Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улс төрд улаан шугам татвал...

Б.ШИРНЭН

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газар, Ерөнхий сайд огцроход дургүй. Тэр үүнийгээ “…цангинатал хундага хага шиддэг орос занд би дургүй ээ…” гэдэг шиг уянгалуулан хэлж байсан удаатай. Учир нь тэр “Ерөнхий сайд нь сайн хүн учраас огцруулах хэрэггүй гэсэн утгаар бус дараа нь үүсэх хор уршиг нь арилж байгаагүй учраас шаардлагагүй” гэдэгт итгэдэг юм. Магадгүй өөрийг нь Ерөнхий сайдын суудлаас түлхэн унагаж байсан үеэс бүр ч их итгэдэг болсон байх. Тухайн мөчид тэр “Талхны үнийг тогтвортой байлгах гээд сууж байхад…” гэсээр гомдол тээхээс өөрийг хийж чадаагүй. Одоо ч талхны үнэ бага багаар өссөөр байгаа нь түүний хэлсэн шиг нэг нь огцорч, нөгөөх нь хүчээр орыг нь залгадаг хор уршгаас ч үүдэлтэй байж болох юм. Юутай ч, дээрх үйл явдлаас хойш 10 орчим жил өнгөрч. Гэхдээ энэ хугацаанд Ц.Элбэгдорж огцорсон нь чухал байснаас талхны үнэ тогтвортой байлгах бодлого нь чухалд тооцогдож байсангүй. Өөрөөр хэлбэл, төрийн тогтвортой бодлого, залгамж чанар нэгээс нөгөөд шилжихдээ биш тэр хооронд бодлого тасалдаж байгааг илэрхийлж болно.
Харин өчигдөр Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайдаас огцруулахыг дэмжиж явсан одоогийн МҮАН-ын дарга, Монгол Улсын сайд М.Энхсайхан “25 жилийн хугацаанд 15 Засгийн газар 18 Ерөнхий сайд солигджээ” гэсэн гуниг, харууслын мөр “тэрлэлээ”. Тэр үүгээрээ залгамж чанар, төрийн бодлогын үргэлжлэл алга болсныг илтгэж, төрийн аппаратад үүссэн гажгийг хаа нэгтэйгээс хайж эхэлсэн нь энэ юм.

Эдийн засгийн хүндхэн үеийг давж гарах гарц нь орд газар гээд М.Энхсайханд томоохон “толгойн” асуудлыг хариуцуулсан ч түүнд “Төрөө  урлахуйн” бас нэг толгой бий аж. “Төрөө урлахуй” гэсэн хэлэлцүүлэг Шинжлэх ухааны академи (ШУА)-тай хамтран эхлүүлэв.

Төрийг яаж урладаг гэж

“Төрөө урлахуй” гэж нэрлэснээс биш энэ бол ердөө төрийн үүрэг, функцэд илүү ач холбогдол өгөх тухай ойлголт. Өөрөөр хэлбэл, одоогийн бидний төр нь халамжийнх гэсэн тодотголтой. Хэдийгээр улс орон бүрт халамжийн бодлого нь чухал асуудал байж ирсэн ч энэ нь хүндээ хүрч, эдийн засагт үр өгөөжөө өгч байна уу гэдэгт хариулт нэхэх хэрэгтэй. Харин энэ асуултыг МҮАН-ын дарга М.Энхсайханаас асуухад “Халамжийн төр бий болсон. Гэхдээ энэ халамж эдийн засагт дэмжлэг болж чадаж байгаа юу гэдгийг харах нь зөв. Тиймээс төрийг урлах буюу эдийн засгийг хөгжүүлэх төрийн үүрэг, төрийн функцэд илүү ач холбогдол өгөх, зохион байгуулалтыг нь зөв хийх, түүнийгээ улс төрийн намуудын нөлөөллөөс 100 хувь биш юм гэхэд тодорхой хэмжээнд тасалж өгөх хэрэгтэй байна. Ингээд намын нөлөөллөөс тасалсан хэсэгт өндөр мэргэжлийн чадвартай иргэдийг ажиллуулдаг болгох хэрэгтэй. Тэгэхгүй бол эдийн засгийн хөгжил бий болох бололцоогүй. Нэгэнт эдийн засгийн хөгжилгүй болчихвол халамжаа өгч чадахгүй явсаар халамжийн төр нуран унах аюултай. Энэ нь нэг ёсондоо төр улс нурж байна л гэсэн үг. Тиймээс үүнд анхаарал хандуулах хэрэгтэй” гэж байгаа юм.
Харин Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном “Засгийн бүх эрх ард түмний биш намуудын мэдэлд байна” гээд бүхнийг базаад хэлчихлээ. УИХ-ын гишүүн Г.Уянга “Улаан шугам” гэдэг илтгэлээрээ төрийн ажиллах хүчийг улаан зурааснаас дээш доош хуваах хэрэгтэй гэдгийг илэрхийлсэн юм.

“Монголын төрд залуучууд итгэхээ больсон”

Манай улсын хүн амын багагүй хувийг залуучууд эзэлдэг. Ойрын хэдэн жилдээ л залуучуудын эзлэх хувь хэмжээ хэвээр байх юм. Энэ нь улс төрийн аливаа үйл ажиллагаанд ч залуучууд түлхүү оролцоно гэсэн үг. Гэвч ШУА-ийн Философи социологийн хүрээлэнгийн судалгаанд “Залуучууд төрийн бодлогод итгэхээ больсон, улс төрийн оролцоо нь муудсан” гэдгийг онцолж. Тухайлбал, “Монголчуудын  төрөө дээдлэн хүндлэх үзэлд тулгуурласан уламжлалт сэтгэлгээ бүрэн алдарч төрийг хараах, үл итгэх, үл тоомсорлох хандлага маш хүчтэй дэлгэрч байна” гэж шүүмжилжээ. Улмаар нийгмээ хэт баян, цөөнх ба ядуучууд гэсэн хоёр туйлд хувааж, завсар нь төрд шургалсан олигархи гэгдэх бүлэглэл баяжиж байдаг тогтолцоо бүрдүүлсэн төр өөрөө шударга, ардчилсан төр мөн үү гэдгээс эхлээд олон асуулт урган гарч байгааг ШУА-ийнхан онцоллоо.
Уг нь төр өндөр чадавхитай байх олон тулгуурын нэг нь шинжлэх ухаанд тулгуурлах өөрөөр хэлбэл, судалгаанд тулгуурлах явдал байдаг. Улс үндэстнийхээ эрх ашгийг урьтал болгосон, өөрийн гэсэн судалгааны болон эрдэм шинжилгээний байгууллагуудын судалгаанд тулгуурлан бодлого боловсруулах нь өнөө маргаашийн эрх ашиг, хэсэг бүлгийн явцуу сонирхлоор бус улс орны эрх ашигт нийцүүлж ажиллах суурь нөхцөл болдог. Гэвч Засгийн газар Дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ дөнгөж 0.27 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгийг судалгаанд зарцуулж байгаа юм байна. Үүнээс гадна, сая хүнд ногдох судлаачдын тоогоор Монгол Улс хамгийн доогуур үзүүлэлттэй гарчээ. Үүсээд байгаа асуудлын ул суурийг судалж, шийдэл олох судлаачид энэ хэмжээнд байхад төрийн албан хаагчдын тоо л огцом өсч байгаа юм.

Өссөн ч чадваргүй…

“Өнөөгийн төрийн ч, намын ч хүний нөөцийн бодлого нь зөвхөн тухайн удирдлага хүнийг тойрсон франц бүлгийн явцуу эрх ашгаар тодорхойлогдож байна. Сонгуульд ялсан нам засгийн эрх авангуутаа төрийн албаны мэргэшсэн ажилтнуудыг орвонгоор нь өөрчилж, өөрийн намын хүмүүсийг байршуулдаг муу зуршил 1996 оноос эхлэн тогтов. Өнөөгийн бидний хэрэгжүүлж буй энэ тогтолцоог “спойл” гэж нэрлэдэг. Спойл тогтолцоо анх АНУ-д бий болсон бөгөөд улс төрийн намыг сонгуульд ялалт байгуулахад хамгийн идэвхтэй ажилласан дэмжигчдээ төрийн албанд томилон ажиллуулдаг загвар гэдгийг ШУА-ийн Философи социологийн хүрээлэнгийн секторын эрхлэгч, Социологийн ухааны доктор О.Эрдэнэчимэг онцолж байна. Энэ нь өсөн нэмэгдэж байгаа төрийн албан хаагчийн тодорхой хувь нь төрийн бус төрлийн албанд очдог гэдгийг илтгэж байгаа хэрэг. Гэтэл манай Засгийн газар төрийн алба тогтвортой мэргэшсэн улс төрөөс ангид байлгадаг “мерит” тогтолцоог хэрэгжүүлж байгаа гэдэг ч бодит байдал тийм биш гэдгийг мөн л ШУА-ийнхан буруутгаж байна. Гэтэл Улс төрийн тогтвортой байдалгүйгээр хөгжлийн ямар ч сайн бодлого эрх зүйн зохицуулалтыг хэрэгжүүлэх аргагүй байгаа юм.

Хүснэгт 1 тайлбар: Залуучуудын улс төрийн институцэд итгэх итгэлийн эерэг үнэлгээний нийлбэрийг дунджаар үзүүлсэн байдал


Хүснэгт 2 тайлбар: Монгол Улсын төрийн тогтолцоо бодит байдал дээр “Спойл” бол Засгийн газар төрийн тогтолцоог “Мерит” гэж нэрлэж байна. Хүснэгтэд дээрх хоёр тогтолцооны ялгаатай талыг харуулж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан