Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүүний эмээ

Орчин үеийн метрополитан хот лаанбаатарын төвд нэгэн жижигхэн мухлаг байх. “Сүү, цагаан идээ” гэсэн хаягтай энэ мухлагийн эзэн нь 80 насыг шүргэж яваа  Жавзмаагийн Доржханд гуай. Сааль сүү үнэртсэн мухлагт нь ороод “Яг л хөдөө ирчихсэн юм шиг санагдаж байна шүү, эмээ” гэвэл “Насаараа сүү саасан болохоор эмээгийнх нь биед шингэчихсэн юм байлгүй дээ” гэх буриад эмээ миний нийтлэлийн эзэн. Сүүтэй цай, цөцгийтэй талхаар угтсан түүний туулж өнгөрүүлсэн амьдралын дурсамж дундуур цөөн хором аялж нулимстай, инээмсэглэлтэй яриа дэлгэлээ. Хүн итгэлээр амьдарч, дурсамжаараа хөглөгддөг. Тэгвэл эмээгийн туулж өнгөрүүлсэн амьдрал ямархан хөг эгшиг дуурсгаж байдгийг мэдэрч түүнийгээ чадах ядахаараа хөрөглөн бичихийг хичээв.
Эмээ бид хоёрын яриа нутаг уснаас нь эхэллээ. Хүний өсч төрсөн орчин хүн болох төлөвшлийнх нь нэгэн хэсэг болдог ажээ. Эмээ Хэнтий аймгийн Биндэр сумынх. Өмнө нь хоёр ч удаа энэ сумаар буугаад мордохдоо буриад зоны амьдралын нэгээхэн амтыг цөцгийтэй талхны зөөлнөөс нь мэдэрсэн билээ. Буриад зоны өлгий нутаг болсон Биндэрийнхэн юу юунаас илүү их эзэн Чингис хааны нутагт амьдардагаараа бахархах дуртай. Энэ л нутагт Монгол Улсын төрийн шагналт, ардын уран зохиолч С.Эрдэнэ мэндэлсэн. Түүний тансаг үгсийг цогцлоон бичсэн алдарт өгүүллэгүүд энэ л нутгийн ур ундрага. Нийтлэлийн эзэн эмээ ч тэр л нутгийн бас нэгэн хэсэг юм.

“Манай Биндэрт 1953 оноос нэгдэлжих хөдөлгөөн эхэлж, манайх “Туяа” нэгдэлд хамаардаг болов оо. 1958 оноос эмээ нь бие дааж нэгдэлдээ саальчин болсон юм. Ингэж байхдаа анх удаа нэг үнээнээс жилдээ 1000 литр сүү саасан. 1000 литр сүү саагаарай ч гэж үүрэг өгөөгүй л дээ. 15 үнээнээс л 15 мянган литр сүү саасан хэрэг. 1979 он хүртэл нэг үнээнээс 1000-1500 литр сүү саасан” хэмээн ид хөдөлмөрлаж явсан галтай цогтой үеэ дурсан суух Доржханд эмээ сум, аймгийн аварга саальчин. Улсдаа ч хоёр удаа аварга болж байж. Эмээгийн хамгийн хүндтэй шагнал бол Ю.Цэдэнбал даргын хүртээсэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол. Тэрээр өөрөө хөдөлмөр бүтээлийнхээ үр шимийг хүртээд зогсохгүй олон аймаг, сумдаар явж залуучуудад туршлагаа хэлж зааж, олон ч баатар саальчин төрүүлснээ дурслаа.

Сонин дээр гаргаж, зургийг нь нийтлэнэ ээ гэхэд эмээ “Одонтой дээлээ өмсөх үү, одонгүй дээлээ өмсөх үү” хэмээн хөөрөх аж. “Эмээд нь олон одон бий” хэмээн авдраа уудлахдаа “Залуу байхад одонгоо зүүгээд явах сайхан л байлаа. Одоо ч нас өндөр болох тусам энэ бүхэн чинь дараа болох юм. Хоёр ч одонгоо хүнд өгөөд алдсан. Уг нь найз минь байгаа юм. Одонгоо алга болгочихлоо. Чинийхийг зүүж арга хэмжээнд очоод ирье гээд л авсан юм. Тэгсэн өгдөггүй” гэж ирээд ярилаа. Залуу насны хөдөлмөр зүтгэлийг нь өнөө гэрчлэх одон медалийнхаа араас сураг чимээ тавихгүй яах билээ.  “Дээр үеийн хүмүүс ажлын нормоо биелүүлэх гэж нойр хоолгүй л явдаг байлаа” хэмээн ярих эмээгийн үгийг батлах зүйл нь түүнийг залууд нь чимж байсан ч харин одоо хаягдаж үрэгдчих гээд арчилгаа маллагаа шаарддаг болсон энэ олон медаль.

“Эмээ танд чинь Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль байдаг юм байна шүү дээ гэхэд “Байлгүй яахав. Шинээр гарсан бүхнээ л өгнө. Эмээд нь Биндэр сумын 90 жилийн ойн медаль ч байгаа” гэв. Аль гэхэд “Мэдэхгүй ээ, мэдэхгүй. Энэ хавьд л зүүсэн” хэмээн заав. Эмээ дээлний гадуур өмсөх хантааз хийлгэж түүндээ бүх медалиа зүүснээр бас ч гэж медальдаа түүртэхээ больж. Эмээгийн энгэрт Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Алтан гадас одон, Алдарт эхийн хоёрдугаар одон гээд л эрийж өгөх аж. Таван жилийн гавшгайчийн медаль гурав, дөрвөөрөө, тэргүүний залуу алтан медаль л гэхэд хоёр байх жишээний.  Эмээ дээлээ өмсөв. Медальтай хантаазаараа ч гоёлоо. Улсын баатар, саальчин зургаа авахуулахад бэлэн болжээ...

Эмээтэй ярилцах зуур мухлагийн цонхыг зөөлөн тогшив. Онгойлготол “Доржханд гуайнх мөн үү” гэсээр нэгэн эрэгтэй зогсох аж. Тэрээр Биндэрийн цөцгий ирсэн үү хэмээн сураглахад эмээ “Одоо цөцгий ирэхгүй ээ, хүү минь. Замдаа хөлдчихнө биз. Харин сайхан масло л ирнэ” хэмээн хариулав. Эмээгийн сүү, цагаан идээний мухлагаас Биндэрийн цөцгий олно гэдгийг нийслэлийнхний нэлээд хэсэг нь мэддэг бололтой.

Эмээ надад дахин цай аягалж өгөөд “Манай сумд намын төв хорооны дарга Дэжид анх очоод “Энэ чинь л ёстой сүүн далай орон байна” гэж хэлсэн юм гэдэг. Тухайн үед нийслэлийг тойрсон их ферм байгаагүй хэрэг. 1960-аад онд нийслэлд Биндэрээс өөр газраас цөцгий ирдэггүй байсан гэдэг юм билээ” хэмээн бахархалтай ярих.

Аарц, сүү, цөцгий үнэртсэн тийм нэг танил ахуйд эмээтэй ярилцаж суух нээ хэр баргийн өргөс ч орохооргүй болчихсон сайртсан хөлөөрөө хурга ишигний араас чавхдаж, өвөө эмээ дээрээ эрхэлж өссөн бага нас минь бодогдоно. Намайг хүн болгосон тэр л танил ахуйгаас холдоод хэтэрхий удсанаа тэр үед эргэцүүлж хэсэг суув.

Эмээ сүү, цагаан идээ худалдахдаа ашиг хардаггүй аж. Мухлагийн ойролцоо  амьдрах иргэд үүнийг хэлээд өгнө. Мухлагт нэг өнжөөд 40 литр сүү ирнэ. Энэ хэдхэн литр сүүгээ ойр хавийнхандаа бүгдэд нь хүртээчих санаатай ямар “арга тактикаар” худалдаалдгаа эмээ ийн ярив. “Хүн бүрт таван литрээр нь өгчихвөл наймхан хүн аваад л 40 литр сүү маань дуусчих учраас нэг хүнд өдөртөө хоёр литр сүү л өгдөг юм” гэлээ. Ингэж ганц нэг литрээр нь сүүгээ хүмүүст хүргээд суух нь эмээгийн жаргал ажээ. “Улаанбаатарынхаа хөгшид, хүүхдүүдийн гэдсийг цайлгаад сурсан ажлаа хийгээд суух шиг сайхан зүйл алга даа” гэх.
“Хөдлөхгүй суухаар хөшөө болчихно. Ээж маань их том гоолиг биетэй сайхан хүүхэн байсан. 90 нас гарч байж тэнгэрт одсон юм. Хажууд минь байхдаа их олон зүйл зааж сургасан. Ээжийгээ дуурайсан том биетэй болохоор “Миний охин тэтгэвэртээ гарлаа гээд зүгээр сууж болохгүй шүү. Ажил хөдөлмөр хийгээрэй. Тэгэхгүй бол хөл чинь амархан муудна” гэж захиж хэлдэг байлаа. Ээж маань үнэн л хэлж байсан юм байна” хэмээн яриад нулимс урсгах эмээ ижийгээ л хамгийн их санагалздаг аж.

“Эмээ нь айлын өргөмөл хүүхэн юм. Аав маань ихээ эрт өөд болчихсон учраас ээж нагац эгчдээ намайг өргүүлжээ. Би нэг эгч, эрэгтэй, эмэгтэй хоёр дүүтэй юм. Тэгээд эгч бид хоёр өргөгдсөн хэрэг. Ээж маань их ухаантай хүн учраас хол өргүүлээгүй юм билээ” хэмээн яриад жаахан тайтгарсан эмээ яриагаа үргэлжлүүлэв.

