хавдрын аль нэгнийх нь хурц ирэнд хоолойгоо хэрчүүлдэг байх нь. Харамсалтай юм. Өчидөрхөн л тантай адилхан, надаас ялгаагүй ажилдаа ирж, хийх ёстойгоо төлөвлөж, ид бүтээгээд инээж явсан хүмүүс. Хавдар хэдийгээр бүрэн эдгэрдэг өвчин боловч овоо босгоогүй бол шувуу суухгүй гэдэгчлэн өвчин тусаагүй бол хавдар болж, үхэл нүүрлэхгүй шүү дээ. Гэтэл өөрийгөө хайрлаж, биеэ гамнаж, эрүүл мэндээ анзаарч үзээгүйн гороор хийсэн, бүтээсэн, хөдөлмөрлөсөн бүхнээ өвчнөө дарахын төлөө, өдөр өдрийн нарыг харах төдийхөнд зориулж, зарж, үрж дуусгаж байна. Гар утсанд цалингийнхаа хагасыг өгч байгаа найзын минь хажууд өвчний эсрэг бүхнээ тавьж тууна гэдэг бол сүйрэл. Хүнд шатандаа орчихсон өвчнийг “Ямар ч хамаагүй үнээр” дарж чадлаа гэхэд аз жаргалтай амьдрал нь зогссон газраасаа үргэлжлэхгүй харин дахиад доороос эхлэх огт өөр тавилан хүлээж байх болно. Найз маань долоохон сарын дараа шинээр зээл аваад, шинэ “iPhone 6” утсаа нүдний цөцгий мэт сэрэмжлэн хамгаалаад, ажлаа хийгээд, өсч дэвжээд л явна. Харин хорт хавдраа хүнд шатанд нь оношлуулсан хүнд тийм боломж бараг л тэг хувь. Тэсч давлаа гэхэд ёроолоос нь эхэлж, ядуурал руу унана гэсэн үг. Тийм болохоор л өвчин тусахгүй байх нь л хамгийн чухал.

Гол яриандаа орохоосоо өмнө Монгол Улсын иргэн бүрийн хэвлийн хөндийд хүн амын эрүүл энхийн төлөөх үйлсэд дорвитой хувь нэмэр оруулж, өнөөг хүртэл оногдсон үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэсээр буй 2.9 сая гаруй Элгэнд үнэхээр талархал илэрхийлье, та бүгдийг /минийхийг ч гэсэн/ бурхан ивээх болтугай гэж хэлмээр байна. Яагаад гэвэл...

Бас нэгэн бодол

Саяхан нэг танил маань сэтгэл гундуу яваагаа ярьж байлаа. Ээжийнх нь ах эмнэлэгт хэвтэж байгаа гэнэ. Тэрний яриаг сийрүүлье.

Ахыгаа эргэхээр автобусанд суугаад, Халдварт дээр буулаа. Нэлээд муудчихсан, найдлага бараг үгүй гэдгийг ээжээс сонссон болохоор ороод юу ярих, яаж мэндчилэх учраа ч олохгүй бодож явсан. Ортол ахын маань царай цонхийж шарлаад, тураад нүднээс гарчихаж. Өвдөөд гэртээ байх үед нь очиход арай ч ийм байгаагүй юм. Ярих, хэлэлцэх сэдэв ч олдохгүй байв. Бие нь яаж байна, эмнэлгийн хоол ямар байна гэхчлэн ойр зуурын л үг аманд орж ирэхээс түүнээс давсан ярианы сэдэв болгоныг “Муу ахтайгаа тэрийг ярих ямар хэрэгтэй билээ” гэх эргэлзээ тас цохиж байсан... Ах чинь шарлачихсан юм уу гэж лавлаж асуутал үгүй дээ, элэгний хорт хавдартай гэв.

