Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шинэ хуудас эхлэхийн өмнө


Хямрал, хямралын дараах хүнд жилүүдийг ардаа орхиж, сая нэг амьсгаа авахтай болсон АНУ одоо шинэ хуудас нээхэд бэлэн болсон хэмээн Барак Обама мэдэгдлээ. Жил бүрийн эхээр хийдэг Ерөнхийлөгчийн уламжлалт “State of Union” мэдэгдлээрээ тэрээр “Баячуудаас татвар авч, дундаж давхаргынхныг дэмжих” эдийн засгийн шинэ бодлогоо танилцуулсан юм. Өөрөөр хэлбэл, баялгийн тэгш бус байдал, орлогын ялгааг арилгахад Б.Обама Ерөн­­хийлөгчөөр ажиллах үлд­­сэн хоёр жилээ зориулах нь. “Бид шинэ зуунд ороод 15 жилийг үдлээ. Алан хядлагын аюул хаяанд тулж ирснээр эхэлсэн энэ 15 жилийн хугацаанд бид маш урт, маш өндөр өртөгтэй хоёр ч дайнд орж, улс үндэстнээрээ төдийгүй дэлхий нийтээр хямралын хүнд үеийг тууллаа. Олон хүний хувьд одоо хүртэл хэцүү байгаа нь үнэн. Гэхдээ бид өнөөдөр хуудсаа эргүүлнэ” хэмээн үгээ эхэлсэн Б.Обама 2008 оны хямралын ул­баагаар сул байсан эдийн засаг сэргэснийг “Хямралын сүүдэр арилж, Холбооны улс ч урьдын адил хүчирхэг байна” хэмээн онцлов. Ийм таатай үед дундаж давхаргынханд чиглэсэн бодлого хэрэгжүүлэх нь хамгийн зөв гэж тэр үзэж байна. Цалингийн дундаж хэмжээг нэмэгдүүлэх, эмэгтэй ажилтнуудад эрчүүдтэй  ижил хэмжээний цалин олгох хууль батлах, сурлага сайтай оюутнуудын коллежид сурах төлбөрөөс хоёр жилийг нь даах, моргейжийн даатгалд тогтоосон хүүг бууруулах, анх удаа орон сууц авах гэж байгаа гэр бүлд туслах гэх мэт дундаж давхаргынхныг чиглэсэн бодлогыг АНУ-ын засаг захиргаа хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж. Гэвч Ерөнхийлөгчийн санал болго­сон төлөвлөгөө Конгресс, Сенат хоёрын аль алинд ноёрхлоо тогтоогоод буй Бүгд найрамдахчуудын хувьд огт шинэ сэргэг санагдаагүй бололтой. “Татвар ба зарцуу­лалт” гэсэн Обамагийн бодло­гоос залхаж байна, энэ бодлого эдийн засгийн өсөлтийг улам удаашруулахаас өөр үр дүнгүй хэмээн Бүгд найрамдах намын хууль тогтоогчид аль хэдийнэ няцаалт өгөөд эхэллээ. Сенат дахь олонхийн бүлгийн дарга Мич МакКоннел “Иймэрхүү төлөвлөгөөг бид батлахгүй гэдгийг тэр өөрөө ч мэдэж байгаа” гээд “Бидний хүлээн зөв­шөөрч болох зүйлийг санал болгох хэрэгтэй” хэмээн мэдэг­дэж байна. Төрийн тэргүүний санал болгосон төлөвлөгөөг батлах янзгүй байгаа Бүгд найрам­дах намын­­хан Ерөнхийлөгчийн нэг л үгийг баяртайгаар хү­лээн авсан нь Б.Обама дахин нэр дэвшихгүй гэсэн үг байв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
МЭДЭГДЭЛ 2024.05.01