Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Томилогдох сайд нарын амлалт


Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн танхим албан ёсоор баталгаажаагүй ч бүрдлээ. Баасан гарагт УИХ-ын холбогдох Байнгын хороодоор нэр дэвшигчдээ хэлэлцүүлж, дэмжүүлсэн. Үргэлжлүүлээд тэр оройдоо УИХ-ын чуулган хуралдуулж, хэлэлцэж эхлээд Шадар сайдад У.Хүрэлсүхийг томилов. ЗГХЭГ-ын даргад нэр дэвшсэн С.Баярцогтыг томилох талаар хэлэлцэх үед гишүүдээс багагүй шүүмжлэл гарсан. Оюу толгойн гэрээ болон оффшор дансны талаар хөндсөнд С.Баярцогт “Оюу толгойн гэрээг байгуулахад Монгол Улсын төлөө ажилласан. Үе үеийн Засгийн газар Оюу толгойн гэрээний биелэлтийг шаардаж ажиллах ёстой. Данстай холбогдуулж АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэж, есөн сар шалгаад хэрэгсэхгүй болгосон” гэдэг тайлбар өгөв.

Шөнийн цагаар чуулган хуралдуулж, сайд нар томилж байгааг шүүмжилсэн УИХ-ын гишүүн Н.Батбаярыг “согтуу байна явах хэрэгтэй” хэмээн УИХ-ын дарга З.Энхболд анхааруулсан юм. Сайд нарыг томилуулахаар нэрсийг өргөн барьснаас ажлын гурав хоногийн дотор УИХ-аар хэлэлцүүлж батлуулах ёстой. Тиймээс баасан гарагийн хуралдаанаа өндөрлөж, 9-ний мягмар буюу маргааш үргэлжлүүлэхээр болсон юм.

Чуулганыг 23 цагаас хойш эхлүүлээд сайд нарын томилгоог хэлэлцсэн нь шүүмжлэх асуудал мөн ч УИХ-ын чуулганы танхимд УИХ-ын гишүүн согтуу сууж байсан нь ёс зүйтэй үйлдэл биш. Ер нь томилгоо хэлэлцсэн баасан гарагийн шөнө согтуу гишүүн ганц нэгээр тогтоогүйг зарим эх сурвалж хэлж байгаа юм. Ямар ч байсан зарим шүүмжлэлийг авч Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танхимдаа “дан дээл”-тэй сайд нар түлхүү оруулж ирсэн.

Засагт хамтарч буй МАН-ынхан сайдад нэр дэвшигчдийнхээ талаар баасан гарагт албан ёсоор мэдээлэл өгсөн. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “МАН үндсэн чиг үүргийн сайд УИХ-ын гишүүн байж болно. Бусад чиглэлийн сайд нарыг гаднаас томилох ёстой гэсэн байр суурь баримталсан. Энэ дагуу нэр дэвшсэн зургаан хүний хоёр нь үндсэн чиг үүргийн сайд бөгөөд УИХ-ын гишүүний алба хашиж байгаа” гэсэн юм. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат сайдад нэр дэвшигчдээ тодруулахдаа давхар дээл, жендерийн гэх зэрэг олон талын шалгуурыг харгалзаж үзсэн хэмээсэн.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сайдад нэр дэвшигчидтэй уулзаад “Амрах, ажил цалгардуулах хугацаа та бүхэнд байхгүй. Засгийн газрын зүгээс тулгамдсан асуудлыг эрчимтэй, зоригтой, хурдтай шийдэж ажиллахыг бүх талаар дэмжиж ажиллана. Хуулийг дээдэлж, ёс зүйтэй, хариуцлагатай ажиллах ёстой. Амьдралаа өөд татах, ар гэр, хажуудаа байгаа найз нөхдөө өөд татах, нам, хамт олноо харж үзэх зэрэг хууль зөрчсөн, авлигын шинжтэй үйл ажиллагаанд оролцохыг хэрхэвч тэвчихгүй. Халаа солио хийх, ялангуяа мэргэжлийн, ажлаа сайн хийж байгаа хүмүүсийг сэлгэж болохгүй. Томруулдаг хүчин зүйлүүдийг алга болгодог санаачилгуудыг УИХ-д маш хурдан хугацаанд оруулж шийдүүлэх байх гэж бодож байгаа. ДНБ-д Засгийн газрын эзэлж байгаа зардлын хэмжээг асар багасгах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн хүн Засгийн газрын гишүүнийг хавсарч ажиллахыг би дэмжихгүй. Намын бүлгүүдийн хувьд хамтарч ажиллах нь энгийн зүйл. Энд орж ирж байгаа төлөөллийн хүмүүс нам, намынхаа бүлэг дээр, намынхаа удирдах байгууллага дээр Засгийн газрыг манай нам, манай бүлгийн зүгээс, манай намын бүлэгт багтдаг гишүүдийн зүгээс огцруулах асуудлыг санаачилж тавихгүй гэсэн шийдвэр гаргах ёстой.

Монгол Улсын өмнө тулгамдаж байгаа хүнд асуудлыг шийдэх Засгийн газар байна гэдэгт итгэх итгэл аль аль талдаа бий болно. Засгийн газрын гишүүд дээр хариуцлага тооцох асуудал гарах юм бол Ерөнхий сайдад л хандаж асуудал тавих ёстой. УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүнийг огцруулна гэдгээ болих хэрэгтэй. Энэ хугацаатай ажил дээр янз бүрийн зүй бус, ёс бус, хууль зөрчсөн, авлига, хээл хахууль, янз бүрийн шударга бус зүйлтэй холбогдсон нэг ч мэдээлэл энэ Засгийн газраас сонсогдож болохгүй. Сонсогдоод асуудал гарах юм бол тухайн хүнтэй шууд хариуцлага тооцоод явах ёстой” гэж санууллаа.
Ч.Сайханбилэгийн бүрдүүлж буй танхимд ажиллах сайд нар Ерөнхийлөгчтэй уулзахдаа хэрхэн ажиллах талаараа байр сууриа ингэж илэрхийлж, нэг ёсондоо амлалтаа өгсөн юм.


Шадар сайд У.Хүрэлсүх Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын сайд, МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад УИХ-ын гишүүн болсон ч өөрийн хүсэлтээр 2012 оны арваннэгдүгээр сард чөлөөлөгдсөн. “Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэхүү хүндэрсэн нөхцөл байдлыг  даван туулах, эдийн засгийн уналтыг зогсоох явдал бол бидний анхаарах хамгийн гол асуудал” гэв.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад нэр дэвшигч  С.Баярцогт 2004-2006 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, 2008-2012 онд Сангийн сайдаар ажиллаж байсан. Улс төрийн өргөн хэмжээний тогтвортой байдал, дэмжлэгийг Ерөнхий сайдад үзүүлэх ажлыг уялдуулан зохион байгуулж, эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд барагдуулахын тулд кабинетийг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллуулахаа хэлэв.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдад нэр дэвшигч С.Эрдэнэ өмнөх Засгийн газраас үлдэж байгаа хоёр сайдын нэг. Өнгөрсөн хоёр жилд хүн амын хөгжлийн чиглэлээр хийсэн ажлаа үргэлжлүүлнэ. Эдийн засгийн хүндрэлтэй өнөө цагт хүн амын нийгмийн хамгааллын бодлогыг эрс сайжруулах зайлшгүй шаардлагатай. Нийгмийн халамжийн чиглэлээр хийж буй шинэчлэл, нийгмийн даатгалын тогтолцоог  шинэчлэх, эрүүл мэндийн тогтолцоог шинэчлэх үйл ажиллагааны чанарыг дээшлүүлэх чиглэлд гол анхаарлаа хандуулж ажиллана. Улс орны нийгэм, эдийн засгийн байдал, хүний хөгжлийг анхааран ажиллаж хүн амын хөгжлийн бодлогыг сайжруулах ажлууд дээр гол анхаарал хандуулж ажиллахаа хэлсэн юм.

Гадаад хэргийн сайдад нэр дэвшигч Л.Пүрэвсүрэн Ерөнхий сайдаар Н.Алтанхуяг ажиллаж байх үед шинэ бүтцийн дагуу Гадаад харилцааны салбарыг авч явах хүнээр нэр дэвшиж байсан, Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан. Тэрээр “ОХУ болон БНХАУ-ын төрийн тэргүүний Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр тохирсон ажлуудыг ажил хэрэг болгох тал дээр анхаарна. Мөн АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлыг хангах том зорилт бий” гэлээ.