Үнэндээ ах нь Халдвартад биш Хавдрын эмнэлэгт хэвтэж байгаа аж. Надад энэ хоёр нэр холбоотой ч юм шиг, ойролцоо болохоор нэг ойлголт ч юм шиг санагддаг байсан үе бий. Тус, тусдаа байгууллага боловч өвчин тусч, зовж буй хүмүүсийн хувьд ойр байхаас аргагүй холбоотой эмнэлгүүд юм байна. Уг нь, бүх хүн энэ хоёрын дундуурх замаар нэвт гарч, алингаар нь ч орохгүй, очихгүй, хэвтэхгүй тойроод Нарантуул орчихоод буцах боломж бий. Гэвч өнөөдөр тэнд, элэгний тасагт хүмүүс багталцахаа байж, өвчиндөө шаналж байгаа гэнэ. Үнэхээр харамсалтай юм, тийм үү.

Дахиад нэгэн бодол

Монголд мянгаар тоологдох хорт хавдраар нас барагсдын дийлэнх хагас нь элэгний хорт хавдартай гэдгийг мэргэжилтнүүд онцолжээ.

Элэг. Хүний таван литр цус биеийн хамгийн том энэ эрхтнээр өдөрт хэдэн зуун удаа дамжиж байдаг. Ингэхдээ цус цэвэрлэгддэг, бүлэгнэх бодисоо эндээс хангадаг, эрдэс бодисоо “нэхэж” авдаг. Товчхондоо, хүний идсэн хоол хүнснээс амин чухал хэрэгцээг цусанд нийлүүлж, төлжүүлэх гол үүрэг элгэнд оногддог. Дээрхээс гадна нүүрс ус, өөх тос, уураг, амин дэм, даавар, фермент гээд бодисын солилцоог зохицуулж, биед агуулагддаг будагч бодисын солилцоонд элэг оролцож байдаг аж. Жишээ нь, шарлах өвчин тусна гэдэг нь элэгний үйл ажиллагаа доголдсонтой шууд холбоотой бөгөөд мэргэжлийнхэн гепатит гэж нэрлэдэг юм. Гепатит нь үндсэндээ есөн төрөл байх боловч A, B, C, D, E зэрэг нь түгээмэл. Тэр тусмаа эхний хэд нь манай улсад газар авч халдварласан. Энэ вирус яаж яваад элгэнд очдог вэ гэдэг нь ихэнх хүнд ойлгомжтой юм шиг мөртлөө ойлгож ухаардаг нь цөөн юм. Элгийг хамгийн их гэмтээдэг гепатитаас сэргийлэх нь тун ч энгийн аргачлал. Гараа сайн угааж байвал гепатитаар өвчлөхгүй гэдэг нь цаанаа хувийн ариун цэврээ сайтар сахиарай гэсэн санаа. Түүхий ус уухгүй, нийтийн бие засах газраас гарахдаа гараа савандаж угаагаад, шивээс, чих цоолох зэрэгт нэг удаагийн багаж хэрэглэхийг шаарддаг, тохиолдлын бэлгийн хавьталд бэлгэвч хэрэглэж заншсан, архи уудаггүй хүн л шарлах вий гэж айх хэрэггүй. Товчхондоо, цус бохирдох эрсдэл үүсгэхгүй байхад л та шарлахгүй нь. Шарлахгүй бол элэг төгс ажиллана. Төгс ажиллаж байгаа элгэнд хавдар юм уу хатуурал үүсэх үндэс ч байхгүй. Ердөө л ийм амархан.

Оройтсон ийм нэг бодол

Найз маань яриагаа үргэлжлүүлэхдээ ахынхаа эрүүл саруул, ид ирмүүн насандаа хэрхэн сайхан амьдарч байсныг хэллээ.