1990 онд ардчилсан хувьсгал ялж, нэгдэл тарахад эмээ хувьдаа үхэр, мал аваагүй гэнэ. Өрх толгойлж, таван хүүхдээ өсгөх үүрэг хүлээсэн түүнд хот газар бараадаж, хөдөлмөр эрхлэх нь хамгийн зөв зам байв. Ингээд эмээ нийслэлд ирж Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороонд суурьшсан ч улсын баатартаа төр засгаас байр өгчээ. Харин хожим нь эгчийгээ бараадаж, одоогийн байгаа газраа мухлаг ажиллуулах болсон гэнэ.

Эмээ ажил хийвэл ам тосдоно гэж хэзээний үг шүү хэмээн яриад, хүү минь “Үхрийн сүү чинь дэлэндээ биш, хэлэндээ байдаг юм” хэмээн нэгийг санасан бололтой хэлж байна. Үнээний дэлэнг сайн шувтарснаар сүүний гарц нэмэгддэггүй гэдгийг эмээ олон жилийн хөдөлмөрийнхөө үр дүнд мэдэрчээ. “Үнээтэйгээ аль болох ойлголцож, сайхан өвс өгч, маллах тусам их сүү гардаг. Эмээ нь одоо ч гэсэн айлын үхэр малыг хайрлана аа. Эндээ зүгээр суухгүй цайны газруудаар явж ногооны хальс цуглуулаад сүү авдаг хүндээ өгөөд явуулна. Сайхан идэш тэжээл өгөх тусам л үнээ сүү ордог” хэмээн ярив.
Хүний амьдралд туулж гарах зовлон байдаг ч хагацлын зовлон хамгийн хэцүү аж. Таван хүүхэд төрүүлж өсгөсөн ч нэг сайхан хүүгээ өнгөрсөн жил зуурдаар алдсан эмээд түүнээс илүү шаналал үгүй мэт. Нулимсаа урсган хүүгээ эргэн санаад тэрээр “Таван хүүхдийн маань үр хүүхэд нийлээд одоо бараг хорь гарсан. Өнөр олуулаа болж байна даа” гэв. Эмээгийн охид ч мөн мянгат саальчин болж байжээ.

“Эмээ нь яг энэ мухлагтаа суугаад байвал гэртээ зүгээр сууснаас ялгаа алга. Хүүхдүүд аарц ууя гэвэл чанаад аваачиж өгнө өө. Тэгж яваад ирэхээр гар хөлийн чилээ гараад их сайхан” хэмээн ярих энэ настан “сайхан” гэдэг үгийг яриандаа байн байн л оруулна. “Амьдрал сайхан. Амьд явах бүр ч сайхан” гэдэг үг эмээтэй ярилцаж суухад санаанд буулаа.

Буриад эмээтэй ярилцаж суухад хэлмэгдүүлэлтийн сэдэв өөрийн эрхгүй ярианд орж ирлээ. “Буриадуудыг хэлмэгдүүлэхэд ээж аав маань хойд нутагт байсан. Би арай төрөөгүй байж. Сагааны бослогын үеэр “улаан булан”-даа хуралтай гээд олон хүнийг цуглуулсан юм гэсэн. Тэгж цуглуулж хаагаад 70 гаруй хүнийг буудсан юм билээ. Тэр дунд ээжийн маань аав байсан гэдэг. Нэг хүн нь үхлүүт шархтай үлдээд мөлхсөөр байж захын айлд очоод хэл дуулгахад үлдсэн хэсэг нь наашаа дүрвэсэн гэдэг. Тэгэхэд эмээ маань дөрвөн хүүхдээ аваад нүүгээд ирсэн хэрэг” хэмээн дурслаа. Их хэлмэгдүүлэлт хүртэл үзэж, багаасаа зовлонгийн хүндийг үүрсэн түүний ээж охиноо хожим өлсөхийн зовлон үзүүлэхгүйн тулд хөдөлмөрлөж сур хэмээн захиж сургасан нь тэр байж.
Наян настайдаа ч чадлынхаа хэрээр хөдөлмөрлөж суугаа эмээ “Дээр үед чинь гуйлгачин гэж байгаагүй. Хүн хөдөлмөрлөхгүй бол хөшиж үхнэ. Залуу насан дээрээ л ажил сурах хэрэгтэй шүү” гэсэн сургаалиа дайсаар, дараа дахиад ирээрэй хэмээн хацар дээр минь үнсээд үдсэн...

0 Сэтгэгдэл
Mednee, iim 1 suu zardag hugshin bii. Gehdee huniig muulj bgaa yum bish, suu n us holitson yum shig ih l shingehen baidag yum daa, bid nastai hun bj buyndaa buzar hiigeed yahnav dee geltsdeg l yum..
Хамгийн их уншсан