Сангийн сайдад нэр дэвшигч Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймгийн Засаг дарга, мөн аймгийн Санхүү, эдийн засгийн газар, хэлтсийн даргаар ажиллаж байсан. Хямралаас гарах төлөвлөгөөг хамтран боловсруулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Одоогийн нөхцөл байдлыг дүгнэсний дараа үүнд тулгуурлан хямралаас гарах төлөвлөгөөгөө боловсруулна. Эдийн засаг, санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлэх гадаадын улс орнууд, байгууллагуудтай хамтран ажиллахад өрийн босго, хязгаарын асуудал гарч ирнэ. Энэ асуудлыг Засгийн газар, нам эвслийн түвшинд ярилцах болно гэв.

Аж үйлдвэрийн сайдад нэр дэвшигч Д.Эрдэнэбат АН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан учир өнөөдөр ажлаа хүлээлгэж өгөх аж. “Аж үйлдвэрийн яам манай орны хөгжлийн стратегийг тодорхойлох ёстой учир маш богино хугацаанд зохион байгуулж, мэргэжлийн боловсон хүчнийг бүрдүүлэх тал дээр анхаарч ажиллана. Монголын экспортыг нэмэгдүүлэх, импортыг хязгаарлах чиглэлийн дагуу аж үйлдвэрээ хөгжүүлэх, цэгцтэй удирдлага зохион байгуулалтыг бүрдүүлэх тал дээр төвлөрч ажиллана. Дотоодын хүнд хөнгөн үйлдвэрүүдээр дамжуулан экспортоо нэмэгдүүлэх боломжтой гэж” тэрээр хэлсэн.

Хуульзүйн сайдад нэр дэвшигч Д.Дорлигжав Улсын ерөнхий прокуророор ажиллаж байсан учир Ерөнхийлөгч баасан гарагт чөлөөлсөн. Хууль зүйн салбарт хийх шинэчлэлийн талаар ҮАБЗ-өөс сайшаасан хөтөлбөр бий. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд батлагдсан, өргөн баригдсан болон боловсруулж буй хуулиудыг энэ үзэл санааны хүрээнд дахин нягталж, цогц байдлаар УИХ-д өргөн барьж, хаврын чуулганаар батлуулах зорилт тавин ажиллана. Хуулийн салбарын боловсон хүчний мэргэжлийн, ёс зүйн, удирдах арга барилын давтан сургалтыг эрчимтэй хийх шаардлага байгаа. Хууль зүйн салбарын бүтцийг оновчтой болгож, ажил үүргийн хуваарийг давхцуулахгүй болгох тал дээр ажиллана хэмээсэн юм.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад нэр дэвшигч Л.Гантөмөр энэ салбарын сайдаар улиран томилогдох нь. Тэрээр “Боловсролын салбарт сүүлийн хоёр жил хэрэгжүүлсэн бодлогоо үргэлжлүүлнэ. Үүний үр дүнг бид богино хугацаанд харна гэж үзэж байгаа. Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, багшийн хөгжлийн бодлогын үр дүнг бид ойрын ирээдүйд харна гэдэгт итгэлтэй байна. Эдийн засгийн хямрал, өнөөгийн нөхцөл байдлыг харахад Монгол Улс шинжлэх ухаанд суурилсан мэдлэгийн эдийн засаг руу шилжих шаардлага бий. Үүний суурийг бид үлдсэн хугацаанд бид тавьж чадна гэж үзэж байгаа. Энэ яаманд соёлын асуудал  ирж байгаа. Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж байсан монголчууд олуулаа болохын тулд монгол соёлыг өвлөх, уламжлах, дэлгэрүүлэх бодлогуудыг цаашид үргэлжлүүлэн баримтална” гэлээ.

Байгаль Орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад нэр дэвшигч  Д.Оюунхорол УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга. Дэлхийн улс орнууд байгаль орчныг хамгаалах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ баримталж буй хандлага  зарчмуудыг мөрдөн Байгаль орчин ногоон хөгжлийг тогтвортой байдлыг хангаж ард иргэдээ эрүүл, аюулгүй орчинд амьдруулахад хичээн зүтгэж ажиллах болно. Байгаль, соёлын аялал жуулчлалыг өндөр түвшинд хөгжүүлж, Монгол орныхоо унаган байгаль, онгон төрхийг хадгалахад анхаарч аялал жуулчлалын газар нутагт уул уурхайн аливаа үйл ажиллагаа явуулах хязгаарлалт тогтоох, гадна дотны жуулчлалыг нэмэгдүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэхээ илэрхийлэв.

Хөдөлмөрийн сайдад нэр дэвшигч С.Чинзориг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайдаар ажиллаж байсан. Энэ салбарт шударга, ил тод, нээлттэй байх зарчмыг баримтлан ажиллана. Хөдөлмөрийн салбар өөрөө салбар дундын олон зохицуулалт шаардсан салбар учраас кабинетын зарчмаар ажиллана. Ажлын байрыг хадгалах, иргэдийн худалдан авах чадвар муудаж байгаа үед орлогыг нэмэгдүүлэх, орлогын зөрүүг ойртуулах талаар арга хэмжээ авч ажиллана. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөл буурахгүй байгаад анхаарч хууль тогтоомжид өөрчлөлт оруулахад анхаарч ажиллах гэнэ.

Уул уурхайн сайдад нэр дэвшигч Р.Жигжид Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад бүтцийн өөрчлөлтөөр сайдад яригдаж эхэлсэн. Ашигт малтмалын хайгуулын  тусгай зөвшөөрлийг олгох хүрээнд ажлууд бий. Үүнийг яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай байна. 106 зөвшөөрлийн асуудлыг шийдвэрлэхээр хэрэгжүүлж эхэлсэн ажил явж байгаа. Оюу толгой, Таван толгой зэрэг төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулвал Монгол Улсын эдийн засагт бодитой хувь нэмэр оруулах тул үүнд түлхүү анхаарч ажиллана. Нүүрс боловсруулах чиглэлээр, тухайлбал, хий гаргах, шингэрүүлэх, хуурай аргаар баяжуулах гэх мэт чиглэлд анхаарч ажиллана. Нефть боловсруулах үйлдвэр барих нь нэлээд тулгамдсан асуудал болж байгааг цаашид анхаарна. Үндэсний боловсон хүчний бодлого баримталж, гадаадын мэргэжилтний гарыг аль болох харахгүй, богино хугацаанд мэргэжилтэн бэлтгэх зэрэг чиглэлүүдийг анхааралдаа авснаа тэрээр танилцуулав.

Хүнс, хөдөө аж ахуйн сайдад нэр дэвшигч Р.Бурмаа “Монгол Улсын хөгжилд нөлөөтэй төдийгүй стратегийн чухал. Эдийн засгийн хямралаас хамгаалах, гаргах нөөц боломжоо бүрдүүлж хямралыг даван туулахад анхаарна гэж үзэж байгаа. Хүнс, хөдөө аж ахуйн салбарт талуудын оролцоог хангах, мэргэжлийн судалгаа зөвлөмжийг ашиглахад түшиглэн ажиллана. Салбарын чиглэлээр УИХ-д өргөн баригдсан хуулийн төслүүд дээр ажиллаж илүү боловсронгуй болгох талаар ажиллаж, энэ салбарт хийгдэж ирсэн ажлуудыг үргэлжлүүлнэ гэлээ.

Барилга хот байгуулалтын сайдад нэр дэвшигч Д.Цогтбаатар ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан. Өнөөгийн нөхцөл байдал их эмзэг гэж дүгнэж байгаа учраас цочирдуулахгүй, үйл ажиллагааг нь дэмжих, үргэлжлүүлэх тал дээр анхаарна. Хот байгуулалтын дахин төлөвлөлтийг хотын захиргаатай хамтран хэрэгжүүлэх ёстой гэж бодож байна. Барилгын стандартыг орчин үеийн түвшинд хүргэж ажиллах тал дээр анхаарна. Нөгөө талаас барилгын хөдөлмөрийн аюулгүй байдалыг анхаарч, барилгын байгаль орчинд ээлтэй, өртөг багатай шинэлэг технологи нэвтрүүлэх тал дээр ажиллахаа илэрхийлсэн.

Зам тээврийн сайдад нэр дэвшигч Н.Төмөрхүү МАН-аас 2012 онд Өвөрхангай аймагт нэр дэвшиж байсан, НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч. “Сүүлийн хоёр жилд замын ажлууд сайн хийгдэж, замын аж ахуйн нэгжүүд чадавхи, чадамжтай болсон. Салбарын бодлого залгамж чанарыг үргэлжлүүлнэ. Төрөөс төмөр замын салбарт баримтлах бодлого, авто замын сүлжээ үндсэн трассын бодлого батлагдсан болохоор үүнийг үргэлжлүүлэн ойрын хугацаанд аймгийн төвүүдийг авто замаар холбох болон төмөр замын ажлуудыг яаралтай хийх хэрэгтэй байгаа. Төмөр зам, авто зам, иргэний агаарын тээвэр гээд салбаруудыг мэргэжлийн хүмүүсээр удирдуулна” гэсэн юм.

Эрчим хүчний сайдад нэр дэвшигч Д.Зоригт бүтцийн өөрчлөлтөөр Сангийн сайдад нэр нь яригдаж байсан. Эрчим хүчний салбарын хууль эрх зүйн салбарын шинэчлэлийг сайжруулахад оролцож байсан. Дунд, урт хугацааны зарим асуудлыг зайлшгүй шийдэх ёстой. Том цахилгаан станцууд, Тавантолгой, гурав, дөрөв, тавдугаар станц, Эгийн гол, Шүрэнгийн усан цахилгаан станц зэрэг ажиллаж байгаа төслүүдийг үргэлжлүүлнэ. Ойрын хугацаанд энэ салбарын түлш, эрчим хүчний найдвартай байдал чухал байна. Энэ өвлийн болон ирэх жилийн бэлтгэл гээд ажлууд байна хэмээв.

Монгол Улсын сайдад нэр дэвшигч М.Энхсайхан Таван толгой цахилгаан станцын төслийг хариуцаж байгаа, 1996-1998 онд Ерөнхий сайд, 2006-2008 онд Шадар сайдаар ажиллаж байв. “Монголын нийгэмд тулгамдаад байгаа эдийн засагт зайлшгүй шийдэх ёстой томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд би өөрийгөө дайчилж ажиллах болно. Гол нь Оюутолгой, Тавантолгой, төмөр зам гээд улс орны цаашдын хөгжилд чухал ач холбогдолтой томоохон төслүүд нарийн арга зүй шаарддаг. Монголын хувьд энэ нь анхдагч төслүүд учраас алдаж онохын зовлонг бид туулж яваа учир шийдвэрлэхэд миний туршлагыг ашиглахаар хандсанд итгэл дааж ажиллана” гэв.

Батлан хамгаалахын сайдад нэр дэвшигч Ц.Цолмон Барилга хот байгуулалтын сайдаар 2006-2008 онд ажиллаж байсан, МҮАН-аас нэр дэвшиж УИХ-ын гишүүн болсон ч МАХН-д орсон. Манай улс төрийн бүх хүчнүүд бүгд ойлголцдог нэгдсэн бодлого, концепциор Батлан хамгаалахын яам явж байгаа. Энэ бодлогын хүрээнд бид ажиллах болно. Батлан хамгаалахын бодлогод сүүлийн үед шинэчлэл хийгдэж, боловсруулж байгаа зүйлүүд бий. Үүнтэй УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга байхдаа танилцаж, энэ чиглэлийг дэмжиж байсан.  Засгийн газрын бодлого, Ерөнхийлөгчийн чиглэл, үүргийн дагуу Монгол Улсын Зэвсэгт хүчнийг улам бүр бэхжүүлэх, техникийн болон бусад чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр санаачилга, чармайлттай ажиллахаа илэрхийлсэн.

Эрүүл мэнд, спортын сайдад нэр дэвшигч Г.Шийлэгдамба 2004-2008 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа. Тэрээр “Улс орон нийгэм эдийн засгийн ихээхэн хүндрэлтэй олон асуудлыг давж шийдвэрлэх ёстой энэ цаг үед Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайдаар ажиллах хариуцлагатай үүрэг ногдож байгааг ухамсарлан ойлгож байна. Эрүүл мэндийн салбарын хувьд товчхон хэлэхэд энэ салбарын үр дүнтэй, зохистой удирдлага, шуурхай, хариуцлагатай, найдвартай үйл ажиллагаа, зөв үр дүнтэй санхүүжилт гэсэн ийм гурван чиглэлд энэ салбарын өмнө явуулж ирсэн бодлогыг үргэлжлүүлэх, түүнчлэн саяны томъёолсон гурван асуудалд илүү анхаарал хандуулж ажиллах болно. Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, үүн дотроо Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг цааш нь гүнзгийрүүлэхэд салбарын сайдын хувьд Засгийн газрынхаа нэгдмэл үйл ажиллагаанд тулгуурлаж, ард иргэдийнхээ санал хүсэлтийн дагуу ажиллана” гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
МЭДЭГДЭЛ 2024.05.01