Элэгнийх нь хорт хавдар хүндрээд эмнэлэгт хэвтэж байгаа ахынхаа тухай бодох болгонд бүр анхных нь дүр зураг руу эргэж очдог. Ажил төрөлтэй, авгай нь хоёр хүүхэд төрүүлчихсэн, гурав дахь нь охин, гэдсэндээ. Намар дуусах дөхсөн тул намайг хашаанд нь нүүрс буулгахад туслуулахаар гэртээ дуудаж байсан. Багын, 10 жилийн ангийн, цэргийн, дээд сургуулийн, өмнөх ажлын газрын олон найзтай хүн. Монголчуудын л адил тэдэнтэйгээ уулзахдаа ёс болгож хүртэхдээ хүртдэг, уух үедээ уучихдаг боловч агсарч, согтуурч ар гэр, ах дүүсдээ гай төвөг болдоггүй ухаантай эр. Гэвч олон найзтай, олон найзын тоолонгоор сархад сөгнөх шалтаг ихтэй, тэр болгоныг “зөв” шингээдэг жинхэнэ монгол эр байлаа ч сүүл сүүлдээ шимтэж, дурлах болсныг манайхан анзаарч, эхнэр нь ч гомдоллох болсон. Бүгдээрээ л хэлдэг, сануулдаг, зөвлөдөг байсан ч үглэх, янших, зандрах, зэмлэх үгс гарыг нь хүлж, амыг нь скочдож, архийг нь булааж асгах шиг үр дүнтэй биш юм билээ. Нэг л мэдэхэд цээжээ дарж унаад, шөнө оройдоо ёолж хонодог болсон байсан. Ажилдаа ч явахаа больж, алхаа гишгээ нь сульдаж, найзуудынх нь хүрээлэлд “Архины” тодотголтой шинэ бүлэг нэмэгдсэнийг нь эмнэлэгт хэвтсэн хойгуур гурван нөхөр сураглаж гэрээр нь ирэхэд л бид мэдсэн. Ах дүү нь, манай ээж бүгдээрээ тэр өдөр эмнэлэгт очихдоо элэгний хавдартай гэдгийг нь сонссон гэж ярьсан юм.

Олдмол нэгэн бодол


“Ахыгаа болиулж чадсан бол өнөөдөр элэг нь эрүүл, царай төрх нь хуучнаараа, яриа хөөрөө ч сайхан энгүүн байх байсан. Чадсан бол...” гэхдээ нүдэнд нь нулимс цийлэгнэх найзыгаа харахаар хямарчих гээд болдоггүй. Мөрийг нь алгадаж тайвшруулах аядаад бид салж, би харьж явахдаа нэг зүйл бодлоо. Гараа тогтмол угаадаггүй, хааяа архи уухаараа тасарчихдаг, далан дээрээ нэг шивээс хийлгэсэн... Би ер нь элгээ шалгуулж үзэх цаг болчихсон юм байна шүү гэж бодсон. Би гэлтгүй гэрийнхэндээ, хамаатнууддаа ч хэлэх нь зүйтэй гэж шийдлээ.

Ер нь... Хүн хөлдүү мах өшиглөж байгаад хуруугаа исгэчихээр даавууны өөдөс олж боож өгөх зуураа “Болгоомжтой байхгүй дээ” гэж зэмлэнгүй хэлдэг. Үнэндээ би тэр махыг өшиглөж байгаад ч болгоомж алдаж болзошгүй шүү дээ. Харин өвчин гэдэг, хорт хавдар гэгч үүнээс тэс өөр. Хүн бүрт болгоомжлох боломж, нөхцөл байдаг бөгөөд хавдар ч олон үе шаттай, эзэндээ боломж олгож аль болох зугуухан тэлдэг. Эрт илрүүлээд эдгээгээд аваасай л гэснийх биз. Хүн эмнэлэгт хэвтчихээр “Биеэ сайн үзүүлж байхад яадаг байна аа” гэж нөхөрсгөөр хэлдэг. Өвчин хүндэрч, эмнэлэгт хэвтэхээс өмнө биеэ үзүүлж байна гэдэг бол шууд утгаараа урьдчилан сэргийлэх л явдал юм. Албан үгээр л урьдчилан сэргийлэх гээд байгаагаас биш эрүүл биеэ эмчид үзүүлж, шалгуулж байхын нэр. Харамсалтай нь, эмээ, өвөөгийн сургаалаар муу ёрлож болохгүй учраас “зүв зүгээр” байгаа биеэ эмчид үзүүлэх нь нүгэл. Энэ нүглийг үйлдэхгүй байх нь ч завгүй, залуу, залхуу хүмүүст завшаан. Тийм ч болохоор өвдөөд босч чадахгүй болсон хойноо, халдвар ужиграад хавдар болчихсон үедээ, хавдар томроод хор гороо таниулаад эхэлсэн цагт л монголчууд эмнэлэгт ханддаг. Хамгийн харамсалтай нь, тийм тохиолдолд эмч байтугай бурханд ч хийж чадах зүйл үлдээгүй, шулуухан Үхэл гэдэг харанхуй хаалга нээгдэх шиг болдог шүү дээ. Наад захын жишээ хорт хавдар. Монгол Улсад жилдээ 4000 орчим хүн хорт хавдраа оношлуулж, хүнд өвчтэй гэдгээ олж мэддэг боловч нас барагсдын тоо 3000 давчихсан.

Ийм нэгэн бодол

Саяхан даа, саяхан. “HBO” сувгаар Дензел Вашингтоны тоглосон “Нислэг” гэдэг кино үзлээ. Тэр онгоцны ахмад нисгэгч боловч архинд дуртай, түүнийгээ хүлээн зөвшөөрдөггүй. Гайтай тэр өдөр согтуугаар онгоц жолоодож явтал онгоцны чиглүүлэгч гацаж, хөлөг эгц доош тонгойн унаж эхэллээ, хошуугаараа газар шаах байв. Согтуу ч гэлээ ахмад зөөлөнх зэлүүд газардах боломж олдтол онгоцоо урууг нь харуулж нисэхээр боллоо. Толгойгоо доош харуулах нь ч зөв байж, ослын буулт харьцангуй амжилттай болжээ. Бүгд үхэж болзошгүй байсан 105 хүнээс зургаа нь л амь үрэгдэж. Гэвч тэр зургаа амийг нь нэхэх ам бүлтэй учраас шүүхийн зарлан ирнэ. Дензел Вашингтоны дүр нэг талаасаа 99 хүний амь аварсан гавьяатай ч зургаан хүний аминд хүрсэн ялтай. Тэгээд шоронд орохгүй гэж, өөрийгөө архинд донтоогүй гэж биеэ л өмөөрнө. Та нэг үзээрэй. Киноны дунд нэг хорт хавдартай эр, хар тамхины хамааралтай эмэгтэй гардаг. Бүсгүйн хувьд ажил хийж, амьдралаа үргэлжлүүлж чадах ч мансууралд донтсон. Харин хавдартай залуу халзан. Кинонд богинохон хугацаа эзэлдэг хэдий ч “Би маргааш өглөө сэрэх юмсан л гэж боддог, залбирдаг” гэх үг нь нөгөө хоёр дүрээ тодотгоно. Муу найзын минь ах яг л түүн шиг маргаашийн нарыг л харчих юмсан гэж боддог байх даа гэж бодогдов.

Дензел эцэстээ үнэнд гүйцэгдэж өмгөөлөгчийн бүх хичээл зүтгэлийг баллан өөрөө буруугаа хүлээж шоронд ордог. Хар тамхинд орсон бүсгүй ч өөрийгөө татаж авч, царайдаа инээмсэглэл тодруулсан тавилангаа эргүүлж олсон. Халзан залуу тэр үед тэнгэрийн оронд оччихсон ч байж магадгүй боловч түүнийг бодвол нөгөө хоёр дүр нь амьдралыг олон сайхан аргаар, эрүүлээр мэдрэх боломж өмнө нь байгаа азтай хүмүүс юм. Яг үүнтэй адилаар монголын 2 сая 984 мянган хүнд хорвоо ертөнцийг эд эрхтэн бүрээрээ мэдэрч, яг одооноос сайхан амьдрах боломж байгаа нь гарцаагүй. Гагцхүү тэр болгонд өвчин зовлон, шаналал, хагацал саад болж чадна. Гэхдээ тэр гашуун бүхнээс сэргийлэх боломж бидэнд үргэлж байгаа нь сайхан юм.

“Эрүүл” байсан ч эмнэлэгт оношлуулж хэвшье, миний сайхан монголчууд аа.

Б.ГАНБИЛЭГ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан